- TechnoSphere товхимол
- Posts
- CES 2024 - Шинэ технологийн үзэсгэлэнгээр
CES 2024 - Шинэ технологийн үзэсгэлэнгээр
Технологийн салбарын шинэ мэдээллүүд
Өглөөний мэнд, TechnoSphere-чүүдээ 👋
Пүрэв гарагийн мэнд хүргэж, шинэ дугаараараа мэндчилж байна. Өнгөрсөн 7 хоногт технологийн ертөнцөд өрнөсөн үйл явдлууд, дуулиан шуугиан, чих дэлдийлгэм сонин хачныг хүлээн авахдаа бэлэн биз дээ?
Жил бүрийн өдийд зохион байгуулагддаг The CES (Consumer Electronics Show) шоуг технологи сонирхогчид андахгүй мэддэг. Энэ дэлхий дээр бүтээгдэж буй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, хамгийн шинэлэг, дэвшилтэт технологи, шийдлүүд энд танилцуулагддаг онцлогтой. Мэдээж хэрэг энэ үзэсгэлэнг бүхэлд нь бид тоймлон бичнэ гэхээр одоо дөнгөж 2 дахь өдрөө үргэлжилж байгаа тул дууссан хойно нь тоймлох нь дээр гэж бодож байна. Гэхдээ зарим нэг онцлох мэдээллийг оруулсан байгаа.
🤖 AI Салбарт
Volkswagen компани автомашин үйлдвэрлэгчид дундаас анх удаа жолоочийн ухаалаг туслахаа ChatGPT-тэй холбосон компани болох нь. Тэд Cerence компанийн Chat Pro программыг автомашинууддаа суулгаж өгснөөр, жолооч дуу хоолойгооро команд өгч, хайлт хийлгэх, энтертайнмент хэсгээ удирдах гэх мэт үйлдэл хийлгэх юм байна. Гэхдээ хаа хамаагүй хэлсэн болгоныг чагнаад байхгүй, жолооны хүрдний доор байрлах IDA assistant товчийг дарснаар идэвхжих аж. 2024 оны 2-р улирлаас эхлэн Европт зориулан үйлдвэрлэсэн цахилгаан автомашинуудад программын шинэчлэл маягаар энэ функц нэвтрэх бөгөөд АНУ-ын зах зээл рүү тун удахгүй нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэжээ.
Хиймэл оюуны тусламжтайгаар хэдэн зуун жилийн өмнө зурагдсан уран зургийг шинжилж, дүгнэлт гаргуулж байна гэвэл итгэх үү? Тухайлбал, Сэргэн мандалтын үеийн Италийн суут зураач Рафаэлийн Madonna della Rosa уран зургийг олон жилийн турш мэргэжилтнүүд, урлаг судлаачид өөрийнх нь бүтээл мөн, биш гэж маргаж иржээ. Тэгвэл саяхан зөвхөн уран зургийн өгөгдлөөр сургасан AI программ уг зургийг шинжилж үзээд, зураг дээрх Жозефийн царайг Рафаэль өөрөө зураагүй байна гэсэн хариу гаргаж. Уг AI нь Рафаэлийн маш олон уран бүтээлүүдийн өгөгдлөөр сургагдсан учир зураг дээрх бийрийн таталт, өнгөний хослол, гэрэл сүүдрийн зохицол зэрэг нарийн шинжилгээ хийснээр ийм дүгнэлт гаргасан гэжээ. Цаашид өөр хэний ямар уран бүтээлийг будаа идсэн, эсвэл хүнээр зуруулсан гэж дүгнэхийг бид таашгүй.
Дээр дурдсан CES 2024 шоун дээр AI технологитой холбоотой маш олон мэдээлэл гарч байгаа ч миний хувьд Intel компанийн автомашины AI чипний талаарх мэдээллийг онцлохоор шийдлээ. Хэдхэн сарын өмнө тус компани бүх зүйлд AI-г шингээх технологи бүтээнэ гэж амалж байсан бол эхний ээлжинд автомашины салбарыг сонгож авснаа зарлав. System on chip буюу SoC төрлийн, AI программ болон автомашины төв компьютерийг удирдан ажиллуулах шинэ чип бүтээж байгаагаа танилцуулав. Цахилгаан автомашин үйлдвэрлэгч бүрийн автомашины цахилгаан хүчдэл харилцан адилгүй байдаг учир үүнийг нэг стандартад оруулахын тулд Intel эрчим хүчний менежментийн компани худалдан авч байгаа гэнэ. Компьютерийн зах зээлийн хүчирхэг тоглогч Intel нь AI чипний технологиор Nvidia, AMD-тэй ширүүн өрсөлдөөнд орж байгаа ч Михайлд нэг бодол бий гэдэг шиг тэдний хувьд AI программуудыг үүлэн орчинд бус хувийн компьютер дээр ажиллуулах нь илүү найдвартай гэж үзээд AI PC бүтээх ажилд ороод байгаа билээ.
🏢 Технологийн компаниуд
2015 онд Apple Watch гаргаснаас хойш яг цоо шинэ төхөөрөмж огт гаргаагүй байсан Apple компани Vision Pro хэмээх AR төхөөрөмжөө 2023 онд танилцуулж байсан бол уг төхөөрөмж нь 2-р сарын 2-ноос эхлэн $3499 үнээр худалдаалагдаж эхлэх нь. Орон зайн компьютер буюу AR, VR технологи хослуулсан уг төхөөрөмж хэрэглэгчдийнхээ харилцаа холбоо, ажил төрөл, тоглоом зугаа, чөлөөт цагаа өнгөрүүлэх гээд олон үйлдлийг цоо шинэ түвшинд гаргана гэж амлаад байгаа. Уг төхөөрөмж VisionOS үйлдлийн системтэй ба iOS/iPadOS үйлдлийн системийн AR/VR фунцүүдтэй асуудалгүй хослон ажиллах юм байна. Урьдчилсан захиалга нь 1-р сарын 19-нөөс эхэлнэ. Apple Fanboys урагшаа л биз дээ?
