- TechnoSphere товхимол
- Posts
- 2 сарын 15-ны шинэ дугаар
2 сарын 15-ны шинэ дугаар
Техник технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр
Өглөөний мэнд! Уншигчид та бүхэн маань сар шинэдээ сайхан шинэлж, өвлийг өнтэй давсны баяраа элгэн садан, ураг төрлөөрөө элбэг хангалуун тэмдэглэсэн биз дээ? 2-р сарын 15-ны TechnoSphere товхимлын шинэ дугаараа хүлээн авна уу.
AI / Хиймэл оюун ухааны технологи
Ахиад л OpenAI. Тус компанийн гол бүтээгдэхүүн болох ChatGPT-д нэгэн шинэ функц нэмэгдсэн нь Memory юм. Энэ нь яадаг эд вэ гэхээр, та ChatGPT-д ямар нэг зүйлийг, тухайлбал, өөрийн эрхэлдэг ажил, тодорхой давтамжтай байнга хийдэг зүйлс, зуршил, ажил бизнес зэргээ сануулах юм бол дараа дараагийн асуултын хариултууд нь дээрх санамжид тохируулсан байдалтайгаар үүсгэгдэнэ гэсэн үг. Жишээ нь, би эм хангамжийн салбарт маркетингийн ажил эрхэлдэг хүн гэдгээ сануулах юм бол түүнээс хойшхи маркетингийн холбогдолтой буюу ажил хэргийн чанартай контентуудыг ChatGPT эм хангамжийн салбарын ажилтны өнцөг шингээж үүсгэнэ. Мөн Settings > Personalization > Memory гэсэн цэсээр дамжиж, санах ойг зогсоох, хадгалсан санамжуудыг устгах зэрэг боломжтой. Энэ шинэ нэмэлт нь ChatGPT Plus болон зарим нэг ChatGPT Free хэрэглэгчдэд нээлттэй болоод байгаа гэнэ. Ер нь бол туршлагатай хэрэглэгчид Custom Instructions гэдэг функцийг сайн мэдэх байх. Тэрэнтэй тун төстэй. Үндсэн ChatGPT 3.5 - 4 моделиудаас гадна үүсмэл Custom GPT ботууд дээр ч энэхүү Memory функц ажиллах юм байна.
График карт, чип үйлдвэрлэлийн акул Nvidia компани Chat with RTX нэртэй AI чатбот бүтээснээ дөнгөж өчигдөр зарлалаа. Уг чатботын онцлог нь ChatGPT шиг OpenAI юм уу, Microsoft-ын үүлэн сервер дээр ажиллахгүй, яг хэрэглэгчийн өөрийн компьютер дээр ажиллах юм. Нарийн мэдээллүүд тодорхой болоогүй байгаа ч нэрнээс нь үзэхэд тухайн хэрэглэгчийн компьютер нь Nvidia GPU-тэй байж таарах гээд байна. Тус компанийн захирал Женсен Хуан уржигдархан Дубайд World Government Summit арга хэмжээн дээр өгөгдөл бол орчин үеийн алт эрдэнэс тул улс орнууд өөр өөрсдийн өгөгдлөө нандигнаж, өөрийн гэсэн AI модель хөгжүүлэх нь чухал гэж ярьж байсан билээ. Тэгвэл ийнхүү өгөгдөл мэдээллээ бусадтай заавал хувцаалцалгүйгээр, өөрийн компьютер дээр сургасан AI ашиглах нь цаг хугацааны л асуудал болж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн дугаартаа буюу түүнээс наана сошиал хаягуудаа дамжуулан хүргэх болно.
Хүүхэд залуусын боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Handshake байгууллагаас саяхан нэг судалгаа хийжээ. Америкийн хүн амын дунд болон ахимаг насныхан AI-г өөрсдийнх нь ажлын байрыг булаах дайсан, өрсөлдөгч гэж үздэг бол Gen Z үеийнхний хувьд эсрэгээрээ AI-г итгэлтэй туслах гэж үздэг бөгөөд өөрсдийн хичээл ном, ажил мэргэжлийн байрандаа тогтмол ашиглана үздэг болох нь уг судалгаагаар тодорхой болсон байна. 2024 онд төгсөгчдийн гуравны нэг нь AI-г ажлын байрандаа ашиглана гэж хариулсан бол Gen Z үеийнхний 48 хувь нь AI ашигласнаар мэдээлэл мэдлэгийг илүү түргэн, хүртээмжтэй байдлаар олж авч чадаж байгаа гэж хариулжээ. Linkedin платформ дээрх энэ үеийнхэн профайл хаяг дээрээ AI ур чадвар эзэмшсэн гэдгээ тодотгож бичих нь өмнөх жилийн мөн үеийнхээс сар бүр 75 хувиар өсч байгаа нь ч нэг зүйл хэлж байгаа юм. Ямартай ч судалгаанд хамрагдсан Gen Z үеийнхний 57 хувь, milennial үеийнхний 62 хувь нь хиймэл оюун ухааны цаашдын хөгжил эрсдэл авчрахаасаа илүү ашиг тусаа өгнө гэж үзэж байгаа ажээ.
