Технологийн мэдээллийн тойм

7 хоногийн ээлжит шинэ мэдээллүүд

Шинэ 7 хоногийн мэнд хүргэе! Технологийн салбарын шинэ мэдээллүүдээ хүлээн авахад бэлэн үү?

AI технологийн салбарын шинэ сонин

Интернэт хэрэглэгчдийн үнэмлэхүй олонх нь буюу 2023 оны байдлаар нийт хэрэглэгчдийн 64 орчим хувь нь ашигладаг Google Chrome браузер/хөтөч гэж монголчилдог/ -ийн шинэ хувилбар гарсан нь AI чадваруудыг ашиглан, нээлттэй таб-уудыг багцлах, Chrome theme-ийг өөрийн хүссэнээрээ үүсгэх, мэйл, текст бичихэд туслах зэрэг үйлдлүүд агуулсан update болж гэнэ ээ. Хэрэв та бүхэн анзаарсан бол хэдэн сарын өмнөөс Gmail дээрээ мэйл бичихэд автоматаар дараагийн үгийг санал болгох, алдаатай үгийг засах боломжууд санал болгож эхэлснийг анзаарсан байх. Гэнэтийн огцом өөрчлөлт бус бага багаар дасгах замаар Google хэрэглэгчдээ AI технологийн хэрэглээнд дасгах тактик баримталж байгаа юм байна. Мөн Google Ads дээр Gemini AI моделио нэгтгэснээр жижиг бизнесүүд сурталчилгааны оновчлолоо сайжруулах, зар сурталчилгааны илүү сайн хувилбарууд бий болгох боломжтой болжээ.

Goldman Sachs болон McKinsey-ийн урьд нь хийсэн судалгаагаар AI хүмүүсийн ажлын байрыг эрчимтэй булааж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж, айдас хүйдэс төрүүлсэн байдаг. Гэвч MIT сургуулийн Компьютерийн шинжлэх ухаан болон хиймэл оюун ухааны лабораторийн хийсэн саяхны нэгэн судалгаагаар хиймэл оюунд суурилсан автоматжуулалт нь хүмүүсийн ажлын байрыг юу юугүй булаагаад авчих боломж бага байгааг олж тогтоожээ. Ялангуяа хүний нүдний хараанд тулгуурлаж хийдэг, бүтээгдэхүүний чанар шалгах гэх мэт ажлын байрны 23 хувийг л AI орлох боломжтой гэсэн хариу гарч. Мөн тодорхой нэг үйлдэл гүйцэтгүүлэх зорилгоор AI модель сургах нь өнөөдрийн байдлаар маш өндөр өртөгтэй байгаа нь хүмүүсийг цалинжуулснаас илүү зардалтай тусахаар байгаа нь өнөө маргаашдаа бол айлтгүй гэсэн үг юм. Гэсэн ч AI судалгааны компаниуд өртөг зардлаа бууруулж, AI-нхаа гүйцэтгэлийг хурдтай сайжруулж эхэлбэл жинхэнээсээ хөдөлмөрийн зах зээл дэх түйвээлт болох нь тодорхой гэж ойлгогдож байна.

OpenAI компанийн захирал Сэм Олтмэн цаана чинь чипний үйлдвэр байгуулах гээд олон тэрбумын хөрөнгө оруулалт хайгаад гүйж явна гэнэ шүү. Энэ санаа өнгөрсөн оны 11-р сард яригдаж байсан ч Сэмийг компанийн удирдах зөвлөл гэнэтхэн халснаар нэг хэсэгтээ намжжээ. Гэхдээ яг ч бие даасан үйлдвэр бус Тайванийн TSMC болон Nvidia гэх мэт аваргуудтай хамтран, дэлхийн өнцөг булан бүрт AI-д зориулсан хагас дамжуулагчийн үйлдвэр байгуулж, улам бүр өсөн нэмэгдэж буй AI чипний эрэлт хэрэгцээг хангаж, нийлүүлэлтийн тасалдлаас сэргийлэх зорилготой юм байна. Тэдний энэхүү хэрэгцээн дээр ирээдүйтэй бизнест хөрөнгө оруулах зорилготой Ойрхи Дорнодын хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлсэн талаарх мэдээ Bloomberg дээр нийтлэгджээ.

Технологийн компаниудаар юу байна?

