Technosphere: Дугаар 32

Технологийн мэдээллийг 7 хоног бүр танд хүргэнэ

Өглөөний мэнд ✌️

1985 оны 4-р сарын 11: Pepsi Co-оос Apple компанийг удирдуулахаар 1983 онд Стив Жобсын урьж авчирсан Жон Скалли компанийн удирдах зөвлөлийнхий хамтаар Стив Жобсыг шахалтанд оруулж, ажлыг нь өгүүлж байжээ. Билэгдлийн чанартай “компанийн ерөнхийлөгч” гэсэн сэтэртэй л түүнийг үлдээж, компанийн өдөр тутмын бүтээлч үйл ажиллагаанд оролцохыг нь хориглож байсан түүхтэй өдөр юм байна.

AI технологийн эргэн тойронд

Хиймэл оюун ухаан сургахын тулд асар их, бүр асар их мэдээлэл, өгөгдөл хэрэг болдог байна. Тийм ч учраас AI-аар “занималддаг” томоохон компаниуд сайн модель сургахын тулд хангалттай сайн өгөгдөл байнга эрж хайдаг. Reuters дээр саяхан нийтлэгдсэн нэгэн мэдээллээс үзэхэд салбарын томчууд болох Google, Meta, OpenAI, Apple компаниуд 2022 онд ChatGPT гарлаа гэхтэй зэрэгцэн Shutterstock-той өгөгдөл ашиглах том дүнтэй гэрээнүүд хийжээ. Гэрээний дагуу тэд Shutterstock-н өгөгдлийн сангаас хэдэн сая зураг, бичлэг, дуу хөгжмийн файлуудыг ашиглах эрх авч, үүнийхээ төлөө 25 - 50 сая ам.доллар төлөхөөр тохиролцсон гэнэ. Ингэж үнэлэхдээ нэг зургийг 2-4 центээр, бичлэгийн цаг тутмыг хэдэн зуун доллараар гэх мэт контентийн чанараас хамааруулсан үнэлсэн аж. Үүгээр ч тогтохгүй тэд Photobucket-н 13 тэрбум зурагтай урын санг ашиглах эрх, интернэт хөгжиж эхэлж байсан 90-д оны үеийн цахим архивууд гээд маш их хэмжээний өгөгдөл ашиглан сургаж байгаа гэж уг мэдээлэлд дурдсан байна. Гэсэн ч эдгээр компаниуд бусдын зураг хөрөг, зохиол бүтээлийг зөвшөөрөлгүй ашигласан хэргээр эхнээсээ шүүхэд дуудагдаад эхэлсэн талаар бид мэдээлж байсан. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд зөвхөн дата бэлтгэж, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч энэ зах зээл дээр гарч ирж байна. Тэд зураг, бичлэг, бүтээл туурвилын эзнээс нь зохих төлбөр төлж, AI сургахад ашиглах зөвшөөрлийг нь аваад, технологийн компаниудад зардаг гэсэн үг. Тухайлбал, зурган өгөгдлийн зах зээлд хамгийн өндөр үнэ хүрдэг насанд хүрэгчдийн агуулгатай зургийг нэг ширхэгийг нь 5-7 доллараар үнэлэх гэх мэт. Ямартай ч одоогоор өгөгдлийн зах зээлийн ил харагдах хэсэг нь 2,5 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа ба 10 хүрэхгүй жилийн дотор 30 тэрбум долларт хүрнэ гэсэн таамаг байгаа юм.

