Технологийн мэдээ мэдээлэл

7 хоног бүрийн шинэ мэдээлэл

12-р сарын 14-ний мэндийг хүргэе, шинэ он гарахад ердөө 17 хоног үлджээ. Шинэ оноо тог цахилгаантай, бензин шатахуунтай угтчих юмсан даа, хэдүүлээ.

Уламжлал ёсоор AI буюу хиймэл оюун ухаан

Chat GPT баяр ёслолын үеэр назгайрдаг уу? Компьютерийн программ хангамж залхуурч назгайрна гэхээр сонин сонсогдож магадгүй ч үнэхээр тийм зүйл болоод байгаа гэнэ шүү. 11-р сараас эхлээд хэрэглэгчид ChatGPT асуусан асуултад товчхон байдлаар, тэгс ингэсхийгээд хариулаад байна гэсэн гомдол гаргах болж, зарим хэрэглэгч нар туршилт явуулж үзэхэд үнэхээр тиймэрхүү өнгө аяс ажиглагджээ. Өөрөөр хэлбэл, команд өгөх үеийн он сарыг тухайлан зааж өгөхөд 5-р сард зориулсан хариулт нь нэг өөр, 11/12-р сард зориулсан хариултууд нь илүү товч, хайнгадуу байсан гэнэ. Үүн дээр үндэслээд, нэгэнт хүмүүс шинэ жилийн амралт дөхөөд ирэхээр баярын уур амьсгалтай болж, ажлаа тэгс ингэсгээд хийдэг гэсэн өгөгдөл дээр сургагдсан учир үүнийг дуурайж байж болох юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Гэхдээ OpenAI компани энэ талаар албан ёсны ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа гэнэ.

Microsoft корпораци Phi-2 нэртэй 2,7 тэрбум параметр бүхий авсаархан боловч хүчирхэг AI модель гаргаснаа олон нийтэд зарлалаа. Бидний мэдэх ChatGPT зэрэг нь LLM буюу Large Language Model гэж явдаг бол энэхүү Phi-2 нь Small language model ангилалд хамаарахаас гадна гар утас, зөөврийн компьютер дээр ажиллуулах боломжтой, зарим нэг хүчирхэг AI модельтой хүчин чадлаараа эн зэрэгцэхүйц эд гэнэ. Тухайлбал, 13 тэрбум параметр дээр сургагдсан AI моделийн гүйцэтгэж буй учир шалтгааны холбоос, математик бодлого, бичгийн хэл, програмчлалын үйлдлүүдийг асуудалгүй гүйцэтгэжээ. Мөн Phi-2 нь 7 тэрбум параметp бүхий Mistral болон Llama 2 моделиудыг давж, Google компанийн 3 тэрбум параметр дээр суурилсан Gemini Nano 2 моделиос зарим төрлийн шалгалтаар давуу талтайгаа харуулсан байна. Microsoft одоогоор тус моделийг зөвхөн туршилтын журмаар ашиглуулж байгаа тул хэзээ нийтийн хэрэглээнд буюу бизнесийн хэрэглээнд нэвтрэх нь тодорхойгүй байна.

Хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад бидний өдөр тутамдаа авах боломжтой мэдээ мэдээллийн төрөл болоод тоо хэмжээ үлэмж ихэссэнээр хэрэгтэй, хэрэггүй маш олон үйл явдлын урсгалд бид автаж гүйцсэн гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх. Тиймээс тоо томшгүй олон янзын мэдээллийг бус яг өөрийн сонирхдог чиглэл, салбарын мэдээллээ чанартай, цөөн тооны эх сурвалжаас алдалгүй авч байх нь чухал болж байгаа билээ. Миний хувьд л гэхэд технологийн мэдээ, мэдээллээр дагнасан сувгуудыг дагаж, шинэ содон мэдээллээр тасрахгүй байхыг чухалчилдаг. Танд ч иймэрхүү хэрэгцээ байдаг бол 📰 Brief нэртэй нэгэн AI дээр суурилсан вэб сайтыг санал болгомоор байна. Энд зочилсноор та бүхэн өөрийн авахыг хүссэн мэдээллийн төрлөө сонгож, өглөө бүр өөрийн цахим шуудангийн хаягаар чанартай, шинэ мэдээ, мэдээлэл хүлээн авах боломжтой болно гэсэн үг.

