- TechnoSphere товхимол
- Posts
- OpenAI-д юу болов & бас бус
OpenAI-д юу болов & бас бус
Техник технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр
Technosphere товхимол: Дугаар 11
Хавь ойрд үзэгдээгүй хахир хүйтэн өглөөний мэнд ээ. Өвлийн хүйтэн ид эрчээ авч байгаа ч технологийн ертөнц бараг л буцлам халуун үйл явдлуудаар дүүрэн байна шүү.
OpenAI-д юу болов?
Давын өмнө сануулахад, та бүхэн ихэнх нь сонсоод өнгөрсөн байж болох ч энэ бол зайлшгүй энд багтах ёстой мэдээлэл гэдгийг тодотгомоор байна. Хиймэл оюуны салбарын томоохон тоглогчдын нэг OpenAI компани өнгөрсөн баасан гарагт гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Сэм Олтманыг ажлаас нь халж олныг гайхшруулав. Энэ шийдвэрийг компанийн удирдах зөвлөл гаргасан бөгөөд, үүгээр ч зогсохгүй УЗ-ын дарга Грег Брокманыг ч суудлаас нь буулгажээ. Ингээд компанийн CTO Мирай Мурати гэх бүсгүйг түр CEO-р томилов.
Хамгийн гайхалтай нь компанийн хамгийн том хөрөнгө оруулагч Microsoft компани энэ талаар ямар ч мэдээлэлгүй байж байгаад, шийдвэр гарсны дараа олж мэдсэн гэнэ. Улмаар тус компанийн CEO Сатъя Наделла OpenAI-н УЗ-д хандаж, шийдвэрээ эргэн харахыг хүссэн ч бүтэлтэй юм болсонгүй. Сэм Олтмэн эргэж ирэх тохиолдолд УЗ бүрэлдэхүүнээрээ огцрох нөхцөл байдал үүссэн учир тэд ч тийм амар суудлаа тавиад өгөхийг хүсэхгүй нь мэдээж. Цахим орчинд Сэмийн бичсэн жиргээнд OpenAI-н олон зуун ажилтнууд хариу үлдэл үзүүлж, ажилтнууд байхгүй бол OpenAI байхгүй гэсэн жиргээгээр давалгаалав. Энэ нь хэрэв Сэм Олтмэн, Грег Брокман хоёр AI чиглэлийн шинэ компани байгуулбал ажилтнууд нь тэр хоёрыг дагах өндөр магадлалтайг харуулсан үйл явдал болсон.
Эцэст нь талууд тохиролцоонд хүрээгүй учир дээрх хоёр эрхмийг Microsoft шүүрэн авч, ахисан түвшний AI судалгааны баг ахлуулахаар болж, нилээн хэдэн ажилтан тэр хоёртой цуг MSFT рүү орж байгаа мэдээлэл байна. OpenAI-н түр CEO Мурати нь Сэмийг буцааж авчрах санаатай байсан учир түүнийг сольж, Twitch-ийн үүсгэн байгуулагч, CEO асан Эммет Шийр гэдэг эрхмийг энэ албан тушаалд тавиад байгаа.
Болж өнгөрсөн үйл явдлын хувьд нэг иймэрхүү дүр зурагтай байгаа ч учир шалтгаан, зангилаа юундаа байв гэсэн асуулт нээлттэй үлдээд байгаа. Зарим хүмүүс ChatGPT 5-г гаргах эсэх дээр OpenAI-н удирдлагууд санал зөрсөн гэж таамаглаж байгаа бол зарим нь анх ашгийн бус зорилгоор байгуулагдсан OpenAI-г Сэм Олтмэн мөнгөний машин болгож хувиргах гэснээс боллоо ч гэж үзэж байгаа улсууд байна. Аль эсвэл бүр хиймэл оюуны цаашдын чиг хандлага, гүйцэтгэх үүрэг, эрсдэл дээрх ялгаатай байр сууриуд ийм үйл явдалд хүргэлээ гэсэн таамаг ч энд тэнд харагдсан.
