Technosphere: Дугаар 34

Технологийн салбарын мэдээллийг 7 хоног бүр танд хүргэнэ

Өглөөний мэнд 😊

AI технологийн хүрээнд

Сүүлийн нэг жилийн хугацаанд бид хиймэл оюун ухааны нилээн хэдэн LLM(Large language model) буюу том хэлний моделиудтай танилцаад байсан бол Microsoft компани Phi-3 нэртэй хиймэл оюун ухааны (small language model) жижиг хэлний бүлэг модель хөгжүүлснээ олон нийтэд танилцууллаа. Энэхүү шинэ моделиуд нь бие жижиг ч бэлчээр томтой гэдгээ харуулж, benchmark үзүүлэлтүүдээр LLM-үүдээс дутахгүй гэдгээ нотолсон үр дүн үзүүлжээ. Phi-3 бүлэг модель нь гурван хувилбартай бөгөөд 3.8 тэрбум параметр бүхий Phi-3-mini, 7 тэрбум параметртэй Phi-3-small болон 14 тэрбум параметр агуулсан Phi-3-medium зэргээс бүрдэж байна. Эдгээрээс хамгийн жижиг нь болох Phi-3-mini модель нь 46.7 тэрбум параметр бүхий Mixtral болон 175 тэрбум параметртэй GPT 3.5 зэрэг өөрөөсөө хамаагүй том AI моделиудтай ижил гүйцэтгэлийн шалгуур хангаж байгаа нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Мөн энэхүү mini хувилбар нь цөөн параметртэй учир заавал том том дата төвийн хүчин чадал шаардахгүй, нэг төхөөрөмж, нэг компьютер дээр ч бие даан ажиллах боломжтой тул зардал хэмнэх ач холбогдолтой гэсэн үг. Одоогоор 7B Phi-3-small болон 14B Phi-3-medium моделиуд нь хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа ч ойрын хугацаанд бүрэн ашиглагдаж эхлэхэд бэлэн болно гэжээ. Доорх зураг дээрээс benchmark тестүүдэд эдгээр моделиуд ямар гүйцэтгэл үзүүлснийг харах боломжтой.

2022 оны сүүлээр анх хэрэглээнд нэвтэрч эхэлсэн ChatGPT зэрэг AI моделиуд зөвхөн тексттэй харьцдаг, боловсруулалт хийдэг хариу өгдөг байсан бол удалгүй нэг жилийн дотор л дуу хоолой болон дүрс, видео process хийдэг олон талт чадваруудтай болж эхэлсэн. Meta болон Ray Ban компаниудын хамтран бүтээсэн ухаалаг нүдний шил нь Meta-ийн AI ухаалаг туслах программын тусламжтайгаар ажиллаж, хэрэглэгчийн яриаг ойлгож, хариу өгдөг байсан бол саяхнаас эхлээд мөн л multimodal буюу олон талт чадваруудтай болж, эргэн тойрноо хараад юу юу байгааг таних, гадаад хэл дээрх нэр хаягийг орчуулах зэрэг үйлдэл хийдэг болжээ. Мэдээж энэ үйлдлийг нүдний шилэнд суусан камерын тусламжтайгаар өгөгдөл цуглуулж, боловсруулах замаар гүйцэтгэж байгаа билээ. Мөн Meta Ray Ban шилээ зүүгээд WhatsApp болон Facebook Messenger дээр видео дуудлага хийнгээ эргэн тойрныхоо дүрслэлийг ч шууд хуваалцах боломжтой гэнэ шүү. Дэлгэрэнгүйг албан ёсны мэдэгдлээс уншина уу. Одоогоор энэ шинэ нэмэлт нь АНУ, Канадын хэрэглэгчдэд л хамаатай гэжээ.

Adobe Firefly AI модельд томоохон шинэчлэл хийгдэж, илүү нарийвчлалтай зураг дүрслэл үүсгэх, зургийг өөрчлөх хэлбэржүүлэхэд бага хугацаа зарцуулах боломжтой болжээ. Тухайлбал, Firefly Image 3 модель нь бодит мэт зураг дүрслэл үүсгэх, зураг дээрх текстүүдийг илүү нарийвчлалтай гаргах, бичсэн командыг илүү сайн ойлгож боловсруулах, зураг дээрх нарийн деталиудыг өмнөхөөсөө илүү бүтээлчээр дүрслэх зэрэг давуу талтай болсон байна. Өмнөх моделийг нь хэрэглэж үзэж байсан бол энэ удаад нэмэгдсэн Structure болон Style Reference хэрэгслүүдийг ашиглаж, үүсгэж байгаа зураг дүрслэлээ илүү сайжруулах, өөрийн хүссэн хэмжээнд дөхүүлж өөрчлөх шинэ боломж нээгдсэнийг мэдрэх болно. Энэ моделийн тусламжтайгаар Photoshop дээрх Generative Fill, Generate Image, Generate Similar, Generate Background, болон Enhance Detail гэсэн боломжууд ч мөн илүү сайжирч байгааг дуулгахад таатай байна. Шинэ моделийн чадваруудыг энд зочилж, туршиж үзээрэй.

