Technosphere товхимол шинэ дугаар

Технологийн орчинд юу болж өрнөж байна?

Оройтсон бороотой 11-р сарын мэнд хүргэе! 🌧️🌨️🍃🌬️

Өглөөний мэнд ээ! Зарим хүн зуугийн талыг наслахдаа Улаанбаатарт 6 сард цас орж байхыг үзсэнээс биш, 11 сард бороо орж байхыг үзсэнгүй, энэ нөгөө дэлхийн дулаарал гээш нь үү хэмээн уулга алдсан байдаг шүү.

AI салбарын эргэн тойронд

AI Chatbot creator economy гэж дуулсан уу? Quora платформ энэ оны 2-р сараас эхлэн Poe нэртэй AI chatbot-той харилцах үйлчилгээ нээж, хэрэглэгчид ChatGPT тэргүүтэй хиймэл оюунд суурилсан чатботуудаас асуулт асуух боломж нээж өгсөн билээ. Тэгвэл энэ хугацаанд Poe дээр Microsoft, Google, Amazon, Anthropic компаниудын үүсгэсэн AI чатботууд болон өөр бусад маш олон AI чатбот нэмэгджээ. Тиймээс Quora цаашид хэний чатбот Poe платформ руу олон хэрэглэгч татаж байнав, түүнийг бүтээгчдийг сарын тогтмол мөнгөн дүнгээр урамшуулж байхаар шийдсэнээ өчигдөр зарлалаа.

LinkedIn платформ удахгүй AI хэрэгслийн тусламжтайгаар хэрэглэгчид нийтлэл унших, бичих боломжтой болгоно гэнэ. Гэхдээ энэ боломж зөвхөн төлбөртэй хэрэглэгчдэд хамаатай бөгөөд бусдын бичсэн нийтлэл дээр хэдэн ухаантай үг шигтгээд, өөрийн хаягаар шэйрлэх, эсвэл сонирхсон сэдвээрх нийтлэлээ хайж олж, унших, товчлоход нь хиймэл оюун ухаан туслах юм байна.

Магадгүй AI технологийн ертөнцөд хамгийн нөлөө бүхий үйл явдал нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Ж. Байден AI салбарын чиглэлээр зарлиг гаргасан явдал байлаа. Зарлигийн дагуу АНУ-ын холбогдох яам, агентлагууд AI хэрэглээний аюулгүй байдлын стандарт боловсруулах, батлуулах, мөрдөх үүрэг хүлээсний дээр бизнесийн байгууллагууд болон төрийн байгууллагууд AI технологи ашиглахдаа давж, зөрчиж болохгүй улаан шугамыг тодорхойлж өгсөн гэж зарим сайтууд дүгнэж байна. Удтал яригдсаар байгаа AI салбарыг зохицуулах хуулийн өмнө нь ямартай ч ерөнхийлөгч нь зарлиг гаргаад авав.

Tech компаниудын эргэн тойронд

Өнгөрсөн 7 хоногт бид X/Twitter хэрэглэгчдээсээ жилийн 1 долларын төлбөр авч, бодит хүн гэдгийг нь батлах нэмэлт үйлдэл гаргаж байгааг мэдээлж байсан бол энэ удаа Meta компани Facebook, Instagram дээр зар сурталчилгаа үзэхгүй байхыг хүссэн хэн бүхэнд зориулсан 9.99 долларын төлбөртэй нэмэлт үйлчилгээг санал болгоно гэжээ. Гэхдээ эхний ээлжинд энэ үйлчилгээ зөвхөн Европын холбооны иргэдэд л хамаатай гэнэ.

Эртээ урьдын цагт Их Британи улсад Threads Software Limited нэртэй компани 11 жилийн турш амгалан амьдарч байжээ. Гэтэл 15 толгойтой Мета гэдэг атгаалжин хар мангас гарч ирээд, Threads нэртэй үйлчилгээндээ ашиглахын тулд Британи компанийн домэйн нэрийг худалдан авах хэд хэдэн удаагийн оролдлого хийж, тухай бүртээ бүтэлгүйтсэн тул гэртээ хариад Facebook дээрээс Threads Software компанийн пэйж нтрийг бүрмөсөн устгаж орхижээ. Тус компани нь Threads гэсэн худалдааны тэмдэгтийн бүрэн эрхэт эзэмшигч бөгөөд Meta компанид Facebook дээрх пэйж мэдээллийг нь сэргээж өгөх 30 хоногийн хугацаа өгсөн байна шүү. Эс тэгвэл шүүх дээр уулзъя гэжээ.

