Технологийн ертөнцийн мэдээллүүд

AI ба технолоийн компаниудын талаар..

12 сарын эхний өдрийн мэндийг хүргэн энэ дугаараа эхлүүлж байна. 2023 он маань нэгэнт 91%-даа хүрчихсэн яваа юм байна шүү.

Уламжлал ёсоор эхлээд AI мэдээллүүд

AWS re:Invent чуулганы үеэр Amazon компани мөн Text-to-image AI модель бүтээж, Титан гэж нэрлэсэн гэдгээ зарлалаа. Гэхдээ DALL-E гэх зэрэг энгийн хэрэглэгчдэд зориулсан моделиос ялгаатай нь энэ AI программ нь илүү enterprise зориулалттай, фото студийн мэт чанартай зураг дүрслэл үүсгэдэг онцлогтой гэнэ. Мөн нэг чухал онцлог дурдсан нь Titan AI модель нь үүсгэсэн зураг дүрслэлийнхээ хаа нэгтээ нүдэнд үл үзэгдэх watermark буюу бидний нэрлэж заншсанаар “тамга” тавьдаг тул дараа нь ямар нэг асуудал үүслээ гэхэд тухайн зураг дүрслэлийг хэн, хэзээ үүсгэснийг мөшгиж тогтоох боломж олгож байгаа юм байна.

OpenAI, Microsoft хоёр хамтдаа шүүхэд дуудагдав. OpenAI компанийг AI модель хөгжүүлэхдээ нэрд гарсан олон зохиолчийн хэдэн мянган бүтээлийг ашиглаж, хиймэл оюун ухааныг сургасан гэж олон хүмүүс шүүхэд ханддаг. Тухайлбал, энэ асуудлаар John Grisham, George R.R. Martin болон Jonathan Franzen нар шүүхэд гомдол гаргаад амжилт олоогүй байсан бол энэ удаа зохиолч, Холливудын киноны редактороор ажилладаг Жулиан Санктон гэгч эрхэм Манхэттэний шүүхэд Open AI-аас гадна Microsoft-ийн эсрэг зарга мэдүүлжээ. Урьд өмнө гомдол гаргагсад зөвхөн OpenAI-д хамааруулдаг байсан бол энэ удаа 10 тэрбум долларын хөрөнгө оруулагч, дэд бүтцээр хангагч Microsoft хамт шүүхэд дуудагдах нь байна.

Text-to-image алдартай модель бүтээсэн Stability AI [компани нэрнийхээ эсрэгээр сүүлийн үед бага зэрэг InStable байх шиг. Тус компанийн хөрөнгө оруулагчид одоогийн CEO-д огцрох шаардлага тавьснаас үүдэн, сүүлдээ бүр компаниа зарах асуудал олон нийтийн дунд яригдаад эхэлжээ. Тэд Cohere, Jasper компаниудтай холбогдож, компаниа зарах санал тавьсан ч шийдвэр нь тодорхойгүй байна. Хэдийгээр удирдлагын түвшинд ийм асуудалтай байгаа ч тус компани шинэ моделио амжилттай гаргаж чадсан. Тэд SDXL Turbo нэртэй, Real-time text-to-speech буюу промпт бичиж байхад шууд дүрслэл үүсгээд явдаг хүчирхэг модель бүтээснээ зарласан юм.

Технологийн компаниуд

Ингэхэд Google Map-н интерфейс өөрчлөгдсөнийг та бүхэн анзаарсан уу? Өөрчлөлтөд дасахад эхэндээ хэцүү байдаг нь үнэн ч Google-ийн энэ удаагийн өөрчлөлт “шинэчлэл” нь хэрэглэгчдэд төдийлөн таалагдахгүй байгаа бололтой. Тэр ч бүү хэл анхны Google Map-ийн дизайнер Элизабет Лараки хүртэл Твиттер/Х платформ дээр энэ талаар сэтгэгдлээ бичжээ. Тэрээр “Энэ удаагийн дизайн өөрчлөлт илүү хүйтэн хөндий, хүмүүнлэг бус болжээ. Өмнө нь цэцэрлэг, усан сан зэргийг нүдэнд таатай өнгөөр ялгаж өгдөг байсныг энэ удаа болиулж, мөн газрын зураг харуулах ёстой дэлгэцийнхээ ихэнх хэсэгт баахан болсон болоогүй tab байрлуулсан байна“ гэж. Мөн хэрэглэгчид ч түүнтэй санал нэгдэж, Google Map гэхээсээ илүү Apple Map-н ядруухан хуулбар болж, замын хөдөлгөөний эсрэг урсгалуудыг ялгасан өнгө нь хоорондоо сайн ялгагдахгүй байна гэх мэтээр гомдоллосон байсан шүү.

