Technosphere товхимол: Дугаар 26

Техник технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр

😊Өглөөний мэнд! Tech news тоймтойгоо танилцахад бэлэн үү?

Хиймэл оюун ухааны салбар

АНУ-ын US Patent and Trademark Office (USPTO) буюу манайхаар бол оюуны өмчийн газраас нэгэн чухал шийдвэр гаргалаа. Одоо цагт бараг хүн бүр Generative AI ашиглаж, уран бүтээл туурвих, инженерийн зураг төсөл хийлгэх, шинэ эм тан бүтээх зэргээр шинэ нээлт хийх боломжтой болсон. Тэгвэл AI-аар бүтээсэн аливаа шинэ нээлт, бүтээлд зохиогчийн эрх олгохдоо зохиогч нь зөвхөн хүн байх ёстой гэдэг шийдэлд тэд хүрчээ. Өөрөөр хэлбэл, ямар ч мундаг AI шинэ нээлт, бүтээлийнх нь хамаг ажлыг нугалсан байсан ч түүнийг санаачилж, хариуцаж ажилласан хүнд л патентыг нь олгоно, AI-г туслагч гэж үзнэ гэсэн үг юм. AI ашигласан байлаа гээд зохиогчийн хөдөлмөр, мэдлэгийг үгүйсгэж болохгүй, хиймэл оюун ухаан болбоос программ хангамж учраас лабораторийн тоног төхөөрөмж, туршилтын багажтай ижил хэрэгсэл гэж үнэлнэ гэдэг агуулга үүний цаана явж байгаа билээ.

Google Gemini AI-н талаар хэдүүлээ бага сага мэдээллүүд авч, зарим нь ч гүнзгий түвшинд хэрэглэдэг болсон байх. Тус компани түрүү 7 хоногт open-source төрлийн AI модель болох Gemma-гаа танилцуулав. Gemini model нь дүрс, дуу, бичлэг зэрэг олон төрлийн өгөгдөлтэй харьцах, боловсруулах чадалтай бол Gemma нь зөвхөн текст суурьтай өгөгдөлтэй харьцах ба Gemini AI multilingual(олон хэлээр өгөгдөл боловсруулна) бол Gemma одоогоор English-only байна. 2 тэрбум болон 7 тэрбум тохируулгын параметртэй хоёр өөр хэмжээтэй гарч байгаа Gemini open-source тул хөгжүүлэгчид хүссэнээрээ нэмж хөгжүүлж, сургаж, ашиглах боломжтой. Meta-гаас эхэлсэн энэхүү open source AI давалгаанд ийнхүү Google нэгдлээ.

Bloomberg-с гаргасан мэдээллээр 2024 оны эхээр хийгдэж буй компаниудын тайлангийн хэвлэлийн хурал, мэдэгдлүүд дээр хиймэл оюуны талаар дурдах нь эрс багассан байна гэжээ. 2023 оны 4-р улирлын тайлан нийтэлж байхад "AI," "machine learning", "generative AI" зэрэг үгс 517 удаа дурдагдаж байсан бол 2024 оны 1-р улиралд 198 болж буурсан байна. Өөрөөр хэлбэл, AI-н халуурал намжиж, компаниуд ерөнхийдөө учир зүггүй хиймэл оюун ухаан, машин сургалт руу хошуурах нь багасч байх шиг байна гэж Bloomberg-ийн ахлах эдийн засагч Торстен Слок үзжээ. 2022 оны өвөл, 2023 оны дунд үеэр амтай болгон AI ярьж, ямар нэг ид шидтэй, гайхамшигтай зүйлээс хоцроод байгаа юм шиг мэдрэмж хаа сайгүй төрж байсан гэдэгтэй маргахгүй биз ээ. Тэгвэл одоо харин компаниуд ч, хэрэглэгчид ч тэр AI-г хэрхэн ашиглах учраа олж, ChatGPT тэргүүтэй generative AI чатботуудыг 8 настаас 80 настай буурлууд хүртэл хэрэглээд дадсан биз ээ. Гэхдээ энэ бол AI салбарын ач холбогдол буурсан гэсэн үг огт биш бөгөөд хиймэл оюун ухааны үүдэлтэй эдийн засгийн шинэ урсгал, хөдөлмөрийн хуваарилалт, шинэ боломжууд өдрөөс өдөрт шинэчлэгдсээр байна.

Гайгүй гэсэн технологийн компани бүхэн өөр өөрийн AI модель үүсгэж, сургаж байгаа энэ цаг үед Adobe Acrobat бас гараа хумхин суусангүй. Тэд хиймэл оюун ухаанд суурилсан туслах гаргаж, уг туслахын ачаар хэрэглэгч олон хуудастай PDF файлыг уншуулах, тоймлох, дундаас нь асуулт асууж хариулт авах зэргээр маш их цаг, хөдөлмөр хэмнэх боломж санал болгож байна. Хэрэглэж үзэхийн тулд:

  • Adobe Assistant-ийн вэб хуудсанд зочилж, free trial эсвэл төлбөртэй эрх үүсгэнэ.

