- TechnoSphere товхимол
- Posts
- 2024 оны эхний дугаар
2024 оны эхний дугаар
Техник технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр
Шинэ оны мэнд, шинэ өглөөний мэндийг хүргэе! 7 хоногийн өмнө бид оны эцсийн тойм дугаараар уулзаж байсан бол ийнхүү 2024 оны анхны дугаараа унших нь ээ.
Энэ жил мэдээж долоо хоног бүр /Цагаан сар, наадмыг алгасах байх шүү, эртхэн сануулчихъя😂😂 / товхимлынхоо шинэ дугаарыг нийтэлж байхаас гадна боломж бүрдвэл 7 хоногт 2 удаа нийтлэх бодолтой байна.
Эхэнд AI байжээ…
АНУ-ын ерөнхий шүүгч буюу Supreme Court-н ерөнхий шүүгч Жон Робертс өнгөрч буй долоо хоногт 2023 оны холбооны шүүх системийн ажлын тайлангаа олон нийтэд хүргэлээ. Энэ тайланд AI-тай холбоотой сэдвийг дурдаж, хууль шүүхийн систем хиймэл оюун ухааны хэрэглээг болгоомжтой нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн нь анхаарал татаж байгаа тул өнөөдрийн дугаартаа оруулав. Мэдээж хэрэг олон хуудас тайлан учраас хамгийн гол гэсэн санаануудыг нь дурдахад:
AI ашиглаж бичүүлсэн элдэв хэргийн кейсийг хуульчид иш татаж, улмаар үүнд нь итгэсэн хууль тогтоогчид амьдралд нийцээгүй элдэв хууль батлах эрсдэл бий
Өндөр үнэтэй хуульч хөлслөх боломжгүй иргэдийн хувьд AI-д суурилсан эрх зүйн зөвөлгөө туслалцаа авах боломж нээгдвэл шударга ёс бүгдэд ижил үйлчлэхэд дөхөмтэй алхам болно
Хэдий AI өндөр чадамжтай болсоор байгаа ч шүүгч нар чухамдаа эргэлзээтэй, хүн ёсны мэдрэмж, шүүн тунгаах чадвар шаардсан хэргүүд дээр ажиллаж шийдвэр гаргадаг, харин AI-д ийм нюанс дутагддаг учир юу юугүй хууль шүүхийн ажлын байрыг булаалдах эрсдэл бага байна гэжээ.
АНУ-ын Массачусетсийн технологийн дээд сургууль буюу MIT-н хэсэг судлаачид AI-н тусламжтайгаар шинэ антибиотикийн бүлэг нээжээ. Эрт дээр үед нээгдэж, хэрэглээнд нэвтэрсэн энгийн антибиотикт дарагддаггүй, эмэнд тэсвэртэй нянгууд олноороо бий болсон энэ цаг үед дээрх судлаачид хиймэл оюун ухааны моделийг олон тооны химийн нэгдлийн шинж чанар, хүний бие организмд үзүүлдэг нөлөөллийн өгөгдөл ашиглан сургаснаар 32000 гаруй химийн нэгдлийн хувилбар болон тэдгээрийн үр дүнд гарган авсан антибиотик нь хүний биед хэрхэн нөлөөлөх талаарх судалгааг хийж, хоёр төрлийн шинэ антибиотикийн бүлэг нээсэн нь зарим төрлийн эмэнд тэсвэртэй нянгийн эсрэг сайн үйлдэл үзүүлжээ.
Samsung Electronics энэ сарын 17-нд шинэ гар утас танилцуулах арга хэмжээгээ олон нийтэд шууд цацахаар төлөвлөж байгаа бөгөөд 16 цагийн өмнө цацагдсан арга хэмжээний трейлэрээс үзвэл шинээр танилцуулагдах ухаалаг төхөөрөмжид (магадгүй Galaxy S24 байж болох юм) Galaxy AI нэртэй хиймэл оюуны программ суусан байна гэсэн мессежийг өгөв. Урьд өмнө гар утас үйлдвэрлэгчид өндөр үзүүлэлтэй камер, нягтрал, өнгөний ялгарал сайтай дэлгэцээрээ бие биеэсээ ялгарах гэж үздэг байсан бол 2024 оноос эхлээд AI программынхаа хүчин чадлаар үзэлцдэг шинэ трэнд эхлэх гэж байж магадгүй нь байна шүү.