Технологийн компаниуд

Meta буюу бидний сайн мэдэх Фэйсбүүкийн толгой компани Ray Ban нүдний шилний үйлдвэрлэгчтэй хамтран, хиймэл оюун ухаант туслагчтай ухаалаг шил гаргаад байгаа. AI нь нүдний шилэн дэх камерын тусламжтайгаар харж буй биетүүдээ тайлбарлаж ярих, өөр хэл дээрх текстийг орчуулах зэрэг чадвартай юм. Дан ганц нүдний шил камераас гадна шилний гарны үзүүр хэсэгтээ яригчтай тул чихэвч зүүснээс ялгаагүй дуу авиа дамжуулна. Бүх л AI моделиудын нэгэн адил уг нүдний шилний AI туслагч нь уншиж буй текстээ тайлбарлах, тоймлох чадвартай юм. Одоогоор дөнгөж туршилтын шатандаа яваа гэдгийг дурдах нь зүйтэй байх.

Amazon-ы босс Жефф Безосын Blue Origin сансрын нислэгийн компани энэ сарын 18-нд хүнгүй нислэг үйлдэж, дэлхийн тойрог замд эрдэм шинжилгээ, судалгааны зориулалттай 33 ачааг хүргэхээр зэхэж байна. 2022 оны 9 сард хамгийн сүүлд нислэг үйлдэх үеэр алдаа гарч, осолдсоноос хойш тус компанийн New Shepard хөлөг АНУ-ын нислэгийн асуудал эрхэлсэн байгууллагаас өгсөн залруулах арга хэмжээнүүдийг бүрэн хангасан тул ийнхүү дахин нислэг үйлдэх эрхээ олж авч байгаа нь энэ юм. Ташрамд дурдахад Blue Origin компанийн сансрын нислэгийн лиценз 2025 онд дуусах бөгөөд баруун Техас дахь нислэгийн талбайгаас л сансрын нислэг үйлдэх зөвшөөрөлтэй ажээ.

Intel, Samsung болон TSMC компаниуд технологийн хөгжлийн дараагийн шатны хөдөлгөгч хүч болох 2 нанометрийн хэмжээтэй чип үйлдвэрлэхээр өөр хоорондоо өрсөлдөж байна. Бичил транзистор нь эрчим хүч бага зарцуулж, өндөр хурдтай гүйцэтгэл үзүүлдэг онцлогтой. Энэ жил л гэхэд чип үйлдвэрлэлийн салбар 500 тэрбум долларын орлоготой ажилласан бол энэ тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа. Тэдний зарим нь 2025 он гэхэд 2 нанометрийн хэмжээтэй чип гаргаж чадна гэж ам гарсан гэсэн шүү.

Нэг өгүүлбэрээр:

Apple AppStore-ын 2023 оны шилдэг апп, тоглоомууд зарлагджээ.

Wifi6-г зарим нь хэрэглэж амжаагүй байхад Wifi7 протокол гарах нь уу дээ?

Adobe компани дизайны программууддаа зориулсан Spectrum 2 нэртэй шинэ интерфэйсээ танилцуулж байна.

Тесла компанийн шинэ роботтой танилц!

Google Imagen 2 нэртэй generative AI зураг дүрслэл үүсгэнэ.

АНУ-ын FDA байгууллага генийн дарааллыг засварлах CRISPR эмчилгээг зөвшөөрлөө.

Өнгөрч буй 7 хоногт Unread Media-гаас уламжлал болгон зохион явуулдаг Unplug 2023 арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Оны шилдэг апп, үүсгэн байгуулагч, стартап, арга хэмжээ төрлүүдэд шилдгүүдийг тодруулахдаа саналыг нь авсан технологийн салбарын 30 экспертийн тоонд манай товхимлыг оруулсан нь нэр төрийн хэрэг байлаа. Unread Media-даа, 2023 оны шилдгүүддээ улам их амжилтыг хүсэн ерөөе.

Ирэх 7 хоногт шинэ дугаараар уулатлаа түр баяртай.