Technosphere 28 дахь дугаар

Техник технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр

Өглөөний мэнд ✌️ Шинэ дугаараа хүлээн авч уншихад бэлэн үү?

AI / Хиймэл оюуны ухааны талаар

Apple компани AI чиглэлээр төдийлөн нэг их юм хийхгүй байгаа юм шиг харагддаг ч яг үнэндээ тэд “гал тогоо”-ндоо ямар нэг зүйл бэлтгээд завгүй байгаа бололтой. Учир нь Apple Siri-н зохион бүтээгчдийн нэг Даг Киттлаус ингэж жиргэжээ. “Siri маань 2024 онд шинэ гоё зүйлс хийж чаддаг болно. Улмаар AI талбарт хүчээ авна. Apple компани LLM-ийг огт төсөөлж байгаагүй байдлаар, шинэлэг ашиглах аргыг олсон“ гэсэн байна. Мөн Apple 2017 оноос хойш AI чиглэлийн 21 стартап компанийг чимээгүйхэн худалдан аваад байгаа гэнэ. Технологийн салбарынхны хүрээнд нэгэн таамаг явж байгаа нь ‘AppleGPT’ нэртэй LLM хөгжүүлэлтийн шатандаа яваа бөгөөд энэ жилийн 6 сард WWDC арга хэмжээн дээр танилцуулагдах байх гэсэн таамаг юм. Мөн сүүлд гаргасан M3 чипийг хэрэглээний компьютерт суулгасан хамгийн сайн AI чип гэж сурталчилж байгаагаас үзэхэд тэд хэрэглээний төхөөрөмжүүд дээр AI ажилуулах аргыг гартаа нилээн сайн оруулсан бололтой.

Илон Маскийн байгуулсан xAI компанийн бүтээл болох Grok AI чатботыг өдгөө Твиттер дээр сарын 16 доллар төлдөг хүмүүс ашиглах боломжтой байгаа. Туршиж үзсэн хүний хувьд хэлэхэд Grok нь нэг их сүрхий зүйлгүй, энгийн л AI чатбот. Яагаад энгийн гэсэн бэ гэвэл ChatGPT, Gemini, Claude 3 шиг нарийн нандин тооцоолол, бичвэр, зураг үүсгэх гэх мэт чадварууд суугаагүй, зөвхөн real-time интернэтээс (ихэвчлэн Твиттерээс) мэдээлэл хайж, цэгцтэй харуулах чадвартай, мөн Илон Маскийн магтдагчлан, улс төрийн өрөөсгөл хандлага баримталдаггүй, бас хошигнох мэдрэмж сайн гэж байгаа. Тэгвэл энэхүү чатботынхоо эх кодыг олон нийтэд дэлгэж, open source болгоно гэдгээ мань хүн даваа гарагт зарлалаа. Grok нээлттэй эхийн программ боллоо гээд AI салбарт нэг ч их нөлөө үзүүлж чадахгүй болов уу гэж хувьдаа бодож байна. Хамгийн гол нь мань хүн өөрөө OpenAI-г анх олон нийтэд нээлттэй гэж байгуулагдсан хэрнээ, одоо бүх юмаа хөшигний ард хийж, Microsoft-д ашиг олж өгөхийн төлөө ажиллаж байна гэж буруутган, шүүхэд өгсөн учраас өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлж байгаа үйлдэл гэж харж байгаа. Ямартай ч Meta, Mistral-ийн араас xAI нээлттэй source code санал болгосон AI компани болж байна.

Midjourney-г манайхан сайн мэдэх байх. Text-to-image зориулалттай маш сайн AI моделиудын нэг. Тэд хиймэл оюун ухааны моделио сургахын тулд асар их хэмжээний текст болон зурагт өгөгдөл ашигласан нь мэдээж хэрэг. Гэвч өнгөрч буй 7 хоногт тэд өөрсдийн өрсөлдөгч Stability AI компанийн ажилтнуудыг ban-даж, үйлчилгээг нь ашиглах эрхгүй болгосон мэдээлэл гарлаа. Учир нь Stability AI-н ажилтнууд Midjourney ашиглах явцдаа их хэмжээний текст промпт болон түүнийг ашиглаж үүсгэсэн зурагт өгөгдлийг олборлох botnet маягийн үйлдэл хийсэн нь Midjourney-г 24 цаг гацахад хүргэсэн гэж буруутгаж байгаа юм. Харин Stability AI-н захирал дээрх үйлдлийг зориудын, зохион байгуулалттай үйлдэл байсан гэдгийг эрс үгүйсгэсэн ч тодорхой хэмжээний мэдээлэл цуглуулснаа бол хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ бодоод үзэхэд Midjourney өөрөө AI моделио сургахын тулд маш олон сая зураг, текст промптыг зөвшөөрөлгүй олборлосон л байж таарна. Хоноц хоноцдоо дургүй гэдэг нь энэ юм уу даа :))

