- TechnoSphere товхимол
- Posts
- Дугаар 29 - Technosphere
Дугаар 29 - Technosphere
Технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр
Өглөөний мэнд ✌️ 2006 оны энэ өдөр буюу 3-р сарын 21-нд Jack Dorsey гэдэг залуу "just setting up my twttr.“ гэж бичсэн нь албан ёсоор хамгийн анхны жиргээ гэж тооцогддог бөгөөд Твиттер мэндэлсэн өдөр юм байна.
AI салбарын мэдээ, мэдээлэл
Өмнөх дугаарт Apple компани AI технологийн судалгаан дээр удахгүй юм дуулгаж магадгүй гэж бичиж байсан бол энэ 7 хоногт тус компанийн судлаачид multimodal буюу текст, дүрстэй ажилладаг AI моделиудаас бүрдсэн MM1 нэртэй багц AI моделийн судалгаагаа нийтэлжээ. ММ1 багцын моделиуд нь нягт нямбай түүвэрлэсэн текст, зурагт өгөгдөл ашиглан сургагдсан бөгөөд 30 тэрбум параметр бүхий хамгийн том модель нь гэхэд маш бага өгөгдөл дээр ч сайтар боловсруулалт хийж, учир шалтгааныг холбоосыг олж тогтоосон үр дүн үзүүлсэн гэнэ. MM1-ийн бэнчмарк үзүүлэлтүүд нь өнөө үеийн хүчирхэг моделиуд болох GPT-4, Gemini Pro-той эн зэрэгцэхүйц байж чаджээ. Тэгэхээр удахгүй Apple-ийн бүтээгдэхүүнүүд хүчирхэг AI программ хангамжтай болоход гайхахааргүй боллоо. Бас нэг зүйл ажиглагдаж байгаа нь Apple өмнө нь ямар нэг шинэ бүтээлээ чанд нууцалж байгаад, гэнэтийн бэлэг задалж буй мэт танилцуулдаг байсан бол энэ удаа тэд судалгааны бүтээлээ хэвлүүлсэн нь нээлттэй эхийн программ хангамж сонирхогчдыг баярлуулсан үйл явдал болж байна.
OpenAI компанийн захирал Сэм Олтмэн саяхан Лекс Фридманы подкастаар орж, яриа өгчээ. Энэ жил тус компани гайхалтай шинэ моделио олонд танилцуулах бөгөөд ойрын хэдэн сардаа багтаад, олон шинэ зүйлсийг санал болгохоор ажиллаж байна гэсэн юм. Одоогийн GPT-4 -ийн талаарх түүний сэтгэгдлийг асуусанд тэрээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, GPT-5 модель гарснаар бий болох дэвшил нь яг л GPT-3-аас GPT-4 рүү шилжсэн шиг үсрэнгүй байх болно гэжээ. Мөн Sora видео моделийг улам сайжруулж, төрөл бүрийн орчны дүрслэлийг илүү ойлгодог, илүү сайн бүтээдэг болгож байгаагийн зэрэгцээ тэдний энэ технологи нь роботууд бодит ертөнцийг илүү сайн танин мэдэх, ойлгоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа гэсэн байна. Түүний яриан дундаас бас нэг анхаарал татсан өнцөг бол дата өгөгдөл нь хүн төрөлхтөний хамгийн чухал баялаг байхаа больж, тэдгээр өгөгдлийг боловсруулах чадвар буюу computing power ирээдүйд хамгийн үнэ цэнтэй баялаг болно гэсэн үг байв.
