Дугаар №25

Техник технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр

2-р сарын 22-ны өглөөний мэндийг хүргэе. Бид 7 хоног бүр тогтмол мэдээллээ хүргэсээр нэгэнт 25 дахь дугаартайгаа золгож байгаа нь энэ бөлгөө. Бидэнтэй хамт байдаг уншигчиддаа баярлалаа.

AI / Хиймэл оюун ухааны салбарт

Хаалтын гэрээ хийчихсэн юм шиг л 7 хоног бүрийн эхний мэдээллээ OpenAI-тай холбоотой мэдээгээр эхлэх юм даа. Түрүүчийн пүрэв гарагт биднийг мэдээллээ нэгтгээд нийтэлж байх цаг үед буюу 15-нд тэд Sora нэртэй, текст командаас видео үүсгэдэг шинэ AI модель танилцууллаа. GPT болон DALL-E моделиудын бүх л сайн чадваруудыг ашиглаж бүтээсэн уг модель текст, зураг ашиглан, 60 секунд хүртэлх урттай, маш нарийн хийцтэй, дүрслэл сайтай видео үүсгэж байгааг та бүхэн олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж байгаа бичлэгүүдээс олж харах буй за. Ямартай ч эхний ээлжинд Red teamers буюу туршилтын багийнхан энэ моделийг тестэлж байгаа ба тэдний зорилго нь Sora-г ашиглаж улстөрийн сэдэвтэй, насанд хүрэгчдэд зориулсан зүй бус агуулга, хуурамч мэдээлэл түгээх зорилготой, иргэд болон байгууллагуудын нэр төрд халдах зорилгоор бичлэг үүсгэх боломжуудыг илрүүлж хаах ажээ. Үүний дараа мэдээж ChatGPT Plus, Enterprise хувилбарын хэрэглэгчид ашиглах боломж нээгдэх байх гэж таамаглаж байна.

Ердөө саяхан л олон нийтэд анх танилцуулагдаж байсан Google Gemini AI моделийн Ultra хувилбарыг 2 сарын эхний 7 хоногт ажиллагаанд оруулсан бол түрүүчийн 7 хоногт Gemini 1.5 моделийг олон нийтэд танилцууллаа. Одоогийн байдлаар бидэнд мэдэгдэж байгаагаас 1 сая токен буюу 700000 үгтэй тэнцэх хэмжээний өгөгдлийг оруулж боловсруулах боломжтой гээд бодохоор өмнө нь гарсан бүх AI моделиудаас хавьгүй өндөр үзүүлэлт гэсэн үг. Сургалт, туршилтын нөхцөлд бүр 10 сая токен өгөгдөл ашигласан команд өгч туршсан ч алзахгүй ажиллаж байжээ. Тэгэхээр одоо 700000 үг, 30000 мөр программын код, буюу 1 цагийн видео бичлэг, эсвэл 11 цагийн урттай аудио бичлэг зэрэг нүсэр өгөгдлийг Gemini 1.5 Pro хувилбар дээр оруулж, боловсруулах боломжтой болсон гэсэн үг. Гэхдээ нэг зүйлийг онцлоход, энгийн хэрэглэгчдэд зориулсан хувилбар нь ердөө 128 мянган токен өгөгдөл боловсруулах чадалтай байх бол дээр дурдсан 1 сая токен нь зөвхөн сонгогдсон цөөн тооны хөгжүүлэгчид, туршин хэрэглэгчдэд л Google-ээс олгосон боломж юм байна. Ямартай ч тун удахгүй энэ маягаараа Gemini 1.5-г ашиглан, бүтэн ном, кино, подкаст, бүрэн хэмжээний программын код зэрэгт дүн шинжилгээ хийх, засах, сайжруулах үйлдэл хийлгэх цаг айсуй.

GroqAI. Энэ бол Твиттер дээр хөгжүүлсэн GrokAI биш 2016 онд байгуулагдсан AI технологийн компани. Үнэнийг хэлэхэд, уржигдрыг хүртэл энэ компанийн талаар ямар ч мэдээлэлгүй байлаа. Твиттер дээр анх нэгэн хэрэглэгч GroqAI-н боловсруулах хурд маш өндөр байгаа талаар бичсэнээс улбаалан тус компанийн талаарх товч мэдээлэл бэлтгэлээ. Тус компани нь AI чатбот, AI модель хөгжүүлэгч бус харин LLM-тэй харилцах, мэдээлэл боловсруулахад ашиглагдах LPU ( language processing units) нэртэй чип хөгжүүлэгч компани ажээ. Бусад AI технологийн компаниуд тооцоолол сургалтаа хүчирхэг GPU процессор ашиглан гүйцэтгэдэг бол GroqAI компанийн LPU ашигласан тохиолдолд AI модель нь одоогийн ашиглагдаж байгаа дундаж хурдаас хавьгүй өндөр гүйцэтгэл үзүүлэх боломжтой гэнэ. Жишээ дурдахад, GPU дээр суурилсан ChatGPT нэг секундэд 40-50 токен боловсруулж, Google Bard 70 токен боловсруулдаг бол LPU суурьтай AI нь үүнээс 10 дахин өндөр хурдаар боловсруулах чадалтай буюу 4000 үгтэй өгүүллэгийг нэг минутад бичнэ гэсэн үг. Тэгэхээр энэ компанийн гол үйлчлүүлэгчид нь эцсийн хэрэглэгчид бус AI model, LLM хөгжүүлэгч компаниуд байх нь ээ.

