Ondo Space хиймэл дагуул маргааш өглөө сансарт хөөрнө

Технологийн салбарын шинэ мэдээллүүд

Өдрийн мэнд ✌️

Бид 2 долоо хоногийн өмнөх дугаартаа “Ондо компани сансарт хиймэл дагуул хөөргөх гэж байна, хөөрөхөд 8 хоног дутуу байна” гэж мэдээлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Уг хөөрөлт маань хойшилж, маргааш өглөө 6 цагт хөөрөх нь бараг баталгаатай болсон тул Ондо Спэйс ХХК-иас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, манайхыг урьсан билээ.

Нислэг маргааш өглөө манай цагаар 6:05 орчимд хөөрнө гэж Spacelaunchschedule вэбсайт дээр тэмдэглэсэн бөгөөд countdown хэвийн ажиллаж байна.

АНУ-ын Калифорни мужийн Ванденберг сансрын хүчний баазаас SpaceX компанийн пуужингийн Transporter-10 дугаартай аяллаар уг хиймэл дагуулууд тойрог замд гарах учиртай. Нислэгийн талбайд Ондо компанийн үүсгэн байгуулагч Ч. Анар болон Ондо Спэйс компанийн үүсгэн байгуулагчдын нэг, CEO Б. Алтаншагай нар очсон байгаа юм. Тухайлбал Алтаншагай нь өөрийн Твиттер хаягаар өнөөдөр оруулсан жиргээндээ OWL хиймэл дагуул пуужинд бэхлэгдсэн зургийг авч оруулжээ.

Уг нислэгээр нийтдээ 48 хиймэл дагуул тойрог замд гарах бөгөөд та бүхэн дараах жагсаалтаас дэлгэрүүлж харна уу.

Сансрын нислэг нь дан ганц техникийн бэлэн байдлаас гадна цаг агаарын нөхцөл байдлаас нэн их хамаардаг тул 1-нд хөөрөх ёстой байсан нислэг хойшилсон гэж компанийн удирдлагууд мэдээлсэн юм. Уг хэвлэлийн хурал дээр Ондо ХХК-гийн Гүйцэтгэх захирал Б.Мандуул, хууль эрх зүй хариуцсан захирал Ц.Одмаа, болон Ондо Спэйс компанийн Мэдээлэл Хариуцсан Захирал Д.Эрдэнэбаатар, Ондо Спэйс компанийн Технологи хариуцсан захирал Д.Амартүвшин нар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Ташрамд дурдахад, Д.Эрдэнэбаатар, Д.Амартүвшин нар нь Японы Кёшүгийн их сургуулийн сансрын инженерчлэлийн доктор, Монголын анхны хиймэл дагуул болох “Мазаалай” төслийн багийн инженерээр ажиллаж байсан туршлагатай судлаачид билээ.

Тийм ч учраас ONDO Owl-1, Owl-2 хиймэл дагуулын сансрын орчны туршилтыг Японы Кюшүгийн их сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу KyuTech-ийн лабораторид хийж ийнхүү тойрог замд гарахад бэлэн болоод байгаа нь энэ юм.

Туршилтын хиймэл дагуулууд үүргээ амжилттай гүйцэтгэж, арилжааны бүтээгдэхүүн болох босгоо давах юм бол цаашлаад уг технологио ашиглан дэлхийн аль ч өнцгөөс богино хэмжээний буюу текстэд суурилсан мэдээлэл дамжуулах, газрын харилцаа холбооны дэд бүтэцтэй уялдан ажиллаж уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, онцгой байдал болон батлан хамгаалах, машин хоорондын харилцаа /M2M/, юмсын интернэт /IoT/ зэрэг салбаруудад технологийн томоохон дэвшил, шинэ боломжуудыг нээх ажээ.

Тухайлбал, уул уурхайн салбарт хүнд машин механизмын хяналт удирдлага, байршил тогтоох систем, мал сүргийн байршил хяналт зэрэг шийдэо санал болгох бөгөөд эдгээрийг дагасан эдийн засгийн боломж, бизнесүүд бий болох нь цаг хугацааны асуудал ажээ. Үүнээс гадна, сансар судлалын чиглэлээр суралцдаг, судалгаа хийдэг оюутан залуус, судлаачид маань эх орондоо Монголынхоо компанийн төсөл дээр ажиллаж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, туршлага солилцох шинэ боломж үүсэх юм.

Мөн тус компанитай нэгэн гэр бүлд багтдаг Андореан ХХК болон Ондо ХХК нь хөөргөх хиймэл дагуулуудтай холбогдох газрын станц болон сүлжээний холболт, IoT төхөөрөмж, бизнесийн шийдлүүдийг нийлүүлэх бөгөөд бүгдээрээ нэгэн цогц экосистем болох ажиллах алсын хараатай юм байна.

Цаашид тус компани бүх үйлчилгээгээ жигдрүүлж, хангалттай туршлага хуримтлуулсны дараа хиймэл дагуулд суурилсан бизнес эрхлэх, үйлчилгээ үзүүлэх сонирхолтой компаниудад консалтинг, аутсорсингийн үйлчилгээг ч үзүүлэх боломжтой болно гэж итгэж байгаагаа мэдэгдсэн юм.

Монголын анхны сансрын бизнесийг эхлүүлж буй Ондо Спейс ХХК-ний хамт олонд энэхүү өндөр технологийн салбарт хөл тавьсанд нь халуун баяр хүргэж, өндөр амжилт хүсэн ерөөе! 🚀🚀🔥🔥🔥