Туулай жилийн сүүлийн дугаар

Техник технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр

Өглөөний мэнд ээ! Туулай жилийн хамгийн сүүлийн дугаараа хүргэж байгаадаа баяртай байна. Бид 2023 оны намраас эхлэн, нийт 23 дугаарыг 7 хоног бүр та бүгдэд хүргэжээ. Хамтдаа байсан бүх уншигчидддаа баярлалаа.

Юуны өмнө AI технологийн салбарт.

Roblox гэж мэднэ үү? Мэдэхгүй бол заавал сонирхоод үзээрэй. Газар газрын үй түмэн хүүхэд залуус бужигнаж байдаг тус платформ AI-д суурилсан орчуулгын үйлчилгээ нэвтрүүлж байгаа гэнэ. 16 хэлний хооронд текстийн орчуулгыг бараг л шууд хийх боломжтой тул өдөр тутамдаа Roblox ашигладаг 70 сая хэрэглэгч хэл усны ямар нэг саад мэдрэхгүй болох нь ээ. Орчуулгын AI-г тусгайлан интернэт орчны элдэв үг хэллэг, тоглоомын ертөнцөд түгээмэл ашигладаг ойлголтуудыг ашиглаж сургасан учраас орчуулгын алдаа мадаг бага байх болов уу гэж таамаглаж байна. Roblox үүгээр зогсохгүй зураг, дуут шууданг ч орчуулах зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Хүүхэдтэй хүн бүрт л бал, харандаа барьж эхэлсэн хүү, эсвэл охиндоо аятайхан буддаг ном олоод өгчих юмсан гэсэн бодол төрдөг байх. Манайд орж ирдэг буддаг номууд тодорхой сэдвийн хүрээнд хязгаарлагдсан шинжтэй байдгаас гадна яг нэг аятайхан ном олоод авчихъя гэхээр сэтгэлд хүрэхээр буддаг ном олдохгүй байх үе зөндөө. Тэгвэл одоо хэдүүлээ AI ашиглаад, өөрсдөө гоё буддаг номны загвар бүтээж болохоор болж байна. Ингэхийн тулд эхлээд Microsoft Image Creator, эсвэл Midjourney руу ороод,

  • “On the left, a black and white simple children's coloring book illustration featuring a [insert description of image] with no shading, with a white background. On the right, the same illustration with color. --ar 2:1 --style raw --sref [see image below] --stylize 250 --v 6 гэсэн команд бичээд өг. Ганц хоёр минутын дотор танд AI буддаг зураг гаргаад өгнө. Чухам ямар зураг, ямар дүрс гаргамаар байгаагаа нэмж баяжуулаад, дараагийн командыг өгөөд байхад та өөрийн хүссэн зураг бүхий буддаг ном бүтээж болох нь байна шүү.

Хятадын Huawei компани хамгийн сүүлд Huawei Mate 60 нэртэй flagship гар утас гаргасныг та бүхэн санаж байгаа байх. Хамгийн сүүлд гарсан мэдээллээр тус компани 1250 долларын үнэтэй энэхүү загварынхаа үйлдвэрлэлийг сааруулж, Ascend болон Kirin чипнийхээ үйлдвэрлэлд илүү ач холбогдол өгөхөөр төлөвлөж байгаа гэжээ. Учир нь АНУ-с зарласан өндөр технологи, түүн дотроо AI технологийн хоригоос болоод Nvidia зэрэг чип үйлдвэрлэгч компаниуд Хятад улсад AI технологийн чип нийлүүлэх боломжгүй болсон. Үүний улмаас Хятад улсад дотооддоо үйлдвэрлэсэн AI чипний эрэлт нэмэгдсэн нь Huawei Ascend AI чипний борлуулалт нэмэгдэхэд нөлөөлжээ.

Технологийн компаниуд

2022 оны сүүлч болон 2023 оны туршид технологийн компаниуд өргөн хүрээнд цомхотгол хийж, олон мянган ажилтнаа халж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. 2024 он гараад нэг сар гаруй хугацаа өнгөрөхөд халаа сэлгээний асуудал намжаагүй л байгаа бололтой. Snapchat үйлчилгээ үзүүлэгч Snap Inc. саяхан 500 гаруй ажилтнаа нэгэн зэрэг халсан, Microsoft корпораци он гарсаар 1900 гаруй ажилтнаа цомхотгосон, Amazon ч бас эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компанийнхаа 150 гаруй ажилтныг халсан гэх зэргээр зөвхөн энэ оны эхний 1 сард л олон мянган хүн технологийн салбараас ажилгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, 2023 оны туршид нүүрлэсэн цомхотгол, халаа сэлгээ энэ онд ч үргэлжилж магадгүй дүр зураг харагдсаар байна.

