Technosphere: Дугаар 35

Технологийн мэдээллийг 7 хоног бүр танд хүргэнэ

Өглөөний мэнд😊😊

Хиймэл оюун ухааны салбарын мэдээлэл

Amazon Q нэртэй AI туслах энэ 7 хоногт ажилдаа орлоо. Технологийн томоохон компаниуд дотроос харьцангуй сүүлд хиймэл оюун ухааны салбарт орж ирж байгаа хэдий ч асар их хэмжээний өгөгдөл, олон сая хэрэглэгчдийн мэдээлэл, үйлчилгээний цар хүрээгээр нь бодоод үзэхээр яавч сул тоглогч байхгүй нь тодорхой. Тэдний хөгжүүлсэн Amazon Q ухаалаг туслах нь компаниуд болон программ хангамж хөгжүүлэгчдэд голчлон ашиглагдахаар бүтээгдсэн бөгөөд тийм ч учраас Amazon Q Business болон Q Developer гэсэн хоёр хувилбар гаргажээ. Q Developer нь ямар ч мэргэжлийн хөгжүүлэгчээс дутахааргүй программын код бичиж, шалгаж, алдааг засч, учир шалтгааны холбоосыг тайлах болон ажлыг шат дараатайгаар төлөвлөх чадвартай бол Q Business нь компанийн өгөгдлийн сан руу хандаж, хэрэглэгчийн хүссэн асуултад хариулах, мэдээллийг тоймлох, өгөгдөл дундаас трэнд тодорхойлох зэрэг ажлыг төвөггүй хийж чаддаг ажээ. Мөн тэд Q Apps нэртэй шинэ үйлдэл бий болгосон нь техникийн нарийн мэдлэг муутай хэрэглэгчид, өөр өөрсдийн хэл дээр команд өгч, яг ямар үйлдэл, функц хүсч байгаагаа бичиж өгч, өөрийн хэрэгцээнд тохирсон custom AI апп бүтээлгэх боломжоор хэрэглэгчдийг хангана гэнэ.

Хиймэл оюун ухааны салбарыг сонирхогчид Anthropic компанийг андахгүй мэдэх байх. Тус компани Claude AI чатботоо iPhone-ий апп болгон гаргажээ. Уг апп нь Claude чатботын үнэгүй болон төлбөртэй бүх хэрэглэгчдэд нээлттэй бөгөөд вэб хөтөч дээрх Claude ашигласан түүх нь гар утасны апп дээрээ давхар орж ирэх тохиргоотой юм байна. Мөн энэ апп дээр хэрэглэгч гар утсаараа авсан зургаа Claude руу оруулж, боловсруулалт хийлгэх боломжтой гэсэн нь уг AI чатбот зураг дүрс таних чадвар өндөртэй болсны илрэл биз ээ. Anthropic компанийг урьд нь OpenAI компанид ажиллаж байсан нэг гэр бүлийн ах дүү нар үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө OpenAI-н хүчтэй өрсөлдөгч нарын нэг гэж зүй ёсоор тооцогддог. Саяхнаас тэд сарын 20 долларын төлбөртэй Pro хувилбараасаа гадна 30 долларын төлбөртэй байгууллагын зориулалттай хувилбар ч санал болгож байна. Гэхдээ байгууллагын эрх авахын тулд дор хаяж 5 ажилтнаа бүртгүүлсэн байх учиртай гэнэ.

AI технологи ашиглаж үүсгэсэн бүсгүйчүүдийн дундах анхны дэлхийн миссийн тэмцээн зохиогдох нь ээ. The Fanvue World AI Creator Awards (WAICAs)-аас зохион байгуулж байгаа энэ уралдаанд AI модель буюу инфлюнсерүүд 20000 долларын шагналын төлөө өрсөлдөх юм байна. Миссийн тэмцээний үндсэн 3 шалгуур нь:

  • Гадаад төрх болон цуврал асуултуудад өгсөн хариулт нь.

  • AI хэрэгслүүдийг ашигласан байдал, өөрөөр хэлбэл, хэр зэрэг нарийвчлалтай зураг үүгэсэн бэ, бүтээгчийн ур чадварын түвшин

  • Олон нийтийн сүлжээн дэх дагагчдын тоо, хандалт, өсөлтийн хувь гэсэн үндсэн 3 шалгуураар дүгнэж, дүнгээ гаргана.

