- TechnoSphere товхимол
- Posts
- Хиймэл оюун ухааны шинэ мэдээллүүд
Хиймэл оюун ухааны шинэ мэдээллүүд
AI ба технолоийн компаниудын талаар..
Өглөөний мэнд, TechnoSphere-чүүдээ
Пүрэв гарагийн мэнд хүргэж, шинэ дугаараараа мэндчилж байна. Өнгөрсөн 7 хоногийн дугаар маань та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Хандалт ч боломжийн байсан учир хоёр дахь дугаараа урам зоригтойгоор бичиж сууна.
Эхний дугаараас хойш 6-хан хоног өнгөрсөн хэдий ч технологийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, шинэ үйл явдлууд гэрлийн хурдаар өрнөж байдаг тул сонирхуулах зүйлс ихтэй байлаа.
AI Салбарт
Өнгөрсөн 7 хоногт AI буюу хиймэл оюуны салбарт өрнөсөн хамгийн сонирхолтой үйл явдал нь (мөн л) OpenAI компанийн нэрийн хуудас болсон ChatGPT хиймэл оюуны программтай холбоотой үйл явдлууд байв.
Нэгдүгээрт, ChatGPT September 25 updated version орсноор мань хүн “Би 2021 оны 9-р сараас хойшхи үйл явдлуудыг үзээгүй хараагүй“ гэж мэлздэг байсан бол одоо тийм хязгаарлалтгүй болж, дураараа интернэт browse хийдэг болов. Өөрөөр хэлбэл, асуултуудын хариуг интернэтээс хайж олж өгнө гэсэн үг.
Мөн үүнээс гадна СhatGPT-ийн Андройд, iOS хувилбарууд удалгүй дуут өгөгдөл, дүрс зураг өгөгдөл оруулахад хүлээн авдаг болно гэнэ. Миний анзаарснаар Андройд хувилбар нь анх гарахдаа л аудио команд хүлээн авдаг байсан. Харин одоо өөрт байгаа хадгалсан зураг, эсвэл камераасаа зураг оруулж, команд өгөх, элдэв бүтээл хийлгэж болох нь.
Технологийн компаниуд
Өчигдөр Google-ийн толгой компани болох Alphabet-ийн 25 жилийн ой болов. Бидний мэдэх Gmail, YouTube, Google Maps гээд амьдралын салшгүй нэг хэсэг болж чадсан энэ компанийн амжилт ололтыг надаар тоочуулах нь ч бас хаашаа юм. Харин сонирхолтой байлгах үүднээс 25 жилийн туршид фэйлдсэн 21 бүтээгдэхүүнийг нь жагсаая. Та бүхэн Google-дээд дэлгэрэнгүй танилцаарай.
Google+ (2011 - 2019)
Google Glass Explorer Edition (2013 - 2017)
YouTube Stories (formerly YouTube Reels) (2017 - 2023)
Google Reader (2005 - 2013)
Google Jacquard (2019 - 2023)
Google Hangouts (2013 - 2022)
Google Clips (2017 - 2019)
Google Surveys (2012-2022)
Google Project Ara (Огт олон нийтэд танилцуулаагүй)
Google Health (2008-2012)
Google Home Max Smart Speaker (2017 - 2020)
Google Notebook (2008-2011)
Google Chromebook Pixel (2013 - 2018)
Google Labs (2002-2011), (2023 - ?)
Google Chromecast Audio (2015 - 2019)
Google Desktop (2008-2011)
Google Nest Secure (2017 - 2024)
Google Cardboard (2014 - 2021)
Aardvark (2009-2011)
Google Nexus Q (Огт олон нийтэд танилцуулаагүй)
Google Stadia (2019 - 2023) гэсэн урт жагсаалт байдаг ажээ. Үүгээр дамжуулан юу хэлэх гэсэн бэ гэвэл амжилтын зам бүхэн дардан байдаггүй. Алдаа, доройтол, уналт заавал хаа нэгтээ отож байдаг гэсэн санаа юм.
