Технологийн мэдээллийн 7 хоногийн тойм

Техник технологийн мэдээ

Өглөөний мэнд хүргэе. 7 хоногийн тойм мэдээллүүдээ хүлээн авч уншихад бэлэн үү?

AI холбогдолтой мэдээллүүд

OpenAI компани ChatGPT дээр тодорхой даалгаврууд биелүүлэхэд зориулан хөгжүүлсэн Custom bot-ууд бүтээх боломжийг нээж, улмаар GPT Store нэртэй платформ дээр тэдгээр ботуудыг байршуулан, нээлттэй хэрэглэх болсон билээ. Гэтэл саяхан Твиттер дээр тавигдсан нэгэн постоос үзвэл OpenAI компани ChatGPT дээр ахин нэг шинэчлэл хийсэн бололтой. Dan Shipper гэгч эрхмийн оруулсан постоос харахад ChatGPT төлбөртэй эрхээр хэрэглэгчид тухайн нэг чаатан дотроо аль нэг custom GPT-г mention хийж дуудаж оруулж ирдэг болжээ. Мөн түүний постуудыг цааш нь сонирхож үзвэл нэг чаатан дотор хэд хэдэн өөр GPT-г mention хийж, тус тусад нь даалгавар өгч байгаа харагдаж байна. Нэг GPT-тэй чааталж байгаад, заавал нөгөөхөөсөө гараад, дахиад өөр GPT-тэй чаат үүсгэдэг цаг ард хоцрох нь бололтой.

The New York Times олон нийтэд мэдээ, мэдээллийг хүргэх үйл ажиллагаандаа AI ашиглах шийдвэр гаргаж, хиймэл оюун ухааны асуудал эрхэлсэн баг бүрдүүлж эхэлжээ. Уг багийг ахлахаар томилогдсон Zach Seward өөрийн Threads хаягаараа дамжуулан энэ мэдээллийг өгсөн бөгөөд түүний багт орж ажиллах машин сургалтын инженер, программ хангамж хөгжүүлэгч нар, дизайнер, мэдээний редакторуудыг удахгүй ажилд авна гэжээ. Одоогоор тэд өөрсдийн AI модель хөгжүүлэх болон бэлэн AI хөгжүүлсэн компанитай хамтрах эсэхээ олон нийтэд мэдэгдээгүй байна. New York Times-аар тогтохгүй Politico болон Business Insider-г эрхлэн гаргагчид OpenAI-тай тохиролцоо хийж, мэдээ нэвтрүүлэх ажилдаа AI авахаар болсон, The Associated Press агентлаг ч мөн дээрхтэй ижил чиглэлийн гэрээг AI судалгааны компанитай байгуулсан зэргээс үзвэл мэдээний урсгалыг мөдхөн AI тодорхойлдог болох нь.

Өнгөрсөн 7 хоногт Google компани Lumiere нэртэй видео үүсгэгч шинэ AI модель танилцууллаа. Танилцуулгаас үзвэл Lumiere нь текстээр өгсөн командад суурилан, эсвэл өгөгдсөн зургийг ашиглан, хөдөлгөөнт дүрс, 5 секундын видео үүсгэж чаддаг гэнэ. Демо бичлэгийг нь энд дарж үзэх боломжтой шүү.

Технологийн компаниудын талаар

7 хоногийн хамгийн онцлууштай үйл явдал бол тэрбумтан Илон Маск жиргээгээр дамжуулан Neuralink компани анх удаа хүний тархинд чип имплант суулгаснаа мэдэгдсэн явдал байлаа. Уг жиргээнээс үзвэл туршилтанд орсон хүний биеийн байдал хэвийн, тархин дахь дохиог нь чип хүлээж аваад эхэлсэн байгаа ажээ. Neuralink эхний ээлжинд саажилттай буюу нуруу нугасны гэмтлээс болоод бие нь мэдээгүй болсон өвчтөнүүд сонгож, чип суулгах бодлого баримталж байгаа. Үүнээс үзэхэд уг туршилтын зорилго нь тархин дахь дохиогоор дамжуулан компьютер, ухаалаг утсандаа команд өгөх боломж олгоход чиглэгдэж байгаа нь тодорхой байна.

