- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere товхимол: Дугаар 55
Technosphere товхимол: Дугаар 55
Өглөөний мэнд. 55 дахь дугаар маань ийнхүү уншигчдын гар дээр очлоо.
AI технологийн холбогдолтой мэдээллүүд
Generative AI технологи бий болсноор AI ашиглан бүтээсэн зураг дүрслэл тоймоо алдаж, видео, дуу бичлэгүүдийг хүртэл хиймэл оюун ухаан ашиглан бүтээдэг болоод байгаа. Аль нь бодит хүний бүтээл, аль нь AI-н бүтээл вэ гэдгийг ялгахад тусалдаг watermarking технологи болох SynthID-г хөгжүүлэгч Google DeepMind компани өөрсдийн бүтээлээ open-source болгож, бусад компаниуд ч тэдний бүтээлийг аливаа нэгэн контентыг AI бүтээсэн шүү гэж “тамгалах” болон AI бүтээсэн контент гэдгийг илрүүлж, танихдаа чөлөөтэй ашиглахыг зөвшөөрсөн байна. Тэдний зүгээс өөрсдийн технологийг энэ салбарын watermarking технологийн стандарт болгон хэвшүүлэх зорилготой аж. Одоогоор Google компани SynthID-г Gemini, ImageFX, VideoFX, болон Vertex AI хэрэгслүүд дээрээ нэвтрүүлэн ашиглаж байгаа гэнэ.
AI технологийн Runway компани нэгэн шинэ бүтээлээ танилцууллаа. Компьютер график ашиглан кино бүтээхийн тулд жүжигчний бие, эсвэл нүүрэн дээр олон тооны мэдрэгч суулгаж, хөдөлгөөний mapping хийдэг байсан бол Act-One нэртэй энэхүү шинэ хэрэгсэл нь хүний царай орсон ганц видео болон дэлгэцэнд бүтээх гэж байгаа баатрын зураг хоёрыг ашиглан, хүний нүүрний булчингийн хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийн илэрхийллийг mapping хийх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, бодит хүний бичлэг дээрх нүүрний хувирлыг AI-аар бүтээсэн хүүхэлдэйн юм уу, анимэйшний баатарт шууд суулган, хөдөлгөх яриулах боломжийг олгож байна гэсэн үг. Үүний тулд эхлээд AI технологи ашиглан, character буюу дүрээ үүсгэх бөгөөд нэг хүний нүүрний хувирлыг хэдэн ч AI дүрд ашиглаж болох ажээ. Мэргэжлийн уран бүтээлчид Animation кино хийх гэж маш их хүч хөдөлмөр, цаг зарцуулдгийг технологийн хөгжлийн ачаар ийнхүү хөнгөвчлөх бололтой. Гэснээс Runway компани Lionsgate кино компанитай технологийн хамтын ажиллагаа эхлүүлснээ бас зарлаад амжсан байсан шүү.
Технологийн компаниуд
Байнга л SpaceX, Tesla-г бичиж байна гэж юу байхав, өрсөлдөгчдийг нь хааяа бас дурдана аа 😂 Jeff Bezos-н үүсгэн байгуулсан Blue Origin компанийн New Shepard хөлөг ээлжит нислэгийн туршилтаа (Mission NS-27) амжилттай хийж, мөн л “хөл дээрээ” буулаа. Сансрын тойрог замд хараахан гарч чадахгүй, наахнуур нь эргэлдээд байгаа тэдний нислэг энэ удаа 101 километр өндөрт хүрээд буцсан нь өмнөх туршилтаасаа арай бага үзүүлэлт юм. Техникийн саатлаас болж, хэд хэдэн удаа саатсан уг туршилт нислэг нь нисгэгчдийн баггүй хийгдсэн бөгөөд Booster 5 пуужин, RSS Kármán Line сансрын хөлөг, өндөршил хэмжигч, байршил тогтоогч, гэрэл дулааны мэдрэгч зэрэг хэд хэдэн төхөөрөмжийг сансрын орчинд бодитоор турших гол зорилготой байжээ. Үүнээс гадна мэдээж хэрэг пуужингаа дахин ашиглах боломжийг туршин сайжруулахаар ажиллаж байгаа билээ. Мөн тэд 11-р сард өөрсдийн бүтээсэн New Glenn пуужингаар дэлхийгээс 45000 тонн ачаа хөөргөж, SpaceX Falcon 9-н амжилтыг эвдэхээр зэхэж байгаа ажээ.
Их Британид бүртгэлтэй Arm Holdings компани чипний дизайн архитектур гаргаж, Qualcomm зэрэг компаниуд эдгээр архитектур дизайныг лицензийг нь төлбөртэй ашиглаж, мөн өөрийн компанийн зохион бүтээсэн нэмэлтүүдээ суулгах замаар чип, хагас дамжуулагч бүтээдэг. Гэвч Qualcomm нь 2021 оны 1-р сард чип зохион бүтээгч Nuvia компанийг худалдан авснаар Arm, Qualcomm-н зөрчилдөөн эхэлжээ. Өмнө нь Apple компанийн силикон чипний хэлтэст ажиллаж байсан инженерүүд үүсгэн байгуулсан Nuvia компанийг худалдан авч, өөртөө чипний дизайн зохион бүтээх хэлтэстэй болсноор Qualcomm компанийг өөрсөдтэй нь байгуулсан лицензийн шаардлагаа зөрчсөн гэж Arm компани үзэж байгаа юм. Иймээс тэд 2021 оны худалдан авалтаас өмнө Nuvia-н зохион бүтээсэн бүх дизайныг устгахыг шаардсан ч, Qualcomm ч, Nuvia ч ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй тул лицензийн гэрээгээ цуцалж, Arm-н зохион бүтээсэн архитектурыг чип, хагас дамжуулагчдаа ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ.
Нэг өгүүлбэрээр
Anthropic AI компьютерийг яг л хүн шиг удирдаж, ажиллуулах чадвартай болжээ.
Apple компани Image Playground, ChatGPT, Genmoji зэрэг Apple Intelligence бүхий Beta update for developers гаргалаа.
Tesla компани Robotaxi буюу автомат жолоодлоготой машины үйлчилгээгээ Bay Area орчимд өөрийн компанийн ажилчдыг ажил гэрийн хооронд зөөх байдлаар туршиж байгаа гэнэ.
Бизнесийн хэрэгцээнд зориулан гаргасан IBM Granite AI моделийн талаар
OpenAI-н экс ажилтан шүгэл үлээв.
Boeing онгоцны үйлдвэрийн 35000 ажилтан, цалинг 35% нэмэгдүүлэх компанийн саналыг хүлээж авалгүй, ажил хаялтаа үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.
Apple компани зөвхөн тоглоомонд зориулсан Game App Store хөгжүүлж байна.
Хувцасны загвар зохиочихоод, эсвэл бэлэн хувцас борлуулах гэтэл модельд өмсгөсөн зураг хэрэг болоод байвал энэ AI хэрэгслийг ашиглаж болох нь байна шүү.
Хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэхдээ бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж байгааг эсэргүүцсэн ил захидалд 10 мянга гаруй уран бүтээлчид нэгдсэн байна.
iPhone 16 загварын гар утасны үйлдвэрлэлийн захиалгаа Apple компани 10 сая ширхэгээр бууруулжээ.
Манай энэ удаагийн дугаарыг энэ хүртэл уншсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье!