Technosphere: Дугаар 31

Технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр

24-04-04-ний өглөөний мэндийг хүргэе!

1975 оны 4-р сарын 4-нд АНУ-ын Нью Мексико мужийн Альбукөрк хотноо нусан багын андууд болох Билл Гейтс болон Пол Аллен нар программ хангамжийн компани байгуулж байжээ. Дэлхий даяараа ямар нэг юм бичихийн тулд бичгийн машин тачигнуулж суудаг үед шүү дээ. За тэгээд цаашаа юу болсныг бүгд мэдэх биз ээ.

AI технологийн холбогдолтой мэдээ

Холливудын уран бүтээлчид хиймэл оюун ухааныг уран бүтээлд ашиглахыг эсэргүүцэж байгааг залгаад дуу хөгжмийн салбарынхан ч AI-н эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ. Алдар нэртэй хоёр зуу гаруй уран бүтээлчид, дуучид, ая зохиогчид технологийн компаниуд, түүн дотроо хиймэл оюуны хөгжүүлэгчдэд хандан ил захидал илгээсэн бөгөөд доорх зураг дээрээс захидлын агуулга болоод хэн хэн энэ санаачлагад нэгдсэнийг олж харах боломжтой. Товчхондоо бол AI технологийн дэвшил нь хүн төрөлхтний бүтээлч байдлыг дээшлүүлэх онцгой ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч байгаа ч өөрсдийг нь орлох, талхны мөнгөнөөс нь хумслахыг бол хүлцэхгүй шүү гэсэн агуулга харагдаж байна. Тухайлбал, SunoAI гэх зэрэг текст команднаас шууд ая, үг, тэр ч битгий хэл вокалыг нь хүртэл үүсгээд өгчихдөг хэрэгслүүд бий болсон нь уран бүтээлчдэд түгшүүр төрүүлж буй нь ойлгомжтой биз ээ. Бас технологийн компаниуд энэ төрлийн AI хөгжүүлэхдээ өөрсдийнх нь уран бүтээлээс хэлж нэг, хэлэхгүй нэг ашигласаар байгаа нь бас таагүй санагддаг байх даа гээд уран бүтээлчдээ өмөөрмөөр санагдав.

DALL-E 3 модель буюу text-to-image хэрэгсэл ашиглан үүсгэсэн зургаа шууд газар дээр нь засварлах боломжтой болжээ. ChatGPT Plus төлбөртэй хувилбар ашигладаг бол шууд зуруулж авсан зурган дээрээ курсороо ашиглан сонгож, сонгосон хэсгээ арилгах, эсвэл өөр дүрслэл нэмүүлэх, үүсгэсэн зураг дээрх хүний хувцасны өнгийг солих гэх мэтээр эх зургаа өөрчлөлгүйгээр, тодорхой нэг хэсэг буюу нэг биетийг өөрчлөх боломж нээгдсэн байна. Англи хэл дээрх видео зааврыг эндээс үзнэ үү.

Мөнөөх л OpenAI дараагийн нэг шинэ технологио танилцууллаа. Энэ удаа тэд Voice Engine нэртэй, хэн нэгний ердөө 15 секундын ярианы бичлэг дээр үндэслээд яг өөртэй нь адилхан дуу хоолой үүсгэх боломжтой voice cloning дээр ажиллаж байгаа ажээ. Ингэхдээ тухайн хүний ярианы дуудлага, сэтгэл хөдлөлийг ч бас давхар илэрхийлэх боломжтой байх юм. Тус компани энэ төрлийн технологийг анх 2022 оны сүүлээс эхлэн хөгжүүлж байгаа гэж мэдэгдэж байсан нь ийнхүү бодит ажил хэрэг болж байна. Одоогоор Voice Engine-ийг маш цөөн тооны итгэлтэй компаниудаар тестлүүлж байгаа бөгөөд эцсийн хэрэглээнд нэвтэрсэн хойно нь буруу зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлж, олон тооны хамгаалах тохиргоо суулгаж өгөх нь дамжиггүй юм. Эсбөгөөс улстөрчдийн юм уу, нөлөө бүхий хүмүүсийн дуу хоолойг дуурайлгаж, олон нийтийг төөрөгдүүлэх, цаашилбал, сонгуульд нөлөөлөх хэмжээнд ч хүрч болзошгүй таагүй үр дагавар хүлээж байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй ойлгох биз. Тийм ч учраас үүсгэсэн аудио бичлэгт Watermark буюу бидний хэлж заншсанаар тамга тавих зэрэг арга хэмжээ авах бололтой.