Google Workspace-т нэгэн шинэ апп нэмэгдэж байна. Vids нэртэй энэхүү апп нь AI-д суурилсан, видео бүтээх, монтажлах хэрэгсэл бөгөөд багаараа дундаа хамтран ашиглах боломжтой байх ажээ. Хэрэглэгчид өөрсдөө видеоныхоо зохиол, ноорог, үйл явдлын дараалал, текст, дуу оруулалт зэргээ гараар оруулж болохоос гадна Gemini (Google AI)-д команд өгч, дээр дурдсан үйлдлүүдийг хийлгэж болох гэнэ. Мэдээж Google-ийн бүтээгдэхүүн учраас Google Drive-аас видеонд ашиглахаа материалуудаа чөлөөтэй татаж ашиглана. Ингэхдээ Google Slides шиг зүүнээс баруун руу урсах таймлайн дээр Drive-аас татсан материалуудаа байрлуулах боломжтой. Багаар ашиглах, шэйрлэх, коммэнт бичих, тэмдэглэл үлдээх, хамтран монтажлах гэх мэт collaborative үйлдлүүдтэй. Google ийнхүү урьд нь төдийлөн хүч үзэж байгаагүй видео боловсруулах хэрэгслийн зах зээлд хөл тавилаа.

Facebook, Instagram-ын толгой компани Meta ирэх сард дараагийн үеийн LLM болох Llama 3 моделио гаргахаар төлөвлөж байна. Шинэ хувилбар нь өмнө байгаагүй олон шинэ чадваруудаар баяжиж гарах бөгөөд уг модель дээр суурилсан хэд хэдэн өөр төрлийн хэрэглүүр, программууд ч дагаж гарна гэжээ. Өмнөх хувилбарууд нь гүйцэтгэл, хүчин чадал болон маргаантай сэдвүүд дээр өгч буй хариулт зэргээрээ шүүмжлэл дагуулж байсан бол энэ удаа тэдгээр дутагдлуудаа арилгаж, OpenAI-г Generative AI талбарт гүйцэж түрүүлэх том амбиц тээж яваа аж. Meta-гийн Llama моделийн хувьд нээлттэй эхийн модель гэдгээрээ онцлогтой. Тэд ийм нээлттэй эх кодтой моделиудаараа дамжуулан хөгжүүлэгчдийг өөртөө татаж, хүрээллээ тэлэх байдлаар ажилладаг нь AI салбарын бусад оролцогчдоос ондоо философи баримталж явааг илтгэнэ.

Технологийн компаниуд

Microsoft компани удахгүй AI программ хангамжтай компьютерууд гаргана гэж бид өмнө нь мэдээлж байсан. Тэд 5-р сард Seattle хотноо зохиогдох арга хэмжээн дээр танилцуулах Arm архитектурт чип дээр суурилсан Windows үйлдлийн системтэй компьютерууд нь Apple M3 чиптэй MacBook Air-г CPU-н хүчин чадал болон AI-д суурилсан гүйцэтгэлээрээ давж гарна гэсэн хүлээлттэй байгаа гэнэ. Microsoft олон жилийн турш x86 архитектуртай Intel, AMD чип хэрэглэж ирсэн ч энэ удаа Arm архитектур буюу гар утас, ухаалаг төхөөрөмжүүдэд нэгэнт амжилттай туршигдаад ирсэн Qualcomm компанийн Snapdragon X Elite чипээр лаптопуудаа тоноглосон мэдээлэл байна. Маш товчхоноор хэлбэл, Arm чип нь лаптопны батарейн хугацааг уртасгах, байнгын 4G, 5G холболт, аюулгүй байдлыг чипний түвшинд хамгаалах, компьютер маш хурдан ачаалж асах гэх мэт олон давуу талыг Windows дээр авчирна. За тэгээд сарын дараа юу болохыг олж мэдэх нь байна шүү дээ.