Өмнөд Солонгосын Hydrol AI гэдэг стартап компани өндөр настай иргэдэд хань болох робот хүүхэлдэй бүтээжээ. Хүүхэлдэй нь LLM дээр суурилсан хиймэл оюун ухааны программтай бөгөөд яг л хүн шиг яриа өрнүүлэх чадвартайн дээр эм тангаа уухыг сануулах, эрүүл мэндийн зөвөлгөө өгөх, хөгжим тоглуулах, асран хамгаалагч нарт нь онцгой үед дохио дамжуулах зэрэг олон үйлдэлтэй юм байна. 1800 долларын үнэтэй худалдаалж буй энэ хүүхэлдэйг Солонгосын засгийн газраас дэмжиж, 7000 ширхэгийг худалдан авсан гэнэ. Сүүлийн үед тус улсад төрөлт буурч, хүн ам нь хөгшрөх тийшээ хандаж байгаа тул энэ мэт шинэ санаачилгууд жилээс жилд нэмэгдсээр буй ахмадуудад тун ч хэрэгтэй байж болох юм.

Технологийн компаниуд

TikTok АНУ-ын эрх баригчдын толгойны өвчин болоод удаж байна. Өмнө нь Трамп ерөнхийлөгч байхдаа Tiktok-ийг Америкийн компанид зар, эсвэл Америкаас гаргана, app store дээр байршихыг нь хориглоно гэх мэт санаачилга гаргаж, зарлиг буулгаж байсан бол энэ удаа АНУ-ын парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимд TikTok-той холбоотой хуулийн төсөл өргөн баригдаад байна. Хуулийн төслийн үндсэн санаа нь TikTok-ийг Хятадад төвтэй ByteDance компаниасаа 5 сарын дотор туурга тусгаарлах, эсбөгөөс АНУ-д үйл ажиллагаа явуулах эрхийг нь хаах гэсэн хоёр үндсэн шаардлага дээр оршиж байгаа юм. Одоогоор дөнгөж яригдаж эхэлж байгаа төсөл учраас хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй, мөн АНУ-д аливаа хууль батлагдахын тулд House, Senate гэсэн 2 танхимаар батлагдах ёстой байдаг учир одоогоор ийм тийм зүйл болно гэж хэлэхэд эрт байна. Тэгээд ч иргэний нийгмийн төлөөллүүд АНУ-ын Конгресс энэ хуулийг батлах нь үндсэн хуулийн 1-р нэмэлт өөрчлөлт буюу хүний эрхтэй холбоотой заалтуудыг зөрчсөн хэрэг болно гэж үзэж байгаа. Гэхдээ л өмнө нь ерөнхийлөгчийн зарлиг гэх мэтээр гүйцэтгэх засаглалын түвшинд АНУ-ын төр засаг TikTok-той тэмцэж байсан бол энэ удаад хууль тогтоох засаглал руугаа шилжиж байгаа нь байдал нилээн ноцтой тал руугаа эргэж байгааг харуулж байгаа юм.

Amazon Web Services өнөөдрийн байдлаар нийт AI компаниудын 1 хувьд нь л үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээ 99 хувьд хүргэж, дэлхийн хамгийн том AI playground болох зорилго тээж байна гэж компанийн CEO Адам Селипски мэдэгдлээ. Тухайлбал, тэд өөрсдийн хүчирхэг дата төвүүд дээрээ AI модель сургах боломж олгох, AI чип санал болгох, AWS-с гадуур хөгжүүлсэн моделиудыг сайжруулахад нь туслах зэргээр AI чиглэлийн том жижиг компаниудад зориулсан бүхэл бүтэн экосистем бүтээхээр зорьж байгаа ажээ. Үүний тулд тэд Bedrock нэртэй үйлчилгээгээ гаргасан бөгөөд одоогоор AI21 Labs, Anthropic, Cohere, Meta, Mistral AI, Stability AI зэрэг томоохон компаниуд уг үйлчилгээг ашиглаж байна. Хамгийн сүүлд л гэхэд саяхан олонд танилцуулсан Claude 3 AI моделиуд AWS-ийн Trainium болон Inferentia чипүүдийг ашиглаж, AI моделиудаа сургаж байгаа бол сүүлийн үед нилээн газар авах шинжтэй болоод байгаа Францын Mistral компани ч 3-р сард AWS-тай хамтран ажиллахаар болсон. Маш энгийнээр тайлбарлахад, AI модель хөгжүүлэлт, судалгааны компаниудад хүчирхэг чип, GPU, их хэмжээний өгөгдөл боловсруулах дата төвүүд амин чухал хэрэгцээтэй байдаг бол тэрийг нь AWS нийлүүлдэг гэсэн үг. Маш таатай нөхцлүүд санал болгож, том жижиг олон компанитай хамтын ажиллагаа үүсгээд байгаа ч энэ чиглэлд AWS-тай өрсөлдөж байгаа компаниуд нь OpenAI, Microsoft, Nvidia нар гэхээр бас л шаггүй сонсогдож байгаа биз?

