- TechnoSphere товхимол
- Posts
- Технологийн салбарын мэдээ, мэдээлэл
Технологийн салбарын мэдээ, мэдээлэл
Техник технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр
Өглөөний мэнд 👋
Пүрэв гарагийн мэнд хүргэж, шинэ дугаараараа мэндчилж байна. Өнгөрсөн 7 хоногийн дугаар маань та бүхэнд таалагдсан гэж найдаж байна.
🤖 AI Салбарт
OpenAI компани анхны Developers Conference буюу хөгжүүлэгчдийн уулзалтаа хийж, хэд хэдэн шинэ мэдээлэл танилцууллаа. Юуны өмнө AppStore гэдэг GPT Store нэртэй дэлгүүрээ танилцуулав. Хэрэглэгчид төрөл бүрийн ажиллагаатай чатбот бүтээж, энэ дэлгүүрт байршуулан, татан авалт, бүтээлч байдлаасаа хамааран орлого олох боломжтой болох нь. Мөн GPT-4 Turbo нэртэй хамгийн сүүлийн моделио ашиглалтанд оруулж байгаагаа зарлав. Энэхүү модель нь вэбсайт руу нэвтрэх, код бичих, өгөгдөл шинжлэх гээд олон чадвартай гэж байгаа. Эцэст нь Copyright Shield нэртэй зохиогчийн эрхийн асуудалд орсон хэрэглэгчиддээ туслах хөтөлбөрөө тус тус танилцуулжээ.
Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани Grok нэртэй AI чатбот бүтээжээ. Ерөнхийдөө бол OpenAI-ийн ChatGPT-тэй өрсөлдүүлэхээр бэлдсэн Илоны “битүү морь” болох Grok нь Твиттер платформ дээрх real time өгөгдлөөр сургагдсан, ардаа Grok-1 гэдэг нэртэй AI engine-тэй, хошин шогийн өндөр мэдрэмжтэй, бараг хоржоонтой ч гэмээр өнгө аястай бичдэг л гэнэ. Илон бол Grok-ийг ямар нэг цензургүй авдаг, political correctness-д захирагддагүй гээд байгаа. Юутай ч одоогоор туршилтын шатандаа яваа энэ ботыг X Premium+ үйлчилгээний хэрэглэгчид хамгийн эхэлж ашиглах боломжтой болно.
insou.ai нэртэй хиймэл оюунд суурилсан presentation бүтээгчийг энэ удаад онцолж байна. Яг л Word-ын текст бичиж байгаа юм шиг өгөгдлүүдээ оруулж өгөөд, бүтээлч, гоёмсог танилцуулга, presentation бүтээлгэж болдог юм байна. Төлбөртэй үйлчилгээ учраас эхний ээлжинд Trial байдлаар ашиглаж, туршсан нь зүгээр болов уу.
AI салбарт төрийн зохицуулалт хийх эсэх асуудал нилээн маргаантай сэдвүүдийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал гэсэн өнцгөөс зохицуулалт хийх нь зөв гэдэг дээр нэг талдаа гарцгааж байх шиг байна. Учир нь өнгөрсөн 7 хоногт Их Британид зохион байгуулсан AI Safety Summit дээд хэмжээний уулзалтад оролцсон 27 орны төрийн томчууд энэ салбарт зохицуулалт хийж, AI моделиудад аюулгүй байдлын шалгалт оруулах нь зөв гэсэн дүгнэлтэд санал нэгджээ.
🏢 Технологийн компаниуд
X буюу хуучнаар Твиттер(үнэндээ ингэж бичихээс одоо залхаж байна шүү. Нэг мөр икс, эсвэл зүгээр твиттер гэдэг дээрээ нэг талдаа гармаар л байна) платформ нь Premium хэрэглээний багц танилцуулаад удаж байгаа. 8 доллар төлөөд цэнхэр тэмдэг авдаг гэдгээр нь хүмүүс сайн мэдэх байх. Тэгвэл тус компани энэ удаа Premium үйлчилгээгээ 3 шатлалтай болгож, Premium Basic, Premium, Premium Plus гэсэн 3 өөр үнэтэйгээр ашиглах хувилбар санал болгож эхэлж. Хямд нь цэнхэр тэмдэг, постоо засах, урт видео оруулах зэрэг энгийн боломжуудтай байх бол дундах хувилбар нь хандалт өндөртэй хэрэглэгчид Твиттерээс мөнгө олох боломжтойгоороо илүү. Харин хамгийн үнэтэй хувилбар дээр зар сурталчилгаа огт гарч ирэхгүй гэдгээрээ давуу талтай гэнэ.
YouTube рүү явж орсон ч улиг болсон хэдэн видео нь гарч ирээд, юу үзэхээ мэдэхгүй байгаа бол ‘play something’ гэдэг товч дараад, юу ч хамаагүй эхлүүлж болдог болно. Бүрэн хэмжээний видео болон shorts алийг нь ч үзүүлж магадгүй бөгөөд алгоритмын дагуу санал болгож байгаа нөгөө л нэг хэдэн сувгийн видеоноосоо өөр зүйл үзэж харж, шинэ суваг дагамаар байгаа бол удахгүй мобайл апп дээр гарах энэ үйлдлийг нь хэрэглэж үзмээр юм байна шүү.
SpaceX компанийн Starlink үйлчилгээ олон мянган хиймэл дагуул хөөргөж, өндөр хурдны интернэтээр дэлхийн өнцөг булан бүр дэх хэрэглэгчдийг хангаж байгаа билээ. Тэгвэл тэд дөнгөж өнгөрсөн 7 хоногт л хугарлын цэг дээрээ ирсэн гэсэн мэдээлэл гарав. Хугарлын цэг гэдэг нь өнөөг хүртэл ашиггүй, дан алдагдал гаргаж явж ирсэн бизнес алдагдалгүй, бас ашиг олж эхлээгүй цэг дээрээ ирэхийг хэлдэг. Илон Маск энэ талаараа жиргээнд бичсэн ч, яг ямар хугацаанд, хэдэн тэрбумыг зарцуулж энэ хүрэв гэдгээ дурдаагүй байна. Юутай ч компанийнх нь үнэлгээ 150 тэрбум ам.доллар болж өслөө.
Нэг өгүүлбэрээр
Apple 2024 онд хэд хэдэн шинэ загварын iPad гаргана.
Tesla $25000 үнэтэй буюу хамгийн боломжийн үнэтэй цахилгаан машиныг Германд үйлдвэрлэнэ гэжээ.
Технологийн аварга компани өөрийн ухаалаг төхөөрөмжид зориулсан батарейгаа өөрөө үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
MediaTek компанийн Dimensity 9300 процессор нь Qualcomm-ын процессоруудтай ана мана үзэлцэнэ л гэнэ.
Эвклид нэртэй сансрын телескопын авсан гайхалтай зургуудыг эндээс сонирхоорой.