Тэрбумтан Илон Маскийн байгуулсан Starlink хиймэл дагуулын үйлчилгээ албан ёсоор Монголд орж ирнэ гэнэ шүү. Өмнө нь манай хэрэглэгчид гадаадад худалдан авсан хиймэл дагуулын интернэтийн төхөөрөмжөө Монголд roaming нөхцлөөр ашиглаж байсан бол энэ сараас эхлээд албан ёсоор Монгол улсад зориулсан үнэ ханшаар хэрэглэж эхлэх нь. Монголд үйл ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрөл шаардлагатай, мөн газрын станц барих хэрэгтэй гэх зэрэг яриа өрнөж байсан ч эцсийн дүндээ Монголын хэрэглэгчид сүлжээ ороогүй алслагдмал буйд хязгаараас ч дэлхий нийттэй өндөр хурдаар холбогдох цаг юу юугүй ирж байна даа.

Тухайн нэг салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд идэвхитэй өрсөлдөж, бие биенээсээ технологи нууцаар судлах, тагнах, хулгайлах зэргээр үзэлцдэг байсан цаг үе улирах болсон гэдгийг Японы том компаниуд зарлан тунхаглаж байх шиг байна. Hitachi болон Sony групп өөр хоорондоо ажилтан солилцох хөтөлбөрийг 2024 оны 1-р сараас хэрэгжүүлж эхэлжээ. Ажилтан өөрийн үндсэн ажлаа хийнгээ нөгөө компани дээрээ очиж, ажиллан, туршлага судлах бөгөөд нөгөө компаниасаа сурсан шинэ технологи, инноваци, хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг өөрийнхөө компанид авчирч нэвтрүүлэх юм байна. Сонирхолтой юу?

Creative булан

Манай уншигчид дунд ChatGPT-г мэдэхгүй хүн ховор байх. Харин ChatGPT-г өдөр тутамдаа ашигладаг, код бичихдээ туслалцаа авдаг, бүр магадгүй тоглоом бүтээх сонирхолтой хүн байдаг бол энд яг танд хэрэгцээтэй нэг контентийн линк орууллаа. 60 минутын дотор ChatGPT ашиглан, видео тоглоом бүтээх боломжтой гэж бодож байна уу? Болдог гээд заавар хичээл оруулсан байна даа, цаана чинь. Тэгэхээр энд дарж үзээд, дагаж хийгээрэй. Үр дүнгээ эргээд бидэнтэй хуваалцвал маш их талархана шүү.

GPT модель дээр суурилсан маш олон AI хэрэгслүүд, вэбсайтууд гарсныг та бүхэн сонссон, заримыг нь хэрэглэж үзсэн байх. Тэгвэл ChatGPT-г орлож болохуйц олон төрлийн үйлдэл боломжуудтай, хамгийн боломжийн үнэтэй, бас үнэгүй ч туршиж ашиглаж болдог нэг хэрэгсэл санал болгоё. Энэ бол Writesonic бөгөөд дан ганц чатбот биш, AI зураг үүсгэгч, AI дуу хоолой үүсгэгч вэбсайт байгаа. Мэдээж хэрэг ойр зуурын асуултууд асуух, мэйл, товч нийтлэл бичүүлэхэд бол үнэгүй.

Нэг өгүүлбэрээр

АНУ-ын NASA агентлаг 137 гэрлийн жилийн зайд, нэгэн улаан одой одыг тойрон эргэдэг, хүн очоод амьдарчихмаар гараг олж нээсэн гэж байна шүү.

Хиймэл эрхтэнийг анх удаа ястай нь залгаж, тархинаас удирдах боломжтойгоор туршиж, хүний биед суулгажээ.

Apple Vision Pro зүүгээд замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэсэн анхааруулгыг АНУ-ын зам тээврийн яамнаас гаргав.

Твиттерийн өрсөлдөгч гэж хүчтэй яригдаж байсан Bluesky платформ одоо заавал урилгаар биш, хүссэн нь нэвтэрч ашиглах боломжтой болно.

Ундны усыг агаараас гаргаж авдаг төхөөрөмж.

Халуун цөмийн урвалын шинэ амжилтын талаар эндээс уншаарай.

Хэвлэл мэдээллийн агентлагууд болон Microsoft хамтран салбартаа AI ашиглалт нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Хэдийгээр битүүний өмнөх их цэвэрлэгээний өдөр ч гэлээ та бүхэн манай шинэ дугаарыг энд хүртэл уншсанд гялайлаа. Та бүхэн сайхан шинэлээрэй. Луу жилдээ илүү их амжилт бүтээлтэй, олз омогтой байхыг хүсэн ерөөе!