Apple компанийн хамгийн сүүлд гарсан шинэ төхөөрөмж болох Vision Pro урьдчилсан захиалгаа нээгээд 10 хоноход 200 000 захиалга аваад байна. Уг төхөөрөмжийг туршин хэрэглэсэн технологийн сэтгүүлчид, азтай зарим нэг хэрэглэгчид харин үүнтэй зэрэгцэн анхны сэтгэгдлүүдээ бичиж эхэлжээ. 4К OLED дэлгэц болон орон зайд суурилсан 3D видео дүрслэл нь мэдээж урьд өмнө байгаагүй бодит мэдрэмжийг өгч байгаа бол гарын хөдөлгөөн болон нүдний харах чиглэлийг мэдэрч ажиллаж байгаа нь мөн л хэрэглэгчдэд онцгой санагдаж байгаа аж. Харин дутагдалтай талууд гэвэл юуны өмнө батарей нь ердөө 2-3 цаг болоод дуусч байгаа болон төхөөрөмжийн жин их байгаагаас болоод хэрэглэгчид үе үе төхөөрөмжийг тайлж, завсарлахаас аргагүйд хүрдэг гэжээ. Бас YouTube, Netflix компаниуд Vision Pro-д зориулсан аппликэйшнээ гаргахгүй байгаа нь хэрэглэгчид сэтгэл дундуур байх бас нэг шалтгаан болсон байна.

Нидерландын ASML компани маш өндөр нарийвчлалтай чипний хавтан хэвлэж нийлүүлдэг технологи эзэмшдэг тул салбартаа тэргүүлэх байр суурь эзэлж ирсэн. Харин бидний сайн мэдэх Canon компани энэ чиглэлд хүч үзэх нь. Тэд өөрсдийн хөгжүүлсэн nanoimprint lithography технологио ашиглан, бага зардлаар нарийвчлал сайтай чипний хавтан хэвлэх машин үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхээр бэлтгэж байна. Хятадын эсрэг тавьсан АНУ-ын хоригт Япон улс мөн нэгдсэн байдаг тул Canon-ы энэ шинэ машин мөн л БНХАУ руу нийлүүлэгдэхгүй нь тодорхой болж байна. Тэд энэ жилийн эхний хагаст багтаан чип хэвлэгч төхөөрөмжөө зах зээлд нийлүүлж эхэлнэ гэнэ.

Нэг өгүүлбэрээр

Tesla компани Нью Йорк муж дахь үйлдвэртээ зориулан Dojo суперкомпьютер бүтээхэд 500 сая доллар зарцуулна.

AI ашиглан бүтээсэн Тейлор Свифтийн нүцгэн зураг Твиттер дээр цацагдаж, тролл хаягууд давалгаалан түгээж, олныг шуугиулав.

YouTube TV үйлчилгээ хэрэглэгчдэд дэлгэцээ хувааж, нэгэн зэрэг хоёр өөр нэвтрүүлэлт үзэх боломж олгоно.

АНУ-ын явган цэргийн байлдааны машин Bradley-д Raytheon компани Commander's Independent Viewer (CIV) харааны систем нийлүүлэхээр болжээ.

MIT сургуулийн эрдэмтэд металл ашигладаг 3D хэвлэлийн шинэ технологи хөгжүүлснээр хэдхэн минутанд хөнгөнцагаан тавилга, эд анги хэвлэх боломжтой болов.

Мeta компани өсвөр насны хүүхдүүдэд танихгүй хүнээс мессеж чаат ирүүлдэггүй болгохоор ажиллаж байна.

Япон улс сар руу хөөргөсөн төхөөрөмж саран дээр буухдаа буруу газардаж, эрчим хүч нь тасалдсан ч удалгүй нарны цэнэг хураагуур нь ажиллаж эхэлжээ.

Энэ хүрээд манай өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Энд хүртэл уншсан танд баярлалаа. Өнөөдрөөс эхлээд хүйтний эрч нилээн сулрах сайн мэдээтэй байна шүү.