  • PDF форматтай файлаа upload хийхэд AI тухайн файлыг уншиж, тойм мэдээлийг өгнө.

  • Үүний дараа тухайн файлтай холбоотой асуулт асуух буюу AI-н санал болгосон тоймлох, товчлох командуудаас сонгоно.

  • Олон хуудастай тайлан, бизнес төсөл, сурах бичиг зэрэг файлтай чаатлаж, хүссэн мэдээллээ авна.

Технологийн компаниудын талаар

Өнгөрсөн 7 хоногт Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд ам.долларт хүрлээ. Чип үйлвэрлэгч анхны компани, мөн АНУ-ын 3 дахь компани (Apple $2.83 их наяд ба Microsoft $3.06 их наяд үнэлгээтэй байгаа) хоёр их наядын босго давсан үнэлгээтэй болж буй нь энэ юм. Жил хүрэхгүйн өмнө 1 их наядаар үнэлэгдэж байсан тус компанийн хувьцааны ханш ийнхүү огцом өссөн гол шалтгаан нь AI байлаа. Учир нь тэд AI модель сургах, ажиллуулахад чухал шаардлагатай H100 загварын өндөр хүчин чадалтай чип үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. 2023 онд 60 тэрбумын орлоготой ажиллаж, өмнөх жилийнхээсээ 126 хувиар орлого нь нэмэгдсэн Nvidia-тай OpenAI, Microsoft, Intel компаниуд өрсөлдөж буй. Хэдийгээр хөрөнгө оруулалтын зарим шинжээчид Nvidia хувьцааны өсөлтийг хөөсөрч байна гэж тайлбарлаж байгаа ч тус компани алдарт H100-ийн үргэлжлэл болох H200 загварын GPU гаргаж байгаа, мөн AI компаниудад тусгайлан зориулсан custom чип үйлдвэрлэх төсөлд 30 тэрбумын хөрөнгө оруулалт хийж байгаа зэргээс харахад хувьцааных нь цаашид ч хэсэг хугацаанд өссөн хэвээр байх болов уу гэж таамаглахад хүргэж байна.

Avast Antivirus-ийг манайхан нилээн хэрэглэж байгаа харагддаг. Тэгвэл АНУ-ын FTC (Federal Trade Commission) тус компанийг 16,5 сая доллараар торгожээ. Avast нь Jumpshot нэртэй антивирусын компанийг 2014 онд худалдан авсан бөгөөд Jumpshot-р дамжуулан нийлүүлсэн browser extension болон вирусээс хамгаалах программаа ашиглан, 2014-с 2020 оныг хүртэл хэрэглэгчдийн интернэт браузерийн түүх, хэрэглээний мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олборлож,, маркетингийн компаниудад зарж байсан нь илэрсэн тул ийм арга хэмжээ авахуулж, цаашид энэ төрлийн үйлдэл дахин гаргахгүй байхыг FTC үүрэг болгов. Анх энэ асуудал 2020 онд яригдаж эхэлсэн бөгөөд технологийн чиглэлийн Motherboard болон PCMag сэтгүүлийнхний мөрдлөгийн ачаар олны анхаарлын төвд оржээ. Ингэж хэл аманд оронгуутаа Avast компани Jumpstart-аа татан буулгасан ч цуглуулсан өгөгдлүүдээсээ хэрэглэгчдийн хувийн мэдээллийг нууцлалгүйгээр цааш нь зарсныг FTC мөрдлөгөөр олж тогтоосон байна. Хамгийн зэвүүтэй нь Avast өөрийн антивирус программаа суртлалчлахдаа “манай программ таны хувийн мэдээллийг internet trackers-уудаас хамгаална“ гэж хэрэглэгчдийг хуураад, ар хударгаар нь интернэт орсон бүх түүхийг нь цуглуулж, зарсан явдал юм. Энэ сэдэв дээр хувийн нэг таамгаа нэмэрлэхэд, компьютер дээр ажилладаг бүх программын хийж буй үйлдэл, download, upload-ийг бүрэн шүүлтүүрдэж байдаг антивирус программыг өөрийг нь хэн ч шүүлтүүрддэггүй учраас update download хийхийн зэрэгцээ ямар өгөгдлийг өөр лүүгээ татаж авдагийг бид мэдэхгүй өнгөрч, хувийн мэдээллээ алддаг байж мэдэх юм гэсэн бодол олон жилийн өмнө төрсөн байдаг юм аа.