Microsoft компани AI хөгжүүлэлтээ дагнасан охин компани байгуулан, хариуцуулахаар болж, захирлаар нь Google DeepMind-н хамтран үүсгэн байгуулагч, CEO Мустафа Сулейманыг авчирч тавьсан байна. Сулейман Microsoft-ын эцсийн хэрэглэгчдэд зориулсан AI бүтээгдэхүүнүүд болох Copilot, болон Edge, Bing Chat дээрх AI хөгжүүлэлтүүдийг хариуцан ажиллах гэнэ. Мөн тэд Inflection AI компанийн үүсгэн байгуулагчдын нэг Карен Симоньяныг элсүүлж, хэрэглээний AI хөгжүүлэлтийн ахлах ажилтнаар томилжээ. Үүнээс гадна тус компани OpenAI, Mistral зэрэг компаниудад хөрөнгө оруулж, хиймэл оюуны ухааны салбарт эргэлт буцалтгүй хөл тавиад байгаа. Үүний үр дүнд бид Copilot, Bing Chat зэрэг AI хэрэгслүүд болох Windows 11, Office, Edge зэрэг бүтээгдэхүүнүүдэд нэгтгэгдсэн хиймэл оюун ухааны туслах программуудыг ашиглах боломжтой болоод байгаа билээ.
Технологийн компаниудаар сонин юу байна?
Apple компани Google Gemini AI-г iPhone гар утасныхаа үндсэн AI engine болгохоор шийдсэн бололтой. Bloomberg-ийн мэдээлснээс үзвэл шинээр гарах iPhone 16 гар утсан дээр Gemini сууснаар, хэрэглэгчид AI ашиглан, зураг дүрслэл үүсгэх, текст мэдээлэл бичүүлэх болон өөр бусад олон үйлдлүүдийг хийх боломжтой болно гэжээ. Өмнө нь тус компани OpenAI-тай яг энэ талаар ярилцаж үзсэн боловч амжилтанд хүрээгүй бололтой, учир нь OpenAI компани Samsung-ийн үндсэн AI программыг нийлүүлэх тохиролцоо хийхээр бэлдэж байгаа гэсэн яриа гараад байна. Apple-ийн босс Тим Күүк энэ жилийн 6-р сард болох WWDC арга хэмжээн дээр AI-тай холбоотой томоохон танилцуулга хийнэ гэж амалсан ч энэ нь Google Gemini AI байх уу, эсвэл өөрсдийнх нь хөгжүүлж байгаа LLM багц модель байх уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Nvidia компани дэлхийн хамгийн хүчирхэг чип танилцууллаа. Blackwell B200 нэртэй энэхүү GPU нь 208 тэрбум транзистор өөртөө агуулсан бөгөөд одоогийн байдлаар ашиглагдаж байгаа хамгийн өндөр хүчин чадалтай чип болох H100 GPU-ээс даруй 30 дахин өндөр гүйцэтгэлтэй мөртлөө эрчим хүчний зарцуулалт нь 25 дахин бага гэжээ. Blackwell чипийг гаргаснаар цаашид технологийн компаниуд 10 их наяд параметртэй өгөгдөл бүхий AI сургах боломжтой болно. Жишээлж үзэхэд, одоо ашиглагдаж буй GPT-4 модель гэхэд л 1,8 их наяд параметр өөртөө агуулсан байдаг бөгөөд 2000 ширхэг Blackwell GPU байхад энэ хэмжээний AI моделийг 90 хоногийн дотор сургаж, бэлэн болгох боломжтой гэж Nvidia-ийн захирал Женсен Хуан мэдэгдсэн байна. Энэхүү хүчирхэг чипийг хамгийн эхэнд ашиглах үүлэн технологийн үйлчилгээнүүд нь AWS, Google Cloud, Microsoft Azure болон Oracle Cloud Infrastructure нар байх болно гэжээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг линкээр орж уншаарай.
Mercedes-Benz өөрийн үйлдвэртээ хүн төрхтэй робот туршилтын журмаар ажиллуулах шинэ тохиролцоо хийлээ. Робот нийлүүлэгч Apptronik компанийн Аполло нэртэй хүн төрхтэй роботыг тэд Унгарт байдаг автомашины үйлдвэртээ ажиллуулахаар эхний ээлжинд шийдсэнээ зарлав. Мэдээж робот учраас нарийн мэдлэг шаардахгүй, нэг төрлийн үйлдлийг олон давтдаг, биеийн хүч шаардсан ажлуудыг гүйцэтгэх юм байна. Мөн угсрах деталиудыг хүмүүст дөхүүлж өгөх, угсралтын алдааг хянах ажил ч хийх боломжтой гэжээ. Робот нь 170 см орчим өндөртэй, 72 кг орчим жинтэй байх ба хүмүүстэй тулж харьцахдаа хүчээ тохируулах аюулгүй байдлын тохиргоотой юм. Mercedes-Benz нь автомашины үйлдвэртээ хүн төрхтэй робот ажиллуулж байгаа анхны компани биш юм. BMW компани энэ оны 1-р сараас эхлэн Figure компанитай гэрээ хийж, Figure 01 загварын роботуудыг угсрах үйлдвэртээ ажилуулж эхлээд байгаа билээ.
