- TechnoSphere товхимол
- Posts
- Google Gemini нээлтээ хийлээ+Үнэгүй AI курс
Google Gemini нээлтээ хийлээ+Үнэгүй AI курс
AI ба технолоийн компаниудын талаар..
Өглөөний мэнд 👋
Пүрэв гарагийн мэнд хүргэж, шинэ дугаараараа мэндчилж байна. Энэ удаагийн дугаараа бид Стив Жобсын хэлсэн дараах үгээр эхлүүлж байна.
Let’s go invent tomorrow instead of worrying about what happened yesterday.” - Steve Jobs
Edit: Өчигдөр өглөө ингэж бичээд, өнөөдрийн 6:45-д schedule хийгээд унтсан ч, өглөө 5:00 цагт босоод ирэхэд Google Gemini нээлтээ хийсэн байсан тул засвар орууллаа. Текстээ оруулж дуусаад харахад Стив Жобсын энэ үг бүр ч илүү утга учиртай санагдав.
🤖 AI технологийн салбарт
Хиймэл оюун(AI)-ы судалгааны стартап компани болох Runway болон видео бичлэг, фото зургийн хэмжээлшгүй их нөөцийг эзэмшигч алдарт Getty Images компаниуд хамтран RGM буюу Runway <> Getty Images Model нэртэй шинэ AI видео модель гаргахаар болжээ. RGM нь өндөр чанартай, хүссэн дүрслэлээ үүсгэх боломжтой бөгөөд бизнесийн зориулалтаар хэрэглэхэд зориулан бүтээгдэж байгаа гэсэн мэдээлэл өгсөн байна. Хэрэглэгч компаниуд нь уг суурь модель дээрээс үндэслэн, өөр өөрсдийн хэрэгцээнд зориулсан custom моделийг бизнесийн хэрэгцээндээ тохируулан хөгжүүлэх боломжтой аж. Эцсийн бүтээгдэхүүн нь хэдэн сарын дараа бүрэн гарах бөгөөд хэрэглэгч компаниуд өөрсдийн тодорхой хэмжээний өгөгдлийн сантай байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм байна.
ChatGPT-н гол өрсөлдөгч гэж яригдаж буй Google Gemini AI программ урьд шөнө танилцуулагдаж, нээлтээ хийлээ. Ингэхдээ бүр гурван өөр хувилбар гаргана гэдгээ Google компани мэдэгдэв. Gemini Nano, Pro болон маш нүсэр төвөгтэй даалгавруудыг гүйцэтгэх Gemini Ultra гэсэн төрлүүд байх аж. LLM хөгжүүлэлт, судалгаанд ашигладаг 32 шалгуур үзүүлэлтийн 30-ийг нь маш амжилттай гүйцэтгэсэн гэдгээрээ Gemini нь GPT-4 моделиос ч илүү гүйцэтгэлтэй гэж танилцуулга дээр дурдагдав. Мөн Gemini нь MMLU буюу 57 өөр төрлийн мэдлэг, чадвараас бүрдэх шалгуур дээр хүнээс илүү оноо авсан анхны AI болж байгаагаараа онцлогтой юм. Хэрэв та Google Bard ашигладаг бол өнөөдрөөс эхлээд Gmail, YouTube, Docs-оор дамжуулан Gemini Pro моделийг ашиглаж эхэлнэ гэсэн үг. Харин Pixel 8 гар утас хэрэглэдэг бол утсанд тань Gemini Nano модель ажиллах боломжтой. Gemini Ultra моделийг ирэх жил гаргана гэж мэдээлсэн байна. Хөгжүүлэгчид 12-р сарын 13-наас эхлэн, Google AI Studio юм уу, эсвэл Google Cloud Vertex AI дээр API ашиглан, Gemini Pro ашиглаж болно гэжээ.
AI гэж чухам юу болох, түүнийг юунд хэрхэн ашиглах талаар ойлголт авах, хэрхэн ажилладаг, юун дээр суурилдаг талаар анхан шатны бөгөөд цэгцтэй мэдлэг олж авахыг хүссэн хэн бүхэнд зориулсан үнэгүй AI for Beginners Course-ийг Microsoft корпораци нийтэд нээлттэй байршуулсан байна. Энд дарж уг онлайн сургалт руу шилжээрэй.