Технологийн компаниудаар сонин юу байнав?
Твиттер буюу Х саяхнаас мэдээний линк хуваалцахад мэдээний гарчгийг нь харагдахгүй болгож, зөвхөн линктэй зураг байдлаар харуулдаг болоод байсан. Өөрөөр хэлбэл, ямар нэг мэдээний линк mpress.mn дээрээс X рүү хуваалцахад ямар мэдээ нь мэдэгдэхгүй, зөвхөн зураг л харагддаг байсан бол өнгөрсөн 7 хоногоос эхлээд мэдээнийхээ гарчигийг харагддаг болгож. Гэхдээ их жижигхэнээр. Ямартай ч яг юун тухай мэдээг нь мэдэхгүйгээр линк дараад, үсэрч ороод байдаг нь багасах бололтой.
Хятад, АНУ-ын хоорондох технологийн дайны нэг гол хэрэгсэл нь чип үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийг Хятадад нийлүүлэхгүй байх явдал билээ. AI сургахад голчлон ашигладаг чипийг Хятад руу заруулахгүй байхаар америкууд Nvidia-тай тохирсон ч, Nvidia хамгийн сүүлийн үеийн RTX 4090 картаа арай бага хүчин чадалтай хувилбар гаргаж, Хятад руу зарах эрхтэй болжээ. Харин чипний хавтан үйлдвэрлэгч машин нийлүүлдэг, Нидерландын ASML компанид АНУ-ын засгийн газар шахалт үзүүлснээр 5нм-ээс доош нарийвчлалтай чипний хавтан гаргадаг машин тоног төхөөрөмж Хятадад нийлүүлэхгүй болж байна. Хэдийгээр энэ хоригоос болоод Хятадын дотоодын технологийн компаниудын судалгаа хөгжүүлэлт эрчимжиж, тодорхой амжилтад хүрч байгаа ч 7нм-с илүү нарийвчлалтай чип одоогоор хийж чадаагүй байгаа юм.
SpaceX компани хиймэл дагуулаас үүрэн холбооны сүлжээ цацах туршилтаа эхлүүлэхээр эхний 6 хиймэл дагуулаа ажиллагаанд орууллаа. Үүрэн холбооны антеннаас хол сүлжээгүй байршлуудад энэ холболт амжилттай ажиллаж, эхний ээлжинд яриа, текстэн мессеж хүлээн авах боломж бүрдүүлэх юм. Тэд АНУ-ын FCC буюу харилцаа холбооны газраас сүлжээний урсгал болон саатлын талаарх туршилт хийх эрхээ аваад байсан юм. Одоогийн байдлаар АНУ-д T-Mobile, Австралид Оптус компанийн үйлчилгээнд бүртгэлтэй гар утаснууд дээр эхний ээлжийн туршилтууд хийгдэнэ.
Нэг өгүүлбэрээр:
Google компани AI-г үйл ажиллагаандаа эрчимтэй нэвтрүүлж, улмаар 30000 ажлын байрыг цомхотгох төлөвтэй байна.
Xiaomi компани Su7 нэртэй цахилгаан хөдөлгүүртэй, автомат жолоодлоготой автомашин танилцууллаа.
Microsoft Copilot буюу ChatGPT4-ийг iOS төхөөрөмжөөсөө хэрэглэдэг болов.
Apple Watch-н зарим загваруудын борлуулалтыг зохиогчийн эрхийн маргаанаас болоод түр зогсоосон ч эргээд хэвийн үргэлжлүүлэхээр болжээ..
Шинэ оны эхний дугаарын талаар, болон ер нь манай товхимлын талаарх санал хүсэлт, гомдол байвал шууд мэйлд нь хариу илгээж байгаарай гэж хүсэх байна.