Technosphere: Дугаар №33

Технологийн салбарын шинэ мэдээллүүд

4-р сарын 18-ны өглөөний мэндийг та бүхэнд хүргэе! Technosphere товхимлын 33 дахь дугаараар уулзаж байгаадаа баяртай байна 😊

2006 оны 4-р сарын 18-нд Toshiba корпораци HD-DVD буюу өндөр нягтралтай DVD форматаа АНУ-д албан ёсоор танилцуулж байжээ. Анх VCD-тэй танилцаж байсан манай үеийнхэн 4,7GB багтаамжтай DVD формат хэрэглэж үзээд шоконд орж байсан бол HD-DVD нь дискнийхээ хоёр талд 8,7 GB өгөгдөл багтаах боломжтой гэж байсан нь тухайн үедээ(тухайн үедээ шүү 😂) маш өндөр багтаамжид тооцогдож байлаа. Хэдийгээр HD-DVD-г Universal Studios, Paramount Pictures, болон Warner Bros. дэмжиж байсан хэдий ч түүний хамгийн гол өрсөлдөгч болох Sony-ийн Blu-Ray шинэ цагийн DVD тулаанд ялсан гэж тооцогддог 😂. Гэхдээ өнөөдрийн уншигч таны эргэн тойронд энэ хоёрын аль нь бодитойгоор оршин байнав, нэг check хийгээрэй🤣. Технологи ийм л хурдтайгаар өөрчлөгдөж байна шүү дээ.

AI буюу Хиймэл оюун ухааны эргэн тойронд

Компьютерийг жаахан “ухамсартайгаар” хэрэглэж эхэлсэн цагаас хойш Nvidia болон AMD гэдэг хоёр компани хоорондоо ямартай ч өрсөлддөг хоёр газар байна гэсэн ойлголт бат суужэээ. Та нарт ч бас адилхан уу? Тэгвэл энэ 2 компани нэг өдөр нэгэн зэрэг хоёулаа AI программууд дээр торохгүй ажиллах процессор танилцуулжээ. AMD компани Ryzen™ 8000G болон 5000 цувралын шинэ процессоруудаа олон нийтийн хүртээл болгож, 8000 цувралын процессорууд нь илүүтэй AI программуудтай ажиллаж, 5000 цувралынх нь компьютерийн тоглоомууд дээр хамаг хүч чадлаа үзүүлнэ хэмээн сурталчилж байна. Ялангуяа, Lenovo, Razer, ASUS, Acer компаниуд шинэ AI компьютеруудаа AMD Ryzen™ 8040 процессороор хүчитгэж, өдөр тутмын ажиллагаа болон AI программууд дээр асуудалгүй ажиллана гэж сурталчилж байгаа бол нөгөө талд Nvidia компани RTX A400 болон A1000 GPU гаргаж, энгийн PC дээрх AI программуудад өндөр гүйцэтгэл амалж байна. Яг өнөөдрийн байдлаар Nvidia компани AI чип тал дээрээ давуу байдалтай байгаа ч бодит хэрэглэгчид эдгээр процессоруудын талаар ямар сэтгэгдэлтэй байгааг анзаарч л байя даа.

Бид нар OpenAI, Claude, Meta, Google компаниудын AI моделиудтай чөлөөтэй танилцаж эхлээд байгаа ч БНХАУ-ын хэрэглэгчид болон компаниудын хувьд байдал арай өөр дүр зурагтай байгаа гэнэ. Тус улсын тэргүүлэх технологийн компаниудын нэг болох Baidu компанийн Ernie Bot нэртэй чатбот нь өдгөө 200 сая тогтмол хэрэглэгчтэй болсон бөгөөд сар тутмын тогтмол хэрэглэгчид нь аль хэдийн 200 саяас давсан гэсэн мэдээлэл байна. Энэ олон сая хэрэглэгчдийн 85000 гаруй нь тус улсын компани, аж ахуйн нэгжүүд бөгөөд маркетингийн контент бичүүлэх, өөр өөрсдийн AI модель хөгжүүлэх ажилд ашиглагдаж байгаа гэнэ. Хятадын эрх баригчид олон нийтэд нээлттэй ашиглагдах AI модель болгоныг төрийн хяналтаар шаарддаг бөгөөд Baidu компани энэ шалгалтыг асуудалгүй давсан бололтой. Гэхдээ Хятаддаа ийнхүү олон хэрэглэгчидтэй болоод байгаа ч Baidu-ийн Ernie Bot дэлхийн хэмжээнд олигтой гавьсан зүйлгүй, OpenAI тэргүүтэй барууны компаниудын ард бичигдсэн хэвээрээ байгаа юм.

