- TechnoSphere товхимол
- Posts
- Samsung Galaxy Unpacked ба бусад мэдээлэл
Samsung Galaxy Unpacked ба бусад мэдээлэл
Техник технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр
Өглөөний мэнд! Олон сонирхолтой үйл явдал болж өнгөрсөн 7 хоног байлаа. Ялангуяа урьд шөнө зохиогдсон Galaxy Unpacked бол яах аргагүй хүлээлт үүсгээд байсан арга хэмжээ мөн үү, гэвэл мөн шүү дээ. Ингээд мэдээлэл рүүгээ орцгооё.
AI технологи
Microsoft Copilot чатботын төлбөртэй хувилбар буюу Copilot Pro-г гаргаж байгаагаа зарлав. Microsoft 365 Personal болон Family үйлчилгээний хэрэглэгчид сар бүр 20 доллар төлснөөр Copilot Pro-г ашиглаж болно. Про биш энгийн Copilot-ийг жижиг бизнесийн хэрэгцээнд ашиглах бол сардаа хэрэглэгч тус бүрийн тоогоор 30 доллар төлж ашиглах нь. Саяхныг хүртэл энгийн Copilot-оор дамжуулаад GPT-4 моделийг бүрэн ашиглаж болдог байсан бол үнэгүй хувилбар дээр GPT-4 нь оргил ачааллын үед хязгаарлагдмал хүчин чадлаар ажиллана гэж Microsoft компаниас мэдэгджээ. Бас нээрээ iOS болон Android үйлдлийн системд зориулсан Copilot апп гаргана гэдгээ ч тэд мэдэгдсэн байна лээ.
Илон Маск жиргээгээр дамжуулан, Tesla-ийн бүтээсэн Optimus робот сагсан дотор футболкийг аваад ширээн дээр эвхэж тавьж байгаа бичлэг цацсан нь олны анхаарлыг татсан сэдэв болов. Илон жиргээнийхээ доор тайлбар болгож, Оптимус энэ үйлдлийг өөрөө бие дааж хийгээгүй, гэхдээ удахгүй өөрөө эдгээр үйлдлүүдийг хүний оролцоогүй хийдэн болно гэсэн тайлбар хийсэн ч түүнийг компьютер график ашиглан хийсэн хуурамч видео цацлаа ч гэж үзэх хүмүүс байгаа юм. Бас мэс заслын робот шиг алсын удирдлагаар энэ роботыг удирдсан байх гэсэн таамаг ч нилээн гарсан. Ямартай ч энэ бичлэг Tesla-ийн робот нарийн ширийн үйлдэл хийж чаддаг болж байгаа гэдгийг харуулах зорилготой байсан нь тодорхой юм.
Google компанийн хиймэл оюуны хөгжүүлэлтийн цоо шинэ бүтээл болох AMIE программ нь хиймэл оюуны технологи болон эрүүл мэндийн салбарын уялдаа холбоог хангасан чухал хөгжүүлэлт болох нь ээ. Урьд өмнө нь энэ чиглэлээр бүтээгдсэн AI программууд нь шинжилгээний хариу унших, онош гаргахад түлхүү анхаардаг байсан бол AMIE нь өвчтөнүүдтэй өрнүүлж буй эмч нарын харилцан ярианы өгөгдлөөр нэмж сургагдсан тул өвчтөнтэй ярилцах, асуумж авах, улмаар өвчний оношийг шинжилгээний хариунаас гадна өвчтөний зовуурь, үг өгүүлэмжээс нэмж мэдээлэл авч тодруулах зэрэг чадвартай болж. AI онош тодруулах болон өвчтөнд зөвөлгөө өгөх тал дээрээ эмч нартай эн зэрэгцэж, зарим талаар давж гарах болжээ.
Tech companies
NASDAQ-ийн хамгийн том 10 компанийн R&D буюу судалгаа хөгжүүлэлтэд зарцуулж буй мөнгөн дүнг жагсааж үзэхэд хамгийн их мөнгийг R&D-д хаяж байгаа компани нь Amazon байжээ. Тодруулбал, тэд зөвхөн 2022 онд л гэхэд 73,2 тэрбум долларыг судалгаа хөгжүүлэлтэд зарцуулсан нь Франц улсын нийт R&D-д зориулсан төсвөөс давж гарч байна. ТОП 10 жагсаалтын хамгийн сүүлд орсон Pepsi Co компанийн судалгаа хөгжүүлэлтэд зориулсан мөнгө гэхэд л Нигери улсын R&D төсвөөс илүү байна гэхээр гадны компаниудын хувьд үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран судалгаа шинжилгээний ажил ямар их ач холбогдолтой нь харагдаж байна.
Онлайн худалдааны мангас болох Amazon-той энэ салбарт өрсөлдөх нэг шинэ тоглогч энэ оны намраас мэндлэх нь. Шуудан илгээмжийн FedEx компани энэ жил fdx нэртэй онлайн худалдааны платформ нээнэ гэдгээ мэдэгдэв. Тэд 2020 онд онлайн худалдааны ShopRunner үйлчилгээг худалдан авсан гэхээр энэ үйл ажиллагааг нилээн дээрээс төлөвлөсөн нь илт байна. fdx-ийн хувьд худалдаачдад худалдан авалтын дараах хэрэглэгчдийн зан төлвийн өгөгдлийг хуваалцах, худалдан авалтын буцаалтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, захиалгын мөшгилтийг сайжруулах гэх мэт боломжуудыг санал болгоно гэнэ. Сүүлийн үед Amazon онлайн худалдаан дээрээ нэмээд хүргэлтээ өөрөө хийж эхэлсэн нь FedEx, UPS компаниудын хувьд зах зээлээ алдаж болзошгүй эрсдэл үүсгээд байгаа билээ. Тийм ч учраас эхнээсээ мөчөөгөө өгөхгүй тэмцэл өрнүүлэхээр шийдсэн байх гэж харж байна.