🏢 Технологийн компаниуд
Цаг цагаараа байдаггүй гэдгийг тод томруунаар харуулсан нэгэн үйл явдал өнгөрсөн 7 хоногт болж өнгөрөв. Саяхан даа, нэг нэгнийхээ сансарт пуужин хөөргөх оролдлого, нислэгийг шоолж, троллдож байсан дэлхийн хамгийн баян хоёр эрхэм “хүж барилцаж”, гараа атгалцав. Amazon-ы босс Жефф Безос SpaceX компанид хандаж, Falcon 9 пуужингийн 3 удаагийн нислэгээр Project Kuiper хиймэл дагуулын интернэт төслийнхөө хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд оруулуулах хүсэлт тавьжээ. Тэд АНУ-ын Харилцаа холбооны комиссоос лиценз авахдаа 2026 он гэхэд 1600 хиймэл дагуул байршуулна гэж амлалт өгсөн ч бодит байдал дээр өөрсдийнх нь сансрын хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас болоод лицензийн шаардлагаа хангаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж. Иймд мань хүн энэ удаа эгогоо дарж, Илон Маскт хандахаас өөр аргагүй болсон нь энэ юм.
Microsoft корпораци Их Британи улсад AI дэд бүтэц хөгжүүлэх болон мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр 3,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ зарлалаа. Тэд ирэх 3 жилийн хугацаанд хамгийн сүүлийн үеийн 20000 хүчирхэг GPU-ээр тоноглогдсон үүлэн технологийн дата төв барихад энэ мөнгөө зарцуулахаас гадна машин сургалт, контент бүтээгч AI-н чиглэлээр 1 сая мэргэжилтэн сургаж өгөх амлалт өгчээ. Мөн Microsoft Их Британийн засгийн газрын AI аюулгүй байдлын бодлого дээр хамтрагчаар ажиллаж, тус улсын 25000 гаруй компанид өөрсдийн боловсруулсан хариуцлагатай AI-н зарчмуудаа хэрэгжүүлэх гэнэ.
TikTok болон Ticketmaster үйлчилгээнүүд энэ оны 8-р сараас эхлэн хамтран ажиллахаар болж, TikTok-оор дамжуулан уран бүтээлчид тоглолтынхоо тасалбарыг борлуулах боломж бүрдээд байсан. Энэ боломж зөвхөн АНУ дахь TikTok хэрэглэгчдэд л хамааралтай байсан бол энэ хамтын ажиллагаа улам өргөжиж одооноос эхлэн хойд Америк, Европын 20 гаруй орны хэрэглэгчид шууд TikTok дээрээс дуртай уран бүтээлчийнхээ тоглолтын тасалбар авах нь. Тасалбараа ийм аргаар борлуулахыг зөвхөн verified уран бүтээлчдэд зөвшөөрсөн гэж мэдэгдэж байгаа ч урлаг, спорт, комеди гээд салбар бүрийн 75000 гаруй баталгаажсан уран бүтээлчид энэ хамтын ажиллагаанд хамрагдаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Монголд:
“Монгол Улс х Google Түншлэл” ёслолын арга хэмжээ болж “Google for Education”-ний бүтээгдэхүүн үйлчилгээг боловсролын салбарт нэгтгэх ажил эхлэхээр боллоо. Боловсролын цахим шилжилтийг хамтран хэрэгжүүлэх энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүр өөрт тохирсон сургалтыг хүлээн авах боломжийг бий болгох, мэдээллийн технологийн шийдлийг ашиглан хүн бүр мэдлэг, чадварыг хүлээн авах тасралтгүй хөгжлийн боломжийг бий болгох ач холбогдолтой ажээ.
Ажилтнууддаа компанийн хувьцаагаа эзэмшүүлдэг сайн жишиг манайд тогтоод нилээн хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа бол хэрэглэгчиддээ хувьцаагаа бэлэглэж болдог гэдгийг харилцаа холбооны технологийн салбарт оройхон орж, ширүүхэн дайрч байгаа ONDO компанийнхан харуулахаар шийджээ. Тэд ondo.mn-ээс үйлчилгээ худалдан авч, тасралтгүй хэрэглэсэн эхний 100 мянган хэрэглэгчиддээ үүсгэн байгуулагчдын мэдэлд байдаг хувьцаанаас бэлэглэх шийдвэр гаргасныг та эндээс орж дэлгэрэнгүй унших боломжтой.
Санхүүгийн салбарт ерөнхийдөө хамаарах боловч Финтек гэдэг утгаараа технологийн салбарт ч хамааруулж болох өөр нэг онцлог үйл явдал бол “Инновэйшн Инвестмент” ХХК буюу бидний нэрлэж заншсанаар Q Pay үйлчилгээ нэвтрүүлэгчид маань хувьцаагаа нээлттэй олон нийтэд санал болгож байна. Технологи хөгжсөнөөр асуудлыг шийдэж, амьдралыг хөнгөвчилдөг гэдгийн бодит илэрхийлэл болсон тус компанийн IPO-тэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.
Энэ удаагийн дугаараа энд хүрээд өндөрлөж байна. Цаг гарган уншсан та бүхэндээ баярлалаа. 🙇♂️🙇♂️🙇♂️