Technosphere Товхимол: Дугаар 59

Өглөөний мэнд хүргэе! 11/28 буюу 2024 он 92%-даа орчихсон явна шүү. Өнөөдөр чинь бас Америкт жинхэнэ Black Friday нь эхэлж байгаа юм байна.

AI технологийн эргэн тойронд

Хүн дүрст робот бүтээгч Figure AI компани BMW-н автомашины угсрах үйлдвэрт Figure 02 нэртэй AI роботуудаа ажиллуулж үзэхэд, ажлын хурд 400 хувиар нэмэгджээ. Зөвхөн хурд нэмэгдээд ч зогсохгүй, ажлын алдаагүй гүйцэтгэл ч мөн хүн ажиллаж байх үеийнхээ 7 дахин сайжирсан гэнэ. Энэхүү робот нь 160 см орчим өндөртэй, цахилгаанаар ажилладаг, AI үйлдлийн системтэй бөгөөд нэг цэнэглэлтээр тасралтгүй 5 цаг ажиллах чадалтай юм байна. Дээрх туршилтаас үзэхэд нарийн төвөгтэй гүйцэтгэл, басхүү хурд шаарддаг ажил дээр роботууд хүнийг орлох бүтээмж нэмэгдүүлэх, ажлын гүйцэтгэл чанаржих гээд олон давуу тал үүсгэнэ гэдэг нь харагдаж байгаа юм.

Тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп Америкийн засгийн газрын хиймэл оюун ухаантай холбоотой бодлогыг тодорхойлж, зангидах албан тушаалтан буюу “AI Czar” гэсэн албан тушаал бий болгох сонирхолтой байгаа ажээ. Энэхүү албан тушаалтан нь холбооны засгийн газрын AI-тай холбоотой зохицуулалтыг төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагаанд AI-г нэвтрүүлэх, дэлхий нийтийн AI технологийн өрсөлдөөнд АНУ-ын өрсөлдөх чадварыг хангах үүрэг хүлээх юм. Ерөнхий прокурор зэрэг албан тушаалууд шиг Сенатаар хэлэлцүүлж батлуулахгүй тул энэ албан тушаалтан нь ерөнхийлөгчөөс шууд томилогдож, албан үүргээ шууд гүйцэтгэж эхлэх онцлогтой бөгөөд одоогийн байдлаар хамгийн өндөр магадлалтай хүнээр тэрбумтан Илон Маск яригдаж байна. Учир нь түүний шууд удирддаг компаниуд дээр бүрэн автомат жолоодлого зэрэг амжилттай яваа AI төслүүд хэрэгжсэн тул хувийн хэвшлийн технологи хөгжүүлэлт болон төр засгийн бодлогыг нэгтгэн зангидаж чадахуйц хүн гэж олон хүн үзэж байгаа гэнэ. Энэ албан тушаалд очихгүй байсан ч гэсэн мань хүнийг Трамп DOGE(Department Of Government Efficiency) гэсэн албаны даргаар хэдийн томилно гэдгээ мэдэгдчихээд байгаа билээ.

Технологийн компаниуд

FTC (Federal Trade Commission) буюу АНУ-ын худалдаа бизнесийн асуудал эрхэлсэн агентлаг Microsoft компанийг монополийн эсрэг хууль зөрчсөн эсэхийг шалгахаар болжээ. Эхний ээлжинд FTC тус компанид хандаж, үүлэн технологийн үйлчилгээ, хиймэл оюун ухаан болон цахим аюулгүй байдлын бүтээгдэхүүнүүдийнх нь талаар мэдээлэл авах албан хүсэлт илгээсэн байна. Ерөнхийдөө бол тэд Microsoft өөрийн оффисын програмууд, цахим аюулгүй байдлын програмаа хэрхэн нэг багц болгож зардаг аргачлалыг судлах, мөн AI технологийн салбарт хэрхэн давамгайлж байгаа талаар голчлон сонирхож байгаа аж. Энэ оны эхээр Европын холбооны хяналтын байгууллагаас шалгалт явуулаад, Microsoft Teams программыг Office Word, Excel програмуудтай нэг багцад хамтатган зардаг нь монополийн эсрэг хууль зөрчсөн үйлдэл мөн гэсэн дүгнэлт гаргаж байсан билээ. Хэрэв FTC тэднийг шалгаад, буруутай гэсэн дүгнэлт гаргавал Microsoft зарим бүтээгдэхүүний нэгжүүдээ салгаж зарахаас аргагүй байдалд орж болзошгүй юм.