Технологийн компаниудын талаар
Dodge, Ram, Alfa Romeo, Fiat гээд олон брэндүүдийг эзэмшдэг, автомашин үйлдвэрлэлийн Stellantis компани бүрэн цахилгаан автомашины цэнэглэгчийн стандартаа 2025 оноос өөрчилж, Tesla маягийн цэнэглэгч залгуур ашиглах болно гэж мэдэгдлээ. Өнгөрсөн оны 5-р сард анх Ford Motor компани Combined Charging Standard 1 (CCS1) залгуураас татгалзаж, North American Charging Standard (NACS) буюу Tesla компанийн автомашинууд болон цэнэглэгч станцуудад таардаг залгуур сонгохоор болж, араас нь хэд хэдэн компани дагаж байлаа. Гэхдээ 2023 онд Tesla залгуурын стандарт сонгосон автомашин үйлдвэрлэгчид машинаа Tesla-ийн бий болгосон цэнэглэгч станцуудын сүлжээг ашиглан, цэнэглэнэ гэж байсан бол Stellantis харин тэр талаар дурдсангүй, харин ч өөр бусад 6 компанитай нийлж байгуулах IONNA network нэртэй, хойд Америк даяар 30000 цэнэглэгч станц барих сүлжээний төслийнхөө талаар цухас дурдсан байна шүү.
Одоогийн байдлаар саран дээр төхөөрөмж буулгасан 5 улс л байгаа. Харин Intuitive Machines нэртэй компани сар луу төхөөрөмж илгээж, амжилттай газардуулсан анхны компани болохоор хичээн ажиллаж байна. Тэд төхөөрөмжөө SpaceX-ийн пуужинг ашиглан, өнөөдөр эсвэл маргаашийн аль нэгэнд хөөргөх бөгөөд Nova-C нэртэй газардагч төхөөрөмж нь энэ сарын 22-ны орчимд сарны өмнө туйлтай ойролцоох, ус илэрсэн байх магадлалтай бүсэд зөөлөн газардах төлөвлөгөөтэй юм. IM-1 гэж нэрлэсэн уг аяллын хүрээнд NASA-ийн судалгаа шинжилгээний 6 төхөөрөмжийг ачсан 6 метр орчим өндөртэй газардагч аппарат зөөвөрлөн хүргэж байгаа ба тэд Commercial Lunar Payload Services (CLPS) хөтөлбөрийн хүрээнд NASA-гаас зарласан 2025 болон 2026 онд дахин нислэг үйлдэх тендерт ялаад байгаа ажээ.
Microsoft Xbox бий болсон цагаасаа эхлээд л Sony PS болон Nintendo-той өрсөлдөж, зах зээл булаалдаж ирсэн билээ. Тэгвэл тун саяхан компанийн удирдлагууд олныг гайхшруулсан нэг шийдвэр гаргав. Тэд зарим Xbox-only тоглоомуудаа PS5, Nintendo Switch-д зориулж гаргана гэнэ. Шинжээчдийн таамаглаж байгаагаар тэдний Game Pass үйлчилгээний борлуулалт удааширсан, тоглоомуудаас олох орлого нь сайн өсөхгүй байгаагаас болоод ийнхүү олон жил өрсөлдөж ирсэн платформууд дээр ч тоглоомоо гаргаж, зах зээлээ тэлэхээр шийдсэн бололтой. Мөн Xbox-ын handheld буюу Nintendo Switch, PSP шиг гар хувилбар гарч магадгүй гэсэн яриа ч явж байна. Энэ бүхнээс нэг асуулт гарч ирж байгаа нь “Хэрэв зөвхөн Xbox дээр л тоглож болдог байсан тоглоомууд өөр консолууд дээр гарчихвал хүмүүс Xbox-г авах уу“ гэдэг асуулт.
Нэг өгүүлбэрээр
Meta-ийн босс Марк Цукерберг шуугиан тариад байгаа Apple Vision Pro-г хэрэглэж үзээд, реакшн видео хийхдээ “Манай Quest 3 төхөөрөмж энэ Vision Pro-оос хавьгүй илүү юм байна“ гэж мэдэгдэв.
АНУ-н Сан Франциско хотод туршилтаар үйлчилгээ үзүүлж байгаа Waymo Компанийн жолоочгүй автомашиныг тус хотод жагсаал хийж байсан иргэд хүчээр зогсоож, гал тавьж шатаасан нь бүрэн автомат тээврийн хэрэгслийн ирээдүйн талаар дахин бодож үзэхэд хүргэж байна.
Олон улсын сансрын станц дээр аваачсан ганцхан килограмм жинтэй бяцхан роботыг дэлхийгээс удирдаж, татах хүчгүй орчинд хагалгаа хийнэ гэнэ.
Нээлтээ хийгээд бараг жил болох гэж байгаа ч төдийлөн их амжилт олж чадахгүй байгаа Threads платформ бага багаар нэмэлт үйлдлүүд нэмж, баяжуулсаар байгаа ба энэ удаа тэд Америкийн хэрэглэгчдийн дунд яригдаж байгаа халуун сэдэв, трэндийг харуулах нэг шинэ булан нэмж өгчээ.
Оросын арми Украины дайнд Старлинк интернэтийн төхөөрөмж ашиглаж байгаа ба төхөөрөмжөө Арабын орнуудаар дамжуулан худалдан авч байна гэж Украины тагнуулын алба мэдэгджээ.
Windows 11 24H2 шинэчлэл татсан зарим нэг хуучин загварын компьютерууд асахаа больсон мэдээлэл байна.