Technosphere Товхимол: Дугаар 54

10.17 дугаараараа өглөөний мэндийг хүргэн мэндчилж байна. Уншигчдаас ирсэн санал хүсэлтийн дагуу товхимлын форматаа бага зэрэг өөрчилж, туршиж байгаа тул уншиж үзээд, яг юу нь болж, бас болохгүй байгаа талаар санал сэтгэгдлээ энэ мэйлд хариу болгон ирүүлбэл маш их талархах болно шүү.

AI технологийн мэдээллүүд

Northrop Grumman компани AI технологийг агаарын тулаанд ашиглана

Өмнө нь бид кинон дээрээс л байлдааны дрон ашигласан тулаан, байлдааны сценариуд үзэж хардаг байсан бол ОХУ Украин руу халдан довтолсноос хойш дрон буюу Unmanned Aerial Systems (UAS) тулааны талбарт ямар өндөр ач холбогдолтой болохыг ойлгож авцгаасан байх. Тэгвэл АНУ-ын батлан хамгаалах системийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг Northrop Grumman компани хиймэл оюун ухаан ашиглан, тулааны талбар дахь олон тооны бай, ялангуяа олон тооны дрон ашигласан дайралтын эсрэг шийдвэр гаргахад туслах зориулалттай систем хөгжүүлжээ. Зэвсэгт хүчний командлагч, удирдагчид асар их стресс, дарамттай орчинд богино хугацаанд нөхцөл байдлыг үнэлж, оновчтой шийдвэр гаргах шаардлагатай тулдаг бөгөөд энэ шийдвэр гаргалтад туслах AI систем бүтээсэн гээд ойлгочиход болох юм байна.

Advanced Battle Manager (ABM) систем нь тулааны талбарыг хянах төхөөрөмжүүдээс ирсэн мэдээлэл дээр асар богино хугацаанд анализ хийж, Forward Area Air Defense (FAAD) хамгаалалтын системд зориулсан оновчтой шийдвэрийг нэг секундыг 4 хуваасантай тэнцэх хугацаанд гаргаж өгдөг давуу талтай бөгөөд АНУ-ын зэвсэгт хүчин энэ системийг сургуулилтын орчинд туршиж, үр дүнг нь үзсэн, удахгүй АНУ төдийгүй холбоотнуудынх нь зэвсэгт хүчинд нэвтрүүлэх боломжтой гэсэн байна.

Deepfake AI видеог илрүүлэгч

Хиймэл оюун ухааны технологи хөгжиж, төрөл бүрийн generative хэрэгслүүд нэвтэрснээс хойш цахим сүлжээнд үнэн бодитой эсэх нь тодорхойгүй зураг, бичлэг ихээр цацагдах болсон билээ. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп цагдаад баривчлагдлаа гэсэн агуулга бүхий зураг олон нийтийн сүлжээнд маш хурдтай тарсан, АНУ-ын ерөнхийлөгчийн дуу хоолойг дуурайсан AI дуудлага хийгдсэн гээд олон тохиолдлууд гарсан. Технологийн нарийн мэдлэггүй хүмүүс битгий хэл өдөр тутмын авч буй мэдээлэлдээ харьцангуй шүүлтүүртэй ханддаг хүмүүс хүртэл AI бүтээсэн контентод хууртахад ойр цаг ирээд байна. Тэгвэл Reality Defender нэртэй стартап компани шууд явж буй бичлэг дээрээс хүртэл deepfake, AI технологи илрүүлэх боломжтой гэж мэдэгдлээ. Тус компанийн бүтээгдэхүүний менежер нь Wired сайтын сэтгүүлчтэй шууд ярилцах үедээ өөрийнхөө зураг дээр Илон Маскийн царайг байрлуулсан deepfake фильтр ашиглан дуудлага хийхэд Reality Defender-ийн бүтээсэн AI модель уг бичлэгийг хуурамч гэдгийг таньж байжээ. Тэд энэ бүтээлээ эхний ээлжинд Zoom дээрх plugin байдлаар хэрэглээнд нэвтрүүлж, улмаар бизнесүүд болон төрийн байгууллагуудтай хамтран, Deepfake зураг бичлэгээс сэргийлэх, илрүүлэх тал дээр хамтран ажиллах алсын зорилготой байгаа гэжээ.