Агаарын хөлөг үйлдвэрлэгч Boeing компанийн 737 Max 9 онгоцны хаалга нислэгийн дундуур салж унасан гэнэтийн явдал саяхан гарсан билээ. Энэ үйл явдлаас болоод АНУ-ын эрх бүхий байгууллагууд Boeing-т тавих хяналтаа хангалттай сайн хэрэгжүүлж чадаж байгаа эсэх талаар эргэлзээ үүсээд байна. Өмнө нь 2018, 2019 онд ноцтой осол гарч байсан 737 Max 8 онгоцтой холбоотой асуудалд хэрэв сайтар анхаарал хандуулж, хяналт шалгалтыг чанартай хийсэн бол саяхны энэ үйл явдал болохгүй байх байсан уу гэсэн асуулт тавигдахын зэрэгцээ АНУ-ын Засгийн газар болон Boeing компани хоорондох найрсаг харилцаа нь хяналт сулрахад нөлөөлөв үү гэсэн таамаг ч яригдаад эхэлж. Boeing бол АНУ-ын хамгийн том экспортлогч компани бөгөөд иргэний агаарын тээвэр болон батлан хамгаалах үйлдвэрлэлийн олон тендерт ялдаг, төр засагтай нягт хамтардгаараа алдартай компани билээ. FAA буюу манайхаар Иргэний нисэхийн ерөнхий газартай дүйцэхүйц байгууллага нь тус компанийн чанараас илүү ашиг хөөж байгаа үйлдлүүдийг сайн мөрдөн шалгах хэрэгтэй, чадахгүй бол гуравдагч талын оролцоотойгоор хяналт тавих ёстой гэсэн шүүмжлэл өрнөөд байна.

SpaceX компанийн Starlink интернэт хиймэл дагуулууд гар утасны сүлжээ нэвтрүүлэхээр туршилтын хиймэл дагуулууд хөөргөх зөвшөөрөл авсан талаар бид урьд нь мэдээлж байсан. Тэгвэл тус компанитай өрсөлдөхөөр нэгэн шинэ компани ажлаа эхэлж, Google, AT&T, Vodafone компаниудаас 206,5 сая ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Тус компани одоогоор туршилтын нэг том хиймэл дагуул хөөргөөд байгаа ба энэ оны 3-р сар гэхэд дахин 5 хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөсөн гэнэ(Starlink одоогоор LTE сүлжээний 6 хиймэл дагуул тойрог замд байрлуулаад байгаа). Хөрөнгө оруулагч Google компани андройд үйлдлийн системтэй утсанд энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх тал дээр ажиллах бол AT&T, Vodafone компаниуд уг сүлжээнд ашиглах гар утаснуудаа үйлдвэрлэгчдэд захиалаад эхэлсэн ажээ. Удахгүй энэ маягаараа сүлжээгүй газар гэсэн ойлголт байхгүй болох нь ээ.

Apple компани 2026 он гэхэд бүрэн автомат жолоодлоготой, жолооны хүрд, хааз, тоормосны гишгүүргүй, бүрэн цахилгаан автомашин зах зээлд нийлүүлэх зорилготой Project Titan төслийнхөө цар хүрээг өөрчилж, бүрэн автомат бус Level 2+ түвшиний жолоодлогын дэмжлэг рүү бууруулж, автомашиныг 2028 онд нийлүүлэхээр хугацааг хойшлуулжээ. Тус төслийг компанийн удирдах зөвлөл хянаж үзээд, төлөвлөлт, гүйцэтгэлийн шатанд их хугацаа зарцуулж байна гэж шүүмжилсэн ч дээрх шийдвэрт хүрчээ. Гол асуудал нь техник хангамжийн салбарт гаргасан амжилтаа автомашин үйлдвэрлэлийн салбар руу шилжүүлэхэд олон бэрхшээлтэй тулгарч, өнөөгийн зах зээлийн шаардлага хангасан бүтээл гаргах хэмжээнд хөгжүүлэлт, судалгаа хийж чадахгүй байгаатай холбоотой гэнэ. Ямартай ч автомат жолоодлоготой автомашины үйлдвэрлэлд Apple цахиур хагалах хүртэл нилээн хугацаа орох нь ээ.

Нэг өгүүлбэрээр

Google Pixel 9-н зураг, зарим мэдээллүүд олонд задрав.

Бизнесийн болон сургалтын зориулалттай ухаалаг, интерактив дэлгэц авахаар сонирхож байгаа бол энд дараарай.

Samsung компани хурууны өндөг рүү хатгалгүйгээр цусан дахь сахар хэмждэг төхөөрөмж Apple-аас түрүүлж гаргахаар хичээн ажиллаж байна.

Алдарт YouTuber ‘Mr. Beast’ Твиттер дээр анхны видеогоо нийтэлж, 260 мянган долларын орлого олов.

YouTube дээр видео нийтэлсний орлогыг яаж авдаг вэ?

Дээр үеийн тоглоомуудын зураглалыг хүссэнээрээ сайжруулж тогломоор байна уу?

АНУ-ын ерөнхийлөгч Байдены хоолойг дуурайсан AI иргэд рүү утсаар залгаж, сонгуулийн сунгаанд санал өгөхгүй байхыг уриалжээ.

7 хоногийн ээлжит дугаараа энд хүрээд өндөрлүүлж байна. Чөлөөт сэдвээр гарах дараагийн дугаараа ирэх 7 хоногийн эхээр хүлээж аваарай. Баярлалаа.