Google компани Android Find My Device сүлжээ бий болгоно гэжээ. Андройд, iOS гэлтгүй гар утсаа алдсан тохиолдолд бид өөрсдийн нэвтэрсэн аккаунтаа ашиглан, утсаа Lost Mode дээр нь тавьдаг ч алга болсон эсвэл хулгай алдсан утсыг унтраах, цэнэг нь дуусах тохиолдолд ямар ч найраагүй болдог билээ. Тэгвэл Google компани энэ асуудлыг шийдэхийн тулд алдагдсан төхөөрөмж дан ганц сүлжээ, WiFi гэлтгүй Bluetooth ашиглан, өөрийн ойр орчиндоо байгаа Android 9-с дээших үйлдлийн системтэй бүх төхөөрөмжид дохио өгч, өөрийнхөө байршлыг мэдээлэх боломжийг нээж байна. Google Pixel 8 гар утаснууд бүр цэнэггүй болж унтарсан үедээ ч ийм дохио өгсөөр байх гэнэ шүү. Мөн дан ганц гар утас, таблетаар зогсохгүй Chipolo, Pebblebee компаниудын үйлдвэрлэдэг bluetooth tracker-т дохио өгөх боломж ирэх сараас эхлээд нээгдэж байна. Манайх шиг алдсан утас нэг сарын дараа Хятадын Шеньженд байршил нь гарч ирдэг улсад найдвар муутай арга хэдий ч хулгайд алдсан биш, гээсэн тохиолдолд бол бага ч гэсэн итгэл найдвар төрүүлэхүйц дэвшил юм уу даа.

Тайванийн чип үйлдвэрлэлээр тэргүүлэгч компани TSMC АНУ-ын засгийн газраас 11 тэрбум долларын хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэг авч, Аризона мужид өндөр технологийн чипний 3 үйлдвэр барихаар тохиролцсон гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв. TSMC компани өөрөө 65 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, 25000 ажлын байр шинээр бий болгохоор амалсан бөгөөд америкчуудад өндөр технологийн мэргэжил олгож, ажлын байран дээр хөгжүүлэхэд 50 сая долларыг зарцуулна гэжээ. АНУ 2030 он гэхэд дэлхий даяар үйлдвэрлэгдэх нийт өндөр технологийн чипний 20%-ийг дотооддоо хийх зорилт тавин ажиллаж байгаа ба үүний тулд CHIPS act нэртэй хууль баталж, дотоодын компаниуддаа санхүүгийн дэмжлэг татаас өгч эхэлсэн. Одоогоор энэ хуулийн дагуу Intel 8.5 тэрбум доллар, GlobalFoundries 1.5 тэрбум долларын санхүүжилтийг засгийн газраас аваад байгаа юм. COVID19 гарах үед автомашины чипний нийлүүлэлт тасалдаж, хүнд байдалд орж байсан тул үүнээс сургамж авсан Америкчууд олон улсын нөхцөл байдал эвгүйтэж, Хятад-Тайванийн харилцаа таагүй болоод байгаа энэ цаг үед хамгийн том үйлдвэрлэгчийг нутагтаа авчирч, чипний, ялангуяа AI технологийн чипний нийлүүлэлтийн сүлжээг дэргэдээ байлгах сонирхолтой байна гэж харж болно.

Нэг өгүүлбэрээр

Spotify Premium хэрэглэгчид тодорхой нэг сэдэв, байршил, амьтан, хоол унд, кино, хобби, эможи зэрэг текст команд ашиглан, AI playlist үүсгэх боломжтой болно.

Google компани Code Assist нэртэй программ хангамж хөгжүүлэлтийн AI туслах гаргалаа.

Tesla Robotaxi буюу бүрэн автомат жолоодлоготой таксины үйлчилгээ 8-р сарын 8-нд эхлүүлнэ гэв.

Цахилгаан машин яагаад энгийн биш, өөр төрлийн дугуйтай байх шаардлагатай вэ?

Samsung-ийн Galaxy AI-н орчуулгын хэлнүүд дээр орос, индонез, араб хэлнүүд нэмэгдэж, шууд орчуулга хийгддэг 16 хэлтэй болжээ.

Meta компани өөрийн гэсэн AI чип хөгжүүлж, Nvidia- ийн хамаарлаас гарна.

Энэ 7 хоногийн нар хиртэлтийн үеийн гайхалтай зургууд

2024 оны Mustang Mach E загвартай танилц.

METZ Interactive ухаалаг дэлгэцийн талаарх сэтгэгдэл

32 дахь дугаараа үүгээр өндөрлүүлж байна. Таалагдсан бол манай товхимлыг, мэдээллүүдийг олон нийтийн сүлжээнд хуваалцаарай. 😊😊