- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere: Дугаар №30
Technosphere: Дугаар №30
Технологийн салбарын шинэ мэдээллүүд
Өглөөний мэнд✌️ Ийнхүү 30 дахь дугаартайгаа золголоо доо.
AI салбарын эргэн тойронд
Хятадын интернэт орчинд Google, Meta, Twitter гээд олон зүйлс хаалттай байдгийг та бүхэн андахгүй мэднэ. Бид түрүүчийн дугаартаа Apple компани iPhone 16 гар утасныхаа үндсэн AI хөдөлгүүрээр Google Gemini-г сонгох өндөр магадлалтай байна гэж мэдээлж байсан. Харин Хятадын зах зээлд борлуулагдах Apple-ийн гар утаснууд төр засгаас хориглосон Google AI ашиглах уу гэвэл, үгүй юм шиг байна аа. Учир нь Baidu компани Хятадад зарагдах бүх Apple гар утас, ухаалаг төхөөрөмж, iPad, Macbook-ийн үйлдлийн системийн AI back-end-ийг хариуцна гэдгээ олон нийтэд мэдэгдчихлээ. Хятадын засгийн газрын AI-тай холбоотой дүрэм журам, зохицуулалтад бүрэн нийцсэн гэж үзэж байгаа учраас Baidu ийнхүү сонгогдсон бөгөөд тэдний дотоод дахь хүчтэй өрсөлдөгчөөр Alibaba тодроод байсан билээ. Энэ мэдээ гарсны дараа Baidu компанийн хувьцааны ханш өссөн мэдээтэй байна.
За, эрдэмтэд судлаад ингэж тогтоожээ гээд сүүлдээ явган шогийн хэмжээнд оччихсон нэг хэллэг байгаа. Гэтэл яг жинхэнээсээ эрдэмтэд судлаад, хиймэл оюун ухаанд суурилсан LLM(large language model)-үүд бусдыг ятган сэнхрүүлэх тал дээрээ хүнээс илүү байгааг олж тогтоожээ. Тэд хяналттай онлайн орчинд, талуудын аль алинд нь хувийн мэдээллийг нь дэлгэлгүйгээр цахим мэтгэлцээн явуулж, саналын зөрүүтэй сэдэв дээр хүн болон LLM хоёрын хооронд маргаан өрнүүлж үзсэн бөгөөд хувь хүний тухай мэдээллүүдийг урьдчилан өгсөн тохиолдолд LLM буюу хиймэл оюуны ухааны модель нь тухайн хүний мэдээлэл дээр үндэслэн, өөрийнхөө мэтгэлцэх арга барилыг өөрчилж байгаа байдал нь 81,7% буюу хүмүүсээс илүү байгаа нь ажиглагдсан байна. Харин тухайн хүний хувийн мэдээллийг задруулалгүйгээр мэтгэлцээн явуулахад AI ялж байгаа зөрүү нь бага байсан гэжээ. Гэхдээ л хүн ялагдсан гэсэн үг. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр, хэрвээ AI чатботууд “буруу хүн”-ий гарт орвол хортой суртал ухуулга тараах, худал мэдээллийг ятган үнэмшүүлэх өндөр шаанстай байна гэсэн үг.
Stability AI компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Эмад Мостак ажлаа өгч байгаагаа зарласан нь өнгөрсөн 7 хоногийн анхаарал татах мэдээллүүдийн нэг байлаа. Одоогоор яг ямар шалтгаанаар ажлаа өгсөн нь тодорхойгүй байгаа ч түүний энэ шийдвэрээс өмнөхөн компанийн AI судалгааны хэд хэдэн мэргэжилтэн ажлаа орхисон болон хөрөнгө оруулагчид, ялангуяа, Coatue Management компани Мостакийг огцруулахыг удаа дараалан шаардсанаас болсон байх гэж таамаглаж байна. Мань хүн захирлын суудлаа өгч байгаа талаараа олон нийтэд мэдэгдэхдээ de-centralized AI салбарт хүч үзэхээр шийдсэн бөгөөд хэт их эрх мэдэл, хүч чадал нэг газарт төвлөрөх нь биднийг яавч сайн юманд хүргэхгүй гэж мэдэгдсэн нь нэг учир шалтгаантай л байж таарна. Ямартай ч Stability буюу тогтвортой байдал гэсэн нэрээр нэрлэгдсэн компанийн үйл ажиллагаа ч тогтворгүй байж болдог гэдгийг харуулсан үйл явдал боллоо доо.
Технологийн компаниудын талаар
Tesla компаниас шинэ автомашин худалдан авч байгаа хүн бүрийг FSD системтэй бүрэн танилцуулж, demo хийлгэсний дараа машинаа хүлээлгэн өгч бай гэж захирал Илон Маск лүндэн буулгажээ. FSD нь Full Self-Driving буюу автомашин өөрийгөө бүрэн автоматаар жолоодох системийн нэр бөгөөд Tesla компани хамгийн сүүлд гаргасан FSD V12.3.1 хувилбарыг шинээр зарж буй автомашин болгонд суулгаж, худалдан авагчийг байлцуулан, автомат жолоодлогын системтэй танилцуулж, жолоодлого хийлгэж байж, түлхүүрийг нь хүлээлгэн өгөх нөхцлийг хойд Америкийн бүх борлуулагч нартаа даалгасан байна. Уг нь бүх Tesla автомашин Autopilot нэртэй автомат жолоодлогын туслахтай хэдий ч 199 долларын үнэтэй FSD-г заавал суулгах шаардлагатай болж байгаа бололтой. Гэхдээ FSD суулаа гээд автомашинаа жолоодохоо болино гэсэн үг огт биш бөгөөд хэрэглэгчийн гарын авлага дээр “FSD жолоо барьж байгаа үед жолооч байнгын анхаарал сэрэмжтэй байж, шаардлагатай тохиолдолд жолоодлогыг авах, хурд сааруулах зэрэг үүрэгтэй“ гэж заасан байдаг ажээ. Илон Маскийн дээрх шийдвэр нь шинээр машин худалдан авч байгаагаас гадна дилерийн төвд машинаа өгөөд, буцааж авч байгаа хэрэглэгчдэд ч хамаатай гэнэ.
