- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere товхимол: Дугаар 62
Technosphere товхимол: Дугаар 62
CES шоуны эргэн тойронд
1-р сарын 10-ны мэндийг хүргэж, шинэ дугаараараа уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаараа 2025 оны Consumer Electronics Show (CES) болж байгаатай холбогдуулан, уг шоун дээр танилцуулагдсан шинэ технологи, шинэ төхөөрөмжүүдээс товчхон танилцуулахаар шийдлээ. Шоу одоогоор дөнгөж 3 дахь өдрөө үргэлжилж байгаагаас гадна олон зуун шинэ төхөөрөмж танилцуулж байгаа тул зөвхөн одоогийн байдлаар гайхшруулж байгаа шинэ зүйлсийг онцлов.
Хүний биеийг 360° бүтэн скайнердаж, AI-н тусламжтайгаар зүрх судасны эрүүл мэнд, биеийн жин, бодисын солилцооны явцыг тодорхойлох ухаалаг толь Withings Omnia. Энэхүү толь нь Withings брэндийн ухаалаг цаг болон ухаалаг жин хэмжигчээр цуглуулсан өгөгдлийг ч өөртөө нэгтгэн боловсруулах чадвартай юм.
Уг шоун дээр Nvidia-н босс Женсен Хуангийн хийсэн хамгийн сонирхолтой мэдэгдэл бол $3000 үнэтэй Digits нэртэй AI суперкомпьютер байлаа. Nvidia-н GB10 Grace Blackwell Superchip-ээр тоноглогдсон энэхүү компьютер нь 200 тэрбум параметр бүхий AI моделийг бие даан ажиллуулах, секундэд 1 петафлоп буюу 1,000,000,000,000,000 үйлдэл хийх хүчин чадалтай, 4 терабайт хард дисктэй энэ хүчирхэг компьютер танай гэрийн 220 вольтын залгуураар тэжээгдээд ажиллана гээд бод доо.
Based Hardware компани CES дээр $89 үнэтэй Omi хэмээх нэгэн шинэ төхөөрөмж танилцуулав. Omi нь хүний яриаг байнгын чагнах төлөвт ажиллангаа, AI-д суурилсан ухаалаг туслахын үүрэг гүйцэтгэх ид шидтэй юм. Төхөөрөмжийг хүзүүндээ, эсвэл толгойдоо зүүх (шоун дээр танилцуулга хийх үеэрээ тус компанийн үүсгэн байгуулагч Ник Шевченко нь төхөөрөмжөө чамархай дээрээ нааж тогтоосон байсан) байдлаар ашиглана. Бүрэн цэнэгээрээ 3 өдөр ажиллах зуураа төхөөрөмж нь хурал, уулзалтын тэмдэглэл, харилцан яриа зэргийг тэмдэглэж, гар утас, ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогдох боломжтойн дээр AI технологийн 250 гаруй апп-тай зохицон ажиллаж байгаа гэнэ. Яваандаа бодол унших нь цаг хугацааны асуудал биз ээ.
Ажил дээрээ том дэлгэц харж сууж байгаад гэрэтэ зөөврийн компьютерийн дэлгэц харахаар жижиг юм шиг санагддаг уу? Lenovo компани анхны сунадаг дэлгэцтэй лаптопыг CES2025 дээр дэлгэж, олныг гайхашрууллаа. 14 инчийн дэлгэц нь 16,7 инч хүртэл дээшээ өргөгдөж сунадаг энэ лаптоп дээр нэг цонхон дээр мэйлээ нээж тавьчихаад, дээр нь кино үзээд суусан ч болохоор харагдаж байгаа биз? Одоогоор зөвхөн концепт загвар гэж зарлагдсан тул худалдаанд гарах талаар мэдээлэл алга байна. Сурталчилгааны видеог энд дарж үзээрэй.
Жил бүрийн CES шоун дээр БНСУ-н Samsung, LG компаниуд дэлгэцийн шинэ технологио танилцуулж, хүмүүс хамгийн анхны эвхэгддэг, нэвт харагддаг, хуйлдаг дэлгэцүүдтэй танилцдаг байлаа. Харин энэ жил Samsung Display компани нэг төрлийн наашаа төвийдөг дэлгэц бүтээснээ гайхуулав. Бид 3D кино үзэх гэж шил зүүдэг бол энэ дэлгэцээр гарч байгаа зүйлс наашаа 3 хэмжээстэйгээр гарч ирж байгаа юм шиг харагддаг онцлогтой. Учир нь дэлгэц өөрөө үзэгч рүүгээ төвийж харагддаг. Аймшгийн кинон дээр зурагтан дээрх чөтгөр шулам нь наашаа мөлхөөд гараад ирдэг байсан нь одоо 3 хэмжээстэйгээр “амилж” гарч ирэх гээд байх шиг.