АНУ-ын NASA агентлаг SpaceX компанитай 256.6 сая долларын гэрээ байгуулж, Санчир гарагийн дагуул Титан дээр амьдрал байсан эсэхийг судлах төсөл хэрэгжүүлэхээр болов. Уг төслийн нэр нь Dragonfly бөгөөд Dragonfly хөлөг нь дроны зарчимаар ажилладаг, цөмийн хөдөлгүүртэй сансрын хөлөг байна гэжээ. Хөлөг Санчир гарагийн дагуул дээр бууж, хөрсний химийн найрлага, хүрээлэн буй орчныг судлах замаар Титан дээр устай холбоотой амьдрал өрнөж байсан уу, эсвэл нүүрсустөрөгчөөр тэжээгддэг амьдрал байсан уу гэдгийг судлах юм. Энэхүү судалгааны нислэг нь 2028 оны 7-р сард SpaceX компанийн Falcon Heavy пуужинг ашиглан, NASA-ийн Kennedy Space Center-ээс хөөрөх ажээ.

AI технологийн хөгжил эрчимтэй явагдсан сүүлийн 2-3 жилд энэ үйл явцаас хамгийн их хожсон компани бол Nvidia. Олон тэрбум параметр бүхий өгөгдөл уншуулж, ачаалж, боловсруулалт хийн, хиймэл оюун ухаан сургах ажлын гол ачааллыг Nvidia компанийн зохион бүтээсэн хэдхэн төрлийн чип үүрдэг гэхэд хилсдэхгүй. AI технологи хөгжүүлэгч томоохон компаниуд харин бүхэл бүтэн салбараараа нэг компаниас хамааралтай болчих эрсдэлээс хамгаалахын тулд дор бүрдээ өөр өөрсдийн чип зохион бүтээх ажилд ороод байгаа. Тэдний буухиаг энэ удаа Amazon үргэлжлүүлэх нь. Amazon одоогоор AWS үйлчилгээндээ Nividia H100 тэргүүтэй AI чип ашигладаг ч яваандаа өөрсдийн гэсэн AI чип зохион бүтээхээр төлөвлөжээ. Үүгээр ч зогсохгүй тэд OpenAI-н гол өрсөлдөгчдийн нэг Anthropic компани 8 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж байгаа.

Нэг өгүүлбэрээр

АНУ FCC (харилцаа холбооны зохицуулах байгууллага) Starlink хиймэл дагуулаас T-Mobile-н гар утас руу шууд холбогдох сүлжээний зөвшөөрөл өгчээ.

Zoom-ийн огцом өөрчлөлт

Samsung Galaxy S24 FE загвар хэрэглэгчдийнхээ хүлээлтэд хүрч чадсангүй.

Bluesky апп шинэ хэрэглэгчдийнхээ тоогоор Threads-ийг давж гарахад ойрхон байна.

OpenAI-ийн хамгийн хүчирхэг o1 модельтой өрсөлдөхүйц open-source AI моделийг Alibaba групп бүтээжээ.

Илон Маскийн OpenAI-тай өрсөлдүүлэхээр бүтээсэн xAI нь гар утасны апп-тай болно.

Алмаазаар хийсэн диск нь мэдээллийг хэдэн сая жил хадгалах чадвартай.

Samsung компани олон чадварт Gauss2 хиймэл оюун ухааны моделийг танилцуулав.

Эцэст нь Хар Баасан гарагийн хямдралд өртсөн технологийн бараануудын жагсаалтыг нэг сонирхоорой.