Өнгөрсөн 7 хоногийн бас нэг том мэдээлэл бол Их Британи улс Microsoft+Activision Blizzard гэсэн худалдан авалт/нэгдлийг гацаагаад байсан шийдвэрээ эргэн харж, энэ гэрлэлтийг “адислахаар” болсон бол АНУ-ын FTC буюу худалдааны асуудал эрхэлсэн хороо энэ асуудлыг авч хэлэлцэх товоо зарласан байна. Эрх баригчид энэ худалдан авалтыг ийнхүү удаан хугацаанд авч хэлэлцэж байгаа нь худалдан авалт хийгдсэнээр Microsoft компани компьютер тоглоомын зах зээлд хэт давамгай байр суурьтай болно гэсэн айдас юм. Учир нь Activision компани нь Call of Duty, Overwatch, Candy Crush тэргүүтэй олон сая тоглогчтой супер тоглоомуудыг эзэмшдэг билээ.
Хиймэл оюуны салбарт OpenAI компанийн хүчтэй өрсөлдөгч гэж тооцогддог Anthropic компанид Amazon компани тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ. Нарийн яривал, 1.25 тэрбум ам.доллараар жижиг хөрөнгө оруулагч болж орж байгаа Amazon энэ хөрөнгө оруулалтын хэмжээгээ ойрын хугацаанд 4 тэрбум болгож нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Anthropic нь хиймэл оюуны загваруудаа Amazon Web Service(AWS)-ийн Trainium, Inferentia чипнүүдийг ашиглан сургах гэнэ. Ташрамд дурдахад тус компаний бүтээгдэхүүн болох Claude AI-д хэрэглэгчид ам сайтай байгаа харагддаг шүү.
Олон дагагчтай, цэцэн цэлмэг юм бичдэг, сонирхолтой бичлэг бүтээл оруулдаг бүтээгчдэд олон нийтийн сүлжээний платформууд “хайр зарлаад” удаж байгаа. Түүний саяхны нэг жишээ л гэхэд X буюу хуучнаар Twitter олонд өгөөжтэй пост оруулдаг, creator төрлийн хэрэглэгчиддээ зар сурталчилгааны орлогоосоо хуваалцдаг болсон. Монгол хэрэглэгч нар ч мөнгө аваад эхэлснээ өчигдөр жиргэж байсан. Тэгвэл тэдний араас Reddit мөн хэрэглэгчиддээ пост оруулсны төлөө мөнгө төлнө гэж зарлав. Гэхдээ тодорхой шалгуурууд үүнд тавигдах бөгөөд компани мөнгө өгөх эсэхээс үл хамааран, хэрэглэгчид нь бас “гүэ бас овоо шдэ” гэмээр пост оруулсан хүмүүст хувиасаа мөнгө хандивлах боломжийг нээж өгч байна. Тэгэхээр одоо соошл дээр соохолзонгоо мөнгө олох боломжтой болж байна аа л гэж ойлгох нь.
Монголд:
Монголчууд өөрсдийн 100 хувь хөрөнгө оруулалтаар жонш баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулж энэ сарын 30-ны өдөр нээлтээ хийхээр бэлдэж байгаа чихэнд чимэгтэй мэдээ байна. Монголчехметалл ХХК-н барьж байгуулсан энэ үйлдвэр жилдээ 200 мянган тонн орчим хүдэр боловсруулна. Өдөрт 800 тонн орчим хүдэр боловсруулна гэнэ. Жоншоо түүхий чулуулаг чигээр нь урагшаа, хойшоо зарах нь багасч, дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь манайх шиг долларын хомсдолтой байдаг оронд чухал ач холбогдолтой үйл явдал билээ. Энэ ташрамд дурдахад, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд мөн Монгол улсын анхны жонш баяжуулах үйлдвэр 30 гаруй жил ажиллаж байгаа ба Зөвлөлт-Монголын хамтын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байжээ.
Энэ удаагийн дугаараа энд хүрээд өндөрлөж байна. Ирэх 7 хоногт илүү их сонин мэдээлэл, мэдээний товч линкүүдтэй эргэн уулзацгаая. Амралтын өдрүүдээ тавтай сайхан өнгөрүүлэхийг хүсэхийн ялдамд маргааш буюу 9-р сарын 23-ны өдрийг Улаанбаатар хотоос “Автомашингүй өдөр” болгон зарласныг сануулмаар байна.
PS: Товхимлын талаарх санал хүсэлтээ энэ мэйлд шууд хариу байдлаар илгээгээрэй.