Гэртээ робот тоос сорогч ажиллуулж үзсэн бараг бүх хүн тоос сорогчоо оймс, үсний боолт хамаад авчихсан, эсвэл гэрийн таавчиг, хүүхдийн угсардаг тоглоомны нэг блок тойрох гээд тонгочиж явааг харж байсан байх. Харин CES 2025 дээр танилцуулсан Roborock Saros Z70 маркийн тоос сорогч нь замдаа тээглэсэн эд зүйлсийг тусгай гарны тусламжтайгаар хавчиж аваад, ардаа тавьдаг тул жижиг сажиг сааданд ажрахгүй бололтой. Танилцуулга видеог энд дарж үзнэ үү.
Японы автомашин үйлдвэрлэгч Honda компани 0 (Zero) цувралын хоёр шинэ автомашины төсөөллийн загвараа олонд толилуулсан байна. Нэрийн хувьд мэдээж хүлэмжийн хийн ялгаруулалт 0 гэсэн утгаар Zero гэсэн нэрийг сонгосон болов уу. Тэд Space-Hub төсөөллийн загвар бүхий Honda 0 SUV нэртэй, бидний нэрлэж заншсанаар жийп ангиллын машин болон Honda 0 Saloon нэртэй 4 хаалгатай седан загвар тус тус танилцуулсан ч эдгээр нь зөвхөн туршилтын загвар учир үйлдвэрлэлд 2026 оноос нааш нэвтрэхгүй гэж мэдээлсэн байна. Эдгээр машинууд нь Honda компанийн өөрийн хөгжүүлсэн Asimo OS үйлдлийн системтэй нэгтгэгдэн ажиллах ажээ.
Lenovo компани гарт багтдаг зөөврийн тоглоомын комьютер бүтээжээ. PSP, Nintendo зэрэг бидний хуучны танилуудаас ялгаатай нь энэхүү төхөөрөмж нь илүү том, илүү хүнд (бараг л 720 грамм) жинтэйгээс гадна SteamOS болон Windows үйлдлийн системтэй гарна гэж тэд мэдэгдсэн. 1280Hz дэлгэцтэй,, 1920×1200 нарийвчлалтай, 55Wh батарейтэй энэ тоглоомын SteamOS хувилбар 499 доллараар зарагдах бололтой. Харин удахгүй худалдаанд түрүүлж гарах Windows хувилбар нь 32GB of RAM болон 1TB багтаамжтайгаар, 729 долларын үнэтэй зарагдана гэжээ.
Автомашин үйлдвэрлэгч BMW компани машин жолоодлогыг цоо шинэ түвшинд гаргах нэгэн шинэ технологи танилуулсан нь маш их анхаарал татлаа. Машины салхи шилний доод талд бүтэн сунаж байрласан Heads-up display (HUD) дээр машины хурд, моторын заалт, гүйлт зэргээс гадна навигаци, замын тэмдэг, тэмдэглэгээ, цахилгаан хөдөлгүүрийн батарейн цэнэг зэрэг чухал заалтууд харагдах аж. Энэ оны эцсээр худалдаанд гарах BMW X-class SUV ангиллын машинуудад энэ гайхалтай дэлгэцийг суулгах юм. Мөн салхины шилэн дээрх тусгай наалт нь шилийг дэлгэц мэт харагдуулж, замын эгнээ шугам, хөдөлгөөний чиглэл зэрэг нэмэлт мэдээллүүдээр жолоочийг хангана гэнэ. Танилцуулга видеог энд дарж үзнэ үү.
CES 2025 шоуны үеэр ухаалаг нүдний шилнүүд олон харагдаж байгаа ч Хятадын RayNeo компанийн танилцуулсан ухаалаг нүдний шилийг онцолж байна. Бусад AR буюу ухаалаг нүдний шилнүүдийг зүүхэд энгийн шилнээс хавьгүй хүнд, эвгүй санагддаг бол RayNeo X3 Pro шил нь яг л энгийн нүдний шилний рам шиг хөнгөн гэдгээрээ онцлог. Meta компанийн шилнүүд шиг нүдний шил рүүгээ бяцхан проекторын тусламжтайгаар AR дэлгэц цацаж харуулдаг бөгөөд өнгө дүрс ялгарлын хувьд хангалттай тод ажээ. Уг шил нь ChatGPT-д суурилсан AI чатботтой харилцах, хүний яриаг шууд өөр хэл рүү текст болгон орчуулж харуулах, нүдэнд харагдаж байгаа хаяг текст зэргийг шууд орчуулах чадвартай зэрэг нь AI технологи бүхий AR(Augmented Reality) шилэнд байх ёстой чадваруудыг бүгдийг багтаасан шил болжээ.
За тэгээд эдгээрээс гадна
Дэлхийн анхны 500 ваттын цэнэглэгч
зэрэг болон бусад олон төрлийн мэдээллүүдийг манай товхимлоос болон сошиал сувгуудаас маань олж уншаарай.