Өмнө нь хэдүүлээ сүүлийн үеийн хүчирхэг чип ашиглаж, AI сургаж байна гэж л сонсч байснаас биш нөгөө AI нь эргээд чипнийхээ дизайныг өөрөө гаргаж, техник хангамжид зориулсан программын кодыг нь бичдэг болно ч гэж арай бодож байгаагүй байх. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Synopsys, Nvidia, Cadence Design Systems зэрэг компаниуд чипний дизайн гаргах, өөрсдийн гаргасан дизайны алдааг хайж олох зэрэг процесстоо generative AI ашиглах болсноор, дээд түвшний чипний нарийн нандин дизайн зохион бүтээх, туршилтын симуляци хийх, шинэ чип зах зээлд гаргах процессын хугацаа богиносч, зардал буурч байгаа ажээ. Энэ үйл ажиллагаанд Microsoft хүртэл салбарын томоохон тоглогчидтой хамтарч байгаа гээд бодохоор энэ үйл явдал нь EDA (Electronic Design Automation)-нд Хиймэл оюуны ухааныг ашиглах шинэ давалгааны эхлэл гэж ойлгогдохоор байна.

Технологийн компаниудын мэдээлэл

OpenAI компанийн үнэлгээ 80 тэрбум ам.доллар гэнэ үү? Өнгөрсөн жил тус компанийн зах зээлийн үнэлгээ 29 тэрбум доллар байсныг олон хүн санаж байгаа байх. Тэгвэл энэ удаа тэд Thrive Capital нэртэй хөрөнгө оруулалтын компанид хувьцааныхаа тодорхой нэг хэсгийг сонгон шалгаруулалтаар худалдан авах эрх олгожээ. Компаниуд томрохын хэрээр уламжлалт хөрөнгө оруулагчдад хувиа зарах явдал хэвийн жишиг болон тогтсон байдаг ч OpenAI-н хувьд хувьцааныхаа тодорхой хэсгийг зарахаар нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нь уламжлалаас хэвийсэн зүйл болж байна. Компанийн үнэлгээ ийнхүү өссөн нь AI технологийн салбарт асар их потенциаль байгааг харуулахаас гадна тухайн салбарт зогсоо зайгүй шинэчлэл авчирч, манлайлж байгаа тус компанийн ажилтнуудад эзэмшдэг хувьцаагаа мөнгө болгох сайхан боломж үүсч байгаа юм. Ташрамд дурдахад одоогоор OpenAI-н хамгийн том хөрөнгө оруулагч нь Microsoft корпораци билээ.

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD-н тухай сонсоогүй хүн ховор гэж бодож байна. Анх батарей үйлдвэрлэдэг байсан тус компанийг 2007 онд цахилгаан автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцуулахад нь автомашины салбарын томчууд шоолж байсан бол өдгөө BYD-н цахилгаан машины борлуулалт Tesla компанийг давж гараад байна. Сүүлийн хоёр жилд л гэхэд борлуулалт нь жил бүр нэг сая автомашинаар өсч байгаа бөгөөд Хятадад зарагдсан бүх цахилгааны машины 80% нь энэ компанийнх байсан гэсэн мэдээлэл гарсан. Тэд шинэ төрлийн хямд батарей бүтээж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулсан, өндөр ур чадвартай сайн дизайнерууд татаж ажиллуулсан, мөн мэдээж БНХАУ-н засгийн газраас татаас авсан зэрэг олон хүчин зүйлс амжилтыг нь тэтгэсэн биз ээ. Мөн тэд автомат жолоодлоготой автомашины технологи хөгжүүлэхэд 14 тэрбум долларын хөрөнгө гаргаж байгаа гэхээр тун удахгүй Tesla компанийг олон талаар ардаа орхих дүр зураг харагдаж байх шиг. NYT-н дэлгэрэнгүй нийтлэлийг энд дарж уншаарай.

