Технологийн товхимол шинэ дугаар

Техник технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр

Шинэ дугаартай өглөөний мэнд хүргэе! 😊😊

  • Сар жил дамнан яригдсан ч болж өгөхгүй байсан Activision Blizzard King-ийг худалдан авах төлөвлөгөөгөө Microsoft биелүүлж чадлаа. Ингэснээр тэд Xbox-ын үй олон тоглоомуудаас гадна Call of Duty, Fallout, Overwatch, WarCraft, Diablo, Candy Crush тоглоомуудад эзэн суулаа гэсэн үг.

  • Та бидний сарын төсөвт байр сууриа нэгэнт баттай эзэлсэн Netflix үйлчилгээнд тоон дундуур үсэг гэдэг шиг кинон дундуур тоглоомууд чихэлдэж орж ирээд байгааг анзаарсан уу? Анх Канад, Их Британи улсуудад нэвтрүүлсэн Netflix streaming games үйлчилгээ АНУ-д нээгдэж байна. Олон ч сонирхолтой тоглоомууд нэмэгдэж, яваандаа Playstation, Xbox-той өрсөлдөх хэмжээнд ч хүрэх юм билүү, харцгааж л байя. Мартсанаас ирэх сарын 14-нд Netflix анхны спортын шууд дамжуулалтаа хийнэ гэсэн байдаг шүү.

  • Энэ сарын халуун сэдвээр яах аргагүй тодроод байгаа Израйль-Хамасын сөргөлдөөний улмаас нийгмийн сүлжээний платформууд хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн шинжтэй худал мэдээллүүдээр дүүрээд байгаа тухай бид өмнөх дугаартаа дурдаж байсан. Тэгвэл энэ удаа TikTok үйлчилгээ дээрх сөргөлдөөний улмаас контентын зохицуулалт хийхээс өөр аргагүй байдалд хүрч, нийтдээ 500 000 орчим видеог платформоосоо устгажээ. Устгагдсан контентуудын дийлэнх нь хуурамч фото зураг, эсвэл хуучны бичлэг, талууд нэг нэгнээ үндэслэлгүй гүтгэсэн, дайны хохирогчдоор тоглоом тохуу хийсэн агуулгатай байсан гэнэ. Meta компани ч өөрийн платформууд дээрх Гаазын зурвастай холбоотой мэдээнүүдийн доорх коммэнтийг хязгаарласан мэдээлэл байна.

  • Apple компанийн бүтээгдэхүүнүүдийг нэг хэрэглээд эхэлсэн бол нэмж дараагийн хувилбарыг нь авахаас өөр аргагүй болдгийг бүгд мэдэх байх. Утас ч тэр, цаг ч тэр ялгаагүй. Байнга солиод байдаггүй ч шинэ MacBook Pro авчихсан гэж бодож явдаг хүн зөндөө л байдаг байлгүй. Bloomberg мэдээлснээр ирэх жилийн эхээр M3 чиптэй шинэ загварын MacBook Pro гарна, харин MacBook болон Air загварууд зун, намраас хэрэглэгчдийн гар дээр ирэх төлөвтэй байна гэжээ.

  • X буюу Twitter-ийг худалдан авснаас хойш орлого нь тогтмол уруудсан үзүүлэлттэй байсан тул Илон Маск цэнхэр тэмдэгийг төлбөртэй болгох, байгууллагын шар тэмдгийг 1000 доллараар борлуулах гэх зэргээр орлогын эх үүсвэр бүрдүүлэхээр үзэж байгаа. Гэвч өчигдөрийн мэдээллээс үзэхэд мөнгө төлөхгүй хэрэглээд байж болохгүй нь бололтой. Шинэ Зеландад туршилтаар эхлүүлж байгаа Not A Bot нэртэй нэг шинэ “шаардлага” нь жилийн 1 доллар төлж, өөрийгөө бот хаяг биш гэдгийг нотлох зорилготой гэнэ. Гэхдээ үүний талаар дараа жич мэдээ оруулна.

Нэг өгүүлбэрээр:

Технологийн салбарын ажиллах хүчний цомхотгол үргэлжилсээр энэ онд л гэхэд 240000 гаруй хүнийг халаад байна.

Оrbital Hall effect нэртэй физикийн сонирхолтой үзэгдлийг ашиглан, цахилгаан төхөөрөмжүүдийн хурд, хүч, багтаамжийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг нотлов.

LA Lakers багийн тоглогч асан Rick Fox нүүрсхүчлийн хий буюу CO2 -г шингээдэг бетоноор барилга барьдаг Partanna нэртэй компанийг үүсгэн байгуулалцжээ.

Анхны бүрэн автомат жолоодлоготой нисдэг такси үйлчилгээний зөвшөөрлийг Хятад улс Ehang компанид олгосон байна.

FoxConn болон Nvidia хамтран “AI factories” нэртэй дата боловсруулах төв байгуулна гэдгээ мэдэгдлээ.

АНУ-д шалгагдаж буй FTX крипто биржийн удирдлагууд хэрэглэгчдийнхээ 8 тэрбум ам.долларыг үл хөдлөх, хөрөнгө оруулалт, сонгуулийн хандив гээд олон зүйлд хууль бусаар зарцуулсан нь ил болж байна.

Сарны гадарга дээрх тоосыг хайлуулж, хатуу төлөвт оруулан зам тавих боломжтой гэнэ үү?

Гэх мэтчилэн энд хүрээд манай энэ 7 хоногийн дугаар өндөрлөж байна. Нэгэнт энэ хүртэл цаг заваа гарган уншсан танд баярлалаа. Шинэ дугаар нийтэлсний маргааш нь статистикаа шалгахад манай уншигчдын тоо нэмэгдээд л байгаа. Их баяртай байна.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 💕💕