- TechnoSphere товхимол
- Posts
- Технологийн ертөнцийн сонин хачин
Технологийн ертөнцийн сонин хачин
Техник технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр
Өглөөний мэнд хүргэе! Өнөөдөр 10-р сарын 26, Пүрэв гараг. Бид танд товхимлынхоо 7 дахь дугаарыг хүргэж байна.
Техник технологийн холбогдолтой мэдээ мэдээлэл сонирхдог хүн бүр Илон Маскийн тухай ямар нэг мэдээлэл гараагүй 7 хонож байхыг үзэж байв уу? Энэ цаг үеийн хамгийн инновацилаг бизнесмэн гэгддэг Илон Маскийн үүсгэн байгуулсан газар доорх хонгил бүтээн байгуулдаг The Boring Company нь саяхан 7 тэрбум ам.долларын үнэлгээтэй болсон мэдээлэл байна. Америкийн том хотуудыг газар доогуурх хонгилоор холбож, өндөр хурдтай зорчих сүлжээ үүсгэх зорилготой компани билээ.
Аймаар хурдан… Ийм нэртэй арга хэмжээг Apple компани 10-р сарын 30 буюу сүнсний баяраар зохион байгуулах нь. Аймаар гэдэг нь Halloween-тэй холбогдож байгаа бол хурдан гэдгийн цаана тэдний уг арга хэмжээн дээрээ толилуулах M3 чип болон шинэ загварын iMac компьютерууд байгаа байх гэсэн таамаглал байна.
За цаана чинь Тоёота компани цахилгаан хөдөлгүүр рүү оройхон гараад ширүүхэн дайрч байгаа мэдээ байна. Алдарт Land Cruiser загварын бүрэн цахилгаан хөдөлгүүртэй Se концепт загвар, EPU нэртэй цахилгаан пикап, бас бус шинэ загваруудаа 2023 Japan Mobility авто шоун дээр танилцуулна гэнэ дээ.
Түрүүчийн 7 хоногт Твиттер дээр зөвхөн цэнхэр тэмдэгтэй хэрэглэгчид л хариулах боломжтой пост оруулдаг шинэ боломж нээгдэж байсан бол энэ удаа Meta компани Instagram дээр мөн л мөнгө төлж, цэнхэр тэмдэг авсан хүмүүсийн постыг л харж болох шинэ тохиргоо нээж байгаагаа зарлажээ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч өөрийн дагадаг хүмүүс, дотны найзууд болон баталгаажсан хэрэглэгчид гэсэн 3 өөр бүлгийн постыг тус тусад нь үздэг болно гэсэн үг.
Эрхтэн шилжүүлэн суулгах нь ихээхэн төвөгтэй үйл явц бөгөөд ихэнх тохиолдолд зөвхөн төрөл төрөгсдийг нь донор болгодог. Энэ нь хүний бие гаднаас орж ирсэн эрхтэн буюу гадны биетийг эсэргүүцэж, хариу урвал үзүүлдэгтэй холбоотой аж. Тэгвэл Мэрилэндийн их сургуулийн мэс заслын багийнхан хүний биед генийн өөрчлөлттэй гахайн зүрхийг шилжүүлэн суулгаад, даруй нэг сар болоход огт “гадуурхаж хажигласан” шинжгүй хэвийн ажиллаж байна гэж мэдэгджээ. Том дэвшил шүү.
Графит гэдэг бодис нь цахилгаан автомашины батарейны чухал түүхий эд юмсанж. Өмнөд Солонгосын Hyundai, Kia зэрэг томоохон үйлдвэрлэгчид цахилгаан машиныхаа батарейд энэ бодисыг ашигладаг ч гол нийлүүлэгч болох Хятад улс экспортдоо хориг тавьж байгаа тул Солонгосууд шинэ эх үүсвэрийн эрэлд морджээ. Миний санахаар бол Монгол улс энэ жил Солонгостой ховор элементийн салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байх учиртай. Хятад хатуурхсан элдэв түүхий эдийг нь энэ сиймхийгээр нийлүүлээд байдаг бол аштай юу.
Зарим хүмүүсийн “идэвхитэй” ашигладаг Tinder апп дээр нэг шинэ боломж нээгдэж. Гэр орныхон болоод найз нөхөд чинь нийлээд, чиний match-ууд дээр санаа оноогоо нэмэрлэж, зөвлөж болдог болно гэнэ. Завхарсан ч юм боллоо доо. “Юу л даа хө, манай ээж чамайг Тиндер дээр даж охин байна гэлээ” гэжмэгээд айн.
Нэг өгүүлбэрээр:
ChatGPT зэрэг хиймэл оюуны программуудын хөгжлийг гүйцэхийн тулд Apple компани Siri-ийн AI хөгжүүлэлтэд жил бүр тэрбум ам.доллар зарцуулна.
Зөгийнүүд үндсэн ажлаа гүйцэтгэж чадахгүй байгаа учир фермерүүд технологийн компаниудад хандана.
Twitch платформ удахгүй стриймэрүүдэд TikTok, Instagram дээр нэгэн зэрэг стрийм цацахыг зөвшөөрөх нь ээ.
Английн хатан хаан 2-р Элизабетийн хөлөглөдөг байсан Range Rover-ийг дуудлага худалдаагаар борлуулна.
Facebook page, YouTube хаягуудаа бусдад алдахгүйн тулд яах ёстой вэ?
Цахилгаан автомашинуудад энгийн машинаас өөр дугуй тавих ёстой байдаг уу?