Apple компани “Аймааррр хурдан” нэртэй арга хэмжээг Halloween тохиолдуулан зохионо гэж амалсан байсны дагуу уг арга хэмжээ болж, гол баатраар нь М3 чиптэй iMac тодорлоо. Гадаад загвар дизайн, хэлбэр хэмжээний хувьд сүйдтэй өөрчлөлт байхгүй ч iPhone 15 Pro-д ашигласан A17 процессор бүхий М3 чиптэй болсон нь энэ удаагийн хамгийн том давуу тал юм. Энэ чип нь М1-ээс 30%, М2-оос 15%-иар илүү хурдан, бас эрчим хүчний хэмнэлттэй гэж танилцуулгад дурдагдсан. Хурд, дүрслэл нэмэгдсэн нь сайхан ч энэ Apple одоо аймаар аймаар үнэтэй компьютертээ 8гб RAM шахдагаа л больчихмоор байгаам даа.

Авто мото ертөнц

Тоёота Land Cruiser хэзээ нэгэн цагт цахилгаан хөдөлгүүртэй болно гэж бодож байв уу? Болж магадгүй гэдгээ цаадуул чинь өнгөрсөн долоо хоногт Японд зохиогдсон авто шоун дээр зарласан байна шүү. Цахилгаан хөдөлгүүртэй Land-ын төсөөллийн загвар, цахилгаан мотортой пикап, цахилгаан тэргэнцэр, дугуй гээд сонин сонин бүтээлүүдээ танилцуулжээ. Гэхдээ машинууд нь масс үйлдвэрлэлд шилжээгүй, зөвхөн concept загвар гэдгийг ойлгоорой. Эндээс дэлгэрэнгүй Монголоор уншина уу.

Энэ хорвоо дэлхий дээр жолооны үнэмлэх огт хэрэглэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй ганц хүн байсан нь Английн хатан хаан II Элизабет байлаа. Хатан хаан хайртай Range Rover машинаа өөрөө унаад, туслахаас төв зам руу орохдоо манайхантай адилхан өрөөсөн гарын алгаа өргөж харуулан, мань чинь орчихъё гэж дохиж байгаа дүр зургийг бодвол харж л байсан байлгүй. Тэгвэл хатан хаан өөрөө захиалгаар тоноглуулан, унаж асан энэ машиныг дуудлага худалдаагаар оруулахаар болсон гэнэ. Сонирхвол энд дарна уу даа.

Хэдэн оюутнууд цахилгаан машин бүтээгээд, нөгөөх нь нарны эрчим хүчээр ажиллаад, Марокког хөндлөн гулд туулахдаа нэг ч цэнэглэх станц дээр зогсоогүй гэвэл итгэх үү? Сахарын цөлийн хаяа хүртэл давхисан энэ машин дан нарны эрчим хүчээр тэжээгдэж явсан гэж байна. Бас хэр баргийн цахилгаан машин туулаад байдаггүй бартаа саадтай ч замаар явж. Хэлбэр энэ тэр бол элгийн юм аа 😂 Гэхдээ л оюутнууд бүтээгээд, дан нараар ажиллаад, 1000 км туулчихсан гэхээр лавтайяа зүгээргүй нөхөр байж таарна.

Бас бус өөр бусад

SpaceX компани жилдээ хэдэн мянгыг, Хятадууд хэдэн зуун хиймэл дагуул бүтээж, сансарт гаргаад Орос яагаад жилд 40 хүрэхгүй хиймэл дагуул арай ядаж бүтээж байгааг шалгаж, тогтоох үүргийг Путин өгч гэнэ.

Гар утасны дэлгэцэнд ашигладаг Gorilla Glass технологи хөгжсөөр 6 дахь үе дээрээ ирж, улмаар 1,6 метрийн өндрөөс унасан ч шил нь хагараагүй гэжээ.

AI ашиглаж бүтээсэн хамгийн золигийн зургуудаас

Samsung-ийн энэ жилийн шинэ загварын гар утаснуудад Android 14 update нээгдлээ.

Энэ хүрээд бид энэ удаагийн дугаараа өндөрлүүлж байна. Тоо томшгүй олон мэдээлэл дундаас хамгийн чухал болоод хамгийн сонирхолтойг нь түүж багтаахыг хичээв.

Санал хүсэлтээ ирүүлээд, дуртай сэдвээ нэмүүлээрэй гээд хэлээд л байгаа шүү✌️