Technosphere товхимол: Дугаар 67

Технологийн мэдээллийн 7 хоног тутмын тойм

Гэгээн Валентиний өглөөний мэндийг бүр уншигчиддаа хүргэн мэндчилье. Технологийн салбарын мэдээлэл сонирхогч хэн бүхний хувьд энэ өдөр их онцгойд тооцогдох учиртай юм байна. Учир юун гэвэл:

  • ENIAC буюу Electronic Numerical Integrator and Computer нэртэй хамгийн анхны програмчлах боломжтой, цахилгаанаар ажилладаг, ерөнхий зориулалтын цахим тооцоолуур буюу анхны компьютер АНУ-ын Пеньсилванийн их сургууль дээр "Giant Brain" нэртэйгээр 1946-02-14нд мэндэлж байжээ. Товчхондоо бол анхны компьютер бүтээгдсэн өдөр байх нь.

  • За цаашилбал, 2005 оны энэ өдөр Стив Чен, Чад Хурли, Жавид Карим нар өнөөгийн дэлхий ертөнцийн салшгүй нэг хэсэг болсон үйлчилгээг бий болгосон өдөр. Тэр үйлчилгээний нэр нь YouTube.

  • 1989-02-14-нд GPS буюу Global Positioning System үйлчилгээний анхны хиймэл дагуул хөөрсөн өдөр юм.

  • За тэгээд энэ өдөр тохиосон онцгой үйл явдлын хамгийн сүүлийнх нь мөрөөрөө явж байсан Instagram үйлчилгээг Facebook буюу Meta компани 2012-02-14-нд худалдан авсан байдаг юм байна. Instagram тэр өдрөөс хойш эргэлт буцалтгүй өөрчлөгдсөнийг бүгд л санаж байгаа дөө.

AI технологийн эргэн тойронд

Хиймэл оюун ухааны салбарын цаашдын чиг хандлага, улс орнуудын баримтлах бодлого чиглэлийг хэлэлцэхээр Парис хотноо чуулсан Paris AI дээд хэмжээний уулзалт энэ сарын 11-нд өндөрлөлөө. Дээд хэмжээний уулзалт гэгдсэний учир нь энэ арга хэмжээнд: зохион байгуулагч Францын ерөнхийлөгч Э.Макрон, АНУ-ын шинэ дэд ерөнхийлөгч Ж.Д.Ванс, Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди, Хятад улсын дэд дарга, Канадын ЕС, Германы канцлер, Европын зөвлөлийн ерөнхийлөгч зэрэг улстөрчид болон OpenAI компанийн захирал, Microsoft-н ерөнхийлөгч, Google, Deepmind, Anthropic, HuggingFace компаниудын захирлууд зэрэг томчууд оролцсонд оршино.

Арга хэмжээний гол агуулга гэвэл, АНУ-ын дэд ерөнхийлөгч AI салбарт төрөөс хэт их зохицуулалт хийх байдлаар оролцох нь технологийн дэвшил инновацийг боомилох эрсдэлтэй тул АНУ хууль эрхзүйн хатуу зохицуулалтыг дэмжихгүй гэсэн байр суурь байв. Харин нөгөө талд Э.Макрон тэргүүтэй Евро бүсийн удирдагчид AI салбарт хувь хүний болоод улс орны аюулгүй байдлыг хангах зориулалттай, бүх талын эрх ашгийг хангасан зохицуулалт хэрэгтэй байгаа аргумент дэвшүүлсэн. Мөн энэ чиглэлээр Европын Холбоо 20 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийнэ гэдгээ мэдэгдсэн. Арга хэмжээний төгсгөлд хиймэл оюун ухааныг "нээлттэй, хүртээмжтэй, ил тод, ёс зүйтэй, аюулгүй, найдвартай" байлгахыг уриалсан агуулга бүхий хамтарсан тунхаглал гаргасан боловч АНУ болон Их Британи улсууд гарын үсэг зурахаас татгалзсан нь анхаарал татах үйл явдал болов. Товчхондоо бол Европын эрх баригчид энэ салбарт төрийн зохицуулалт хийх хүсэлтэй байгаа бол АНУ, Их Британи улсууд үүний эсрэг байр суурьтай байгааг харуулсан нь энэ арга хэмжээний гол дүгнэлт байлаа.

Манай цагаар дөнгөж өчигдөрхөн OpenAI компанийн захирал Сэм Олтмэн жиргээн дээр нэгэн пост орууллаа. Агуулыг нь тоймловол:

  • Удахгүй нэгмөр GPT-5 модель гаргах учраас ойрын хугацаанд төлөвлөөд байсан ChatGPT o3 моделийг хэрэглээнд нэвтрүүлэхийг цуцаллаа.

