- TechnoSphere товхимол
- Posts
- Дуу зохиодог AI болон бусад мэдээлэл
Дуу зохиодог AI болон бусад мэдээлэл
Техник технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр
Уншигчиддаа өглөөний мэнд 👋
Пүрэв гарагийн мэнд хүргэж, шинэ дугаараараа мэндчилж байна. Өнгөрсөн 7 хоногт технологийн ертөнцөд өрнөсөн үйл явдлууд, дуулиан шуугиан, чих дэлдийлгэм сонин хачныг хүлээн авахдаа бэлэн биз дээ?
🤖 AI Салбарт
🌐 Microsoft-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтс 2024 он бол AI-н хувьд эргэлтийн чухал цаг үе байх болно гэжээ. Тухайлбал, инноваци, эрүүл мэндийн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход AI чухал үүрэг гүйцэтгэнэ гэж тэр үзэж байгаа юм байна. Тэрээр өөрийн толгойлдог Gates Foundation-ээрээ дамжуулан, дэлхий нийтийн эрүүл мэндийн асуудал, түүн дотроо антибиотикт тэсвэртэй нянг хэрхэн ялах, ходоод гэдэсний бичил орчинг бүрэн судалж, нярайн хоол тэжээлийн дутагдлын асуудлыг шийдэх болон хувь хүн бүрийн хэрэгцээнд тохирсон боловсролын хэрэгсэл хөгжүүлэх зэрэг чухал асуудлуудад AI-г ашиглах бодолтой байгаа ажээ. Мөн цаашид хиймэл оюуны хэрэглээг бага болон дундаж орлоготой орнуудад энгийн хэрэглээ болгон нэвтрүүлэхэд анхаарна гэсэн байна.
Дуу хөгжмийн салбарын AI апп болох Suno-той Microsoft хамтарснаар Copilot дээр хэрэглэгчид хүссэн дуугаа зохиолгох боломжтой болжээ. Тийм ээ, энэ бол дууны үг, хөгжим, хоолой гээд бүхэл бүтэн дуу зохиох чадалтай хиймэл оюуны программ гэсэн үг. Тэгвэл та хэрэглэж үзэхийн тулд яах ёстой вэ гэвэл Edge browser дээрээ Suno plugin-ийг идэвхижүүлэх хэрэгтэй. Үүний дараа browser дээрх Copilot-доо ийм, тийм өнгө аястай дуу зохиомоор байна гэсэн команд бичиж өгнө. Энэ салбарт аль хэдийн Google/YouTube-ийн Lyria болон Meta компанийн Audiobox хэрэгслүүд гарч, хэрэглэгчдийг татаж эхэлсэн учир Microsoft тэдний тоосон дунд үлдэхийг хүсээгүй нь лавтай.
Олон хуудас текст файл, PDF дундаас яг хэрэгтэй утга санаа, өгүүлэмжийг олж унших гэж нилээн цагаа гарздах үе байдаг. Хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед ганц хоёр үг өгүүлбэр, параграф хайхын тулд хуудас хуудсаар нь нэгжиж унших чадвар, зүтгэл бидэнд хэрэгтэй юу гэдэг бас л бодох л асуудал. Учир нь Humata.ai шиг олон төрлийн AI хэрэгслүүд нээлттэй байгаа. Та гол нь юу хайж байгаагаа түүнд сайн ойлгуулах л чухал. Энэ апп-ын хувьд 60 хуудас материалаас хэрэгтэйгээ хайж олох, тоймлох, товчлох боломж ямар нэг төлбөргүй. Харин түүнээс дээш олон хуудас бол төлбөртэй хийх тул туршаад үзээрэй.
🏢 Технологийн компаниуд
Adobe компани сүр дуулиантайгаар Figma-г худалдан авахаар болсон ч Европын холбоо болон Их Британийн өрсөлдөөн зохицуулах байгууллагуудын шахалтаас болоод наймаа буцахаар болсноо зарлалаа. Худалдан авалтын үнийн дүн 20 тэрбум ам.доллараар зарлагдаж байсан ч талаар болов. Гэхдээ хоосонгүй ээ, Figma-ийн хувьд “бүтэлгүй гэрлэлт”-ийн зардал гэж нэг тэрбум ам.долларыг Adobe компаниас авах юм байна. Эрх баригчдын дургүй байсан шалтгаан нь хэрэв худалдан авалт амжилттай болсон бол график дизайны салбарт Adobe дангаар ноёрхох эрсдэлтэй гэж үзсэнийх ажээ.
Apple компани ухаалаг цагандаа суулгасан зүрхний цохилт, цусан дахь хүчилтөрөгч хэмжигчээс болоод Masimo компанитай зохиогчийн эрхийн маргаан үүсгэсэн тул Apple Watch Series 9 болон Ultra 2 ухаалаг цагнуудын борлуулалтыг АНУ-ын хэмжээнд түр зогсоолоо. АНУ-ын олон улсын худалдааны зөвлөлөөс тэднийг зохиогчийн эрхийн маргаантай технологи цагандаа ашигласан гэж үзсэн учраас борлуулалтыг түр зогсоолгожээ. Харин Apple компани холбооны тойргийн шүүхэд хандаж, уг шийдвэрийг цуцлуулах хүсэлтээ гаргахаар бэлдээд байна. Хэрэв шүүх тэдний хүсэлтийг хүлээж авахгүй Apple-ийг буруутай гэж үзэх юм бол Series 6 болон түүнээс хойшхи хувилбарууд болон Ultra загварын ухаалаг цагнуудад ч мөн энэ хориг хамаарах юм.
iPhone угсрагч хамгийн том үйлдвэртэй гэдгээр нь маш олон хүн мэдэх Foxconn компани автомашин үйлдвэрлэл, түүн дотроо цахилгаан машины үйлдвэрлэлийн салбарт хүчээ үзэхээр шийджээ. Компанийн захирал Ёнг Лю 2025 он гэхэд дэлхийн нийт цахилгаан машины зах зээлийн 5 хувийг Foxconn-д угсарсан машин эзэлнэ гэж мэдэгдсэн бөгөөд тэд гар утас үйлдвэрлэдэгтэйгээ нэгэн адилаар автомашин үйлдвэрлэгчдэд дизайн, инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Тэдний хамгийн эхний автомашин нь Yulon's брэндийн Luxgen N7 нэртэй цахилгаан автомашин байх юм.
Нэг өгүүлбэрээр:
Хятадын зэвсэгт хүчин сансрын дайны туршилт сургуулилтын хувилбарыг туршиж үзлээ.
TikTok эвхдэг гар утас болон таблетад зориулсан программын шинэчлэлээ гаргалаа.
Өмнөх 7 хоногийн дугаарт дурдагдаж байсан Blue Origin төслийн Shepard пуужин амжилттай хөөрсөн байна.
NASA, Being, GE нар хамтран, хайбрид цахилгаан хөдөлгүүртэй нисэх онгоц бүтээнэ.
АНУ Конгрессоос ҮАБ чиг үүргийн байгууллагууддаа шүүхийн зөвшөөрөлгүйгээр тагнах чагнах эрх олгов.
GPT 4.5 гэж гарсан уу?