АНУ-ын засгийн газраас Ойрхи Дорнодын орнууд руу AI чипний экспортод хязгаарлалт хийнэ.

Америкийн эрх баригчид Nvidia, AMD зэрэг AI технологийн чип үйлдвэрлэгч компаниудын Арабын орнууд руу хийх технологийн бүтээгдэхүүний экспортод хязгаарлалт тавихаар төлөвлөж байгаа гэжээ. Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсууд сүүлийн жилүүдэд AI технологид ихээхэн хөрөнгө оруулж, өндөр өртөг бүхий дата төвүүд барих болсныг Америкийн засаг захиргаа үндэсний аюулгүй байдлын эрсдэл төдийгүй олон улсын тавцан дахь тус улсын давамгайллыг сулруулах магадлалтай гэж үзэж байгаа бололтой. Учир нь дээрх компаниудын үйлдвэрлэдэг өндөр технологийн чипийг ашиглан булангийн орнууд батлан хамгаалахын болон тагнуул туршуулын технологи хөгжүүлж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. БНХАУ, ОХУ зэрэг зарим орнууд руу экспортлохыг хориод байсан AI чипний экспортод хязгаарлалт байдлаар 40 гаруй улсыг нэмж хамруулах төлөвлөгөөтэй байгаа гэж Блүүмбэргийн мэдээлэлд дурджээ.

Технологийн компаниуд

SpaceX-ийн гайхамшиг үргэлжилсээр

Одооноос арван жилийн өмнө сансарт хөөрсөн пуужин тээж буй ачаагаа тойрог замд гаргачихаад, өөрөө бууж ирээд, хэд хоногийн дараа дахиад хөөрөх эсэх талаар ярьсан бол галзуу солиотойгоороо дуудуулах байсан болов уу? SpaceX компани энэ бүтэшгүй мэт санагдаж байсан зүйлийг ажил хэрэг болгож, олон дахин ашиглагддаг, өөрөөр хэлбэл, “хөлөөрөө сансраас орж ирдэг” пуужин зохион бүтээж, заримыг нь бараг 30 гаруй удаа хөөргөсөн байдаг. Тэгвэл өнгөрсөн 7 хоногийн хамгийн шуугиант үйл явдал нь SpaceX Super Heavy нэртэй, 70 гаруй метр урт, 200 гаруй тонн жинтэй пуужин нь Starship сансрын хөлгийг хөөргөөд, буцаж дэлхий рүү бууж ирэхэд нь Mechazilla буюу SpaceX өөрсдөө “савх” гэж нэрлэсэн төхөөрөмж пуужинг алдаа мадаггүй агаарт барьж авсан явдал байлаа. Жишиж хэлбэл, Хурдын 23 давхар барилга шиг өндөртэй пуужинг унагалгүй барьсан гэсэн үг. Ингэснээр тус компани гараг хоорондын аялалд ашиглах пуужингаа хүртэл олон дахин ашиглах боломж бүрдэж байна. Бодит бичлэгийг үзвэл илүү сайн ойлгогдох биз ээ.

Мөн тус компанитай холбоотой өөр нэг мэдээлэл нь АНУ-ын FCC буюу Харилцаа холбооны зохицуулах агентлагт хүсэлт гаргаж, Starlink хиймэл дагуулуудыг дэлхийд илүү ойртуулах замаар одоогийн Starlink интернэт үйлчилгээний хурдыг 10 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Тэд 2-р үеийн буюу Gen2 хиймэл дагуул 29988 ширхэгийг хөөргөх хүсэлт гаргасан ч FCC “дөнгөж” 7500 ширхэгийг л хөөргөх зөвшөөрөл өгөөд байгаа аж. Хэрэв Starlink хиймэл дагуулууд өөр бусад хиймэл дагуулын тойрог зам, хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй гэдгээ нотолж чадвал хүссэн тоогоороо хиймэл дагуул хөөргөх бололтой.