  • Шинээр гарах GPT-5 нь o3 моделийн хийж чадах бүх л зүйлийг өөртөө багтаасан бөгөөд Free, Plus, Pro гэсэн хэрэглээний 3 түвшин санал болгоно.

  • Гэхдээ GPT-5 моделийг гаргахын өмнө буюу ойрын өдрүүдэд GPT-4.5 (код нэршил нь Orion) гэсэн модель гаргах бөгөөд энэ нь OpenAI компанийн санал болгож буй хамгийн сүүлчийн бодож сэтгэх чадваргүй AI модель байх болно гэв. Учир нь одоо тус компанийн AI програмууд нь бэлэн текстээс хариулт өгөх бус ургуулан бодох, нягтлах чадвартай болоод байгаа билээ.

  • Free буюу төлбөр төлөөгүй хэрэглэгчид ч GPT-5 моделийг ашиглах боломжтой ч төлбөр төлсөн нь мэдээж хэрэг илүү их хүчин чадал, нарийн төвөгтэй асуултуудаар AI-д хандана гэсэн байна.

Хэдхэн сарын өмнө яригдаж байсантай харьцуулахад GPT-5 хувилбар төсөөлж байсан шиг тийм ч супер биш бололтой. OpenAI ямар нэг өрсөлдөөнөөс урьтаж буюу ямар нэг цаг хугацааны шахалтад автаж, яаран шууд 5-р хувилбар руугаа орчихов уу гэж хувьдаа таамаглаж байна. Хэрхэхийг харцгаая даа.

Алийн болгон гадаад мэдээ тоймлох вэ дээ энчодоо. Өчигдөр Монгол Улсын Цахим Хөгжил Харилцаа Холбоо Инновацийн Яам болон НҮБ-н Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран, бараг анх удаа гэж хэлж болох AI+Big Data чиглэлийн арга хэмжээг Төрийн ордонд Data+AI conference 2025 нэрийн доор зохион байгуулав. Чуулга уулзалтын гол зорилго нь Монгол Улсын хариуцлагатай, хүртээмжтэй хиймэл оюун ухааны алсын харааг тодорхойлох, энэ хүрээнд их өгөгдөл, хиймэл оюун ухааны чиглэлээр төр засгаас ямар стратеги баримтлах гэж байгааг олон нийтэд зарлан тунхаглах явдал гэж зохион байгуулагчид мэдэгдээд байсан. Тэгвэл ЦХХХХИЯ энэ бодлогыг хэрхэн томъёолсныг хүргэж байна.

  • Хиймэл оюун ухааныг ололтыг эдийн засгийн хөгжилд ашиглах, мэдлэг чадвар бүхий боловсон хүчний суурь бааз дотооддоо бүрдүүлсэн улс болох

    • Үүний хүрээнд:

      • Эрх зүйн орчин, технологийн дэд бүтэц бий болгох

      • AI чиглэлийн R&D зардлыг нэмэгдүүлэх

      • Уул уурхай, эрчим хүч, финтекийн чиглэлээр олон улсын тоглогч байх

      • Үндэсний өв соёл, өвөрмөц байдлаа бэхжүүлэх

      • Гол салбаруудад AI-г эрчимтэй нэвтрүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлж, холбогдох ажлуудыг төлөвлөсөн гэдгээ тус яамны газрын дарга танилцуулсан.

Төрийн зүгээс бодлогоо ийнхүү тодорхойлсон бол хувийн хэвшлийг төлөөлөн оролцогчид мөн илтгэл тавьж, салбарын чухал асуудлуудыг хөндсөн. Үүн дотроос Болорсофт компанийн Бадрал захирлын илтгэлийг тусгайлан онцолж авч үзэх нь зүйтэй болов уу. Энэ чиглэлээр ихийг бүтээж туурвиж, алдаж оносон туршлага ихтэй хүний хувьд AI+Big Data гэсэн маш том салбарт манай улсын хувьд тулгамдсан асуудал, хэрэгцээ шаардлага, мөн төрийн үйлчилгээнд AI хэрхэн нэвтрүүлэх вэ гэсэн сэдвээр илтгэл тавьсан нь маш сонирхолтой байлаа. Түүний илтгэлд дурдагдсан Үндэсний хиймэл оюун ухааны стратегийн томъёоллууд нь салбарын яамныхаас илүү товч тодорхой, ойлгомжтой байсан гэхэд огт буруутахгүй. Энэ салбарын сонирхогчид хэрэв арга хэмжээндээ оролцож чадаагүй бол Тэнгэр телевизийн бэлтгэсэн бичлэгийг бүрэн эхээр нь үзээрэй гэж хүсэх байна. За тэгээд бүтэн өдрийн том арга хэмжээг үүнээс дэлгэрэнгүй тоймлох аргагүйг уншигчид маань ойлгоно биз ээ.