TikTok нь гарч ирсэн цагаасаа эхлэн богино хэмжээний бичлэг контентоор байлдан дагуулж, олон хэрэглэгчдийг татаж чадсан бол улмаар барьцаа ахиулж, онлайн худалдаа, хайлтын системийн үйл ажиллагаа руу анхаарлаа хандуулсаар байгаа юм. Gen Z үеийнхэн Google, Bing гэхээсээ илүүтэй TikTok, YouTube ашиглан хайлт хийх нь ихэссэн нь ч үүнд нөлөөлсөн байж таарна. Тэгвэл TikTok одооноос эхлэн контент бүтээгчиддээ “хайлтын үнэ цэн бүхий” контент нийлүүлсний урамшуулал олгож эхэлнэ гэдгээ зарлалаа. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн хайлт юунд их чиглэгдэж байна, тэр сэдвээр нь бичлэг хийж оруулсан буюу хайсан сэдэвтэй нь ойролцоо агуулга оруулах юм бол мөнгөн урамшуулал авах боломжтой болж байна.
Нэг өгүүлбэрээр
Өмнөх дугаарт мэдээлж байсанчлан, xAI компанийн Grok AI модель open-source боллоо.
Ганцхан ширхэг зурагнаас бүхэл бүтэн 3 хэмжээст дүрслэл үүсгэх боломжийг Stability AI олгож байна.
Microsoft компани 5-р сард AI технологийг хэрхэн программ хангамж болон төхөөрөмжүүддээ нэгтгэж байгааг танилцуулах арга хэмжээ зохионо.
Оруулсан видеондоо Generative AI ашигласан бол үүнийгээ видеоны тайлбар, танилцуулгадаа заавал дурдаж байх шаардлагыг YouTube тавьж эхэллээ.
Rivian-ы цахилгаан автомашин эзэмшигчид удахгүй Америк даяар 15000 цэнэглэгчтэй Tesla Supercharger сүлжээг ашиглах боломжтой болно.
Европын Холбооны Ariane 6 пуужингийн хөгжүүлэлт удааширсан учраас тэд Galileo хиймэл дагуулуудаа SpaceX-ийн пуужинг ашиглан хөөргөнө.
Sony компанийн гаргасан PSVR2 headset төхөөрөмж борлуулалт муутай байгаа учир үйлдвэрлэлээ тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.
Google DeepMind болон хөлбөмбөгийн Liverpool FC багууд хамтран TacticAI нэртэй хөлбөмбөгт зориулсан AI туслах хөгжүүлжээ.
GITAI USA Inc компанийн S2 робот олон улсын сансрын станц дээр задгай сансарт засвар үйлчилгээ амжилттай хийлээ.
Саудын Араб улс AI технологийн хөгжүүлэлт, судалгаанд зориулж, 40 тэрбум доллар гаргана.
BREAKING NEWS
Тэрбумтан Илон Маскийн байгуулсан Neuralink компани хүний тархинд чип суулгаж, үүгээрээ дамжуулан компьютерийг удирдах туршилт хийхээр бэлдэж байгаа талаар бид хангалттай уншсан байх. Тэгвэл өнөө өглөө манай цагаар 05 цагт Neuralink-ийн Твиттер хаягаар лайв хийж, тархиндаа чип суулгуулсан залуу компьютер дээрх тоглоомыг бодлоороо удирдаж тоглуулж байгааг шууд үзүүллээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид дараагийн дугаартаа хүргэх болно.
Шинэ дугаарыг маань дуустал уншсан танд баярлалаа. Хэрэв таалагдсан бол сошиал сувгууд дээрээ хуваалцаарай 😊😊🙇♂️