• TechnoSphere товхимол
  • Posts
  • Хулгайн Office програмын бодит үнэ: Лицензийн мөнгө хэмнэж байна уу, эсвэл эрсдэл худалдаж авч байна уу?

Хулгайн Office програмын бодит үнэ: Лицензийн мөнгө хэмнэж байна уу, эсвэл эрсдэл худалдаж авч байна уу?

Өглөөний постны текст формат алдаатай болсон тул ахин илгээж байна. Уучилж ажаамуу.

Хэдэн сарын өмнө бичиж, хүмүүсийг хөөрхөн маргалдуулсан, өөрөө ч янз бүрээрээ хэлүүлсэн сэдвээрээ нэг нийтлэл бичиж оруулахаар шийдлээ. Маргаан нь юу байсан бэ гэхээр эхлэл нь тун энгийн асуулт байлаа.

“Хэдэн сая төгрөгийн үнэтэй компьютер худалдаж авсан хүмүүс яагаад Microsoft Office-ийн албан ёсны лиценз авах дургүй байдаг юм бэ? Яагаад энэ групп дээр дандаа лицензгүй оффис суулгаад өгөөч гэсэн пост ордог юм бэ? Энэ чинь харьцангуй хямдхан шүү дээ”

Хүмүүс ч янз бүрээр хариулах юм аа. Хариултууд харин их удалгүй технологийн асуудлаас хальж, үзэл санааны маргаан болж хувирсан юм. Зарим нь "Microsoft шиг их наядын үнэлгээтэй баян компаниудад нэмж мөнгө төлж баяжуулах нь хэнд хэрэгтэй юм бэ, Subscription model is evil" гэж эсэргүүцсэн бол, нөгөө хэсэг нь "Хүний бүтээсэн оюуны өмчийг ашиглаж байгаа бол төлбөрөө төлөх нь зүй ёсны хэрэг" гэсэн байр суурьтай байв. Мөн "Монголчууд ядуу байна, сар бүр доллар төлөх боломжгүй" гэсэн эдийн засгийн бодит үнэнийг ч хөндөж байлаа.

Нэг хэсэг нь өнөө маргаашаа яая гэж байгаа хүмүүсээс лиценз нэхэх гэлээ гэж байхад, нөгөө талаас тийм хүмүүс хамгийн багадаа 1 сая төгрөгийн үнэтэй MacBook авч чадах уу гэж байх жишээний.

Гэхдээ энэ бүх маргааны дунд нэг чухал зүйл орхигдоод байгаа. Тэр нь кибер аюулгүй байдал.

Монголд Windows болон Office-ийн лицензийг тойрч гарах (зальдах) зориулалттай KMSPico, AutoKMS, Microsoft Toolkit зэрэг хэрэгслүүдийг ашиглах нь нэгэнт энгийн үзэгдэл болжээ. Дээр өгүүлсэнчлэн, оффис үнэгүй суулгамаар байна гээд пост оруулахад хариуд нь тэр доор нь “Ийм утсаар холбогд, лиценз хямдхан аргалаад өгнө“ гээд л коммэнт ороод ирнэ. Компьютер засварын газруудаас эхлээд оюутнууд , бүр албан байгууллагууд хүртэл ийм "крак"-тай Office programs өргөнөөр ашиглаж байна.

Асуудал нь эдгээр tools/хэрэгсэл ёс суртахууны хувьд зөв эсэхдээ биш юм аа. Харин үүнийг ашиглах үед хэрэглэгч өөрийнхөө хувийн болон албаны мэдээллийг ямар эрсдэлд оруулж байгаагаа анзаардаггүйд л байгаа юм. Тэрнээс биш хүн хувийнхаа компьютер дээр юугаа суулганав, хэнд хамаатай.

"Үнэгүй идэвхжүүлэлт" гэж яг юу вэ?

Microsoft өөрөө томоохон байгууллагуудад зориулж Key Management Service буюу KMS нэртэй лицензийн системийг нэвтрүүлжээ. Энэхүү систем нь олон мянган компьютертэй том компаниудад лицензийн удирдлагыг төвлөрүүлж, дотоод сүлжээн дэх серверээр дамжуулан идэвхжүүлэх зориулалттай хууль ёсны технологи юм.

Харин интернэтээр тархсан KMSPico, AutoKMS зэрэг хэрэгслүүд энэ механизмыг дуурайж ажилладаг онцлогтой. Энгийн хэрэглэгчийн хувьд үүнийг суулгаж ашиглах үйл явц маш энгийн:

  1. Файл татна.

  2. Антивирусаа түр унтраана.

  3. Администратор эрхээр ажиллуулна.

  4. Office идэвхжсэн харагдана.

Үйл явц ингээд дуусч байгаа мэт санагдавч, яг энэ мөчөөс эхлэн хэрэглэгч системийнхээ өөрийн компьютер дээрх хамгийн өндөр хэрэглэгчийн эрхийг интернэтээс олж ирсэн, хэн бичсэн нь тодорхойгүй нэг код, нэг програмд сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг.

"Өчнөөн л ашиглалаа. Надад юу ч тохиолдоогүй" гэдэг төөрөгдөл

Энэ сэдвийг дурдахад хамгийн түгээмэл сонсогддог зүйл бол "Би олон жил крак ашигласан, ямар ч асуудал гарч байгаагүй" гэдэг үг.