Технологийн компаниудын талаар

Apple компани ухаалаг роботын хөгжүүлэлт хэрэглээтэй холбоотой нэгэн судалгааны өгүүлэл олон нийтэд ил тавьсан нь тус компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол хэрэглэгчдийн дунд багагүй анхаарал татсан үйл явдал болж байна. Учир нь Apple бол удахгүй шинээр гаргах гэж буй бүтээгдэхүүнээ чанд нууцалдаг төдигүй, нууц задруулж, ам алдсан ажилтандаа хатуу хариуцлага тооцдог компани. Харин энэ удаа тэд судалгааны өгүүллээ ил тавьсан нь энэ салбарт хүчээ үзэх сонирхолтой инженерүүдийг уриалсан дуудах зорилготой байх гэж зарим хүмүүс таамаглаж байна. Учир нь робот бүтээх зорилт тавьсан компаниуд хүн хүчний дутагдлаас болоод, төлөвлөсөн хугацаандаа роботоо гаргаж чадахгүй байх нь түгээмэл байдаг бол Apple юуг, хэнд зориулж, хэрхэн хийх гэж байгаагаа зарлах замаар чадалтай, мэдлэгтэй хүмүүсийг элсүүсэх зорилгоор ийнхүү төлөвлөсөн ажлаа олонд зарласан байх магадлалтай юм.

Мэдээллийн сайтуудад гарч байгаагаар тус робот нь эхний ээлжинд Pixar компанийн бүтээл ширээний чийдэнг санагдуулам дүр төрхтэй байж магадгүй бололтой. Хүмүүсийн дунд бий болсон хэвшмэл ойлголт болох “робот нь хүн төст дүрстэй, гэр ахуйн ажилд тусалдаг, ойр зуурын даалгаврыг хүний өмнөөс гүйцэтгэдэг“ байх зэрэг төсөөллүүдийг эвдэж, робот заавал хүн төрхтэй байх албагүй, бас заавал хувцас индүүдэж, эвхдэг байх зориулалтгүй гэдгийг харуулахаар зэхэж буй бололтой. Тэд одоогоор судалгаа хөгжүүлэлтийн түвшинд яваа энэ бүтээгдэхүүнээ 2028 оноос масс үйлдвэрлэлд нэвтрүүлж тун болзошгүй байна. Хэрэвзээ ингэж чадваас нэг хэсэг шуугиулж байгаад цуцлагдсан Apple Car болон эвхэгддэг iPhone-оос түрүүлж, хэрэглэгчдийн гар дээр очих дараагийн цоо шинэ бүтээгдэхүүн болж магадгүй юм.

АНУ-ын Батлан хамгаалах технологийн стартап болох Anduril Industries компани нь Microsoft корпорацитай хамтран АНУ-ын зэвсэгт хүчний байлдааны зориулалттай шинэ нүдний шилний гүйцэтгэлийг сайжруулах төсөлд(Integrated Visual Augmentation System) оролцож байна. Энэхүү нүдний шил нь цэргүүдэд шөнийн хараа болон агаарын аюулын сэрэмжлүүлэг зэрэг боломжуудыг олгох зорилготой юм. Өмнөх хувилбарууд нь цэргүүдэд толгой өвдөх, дотор муухайрах зэрэг сөрөг нөлөө үзүүлж байсан ч, сайжруулсан, нимгэн загвар нь армийн зүгээс сайшаагдсан байна.

Пентагон ирэх арван жилийн хугацаанд эдгээр нүдний шилийг үйлдвэрлэхэд 22 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд систем нь ирэх жилд болох байлдааны туршилтад тэнцсэн тохиолдолд бүрэн үйлдвэрлэлд шилжих юм. Microsoft компани урьд нь 10 жилийн туршид 120,000 ширхэг тусгайлсан HoloLens шил нийлүүлэх тендерт ялаад байсан боловч өнгөрсөн жилээс үйлдвэрлэлээ зогсоож, 22 тэрбум долларын тендэртээ энэ удаад Anduril компанийн ухаалаг нүдний шилний AI програм хангамжийг нийлүүлэх туслан гүйцэтгэгчээр орох болсон гэнэ. Мөн үүнээс гадна Anduril нь OpenAI компанитай технологийн чиглэлээр хамтран ажиллах гэж байгаагаа оны өмнө зарласан. Компанийн үүсгэн байгуулагч Палмер Лаки нь Oculus VR компанийг үүсгэн байгуулж, улмаар түүнийг Facebook буюу Meta-д 2 тэрбум доллараар 2014 онд зарж, саяхан Meta-аас шахагдан гарсныхаа дараа Anduril компанийг байгуулсан гээд арвин түүхтэй нэгэн юм. Ямартай ч зөгнөлт кинонд гардаг ухаалаг байлдааны нүдний шил бодит амьдралд хэрэгжээд эхэлж байна даа.