Технологийн компаниуд

Microsoft болон OpenAI компаниудын дараагийн хамтрах төсөл нь $100 тэрбумын өртөгтэй, "Stargate" нэртэй дата төв байх гэнэ. Тэд хэдэн сая хүчирхэг AI чип бүхий олон тооны суперкомпьютер байрлуулах өндөр технологийн энэхүү төвдөө OpenAI компанийн дараагийн үеийн AI моделиудыг сургахаар төлөвлөжээ. Одоогийн хамгийн том дата төвийг байгуулахад л нэг тэрбум ам.доллар хангалттай гээд бодохоор 100 тэрбум долларын өртөгтэй энэ төсөл хэр хэмжээний цар хүрээтэй вэ гэдэг нь төсөөлөгдөх байх. Мэдээж энэ их мөнгө Microsoft-ын халааснаас л гарах нь дамжиггүй. Тус компанийн удирдлагууд энэ дата төвийг 2028 он гэхэд ашиглалтад оруулсан байхаар зорьж байгаа гэжээ. Энэхүү хамтарсан төсөлдөө тэд AI чип үйлдвэрлэдэг хэд хэдэн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг ашиглахаар төлөвлөсөн нь Nvidia-аас хэт хамааралтай байгаа чипний нийлүүлэлтийг зохицуулах гэсэн арга болов уу.

Artifact гээд нэг аятайхан апп байдгийг та мэдэх үү? Тодорхой сэдэв, чиглэлүүд тохируулж өгөөд, яг тэр чиглэлийнхээ хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг нэг апп дээрээс үзээд, дэлгэрэнгүй уншаад байж болдог апп. Artifact-ийг анх үүсгэн байгуулагчид нь Instagram-ийг мөн хамтран үүсгэн байгуулалцаж байсан ба тэд Artifact-ийг Yahoo компанид зарахаар шийджээ. Үүний шалтгаан нь Artifact апп нь AI технологи ашиглан, интернэт дэх мэдээллүүдийг ялган ангилж, хэрэглэгчдийн сонирхолд нийцүүлэн бүлэглэх чадвартай бөгөөд Yahoo News нь өөрийн түгээдэг мэдээ мэдээллийг ангилан ялгах, оновчтой категориудад хуваах, улмаар хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлсэн байдлаар санал болгоход үүнийг ашиглах зорилготой нь тодорхой. Энэ үйл явдал нь Yahoo компани цаашид өөрийн үйл ажиллагаандаа AI нэвтрүүлж эхлэхийн дохио болов уу гэж таамаглаж байна. Artifact-ын үүсгэн байгуулагчид компаниа дагаад Yahoo-д нийлэхгүй, харин үүний оронд технологийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Хамгийн их хэрэглэдэг апп маань ингээд “хүнийх” болов оо гэж 🤣

Өнгөрч буй 7 хоногт нэг таагүй мэдээлэл цацагдсан. Энэ юу байв гэхээр Meta компанийн эсрэг шүүхэд гаргасан гомдлын талаарх материалууд дунд тус компани хэрэглэгчдийнхээ хувийн чаатны мэдээллийг Netflix-д дамжуулж өгсөн нь илэрсэн явдал байлаа. Facebook Watch дээр оригинал контент бүтээхээ Meta зогсоож, стрийминг үйлчилгээний өрсөлдөөнөөс гарсан нь Netflix-т найр тавьсан хэрэг байсан бөгөөд үүний учир нь Netflix нь Meta-гийн мэдлийн платформууд болох Facebook, Instagram, Threads дээр маш их хэмжээний зар сурталчилгаа байрлуулдаг түнш гэдэгт байжээ. Өөрөөр хэлбэл, Netflix Meta дээр маш өндөр үнийн дүнтэй сурталчилгаа байрлуулдаг учир тэдэнд давуу эрх олгож, бүр сүүлдээ хэрэглэгчдийнхээ хувийн чаатанд хандах эрхийг олгосон гэсэн үг. Энэ удаагийн хэрэг явдал нь томоохон компаниуд их мөнгөний үнийн дүнгийн төлөө хэрэглэгчдийнхээ эрх ашиг, хувийн нууцыг сийхгүй наймаалцах боломжтой гэдгийг харуулсан үйл явдал боллоо.

Нэг өгүүлбэрээр

Цахим орчинд өөрийнхөө буюу ямар нэг зүйлийн талаарх шударга коммэнт олж уншихын тулд Америкчууд Xiaohongshu гэдэг Хятад апп руу хошуурч эхэлжээ.

Солонгосын эрдэмтэд халуун цөмийн урвалын үр дүнд нарны цөмөөс 7 дахин өндөр температур буюу 100 сая градусын халууныг реакторын орчинд үүсгэсэн гэнэ.

Gmail хорин нас хүрлээ.

NASA-ийн Curiosity өөрөө явагч төхөөрөмж Ангараг гараг дээрх усны ул мөрийг судалж байна.

Энгийн өрх айлын өргөн зурвасын интернэтээс нэг сая дахин өндөр хурдаар мэдээлэл дамжуулсан туршилтын талаар.

Google компани Podcast апп-аа зогсооно гэнэ үү.

Гар утсаараа удирдах боломжтой цаасан онгоц.

Өмнөд Солонгосын экспортлохоор зорьж буй шинэ сөнөөгч онгоцны талаар.

AI + Robots + Дайн байлдаан = Юунд хүргэж болзошгүй вэ

Энэ удаагийн дугаарыг маань дуустал нь уншсан танд баярлалаа. Шэйр хийж бусаддаа түгээхийг хүсье.