Ямартай ч энэ үйл явдлууд дундаас хамгийн их хожиж гарсан нь яах аргагүй Microsoft байгаа бол хохирч дуусах нь OpenAI бололтой. Учир нь нийт 770 гаруй ажилтнуудынх нь 700 гаруй нь удирдах зөвлөлөө огцруулах шаардлагад гарын үсэг зурчихаад байна. Microsoft-ын хувьд AI хөгжүүлэлтэд шаардлагатай хамгийн том дэд бүтцийг эзэмшдэг байсан бол энэ удаа уураг тархийг нь “эзэмдэж” чадах шиг боллоо. Угаасаа ч тэд энэ салбарын холын ирээдүйг олж харсны үндсэн дээр OpenAI-д 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байлгүй.
PS: Яг одоогийн байдлаар, Sam Altman компанидаа буцаж захирлаар ирэх тухай яригдаж, өөрөө ч энэ талаар олон нийтийн сүлжээнд бичиж байна. Мэдээж тэр буцаж ирвэл шинэ УЗ томилогдож таарна
SpaceX түүх бүтээлээ
Дээр дурдсан OpenAI-н дуулианд бага зэрэг эрчээ алдсан байж мэдэх өөр нэгэн дуулиант мэдээ бол SpaceX компани Starship хөлгөө “амжилттай” хөөргөсөн явдал байлаа. Ингэж тодотгохын учир нь Starship хөлөг хөөрч, өндрөө аваад, хөөргөгч Super Heavy бүүстэр салсныхаа дараахан дэлбэрсэн(угтаа бол бусад пуужингууд шигээ хөлөөрөө бууж ирэх ёстой байсан байх) бол хөлгийн толгой хэсэг нь болох Starship цаашаа үргэлжлүүлэн хөөрсөн билээ. Гэвч хөлөг төлөвлөсөн өндөртөө гарч чадалгүй мөн л дэлбэрсэн бөгөөд инженерүүд хөлөг өөрийгөө устгах горимд эрт шилжсэнээс болсон гэсэн тайлбар өгсөн юм.
Starship нь түүхэн дэх хамгийн том, хамгийн хүчтэй сансрын хөлөг болж бүтээгдэж байгаа бөгөөд Super Heavy бүүстэр нь 33 ширхэг Raptor тийрэлтэт хөдөлгүүртэй, нийт хөлгийн өндөр нь 122 метр өндөр гэдгээс харагдана. Энэ хүчирхэг хөлгийг ирээдүйд хүн төрөлхтөн Ангараг гараг дээр буух, нарны аймгийн бусад гарагуудыг судлахад зориулан бүтээж байгаа гэж компанийн захирал, тэрбумтан Илон Маск мэдэгдэж байсан удаатай.
Cruise компанийн удирдлагууд мөн ажлаа өгөв
General Motors Компанийн эзэмшдэг, автомат жолоодлоготой машин хөгжүүлэгч Cruise компанийн захирал Каил Вогт 10 жил хашсан албан тушаалаа хүлээлгэн өгөөд нэг ч хоноогүй байхад мөн тус компанийн хамтран үүсгэн байгуулагч, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ахлах Даниел Кан ажлаасаа гарч байгаагаа мэдэгдлээ. Энэ асуудлын шалтгаан нь сар орчмын өмнө болсон харамсалтай үйл явдал бололтой. Cruise компанийн автомат жолоодлоготой автомашин явган зорчигчийг мөргөж, дээгүүр нь дайрсан хэрэг Сан Франциско хотод гарч, шуугиан дэгдээсэн билээ. Ослын дараах хэвлэл мэдээлэл, олон нийттэй хийх харилцаа маш их асуудалтай байсан нь дээр дурдсан эрхмүүдийн ажлаа өгөх шалтгаан байсан гэж үзэж байна.
Нэг өгүүлбэрээр
АНУ-ын засгийн газрын хэрэгжүүлж буй нууц хөтөлбөрийн дагуу хууль сахиулах байгууллагууд энгийн иргэдийн утасны ярианы өгөгдөлд нэвтрэх эрхтэй болжээ.
Apple компани iOS 17.1.2 хувилбарыг дотооддоо туршиж байгаа ба Талархлын баярын дараа татахад бэлэн болгоно.
Цагаан ордон АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарт Threads хаяг нээж өгчээ.
Хүний гартай ижилхэн судас, шөрмөстэй хиймэл гарыг бүтээжээ.
Илон Маскийн X компани Media Matters for America ТББ-г бизнесийн нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өглөө.