Tesla Cybercab-ийг танилцууллаа.

Дараагийн мэдээлэл мөн л Илон Маскийн өөр нэг удирддаг компани болох Teslа-тай холбоотой. Илон Маскийн сүүлийн жилүүдэд ярьсаар ирсэн robotaxi төсөл нь биеллээ олж байгаагийг илрэл болох Tesla Cybercab нэртэй бүрэн автомат жолоодлоготой, цахилгаан автомашиныг танилцуулав. Уг машин нь хоёр хүний суудалтай, бүхээгтээ жолооны хүрд болон хааз, тоормосны гишгүүргүй, тэр ч бүү хэл тогны залгуургүй, утасгүй холболтоор цэнэгээ авдаг гэж танилцуулга дээр дурдагдсан. 2026 оноос эхлэн үйлдвэрлэж, 2027 онд нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй гэж Илон Маскийн мэдэгдсэн уг автомашин замын хөдөлгөөнд оролцохын тулд юуны өмнө эрх баригчдын зөвшөөрлийг авах учиртай.

ByteDance компани AI чихэвчийн өрсөлдөөнд нэгдлээ

TikTok апп-ын эзэмшигч компани болох ByteDance өнгөрсөн 7 хоногт Ola Friend нэртэй хиймэл оюун ухааны технологи бүхий чихэвч гаргаж байгаагаа зарлалаа. Одоогоор зөвхөн Хятадын зах зээлд зориулан гаргаж буй уг ухаалаг чихэвч нь 170 долларын үнэтэй бөгөөд хэрэглэгч утсаа асаахгүйгээр шууд чихэвчин дэх AI чатботтой харилцах боломжтой гэдгээрээ онцлог юм. Тус компанийн өөрийн бүтээсэн AI модель болох Doubao нь энэхүү чихэвчин дэх чатботыг ажиллуулна. Хэрэглэгч чихэвчээрээ дамжуулан хөгжим сонсох, гадаад хэл давтах, мэдээлэл хайх зэрэг боломжтой хэмээн танилцуулгад дурдагдсан. Өнөөдрөөс эхлэн уг чихэвчийг Alibaba Group-ийн эзэмшдэг Tmall, JD.com, болон ByteDance-ийн өөрийн онлайн дэлгүүр болох Douyin зэрэг цахим дэлгүүрүүдээр борлуулах юм байна. Ташрамд дурдахад, одоогийн байдлаар Samsung компани Buds 3 цувралын чихэвчүүдээ AI технологид суурилсан хэмээн борлуулж байгаа билээ.

Нэг өгүүлбэрээр

Apple шинэ iPad танилцуулсан талаар.

Adobe Firefly шинэ AI моделийг Adobe Premiere Pro ашиглан туршиж болно.

Nvidia компани болон Бээжингийн их сургууль хамтран, 3 хэмжээст загвар бүтээх боломжтой шинэ AI модель бүтээжээ.

Ухаалаг цагнууд цусны даралт хэмжих боломжтой юу?

Хүний үүдэл эсийг ашиглан, сармагчинд хараа оруулах туршилт..

Palantir гэж ямар учиртай компани вэ?

Amazon компани зар сурталчилгааны зориулалттай Generative AI хэрэгслийг борлуулагч, сурталчилгаа байршуулагчдад санал болгоно.

Хиймэл оюун ухааны хөгжүүлэлт судалгаа хийхэд цөмийн эрчим хүч зайлшгүй шаардлагатай гэдэг дээр Google мөн нэгдлээ.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо криптовалютын pump-and-dump залиланг илрүүлэхийн тулд өөрсдөө crypto coin гаргаж байсан гэнэ.

Nvidia-ийн хамгийн хүчирхэг чип гэгдэх Blackwell-д хүчтэй өрсөлдөгч гарч ирлээ.

Манай энэ удаагийн дугаарыг энэ хүртэл цаг гарган уншсанд баярлалаа. Өнөөдрийн ажилд нь амжилт хүсье!