Ядаргаатай сурталчилгаанууд энд тэндээс үсэрч гарч ирээд байдаг болохоор та нар AdBlock ашигладаг л биз дээ? Тэгвэл сурталчилгаагаар хоолоо олж иддэг YouTube-ийнхэн AdBlock-той тэмцэх шинэ арга олсон бололтой. Тухайлбал, хэрэв та браузер дээрээ adblock суулгасан бол YouTube үзэлт чинь гацалттай болж, видео нь дэлгэц дүүрэхгүй, эсвэл коммэнтууд нь гүйцэд харагдахгүй байх гэх мэт асуудал гарч байгаа юм байна. Мөн Chrome browser дээр YouTube нээлттэй үед өөр таб дээр өөр вэбсайт нээж болохгүй байх гэх мэт. Албан ёсны тайлбар хэн ч өгөөгүй байгаа ба зарим хүмүүсийн үзэж байгаагаар энэ YouTube-ийн хийсэн ажил биш, харин ч adblock плагин чинь YouTube-ийн зарим кодыг бүрэн ажиллуулахгүй блоклож байж магад гэсэн таамаг дэвшүүлжээ. Юутай ч туршаад үзээрэй.
Дайн ба Тech
Бодит тулааны талбарт 3D хэвлэх технологи ашиглаж байгаа анхны улс Украйн болж байна уу даа. Улс орнууд сүүлийн жилүүдэд батлан хамгаалахын зориулалттай 3D хэвлэгчийн технологи сонирхон судалж, зарим нь хөгжүүлээд эхэлсэн билээ. Австралийн энэ чигэлэлээр үйл ажиллагаа явуулдаг Spee3D компани Украинд тусламж болгож, WarpSPEED3D металлаар 3 хэмжээст бүтээл хэвлэдэг машин явуулжээ. Украинчууд энэ машиныг ашиглан, хуучны машин техник, зарим зэвсгийн эд ангиудыг шинээр хийж, 40 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн M113 хуягт машины хаалганы нугасыг шинээр хийж тавьснаа үзүүлсэн байна. Төвийн хангамжаас алслагдсан анги нэгтгэлүүд ийнхүү зарим нэг онц чухал эд ангиа засаж сэлбэх, эсвэл үйлдвэрлэгдэхээ больсон хуучны зэвсэг техникүүдийн хэвийн ажиллагааг хангахад 3D хэвлэгчийн технологи ашигладаг болох нь. Гэхдээ энэ технологи террористуудын гарт орвол тэд юу хийх бол гэж бодохоос бас л...
Samsung Galaxy Unpacked 2024
Миний санаж байгаагаар хавар 3 сар орчимд хийгддэг байсан энэ арга хэмжээ энэ жил хугацаанаасаа арай эрт буюу 1-р сард зохиогдох шиг боллоо. Бодвол нэг шалтгаан байсан л байлгүй. Он гарангуут л хүчтэй зар сурталчилгаа цацаж хүлээлт үүсгэсэн тул арга хэмжээний гол цөм нь шинэ утаснуудаас гадна Galaxy AI байх нь гэсэн төсөөлөл байсан. Гэхдээ арга хэмжээнээс үзэхэд яг ч ChatGPT эсвэл Google Gemini гэдэг шиг ямар нэг хиймэл оюун ухааны моделийн нэр зарлаж барьсангүй, харин шинээр энэ жил гаргаж байгаа гар утаснууд бүгд утсан дээрээ суусан болон cloud дээр байрласан AI программыг ашиглах юм байна гэж ойлголоо.
Жишээ нь,
Samsung keyboard-ны "Chat Assist" функц нь бичсэн текстийг “илүү мэргэжлийн өнгө аястай“ эсвэл “энгийн хөгжилтэй“ төлөвтэй болгож өөрчлөх чадалтай болно,
“Notes” апп нь хэрэглэгчийн оруулсан тэмдэглэлүүдийг дахин форматлана,
Утсаар ярьж байхад яриаг шууд орчуулна,
Voice recorder нь хоёр хүн ярьж байсан ч яриаг нь бичиж, текст рүү хөрвүүлнэ
"Browsing Assist" нь Samsung browser-ээр үзэж буй вэб хуудсыг тоймлоно.
"Generative edit" нь фото зургийг AI ашиглан засварлана гэх мэт чадварууд нэмэгдэнэ гэжээ.
Гар утасны тухайд бол S24, S24+, S24 Ultra гэсэн 3 шинэ загвар гарчээ. S24 Ultra нь титан их биетэй, бүрэн дэлгэцтэй, илүү нимгэн болсон ба $1,300 үнээр зарагдах гэнэ. 🔄 Нэг чухал шинэчлэл нь Samsung өмнө нь гар утаснууддаа 4 жилийн турш программын шинэчлэл санал болгодог байсан бол энэ удаад Google -тэй адилхан 7 жилийн программын шинэчлэл санал болгохоор болж. 📷 S24 Ultra камер: 200 MP main sensor, 50 MP 5x optical zoom, 10 MP 3x optical zoom, 12 MP ultrawide гэсэн хүчирхэг үзүүлэлттэй болсон гэх мэт. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.
Энэ хүрээд өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Танд таалагдсан бол бусадтайгаа хуваалцаарай.