Adobe компани зураг, график, видео засварлалтын программ хангамж тал дээр маргаангүй тэргүүлэгч гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Тус компани олон жилийн турш файлын форматуудаа зөвхөн өөрийн платформ дээр “өмчилж” ирсэн бол Adobe Premiere Pro программ дээр нэмсэн AI шинэчлэл нь өгөгдсөн видео бичлэгийг AI-н тусламжтайгаар үргэлжүүлэх, зарим кадр дээрээс тухайлсан обьектуудыг хасах болон нэмэх, монтажлах гэх мэт чадвартайгаас гадна OpenAI, Runway, Pika Labs зэрэг гадны компанийн платформуудтай зохицон ажиллах боломжтойгоор бүтээж байгаа нь онцлог юм. Мөн дүрслэлээс гадна тус компани энэ оны 5-р сараас эхлээд видео бичлэгийн дуугаралтыг AI ашиглан өөрчлөх нэмэлт боломжийг оруулахаар ажиллаж байгаа ажээ. OpenAI Sora гарснаас хойш хамгийн эхэлж AI video editing тал дээр өөрийн бүтээгдэхүүнээ зарлаж байгаа компани нь ийнхүү Adobe болж байгаа бөгөөд энэ шинэ бүтээгдэхүүн ямар шинэ боломжуудыг авчрахыг хэдүүлээ удахгүй үзэх нь ээ.

Технологийн компаниуд

Google DeepMind буюу DeepMind Technologies Limited нь АНУ-Их Британийн хамтарч байгуулсан, Google-ийн охин компани юм. Тус компани нь хиймэл оюун ухаан, роботын хөгжүүлэлтээр дагнан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тун саяхан Aloha 2 нэртэй робот танилцуулсныг бид онцолж байна. Тэд Твиттер дээр Aloha UNLEASHED гэсэн бичвэр доор өөрсдийн бүтээсэн роботуудаа танилцуулах цуврал видео оруулсныг та бүхэн эндээс үзэх боломжтой. Бичлэгээс үзвэл тэдний роботууд хувцас хунар таних, эвхэх гэх мэтийн ойр зуурын даалгавруудыг хөнгөхөн гүйцэтгэхээс гадна үйлдвэрт ашиглах роботын гар хурууг асуудалгүй угсарч байгааг та харах болно. Хэдхэн хоногийн өмнө Apple компани гэр зуур ажиллах боломжтой, “бараа бологч” робот бүтээж байгаагаа танилцуулж байсан, түүний өмнө Tesla компани мөн өөрийн роботын талаар жиргэж, хувцас эвхсэн бичлэг тавьж байсан. Эндээс гэхдээ нэг зүйлийг онцлохгүй байхын аргагүй нь эдгээр роботуудыг бүтээхийн эцсийн зорилго нь хэн нэгэн Жорж, Адам, Баяраагийн хувцсыг эвхэж, гэрийг шүүрддэг робот туслах бүтээх биш л болов уу. Роботуудын хөгжил ахих тусмаа үйлдвэрт ажиллах, хүн гүйцэтгэхэд эрсдэлтэй ажилбарууд, тухайлбал, гал түймэр унтраахаас өгсүүлээд, цэрэг дайны үйл ажиллагаанд өргөнөөр ашиглаж байж л зохион бүтээж байгаа компаниуд эдгээр AI робот бүтээсэн зардлаа нөхөх хэмжээний орлого олно гэж таамаглаж байна.

