- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere Анхны дугаар
Technosphere Анхны дугаар
AI ба технолоийн компаниудын талаар..
Өдрийн мэнд, TechnoSphere-чүүдээ 👋
Баасан гарагийн мэнд хүргэж, шинэ дугаараараа мэндчилж байна. Өнгөрсөн 7 хоногт технологийн ертөнцөд өрнөсөн үйл явдлууд, дуулиан шуугиан, чих дэлдийлгэм сонин хачныг хүлээн авахдаа бэлэн биз дээ?
🤖 AI Салбарт
Өнгөрсөн 7 хоногт AI буюу хиймэл оюуны салбарт өрнөсөн хамгийн сонирхолтой үйл явдал нь OpenAI компани DALL-E Generative AI загварынхаа 3 дахь хувилбарыг гаргасан үйл явдал байлаа. Шинэ хувилбарын онцлох давуу тал нь мөн л тус компанийн бүтээл болох ChatGPT-тэй хослон ажиллах үйлдэл юм. Ингэхдээ зөвхөн төлбөртэй хэрэглэгчид болох ChatGPT Plus ба Enterprise хувилбар ашиглаж буй хүмүүст эхэлж нээгдэх гэнэ.
Мөн өөр нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь Google компанийн хөгжүүлж буй Bard нэртэй AI модель нь хэрэглэгчдийн Google Workspace буюу Gmail Inbox, Google Docs, Google Maps руу хандах эрхтэй болов. Өөрөөр хэлбэл, ChatGPT Plugin гэж байдаг шиг Bard Extensions-тэй болж, нэн тэргүүний ээлжинд Google Flights, Hotels, YouTube, Workspace апп-ууд руу нэвтрэх, мэдээлэл хайх, боловсруулах боломжтой болсон байна. Жишээлбэл, та Bard-д хандаж “Миний Gmail inbox-д өнгөрсөн 7 хоногт ирсэн мэйлүүдээс зөвхөн төлбөрийн баримттай мэйлүүдийг ялгаж надад харуул“ гэсэн команд өгч болно гэсэн үг.
Source: VentureBeat
🏢 Технологийн компаниуд
Тэрбумтан Илон Маск өөрийн эзэмшлийн “X” буюу хуучнаар Twitter үйлчилгээний бүх хэрэглэгчдээс төлбөр авах бодолтой яваа гэдгээ дуулгаж, олныг гайхшруулав. Олон нийтийн сүлжээний платформ бүхэн хэрэглэгчдээ эхлээд үнэгүй үйлчилгээгээр татаж, зар сурталчилгаа, төлбөртэй нэмэлт үйлчилгээгээр орлогоо бүрдүүлдэг бол “X” өөрөөр ажиллаж магадгүй нь. Маск үүнийгээ “хэрэглэгчдээс багахан хэмжээний төлбөр авдаг болсноор манай платформын толгойны өвчин болсон автомат-бот хаягуудаас ангижрах боломжтой“ гэж мэдэгдсэн юм.
Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Сенат технологийн 22 компанийн удирдлагуудыг хиймэл оюуны асуудлаарх хаалттай хуралдаанд дуудсанаас 14 нь оролцсон үйл явдал болов. Илон Маск, Марк Цукерберг, Билл Гейтс, Сэм Олтман, Nvidia-н босс Женсен Хуан нар энэ уулзалтанд орсон ч юу яригдсан нь нууц хэвээр үлджээ. Салбарын мэргэжилтнүүд хуралдаан ийнхүү хаалттай өрнөсөнд таагүй хандаж байгаагаа илэрхийлж, AI салбарт барих бодлого чиглэл, эрх баригчид болон технологийн компаниудын үйл ажиллагаа ил тод байх ёстой гэж дуу хоолойгоо илэрхийлж байна. Мэдээж ChatGPT-н талаар л асуух гэж энэ чухал эрхмүүдийг дуудаагүй нь лавтай.
Source: Arstechnica
Мөн л тэрбумтан Илон Маскийн удирддаг Neuralink компани нь хүний тархийг компьютертэй холбох, удирдах технологи хөгжүүлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд сармагчин дээр туршилтаа амжилттай хийсэн тул одоо тархиндаа имплант суулгаж турших хүмүүсийг хайж байгаагаа зарлав. Базарваань, юу л болдог бол доо..
АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн гигантууд болох General Motors, Ford, болон Stellantis компаниудын эсрэг United Auto Workers (UAW) үйлдвэрчний эвлэлийн гишүүн ажилчид ажил хаялт зарлаж, гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Ажил хаялтаас үүдэн, дээрх компаниудын үйл ажиллагаа зогсож, олон тэрбум долларын зардал гарч байгаагаас гадна тус үйлдвэрүүдийн ханган нийлүүлэгчид мөн дагаад зогсох байдалд хүрээд байна. Талууд одоогийн байдлаар тохиролцоонд хүрч чадаагүй байгаа аж.
Харин дотоодод болж өрнөсөн үйл явдлууд гэвэл HiPay хэтэвчийг Хятадын “Ant Group” Монголын түншлэгчээрээ сонгосноо Олон Улсад зарласан үйл явдал болсон бол тус компани мөн Go Data нэртэй шинэ үйлчилгээ нэвтрүүлснээ өнөөдөр мөн олон нийтэд мэдэгдлээ.
Гадаад болон дотоод мэдээнд аль алинд нь хамаарах нэгэн шинэ мэдээлэл байгаа нь Монгол, Өмнөд Солонгос улсын хамтын ажиллагааны хүрээнд манай улсад “Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв” барих асуудлыг хоёр улсын ерөнхийлөгч нь НҮБ-н Ерөнхий Ассемблейн үеэр уулзахдаа ярилцаж тохирсон гэнэ.
Энэ удаагийн дугаараа энд хүрээд өндөрлөж байна. Ирэх 7 хоногт илүү их сонин мэдээлэл, мэдээний товч линкүүдтэй эргэн уулзацгаая. Амралтын өдрүүдээ тавтай сайхан өнгөрүүлэхийг хүсэхийн ялдамд маргааш буюу 9-р сарын 23-ны өдрийг Улаанбаатар хотоос “Автомашингүй өдөр” болгон зарласныг сануулмаар байна.
PS: Товхимлын талаарх санал хүсэлтээ энэ мэйлд шууд хариу байдлаар илгээгээрэй.