Хоёр сонирхолтой компани IPO хийх нь ээ. Нэг нь бүр албан ёсоор төлөвлөгөөгөө танилцуулаад, бирж дээр гарах алхамуудаа хийгээд явж байгаа бол нөгөөх нь дөнгөж ярьж эхэлж байгаа. Эхнийх нь Reddit. Фэйсбүүк, Твиттерээс өөр сошиал орчны талаар сайн мэдэхгүй хүмүүс эхлээд гүүгл ч юм уу, хайлт хийгээд Reddit-н талаар ойлголт авсан нь зүгээр гэж бодож байна. Reddit АНУ-ын Үнэт цаасны хороонд гаргаж өгсөн сүүлийн танилцуулгадаа 31-34 доллараар үнэлэгдэх нийт 22 сая хувьцаа гаргаж, бирж дээр зарна гэж мэдэгджээ. Уламжлалт IPO бирж дээр гарахаас өмнө томоохон хөрөнгө оруулалтын сангууд, том хөрөнгө оруулагчдаас захиалга авч, улмаар хоёрдогч зах зээлийн арилжаа руу ордог бол Reddit-ийн хувьцааг эхлээд удирдах зөвлөлийн гишүүд, тэдний гэр бүл, найз нөхөд, бүр цаашилбал, Reddit-ийг Reddit болгож байдаг хэрэглэгчиддээ санал болгоно гэнэ. Энэ хувилбарыг сонгосон компаниудын давуу эрхээр хувьцаа эзэмшсэн хүмүүс тодорхой хугацаанд хувьцаагаа зарахгүй түгжих сонголттой тулгардаг бол Reddit тэгэхгүй, зармаар байвал шууд л зар гэжээ. Энэ бол яахын аргагүй сонирхолтой IPO. Удаах нь Telegram messenger. 11 жилийн өмнө ВК-н үүсгэн байгуулагч ах дүү хоёр үүсгэсэн мессенжер программ юм. Telegram нь чаатны шифрлэлт буюу нууцлалаараа алдартай бөгөөд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгийн бага цуглууулдаг онцлогтой. Байгуулагдсан цагаасаа хойш алдагдалтай явж ирсэн тус компани 2024-2025 оны санхүүгийн жилд ашигтай ажиллах хэтийн төлөвтэй байгаа учир IPO хийнэ гэжээ. Гэхдээ тэд одоогоор дөнгөж л аман мэдэгдлүүд хийснээс биш Reddit шиг албан ёсоор ажиллагаа эхлүүлээгүй байгаа.

Нэг өгүүлбэрээр

Сэтгүүлзүйн салбарын хамгийн дээд шагнал болох Пулицер горилсон сэтгүүлчид бүтээлдээ AI ашиглаад эхэлжээ.

Google компани Gemini AI чатботыг 2024 оны сонгуулийн талаарх асуултад хариулахгүй байхаар тохируулсан гэнэ.

Америкийн фермерүүд зөвхөн пестицид цацах хошуугаа өөрчилснөөр пестицидийн хэрэглээгээ хоёр дахин бууруулж, дагаад зардлаа хэмнэж эхэллээ.

Samsung компани боломжийн үзүүлэлттэй ч үнэ хямд шинэ загварууд гаргасан байна.

Х буюу Твиттер удахгүй Андройд зурагтад зориулсан видео стрийминг үйлчилгээ гаргах бололтой.

Байр саваа AirBnB-д бүртгүүлсэн бол дотор нь нууц камер байрлуулж болохгүй нь байна шүү.

AirPods Pro чихэвч iOS 18 үйлдлийн систем дээр сонсголын аппарат маягаар ажиллана.

Apple тун удахгүй 2000 доллар буюу түүнээс гайгүй үнэтэй Vision Pro гаргаж магадгүй.

Энд хүрээд манай 28 дахь удаагийн дугаар өндөрлөж байна. Нэг жил 52 долоо хоногтой гээд бодохоор бид лавтайяа хагас жил та бүхэндээ технологийн мэдээлэл хүргээд байгаа юм байна шүү. Цаг гарган уншсанд баярлалаа.