Энэ сарын 17-нд Samsung AI технологио албан ёсоор (албан бус мэдээллээр Galaxy S24 утсаа танилцуулж ч магадгүй) олон нийтэд танилцуулна гэж мэдэгдсэн Samsung компани CES 2024 шоун дээр MicroLED технологийн шинэ дэлгэцээ олонд толилуулав. Уг дэлгэц нь хүрээ байхгүй, 1 см орчин зузаан, нэвт харагддаг шилэн дэлгэц байх ба энгийн LED дэлгэцтэй харьцуулахад илүү өндөр цэгийн нягтаршилтай, бас илүү хурц тод гэрэлтэлттэй учир нэвт харагддаг ч гэлээ орчны гэрэлд дүрсний чанараа алдахгүй, гялайхгүй гэнэ. Гэхдээ уг дэлгэц хэзээ ухаалаг төхөөрөмжүүдэд сууж, худалдаанд гарах нь тодорхойгүй байгаагаас гадна маш өндөр үнэтэй байх сураг дуулдаж байгаа юм.
Чип, график карт үйлдвэрлэлээр тэргүүлэгч Nvidia компани CES 2024 дээр гар хоосонгүй иржээ. Тэд RTX 4080 Super, RTX 4070 Ti Super, болон RTX 4070 Super гэсэн хувилбарууд шинээр гаргаснаа танилцуулсан нь саяхан AMD-ээс гаргасан ойролцоо хүчин чадалтай ч арай хямд график процессорт барьж буй хариу бололтой. Гэхдээ AMD-тэй харьцуулахад AI гүйцэтгэл сайтай гэдгээрээ ялгарна гэнэ. Хамгийн өндөр үзүүлэлттэй RTX 4080 Super нь $999 үнээр 1-р сарын 31-с худалдаанд гарах ба тоглоом тоглоход 3080 Ti хувилбараас хоёр дахин илүү үзүүлэлттэй байх ажээ. Харин 1 сарын 24-с худалдаалагдах RTX 4070 Ti Super нь $799 үнэтэй, 16гб санах ойтой гарна.
АНУ-ын автотээврийн Aurora Innovation компани болон ачааны автомашины технологийн шийдэл нийлүүлэгч Continental нар хамтран, 300 сая долларын өртөг бүхий автомат жолоодлоготой хүнд даацын автомашины төсөл хэрэгжүүлэх гэж байна. АНУ шиг ихэнх ачаа тээврийн эргэлтийг авто тээврийн салбар нь нугалдаг улсад холын тээвэрт автомат жолоодлого ашиглах нь нэн ач холбогдолтойд тооцогддог. Хоёр компани өнгөрсөн долоо хоногт автомат жолоодлогын технологийн шийдлүүдээ бэлэн болгосон бөгөөд зам дээрх туршилтаа эхлүүлэхэд бэлэн болсон гэдгээ мэдэгдсэн юм. Тэд Volvo болон Paccar маркийн жолоочгүй 20 ширхэг ачааны машинуудыг эхний ээлжинд Даллас болон Хьюстон хотуудын хооронд тээвэрлэлтэд явуулж туршина гэнэ шүү. Энэ салбарт одоогоор Tesla хүчтэй өрсөлдөгч, шан татаж буй компани гэж тооцогддог ч өөр бусад өрсөлдөгчид нь гараа хумхин суугаагүй нь тодорхой болж байна.
Монголд:
Mongolia Talent Network-оос явуулсан хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаар технологийн салбарынхан ажиллахад хамгийн таатай орчин бүрдүүлсэн байгууллагаар Юнител групп шалгарчээ
Засгийн газрын өчигдрийн /1-р сарын10/ хуралдаанаар цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, EV ашиглах нөхцөл бололцоог сайжруулах нь зүйтэй гэж үзээд УБ хотын хэмжээнд 25 байршилд шинээр цэнэглэгч станц байрлуулах шийдвэр гаргажээ. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд нийт 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Бид 2023 оны сүүлийн дугаараараа 2023 оны технологийн салбарын онцлох 10 үйл явдал танилцуулж байсан бол Unread Media мөн 2023 оны технологийн салбарыг түйвээсэн үйл явдлууд нэртэй тойм нийтлэл гаргасан байна.
Сүүлийн үед манай улсад цахим залилан, түүн дотроос Фэйсбүүк хаягаа бусдад алдах, улмаар хаягийг нь ашиглан, төрөл садан, найз нөхдөөс нь мөнгө залилж авах гэмт хэрэг маш их үйлдэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор нийтлэгдсэн сэрэмжлүүлгийг уншаад, ойр дотныхон, ялангуяа ахмад насны улсууддаа түгээж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Нэгэнт мөнгө төгрөгөө алдсан бол хойноос нь хичнээн нэхэл дагал болсон ч олж авахад хэцүү, цагдаагийнхан энэ төрлийн олон мянган хэрэгтэй зууралдаад, дөжирсөн байдаг учраас анхнаасаа энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх талаар урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй гэж бодож байна.
Энд хүрээд манай энэ 7 хоногийн дугаар өндөрлөж байна. Цаг гарган уншсан танд маш их баярлалаа. Боломжтой бол манай товхимлын талаар найз нөхөд, танилууддаа хүргэж, хуваалцаарай.