Нэг зүйлийг ойлгох хэрэгэтй. Орчин үеийн халдлагын зорилго 20 жилийн өмнөх шиг компьютер гацаах, систем эвдэх нэгэнт биш болжээ. Халдагчид компьютерийг чимээгүйхэн ашиглах тусам тэдэнд ашигтай. Файл систем эвдээд, барьцаалаад байвал хэрэглэгч магадгүй зүгээр л форматлаад л хаяна. Харин үүний оронд тэд нууцаар компьютерт нэвтэрч доор мэдээллүүдийг хайж олно.

  • Браузерт хадгалсан нууц үгс,

  • Онлайн банк болон криптовалютын хэтэвчний (Wallet) мэдээлэл,

  • Microsoft 365, Google, Facebook эсвэл Telegram-ийн тухайн нэвтрэлтийн токенууд (Session cookie) юм.

Хэрэглэгч компьютер нь хэвийн ажиллаж байна гэж бодон тайван суух зуур, цаана нь мэдээлэл хулгайлах програмууд (Info-stealers) ажиллаж байдаг. Тухайлбал, 2021 онд аюулгүй байдлын судлаачид KMSPico-ийн нэрийн дор тархсан installers дотор CryptBot гэх мэт нууц үг, крипто хулгайлдаг хортой програм нуугдаж байсныг илрүүлж байв. Зарим тохиолдолд 10 долларын лицензээс зугтаж байгаад хэдэн мянган долларын крипто эсвэл хувийн хаяг, мэдээллээ алдсан тохиолдлууд цөөнгүй байдгийг дэлхийн өнцөг булан бүрт нийтлэгдсэн кибер аюулгүй байдлын тайлангууд сануулсаар байдаг.

Антивирус яагаад “шавар болоод” байдаг юм бэ?

Зарим хүмүүс KMS мэтийн crack суулгахад гарч ирдэг Defender-ийн анхааруулгыг хараад "Microsoft Defender бол угаасаа Microsoft Office-ийг хүчээр төлбөртэй ашиглуулах гэж бүтээгдсэн учраас намайг Crack уншуулахад саад болж байна“ гэж боддог.

Гэтэл Microsoft Defender болон бусад антивирусууд AutoKMS зэрэг хэрэгслүүдийг HackTool эсвэл Riskware гэсэн ангилалд хамааруулж илрүүлдэг. Учир нь эдгээр хэрэгсэл нь системийн хамгаалалтыг тойрч гарахын тулд вирустэй ижил аргачлалаар (систем файлуудыг өөрчлөх, background process үүсгэх) ажилладаг бөгөөд нээлттэй эх сурвалжаас татагдах явцдаа өөр дээрээ нэмээдmalware "чирээд" ороод ирэх магадлал хамгийн өндөр байдаг.

Жинхэнэ асуудал юунд байна вэ?

Өнөөдөр "Монголчууд нийтээрээ ядуу учраас лиценз авах боломжгүй" гэдэг аргумент тавигдаж байна. Байж болохоор. Угаасаа бүх хүн албан ёсны төлбөртэй програмуудад мөнгө төлөх боломжгүй байж болно, ОК.

Гэхдээ сонголт зөвхөн "Үнэтэй лиценз" эсвэл "Эрсдэлтэй крак" гэсэн хоёрхон зүйлээс бүрдэхгүй шүү дээ. Өнөөдөр ямар ч мөнгө төлөхгүйгээр хууль ёсоор ашиглаж болох LibreOffice, OnlyOffice, Google Docs, Microsoft Office Online гээд маш олон үнэгүй, нээлттэй эхийн эсвэл онлайн, бүрэн ажиллагаатай оффисын програмын хувилбарууд байна. Эдгээрийг ашиглахад бол ямар нэгэн кибер эрсдэл үүсэхгүй.

Хэрэглэгчид дөрвөн сая төгрөгийн үнэтэй орчин үеийн нөүтбүүк худалдаж авчихаад, түүндээ албан ёсны хамгаалалт, програм суулгахгүйгээр интернэтийн гудамжнаас хэн бичсэн нь мэдэгдэхгүй "үнэгүй" файл татаж суулгаж байгаа нь өөрөө эрсдэлийг өөрсдөө дуудаж буй хэрэг юм.

Дүгнэлт юув?

KMS крак ашиглах асуудал бол том корпорацуудыг дэмжих эсэх тухай эдийн засаг, үзэл суртлын маргаан биш юм аа.

Энэ бол дэндүү энгийн сонголт: Та интернэтийн хаа нэгтээгээс олсон, антивирус унтраахыг шаарддаг, администратор эрх нэхдэг програмыг өөрийн компьютер дээрээ ажиллуулах нь яг зүгээр үү?

Хэрэв тийм гэж үзэж байгаа бол та лицензийн мөнгө хэмнэж байгаа хэрэг биш, харин өөрийнхөө дата, хувийн амьдрал, цаашлаад ажил бизнесийн аюулгүй байдлыг эрсдэлд тавьж байна гэсэн үг. Найз охинтойгоо бичсэн дотно чаат чинь хүртэл нэг танихгүй сахалтай юмны гарт орно гээд төсөөл дөө.

Технологийн ертөнцөд хамгийн үнэтэй зүйл нь програмын лиценз хэзээ ч байгаагүй шүү. Харин "үнэгүй" гэж бодож алдсан хувийн мэдээлэл, үнэ цэнтэй дата тань л хамгийн өндөр өртөгтэй зүйл болж хувирдаг шүү.