Apple компанийн сүүлд гаргаж, шуугиан дэгдээсэн бүтээгдэхүүн Vision Pro-г хэдэн долларын өртөгтэй гэж бодож байгаа вэ? Зарагдаж байгаа албан ёсны үнэ бол 3499 доллар, гэхдээ хувь хүмүүсийн зарж байгаа, мөн Apple албан ёсоор үйл ажиллагаагаа зогсоосон ОХУ зэрэг улсуудад бол үүнээс ч хамаагүй өндөр үнээр зарагдаж байгаа. Тэгвэл 12,5 сая төгрөгийн үнэтэй энэ төхөөрөмжийн түүхий эд материалын задаргааны үнэлгээг саяхан гаргажээ. Omdia нэртэй судалгааны компани Vision Pro-г үйлдвэрлэхэд шаардагдах материал, эд ангиудын үнэлгээг зах зээлийн дунджаар тооцох замаар ерөнхийдөө энэ төхөөрөмж хэдэн төгрөгний үнэ бүхий эд ангиудаас бүрдсэнийг тооцоолж үзэхэд 1542 доллар болсон бөгөөд өнгөц харахад Apple төхөөрөмж бүр дээрээс 1900 гаруй долларын ашиг хийж байгаа мэт харагдаж байгаа байх. Гэхдээ бодоод үзэхэд Vision Pro нь дан ганц эд ангиудаас гадна судалгаа хөгжүүлэлт, угсралт, үйлдвэрлэлийн зардал, маркетинг борлуулалт, тээвэрлэлт гээд олон тооны өртөг зардал шингэж байж бүтсэн гэдэг нь ойлгомжтой. Ямартай ч эндээс харахад өндөр үнэтэй ухаалаг төхөөрөмжүүдийн эд ангиуд бол боломжийн үнэтэй байгаа нь харагдаж байгаа ч эдгээрийг яаж зөв угсарч, нэг цогц төхөөрөмж бүтээж, түүнийгээ хэрхэн дэлхийн анхаарлын төвд оруулж зарах вэ гэдэг нь л Apple-ийн шингээж байгаа хамгийн өндөр үнэ цэн бололтой.

Нэг өгүүлбэрээр

Microsoft Photos (Win 10/11) программ AI ашиглан, зурагны ар талыг арилгах, өөрчлөх шидтэй Magic Eraser хэрэглүүртэй болж байна.

Бүрэн цахилгаан, хайбрид, PHEV(Plug-in hybrid) машинуудын ялгааг эндээс уншаарай.

Ням гарагийн орой буюу Европт бол өдрийн цагаар Xiaomi компани гар утаснууд болон бусад ухаалаг төхөөрөмжүүдээ танилцуулсан талаар бид тусгай дугаар бэлдэж гаргасан билээ.

Apple компани автомат жолоодлоготой цахилгаан автомашин үйлдвэрлэх төслөө зогсоолоо.

Бидний өмнө нь мэдээлж байсан анхны хувийн компанийн төхөөрөмж саран дээр амжилттай газардаж, сарны гадаргын зургуудыг дэлхий рүү илгээсэн байна шүү.

Хүүхдүүддээ программ хангамжийн мэргэжил эзэмшүүлээд хэрэггүй гэж Nvidia компанийн босс Женсен Хуанг мэдэгдэв.

Apple өөрийн гэсэн спортын апп-тай болж, хэрэглэгчид нь спортын тоглолтуудын оноо, статистик, бооцооны магадлалыг шалгах боломжтой боллоо.

Монгол Улс эрүүл мэндийн цахим шилжилтэд НҮБ-тай хамтарна.

Испанийн Барселонд зохиогдож буй MWC 24 уламжлалт арга хэмжээний үеэр танилцуулагдсан шинэ содон зүйлс:

Lenovo компанийн дэлгэц нь нэвт харагддаг зөөврийн компьютер.

Samsung компанийн бүтээсэн ухаалаг бөгж

Xiaomi Компанийн SU7 цахилгаан автомашин

Sweanty нэртэй стартап компани тамирчдын эрдэс алдагдлыг хэмжих төхөөрөмж гаргасан.

Nothing Phone 2(a) нээлтээ хийв.

Displace компани ямар ч утсан холболтгүй, хананд өрөмдөж тогтоодоггүй зурагтаа танилцуулжээ.

Motorola-ийн хуйлдаг гар утас

Lenovo компани нэвт харагддаг дэлгэцтэй лаптоп

Last, but not least. Манай улс анх удаа MWC арга хэмжээнд өөрсдийн павильон түрээслэн оролцож, и-монголиа системийг танилцуулж байна.

Энэ хүртэл уншсан уншигч танд баярлалаа. Манай мэйлний дээр байрлах сошиал шэйр линкүүд дээр бусдад түгээвэл их баярлана шүү. ✌️