Хэдхэн сарын өмнө Холливудын ураан бүтээлчид, зохиолчид AI технологийг кино урлагт өргөнөөр ашиглахыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнүүлж байв. Тэгвэл тэдний айдас бараг л биеллээ олж эхлэх нь. Учир нь энэ оны сүүлээр олон нийтэд нээлттэй ашиглагдаж эхлэх OpenAI компанийн Sora AI моделийг танилцуулахаар компанийн төлөөлөгчид Холливудын кино студиуд, кастинг агентлагууд, найруулагч нартай уулзалт хийгээд эхэлжээ. Sora нь text-to-video төрлийн AI модель бөгөөд бичсэн текстийг бараг л бодит гэмээр видео болгон хувиргах чадвартай. OpenAI энэ шинэ бүтээгдэхүүнээ кино урлагт хэрхэн бүтээлчээр ашиглах боломжтой талаарх танилцуулга видеог олон кино компаниудад илгээж, заримтай нь биеэр очиж уулзсан бөгөөд продюссер Тайлер Перри л гэхэд 800 сая доллараар хийх байсан видео студийн өргөтгөлийн ажлаа Sora-ийн танилцуулгыг үзээд, түр зогсоохоор шийдсэн гэсэн мэдээлэл байна. Мэдээж энэ бол жүжигчид, эвлүүлэгчид, компьютер графикчдын хувьд хамгийн таагүй мэдээ байх нь ойлгомжтой. Ойрын үед Оскарын наадамд хамгийн шилдэг AI технологи ашиглалт гэсэн номинаци ч нэмэгдэхэд гайхах зүйлгүй нь болох нь ээ.
Түрүүчийн дугаар бичигдээд, нийтлэгдэж байх мөчид Neuralink компани хүний тархинд суулгасан чипээ амжилттай туршиж, туршилтанд орсон хүн компьютер дээрх шатрыг бодлоороо удирдан тоглож байгаа мэдээлэл гарсан. Харин энэ 7 хоногт хүзүүнээсээ доошхи бүх бие нь мэдээгүй болсон Ноланд Арбо гэдэг залуу мөн л Neuralink чип тархиндаа суулгуулж, түүнийхээ тусламжтайгаар Mario Kart тоглоом тоглож байгаа мэдээ цацагдлаа. Тэрээр зөвхөн өөрийнхөө оюун санаагаар дамжуулан, аавтайгаа компьютер тоглоом тоглож, уралдах, буудах үйлдлүүдийг жирийн хүнээс дутахааргүй хийж байгаа талаар Neuralink мэдээлсэн. Мөн хараагүй хүнд ч орчноо мэдрэх, “харах” боломж удахгүй ирнэ гэж Илон Маск өөрийн биеэр мэдэгдсэн нь олны анхаарал татаж байна. Өнөөдөртөө зөвхөн тоглоом наадам тоглож байгаа юм шиг харагдаж байгаа ч цаашид маш олон өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс Neuralink-ийн ачаар нийгмийн харилцаанд төвөггүй орох, бусадтай чөлөөтэй харилцах гэх мэт маш олон боломж бий болох нь дамжиггүй юм.
Нэг өгүүлбэрээр
AI Boom болж байгаагаас үүдэн, атомын цахилгаан станцтай ойролцоох газрууд илүү үнэд хүрэх төлөвтэй байна.
Apple-ийн WWDC 2024 арга хэмжээ 6-р сарын 10-нд нээгдэж, iOS 18-ийг танилцуулна.
Пянзны борлуулалт хоёрдахь жилдээ CD-ний борлуулалтаас давлаа.
Маргаашнаас эхлэн Galaxy S24 цувралаас өмнө гарсан гар утаснуудад зориулан One UI 6.1 үйлдлийн системийн шинэчлэл гаргана.
Онлайн арилжааны Robinhood платформ үйл ажиллагаагаа тэлж, кредит карт гаргах нь ээ.
Иргэний агаарын тээвэрт зориулсан дуунаас хурдан онгоцны туршилт юу болов?
Хятадын BYD компани 10000 долларын үнэтэй цахилгаан машин танилцуулж, өрсөлдөгчдөө айдаст автууллаа.
Bloomberg өөрт байгаа их хэмжээний өгөгдлөөрөө GPT 3.5 зэрэглэлийн AI сургахын тулд 10 сая доллар зарцуулсан гэнэ үү.
911 дугаарт залгахад цаана нь ямар процесс явагддаг талаарх мэдээлэл.
Гахайн бөөрийг амьд хүнд суулгаж туршсан талаар.
30 дахь дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Бэлтгэсэн мэдээлэл маань танд таалагдсан байх гэж найдаж байна. Ирэх 7 хоногт уулзацгаая 😊😊