Amazon компани AI модель сургахад голчлон ашиглах Trainium2 нэртэй шинэ чип бүтээснээ зарлалаа. Энэ нь тэдний өмнө нь гаргаж байсан Trainium чипийн илүү сайжруулсан 2-р үеийн хувилбар бөгөөд өмнөхөөсөө 4 дахин илүү хурдаар ажиллана гэнэ. Өөрсдийнх нь мэдэгдэж байгаагаар өнөө цагийн хамгийн боловсронгуй, хүчирхэг AI чип ашиглан, хиймэл оуюны суурь моделиуд болоод хэлний моделиудыг аль алийг нь сургах боломжтой гэжээ. Мөн тэд Graviton4 нэртэй үүлэн компьютерийн чип танилцуулсан бөгөөд Amazon-Q нэртэй бизнесийн зориулалттай AI туслахыг бас бүтээснээ олонд мэдэгдсэн билээ.

2023 он технологийн салбарт өргөн хүрээтэй цомхотгол явагдсан жил гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх. Тэгвэл энэ удаагийн халаа сэлгээ ByteDance-д өрнөх нь. TikTok-ийн толгой компани болох ByteDance нь NetEase, Tencent зэрэг аваргуудтай тоглоомын салбарт өрсөлдөхөөр зориглож, Nuverse нэртэй тоглоом бүтээх хэлтэс байгуулж, түүнийхээ мэдэлд Moonton Technology тоглоом бүтээгчдийн студийг 4 тэрбум доллараар худалдан авч, нэгтгэж байсан нь саяхан. 2021 он гэхэд тэд зөвхөн тоглоом бүтээх чиглэлээр 3000 хүн ажиллуулж байсан ч саяхнаас энэ салбарт үнэхээр амжихгүй нь гэдгээ ойлгосон бололтой, Nuverse тоглоомын хэлтсээ татан буулгаж, Moonton Technology студиэ буцаагаад зарна гэнэ.

Нэг өгүүлбэрээр

Сүүлийн хоёр жил огт ашиглаагүй Gmail хаяг, Google account-уудыг устгана.

Парис хотын мээр Твиттер / Х платформоос гарч байгаагаа мэдэгдэхийн сацуу Х бол дэлхийн хамгийн том бохирын цооног гэж мэдэгдэв.

Тоёота компани Land Cruiser 70 хэмээх домогт загвараа шинэчлэн гаргаж байгаа ч энэ загвар АНУ-д худалдаалагдахгүй.

Программ хангамж ашиглан, тэрбумтан Илон Маскийн хувийн онгоцны байршлыг тогтоож байсан залууг Forbes сэтгүүл “30 under 30“ жагсаалтдаа оруулсан байна шүү.

Цахилгаан автомашинуудыг яагаад энгийн дотоод шаталтат хөдөлгүүртэй машинуудаас илүү найдвар муутай гэж үзэв?

Reddit платформ IPO хийх сургаар, өнгө төрхөө өөрчилж, рибрэндинг хийжээ.

Google компани газрын гүний дулаанаар эрчим хүч үйлдвэрлэх шинэ технологийн төвөө нээлээ.

Эцэст нь Монголд:

Өнгөрч буй 7 хоногийн хамгийн анхаарал татсан сэдэв бол яах аргагүй Ондо компанийн мэдэгдэл, түүнд үзүүлсэн бусад операторуудын хариу үйлдэл байлаа. Эрх бүхий байгууллагуудаас шийдвэр нэгэнт гарсан ч Мобиком, Юнител тэргүүтэй бусад операторууд харилцан холболтоо хийхгүй, өөрөөр хэлбэл, Ондо-гийн хэрэглэгчид бусад сүлжээнд дуудлага хийх, смс бичих боломж олгохгүй байсан бол Ондо-гийн мэдэгдлийн маргаашнаас соошл хуудсаараа дамжуулан аль аль нь холболт хийнэ, хийхээр бэлдэж байгаа гэх зэргээр хариултаа өгсөн юм.

Товхимлын маань шинэ дугаар энд хүрээд өндөрлөж байна. 12-р сард олон шинэ мэдээ, мэдээлэлтэйгээр уулзана гэдэгтээ итгэлтэй байна. Шинэ сарын ажил үйлсэд нь амжилт хүсье.