Дэлхийн хамгийн том хайлтын систем нь Google байдаг бол манай урд хөршид Google ажилладаггүй учир цаадуул чинь Baidu search-г хамгийн ихээр хэрэглэдэг. Хамгийн их хэрэглэгчтэй хайлтын систем хэдий ч Baidu нь хиймэл оюун ухааны өрсөлдөөнд байр сууриа бэхжүүлэхийн тулд Ernie Bot чатботоо 4-р сарын 1-нээс эхлэн үнэгүй ашиглах боломжтой болгохоор шийдвэрлэжээ. Ernie Bot бол Хятад дотроо л ChatGPT гэж хэлж болохоор хүчирхэг AI модель юм. Ernie Bot нь текст мэдээлэл үүсгэх, асуултад хариулах, эссэ бичих, програмын код бичих, сэтгэн бодох зэрэг өндөр чадвартай AI модель. Гэсэн хэдий ч сүүлийн хэд хоногт DeepSeek, Qwen зэрэг хүчирхэг AI моделиуд гарч ирээд, Хятад төдийгүй дэлхий даяар шуугиулах болсноор Baidu энэхүү үйлчилгээгээ компьютер болон гар утасны платформ дээр үнэ төлбөргүй ашиглах боломжтой болгов.

Baidu нь анх 2023 оны 3-р сард Ernie Bot-оо танилцуулсан боловч хэрэглэгчдийн дунд өргөн хэрэглээнд нэвтрүүлэх гэж хэсэг л хүндрэл туулсан юм. Харин одоо тус компани Ernie Bot-оо үнэгүй болгож, хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн Baidu нь 4-р сарын 1-нээс эхлэн илүү нарийн төвөгтэй даалгавруудыг гүйцэтгэх чадвартай "гүн хайлт" функцээ үнэгүй нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Нэг өгүүлбэрээр

Netflix компани Las Vegas-т өөрийн гэсэн ресторантай болжээ.

Илон Маскийн DOGE яамны ажиллагаа нь АНУ-н түүхэн дэх хамгийн том өгөгдлийн халдлага болж байгаа гэв үү?

AI технологийн чиглэлээрх олон улсын хамтын ажиллагаанд Хятад улс ямар байр суурь баримталж байгаа вэ.

ОХУ-ын Sandworm бүлгийн хакерууд сүүлийн үед барууны орнуудын сүлжээнүүд рүү нэвтэрч эхэлсэн талаар.

Илон Маск OpenAI-г 97 тэрбум доллараар худалдан авах санал тавьжээ.

Аргентинд гарган авсан генийн өөрчлөлттэй морь уралдаанд хэрхэн хурдалж байгаа вэ?

xAI компанийн Grok 3.0 AI чатбот удахгүй гарна.

Цаг сонирхогч блоггер АНУ-ын дэд ерөнхийлөгчийг ухаалаг цагаа тайлахыг зөвлөв.

Хятадын эрдэмтэд эхгүй мөртлөө 2 эцэгтэй хулганын гөлчгий гаргаж авсан гэнэ.( Юу ч болоод байгаан бүү мэд🙄)

OpenAI компани Nvidia-аас чипний хамаарлаа багасгахын тулд TSMC компанитай хамтран ажиллах гэж байна.

За ийнхүү манай товхимол энэ удаагийн дугаараа өндөрлүүлж байна. Гэхдээ Монгол Улсын Үндэсний AI стратеги хаанаа байгаа вэ гэдгийг өдөржин сонссон хүний хувьд үнэхээр чамлалттай санагдсан гэдгийг тэр ЦХХХИЯ-д уламжилмаар санагдаж байна. Хажууд нь хувийн компаниуд үнэхээр алсын хараатай, асуудлаа оновчтой тодорхойлсон харагдсан шүү. Манай үндэсний AI стратеги юу байж болох талаар тусгай дугаар гаргаад нийтэлчихмээр санагдсаныг нуух юун.