Технологийн компаниудын талаар

Өнгөрсөн 7 хоногт Tesla-гийн босс Илон Маск Хятадад зочилж, албаны томоохон хүмүүстэй уулзалт хийсэн. 24 цаг ч хүрэхгүй хугацаанд Хятад руу яваад ирэхдээ маш үр дүнтэй уулзалтууд хийж, улмаар Хятадын албаны хүмүүсээс Tesla-ийн Full Self Driving (FSD) технологийг тус улсад ашиглах зөвшөөрөл хүсч нааштай хариу авсан мэдээтэй байна. БНХАУ-ын Tesla компанийн хувьд АНУ-ын дараа орох хоёрдахь том зах зээл, мөн цахилгаан автомашин болон автомат жолоодлогын технологиор Tesla-тай хамгийн хүчтэй өрсөлдөгч компаниуд Хятадынх гээд бодохоор түүний хийсэн энэ удаагийн алхам үнэхээр алсын хараатай үйлдэл гэж хэлж болохоор байна. Хятадад FSD системийг ажиллуулахдаа Baidu компанийн хөгжүүлсэн хиймэл оюун ухаан, автомат жолоодлогын технологитой хослуулах талаар яригджээ. Tesla-ийн автомашинууд FSD системээ сургах, сайжруулж хөгжүүлэхдээ тухайн газар орны болоод хэрэглэгчдийн зорчилтын мэдээллийг АНУ-д байх дата төв рүүгээ дамжуулдаг нь Хятадын эрх баригчдын хувьд гадагшаа иргэдийнхээ өгөгдлийг хуваалцахад хүргэж байгаа юм. Одоогоор зөвхөн урьдчилсан шатны тохиролцоонууд хийгдээд байгаа ч Илон Маск Хятадын албаны хүмүүст хандан, FSD системийн өгөгдлийг АНУ руу дамжуулж байхыг хүссэн, хариу хүлээж байгаа гэжээ. Энэ мэдээлэл гарсны дараа Tesla болон Baidu компаниудын хувьцааны үнэ аль аль нь хөрөнгийн бирж дээр өссөн байна.

Apple компани Швейцарийн Цюрих хотноо нууц AI технологийн лаб байгуулж, тэндээ Google компаниас урвуулж авсан хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдээ ажиллуулж байгаа гэж Financial Times мэдээлжээ. Тэд 2018 оноос хойш энэ чиглэлийн 36 мэргэжилтнийг Google компаниас элсүүлсэн нь тэдгээр мэргэжилтнүүдийн LinkedIn профайлд хийсэн бяцхан судалгаанаас харагдаж байна. Угтаа Apple-ийн AI технологийн үндсэн баг нь Калифорни болон Сиаттл хотод ажилладаг ч тэд Цюрихт ийнхүү судалгаа хөгжүүлэлтийн төв байгуулсан нь сонирхолтой. Гэхдээ Apple саяхан худалдаж авсан FaceShift (VR технологи) болон Fashwell (зураг таних технологи) зэрэг AI компаниуд нь Швейцарийн Цюрих хотынх гээд бодохоор бас учир шалтгаантай ч юм шиг. Одоогоор энэ лаб-д яг ямар технологи хөгжүүлж байгаа нь тодорхойгүй байгаа ч хамгийн өндөр магадлалтай бүтээгдэхүүн нь iSO18 үйлдлийн системд сууна гэж яригдаж буй үндсэн AI LLM-ийг хөгжүүлж байж магадгүй юм. Энэхүү хиймэл оюун ухааны модель ухаалаг төхөөрөмжид сууснаар Siri, Spotlight, Shortcuts, Apple Music, Messages, Health, Keynote, Numbers, Pages болон өөр бусад апп-ууд дээр хиймэл оюун ухаан ашиглах боломжтой болно гэсэн хүлээлт их байгаа. Мөн сүүлийн хэдэн сарын турш энэ AI моделийг хөгжүүлэх буюу бэлэн модель ашиглах тал дээр OpenAI, Google, Baidu компаниудтай уулзаж, хэлэлцээр хийж байгаа мэдээлэл ч их гараад байгаа билээ.

Нэг өгүүлбэрээр

Яг л лайв хийж, нөгөөхийг нь хэдэн мянган хүн үзэж байгаа юм шиг харагддаг, AI үзэгчидтэй апп байдаг гэж байна шүү.

Программчлалын дээд түвшиний хэлнүүдээс хамгийн энгийн гэдгээрээ алдартай BASIC хэл мэндэлсний 60 жилийн ой нь өчигдөр тохиожээ.

Японд зэрлэг баавгай хүн рүү дайрах нь ихэссэн тул AI-н тусламжтай хяналт, дохиоллын систем бий болгож турших нь ээ.

Хүргэлтийн дронууд улам л томорсоор байна.

Хятадын эрдэмтэд сарны гадаргын хамгийн өндөр нарийвчлалтай зургийг олонд танилцууллаа.

Apple Компанийн AI хөтөч/браузер гэж юу вэ?

Учир битүүлэг “gpt2-chatbot” нэртэй өндөр гүйцэтгэлтэй AI модель шинээр гарч ирээд, төд удалгүй алга болов.

Хятад улс энэ 7 хоногт сар руу нисч, сарны нөгөө талаас дээж аваад буцаж ирэх төхөөрөмжийг сансарт хөөргөж магадгүй.

Энд хүрээд энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Энэ хүртэл уншсан танд баярлалаа.