Технологийн компаниуд

Tesla компани Uber шиг такси дуудлагын үйлчилгээ эхлүүлж магадгүй гэнэ. Учир нь тэд хэд хоногийн өмнө 2024 оны 1-р улирлын санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцуулахдаа энэ төрлийн үйлчилгээний талаар дурдсан хэсэг оруулжээ. Тэдний санхүүгийн үзүүлэлтүүд хөрөнгө оруулагчдын хүлээлтээс доогуур гарсан хэдий ч шинэ үйлчилгээний талаарх мэдээлэл нь олны анхаарлыг илүүтэй татаж байгаа юм. Tesla компани маш их хөрөнгө хүч зарцуулан хөгжүүлж буй бүрэн автомат жолоодлогын технологио амьдралд нэвтрүүлсний дараа Uber, Waymo-той өрсөлдөхүйц такси дуудлагын үйлчилгээ гаргаж, тусад нь апп гаргалгүй үйлчилгээгээ Tesla апп-д нэгтгэх тухай мэдээлэл гарчээ. Хэрэглэгчид Tesla машиныг апп дээрээс дуудах, машинд суусан хойноо салоны температур болон дуу хөгжмийн чанга сулыг тохируулах боломжтой байх гэнэ. Санхүүгийн тайланг энд дарж татан авах боломжтой.

Apple компани FIFA-тай нэгэн онцгой тохиролцоо хийгээд байгаа бололтой. Одоогоор албан ёсоор олон нийтэд зарлаагүй байгаа ч New York Times дээр гарсан мэдээллээс үзвэл ирэх 2025 оноос эхлэн шинэ форматаар зохиогдох клубуудийн хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг шууд дамжуулах онцгой эрхийг Apple TV авч байгаа бололтой. Үүнийхээ төлөө тэд 1 тэрбум доллар төлсөн байх гэсэн таамаг байна. Ер нь тус үйлчилгээ нь үзэгчдийн хандалтыг нэмэхийн тулд спортын шууд дамжуулах эрх авах стратеги баримтлаад хэсэг хугацаа өнгөрч байгаа ба одоогоор АНУ-ын хөлбөмбөгийн MLS лигийг дамжуулах эрх авахад 2.5 тэрбум доллар зарцуулж, бас League Cup тэмцээн, Major League Baseball лигийн тоглолтуудыг шууд дамжуулах эрх аваад байгаа юм. Мөн тэд NBA-н тоглолтыг шууд дамжуулах эрх авахаар хэлэлцээ хийж байгаа гэнэ. Одоогоор FIFA Клубийн дэлхийн аваргын тэмцээнийг үнэгүй шууд дамжуулах өөр ямар нэг хувилбар яригдаж эхлээгүй байгаа ба хэрэв энэ чигээрээ явсаар тэмцээн эхэлбэл зөвхөн Apple TV+ үйлчилгээний хэрэглэгчид л 36 баг оролцох энэ том тэмцээнийг шууд үзэх эрхтэй байна гэсэн үг болж таарах нь. Үнэ ханшийн хувьд одоогоор Apple TV+ спорт багц нь сардаа 14.99 доллар, жилээр нь төлөх тохиолдолд 99 долларын төлбөртэй байгаа юм байна.

Нэг өгүүлбэрээр

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүнд генийн өөрчлөлт хийх боломжтой болов.

Walmart түгээлтийн төвүүддээ AI технологид суурилсан автомат жолоодлоготой, цахилгаан forklift ажилуулж эхэллээ.

Илон Маск жиргээгээр дамжуулан GrokAI чатботыг Tesla автомашины программ хангамжид нэгтгэнэ гэж мэдэгдэв.

АНУ-ын Калифорни мужийн цахилгаан автомашин цэнэглэх сүлжээг шинэчлэхэд 20 тэрбум доллар шаардлагатай гэнэ.

Drake-ийг AI технологи ашиглан, Tupac-ийн дуу хоолойг зөвшөөрөлгүйгээр үүсгэж, шинэ цомгийн дуундаа ашигласан хэмээн хуульчид буруутгаж байна.

Apple компани Datakalab нэртэй AI чиглэлийн стартап бизнесийг худалдан авлаа.

Pixel 9 гар утасны зураг нь олон нийтэд анх удаа задрав.

OLED-ийг орлох боломжтой гэж яригдаж байгаа QDEL технологийн талаар.

Америк хэрэглэгчдийн талаас илүү нь AdBlocker ашигладаг гэнэ.

Tesla яагаад хямдрал зарлав?

Манай өнөөдрийн дугаарыг дуустал нь уншсан танд баярлалаа. Таалагдсан бол хуваалцахаа мартуузай. ✌️