Apple компани шинэ бүтээгдэхүүн гаргалгүй олон жили болсны эцэст гаргасан шинэ төхөөрөмж болох Vision Pro-г худалдан авагчид эхнээсээ дэлгүүрт нь буцааж өгч байна гэсэн мэдээллүүд өнгөрсөн 10 гаруй хоногийн турш энд тэнд харагдсан. Гэхдээ яг буцаасан хэрэглэгчид тийм ч олон биш бөгөөд төхөөрөмж зүүхэд хүнд байна, мөн хангалттай тооны апп, контент алга гэсэн шалтгаанаар цөөн тооны хэрэглэгчид Vision Pro-оо буцаажээ. Apple компанийн хувьд гар утасны загвараа жил бүр гаргадаг шигээ Vision Pro-гийн дараагийн загварыг яарч гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа ба одоогийн хэрэглэгчдийн санал шүүмжлэлийг сайтар сонсч, дараагийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтдээ тусгаж байгаад, 2025 оны 8-р сар орчимд Vision Pro 2 хувилбарыг гаргаж магадгүй ажээ. Хар ухаанаар бол шинэ Vision Pro гаргах давтамж нь гар утас цагныхаас удаан, iPad-тай ойролцоо хугацаанд шинэчлэгдэж байх юм байна гээд ойлгочиход буруутахгүй юм байна.

ONDO Space

Өнөөдрөөс яг 8 өдрийн дараа SpaceX компанийн Falcon 9 пуужингаар монголын анхны хувийн компанийн хиймэл дагуул сансарт хөөрөх гэж байгааг та бүхэн мэдсэн үү? ONDO Space компани болон Японы Кюшүгийн технологийн их сургууль хамтран хөгжүүлсэн OWL хиймэл дагуулаа сансарт хөөргөхөд шаардлагатай урьдчилсан туршилт, тестүүдээ амжилттай давж, ийнхүү хөөрөх гараан дээрээ ирлээ. Хиймэл дагуул нь ONDOSAT-OWL-1 нэртэй бөгөөд CubeSat ангилалд хамаарах бага оврын хиймэл дагуул. Энэ жил анхны OWL 1-г LOE буюу нам тойрог замд гаргах ба 2025 онд бизнесийн зориулалтаар ашиглах 176 хиймэл дагуулыг хөөргөж, ажиллагаанд оруулна гэж компанийн албан ёсны вэбсайт дээр дурджээ.

Тус компанийн тавьсан нээлттэй мэдээллээс үзэхэд хөөргөх хиймэл дагуулууд нь байгаль орчны мониторинг, гал түймрийн мэдээлэх систем, GPS tracking, уул уурхайн машин механизмд IoT шийдэл нийлүүлэх, гар утасны сүлжээгүй байршлуудад мэдээлэл дамжуулах, гамшиг ослын зарлан мэдээлэх систем, харилцаа холбоо, батлан хамгаалах гээд олон чиглэлд ашиглагдах аж. Мэдээж хэрэг компани өөрийн хиймэл дагуулуудыг удирдах газрын станц, хүлээн авагч гээд ажлаа цогцолбор байдлаар төлөвлөсөн нь ойлгомжтой. Нэгэнт энэхүү технологийн чиглэлээр Монголдоо анхдагч болж байгаа учраас хиймэл дагуул бүтээх, хөөргөх, удирдах, ашиглах чиглэлээр зөвлөх үйлчилгээ болон биет үйлчилгээ үзүүлэх ч боломж бүрдэнэ гэсэн үг. Монголчууд бид сансарт өөрсдийн анхны хиймэл дагуул болох “Мазаалай“-г саяхан хөөргөж байсан бол ийнхүү хувийн компанийн арилжааны хиймэл дагуул сансарт гарахад хэдхэн хоног үлдсэн баяртай мэдээг ийнхүү хуваалцаж байна.

Нэг өгүүлбэрээр

3D хэвлэгчээр шоколад хэвлээд идэж байна гэнэ үү?

Германы Deutsche Telekom компани Brain.ai болон Qualcomm компаниудтай хамтран 2026 онд ямар нэгэн аппликэйшнгүй, AI программ хангамжтай ухаалаг гар утас гаргана.

Пеннсильванийн их сургуулийн эрдэмтэд цахилгаан гүйдэл бус гэрлийн долгион ашиглаж ажилладаг AI чип бүтээжээ.

Android 15 үйлдлийн системийн хөгжүүлэгчдэд зориулсан хувилбар Google Pixel 6 болон түүнээс дээших загварын гар утаснуудад орж ирсэн байна.

Neuralink компанийн чипийг тархиндаа суулгуулж туршсан анхны хүн компьютерийн хулганыг бодлоороо удирдсан гэв.

Энэтхэгийн AI бизнесийн зах зээл 2027 он гэхэд 17 тэрбум доллараар үнэлэгдэх төлөвтэй байна.

Олон жил яригдсан Apple Ring төхөөрөмж мэндлэх цаг дөхсөн үү?

Signal messenger app-ын хэрэглэгчид удахгүй бие биедээ дугаараа мэдэгдэх шаардлагагүй болох нь ээ.

ChatGPT-г хэрхэн оновчтой ашиглах вэ?

Энэ удаагийн дугаар та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Манай мэдээллүүдийг найз нөхөд, дотны хүмүүстэйгээ хуваалцвал маш их талархах болно шүү. Баярлалаа.