Өнгөрсөн намар OpenAI компанийн удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирал болон удирдах зөвлөлийнхөө даргыг ажлаас нь халж, хэсэг хугацааны дараа нөгөөдүүл нь ажилдаа эргэн орж, тэрүүхэндээ хөөрхөн “драма” болоод авсныг санаж байгаа байх. Тэгвэл энэ үйл явдлын үеэр захирал Сэм Олтмэнийг ажлаас нь халахыг дэмжиж байснаасаа болоод хожим нь ажлаа өгсөн удирдах зөвлөлийн гишүүн, мөн компанийн бодлого засаглалын асуудал хариуцсан удирдах албан тушаалтан байсан Хелен Тоунэр нэгэн сонирхолтой мэдэгдэл хийжээ. Тэрээр өнгөрсөн Мягмар гарагт TED Talk-т оролцох үеэрээ AI судалгаа хөгжүүлэлт хийж буй компаниудыг хянах засгийн газрын агентлаг байгуулах шаардлагатай байгааг онцлоод, энэ салбарын компаниуд ямар нэг онцлох туршилт, үйл явдал, хөгжүүлэлтийнхээ талаар ямар нэг төрийн байгууллагад тайлагнадаг байх хэрэгтэй гэж ярьсан юм. Өөрөөр хэлбэл, нислэгийн компаниуд жижиг сажиг осол гэмтэл гарсан ч иргэний нисэхийн газартаа мэдэгддэг шиг ямар нэг онцлох туршилт, бүтэлгүйтэл, хөгжүүлэлтийнхээ талаар мэдэгдэж байхгүй бол одоогийн AI компаниуд хэт хаалттай хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна тэдний хөгжүүлсэн технологи хэн нэгэн буруу санаатны гарт орж, бусармаг үйл хэрэгт ашиглагдлаа гэхэд төрийн байгууллагууд огт мэдээлэлгүй сууж байх эрсдэл байгааг онцолжээ. 8 жил OpenAI-н гал тогоонд ажилласан хүн ингэж мэдэгдэж байна гэхээр тус компанид “хөшигний ард” юу хийгдэж, ямар зорилгод ашиглагдаж байгаа нь сонирхолтой биш гэж үү?

GenZ үеийнхний дунд(энэ нь гэхдээ Монголд 90-д онд төрсөн хүмүүст хамааралгүй ойлголт шүү) хамгийн алдартай сошиал медиа платформ гэвэл TikTok тасархай нэрлэгдэх биз ээ. Тэр хэрээрээ ч бизнесүүд болон улстөрчид энэ үеийнхнийг татахын тулд TikTok платформ анхаарал хандуулж, хаяг нээх болсон. Цаг үе ч тэднийг ингэхээс өөр аргагүй байдалд хүргээд байгаа. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, трактор, ХАА-н техник үйлдвэрлэгч John Deere компани Chief TikTok Officer буюу Chief Tractor Officer-ийн орон тоо зарлажээ. Мэдээж хэрэг Z үеийнхэн учиргүй ферм, тариалан ажиллуулаад, ХАА-н техник худалдаж аваад байх нь бага тул энэ нөхөр юу хийх нь ойлгомжгүй санагдаж байж магад. John Deere компани Chief Tractor Officer-ийг жилийн 200 мянган ам.долларын цалинтай авах гэж байгаа шалтгаан нь Z үеийн залуучууд дундаас компанийн тоног төхөөрөмжүүд, машин механизмууд дээр ажиллах оператор авахад нь тусална гэж үзсэнийх гэнэ. Өөрөөр хэлбэл, жилдээ хамгийн ихдээ 30-40 мянган долларын орлого олдог контент бүтээгч залуу тус компанитай гэрээ байгуулснаар жилдээ 200к доллар олохоос гадна өөрийн дагагчдын хүрээлэл, цахим орчин дахь нөлөөллийн бүсээсээ John Deere-т шинэ ажилтнууд олж өгөх үүрэг хүлээх нь.

Нэг өгүүлбэрээр

Apple iOS 18 үйлдлийн систем нь интернэтгүй орчинд ч бие даан ажиллах хиймэл оюун ухаантай гарах уу?

Google Map болон түүний AI нь хэрэглэгчдэд цахилгаан автомашины цэнэглэгч олоход тусална гэнэ.

Tesla компани нийт ажилчдынхаа 10 хувийг цомхотгоно гэж захирал Илон Маск нийт ажилчиддаа хандсан мэдэгдэлдээ дурджээ.

Хиймэл оюун ухааны өгөгдлүүд хадгалагдаж, боловсруулалт хийгдэж байдаг дата төвүүд дэлхий даяар эрчим хүчний салбарын толгойн өвчин болоод байна.Өгбиыэ%

Google Pixel 9 гар утас нь iPhone14 загварууд шиг хиймэл дагуулай шууд холбогддог болно.

33 дахь дугаарыг маань энэ хүртэл уншсанд талархлаа. Таалагдсан бол найз нөхөдтэйгээ хуваалцаарай. Баярлалаа.