Technosphere: Дугаар 36

Технологийн салбарын шинэ мэдээллүүд

Өглөөний мэнд хүргэе. 2023 оны 9 сараас хойш тасралтгүй нийтлэгдэж байсан товхимол маань өнгөрсөн долоо хоногт гадаад томилолтод яваад эзгүй байсантай холбоотойгоор завсарласанд хүлцэл өчиж байна.

Энэ өдөр түүхэнд.

Тавдугаар сарын 16-ны өдөр технологийн салбарын түүхэнд олон чухал үйл явдлууд болж өнгөрсөн байдаг юм байна. Эдгээрээс магадгүй хамгийн өндөр ач холбогдолтой нь 1938 оны 5-р сарын 16-нд Германы электромеханикийн инженер Конрад Зусе өөрийн зохион бүтээж буй анхны компьютерийг олон нийтэд танилцуулсан явдал байв. 1941 онд эцсийн байдлаар бэлэн болсон Z3 загвар нь анхны программчлагдсан, бүрэн автомат, тоон технологид суурилсан компьютер байлаа. Z3-г бүтээхэд нийт 2600 ширхэг релей шаардагдсан бөгөөд, 22 бит хэмжээтэй текст боловсруулах чадалтай, 5-10 Hz давтамжийн хурдаар ажилладаг төхөөрөмж байв. Программын кодыг нүхэлж цоолбордсон хальсан дээр хадгалсан байдаг бол тооцоолох утгуудыг гараар оруулж өгдөг байсан гэдэг. Зусе Германы эрх баригчдаас санхүүжилт хүсч, компьютерийн релейнүүдийг бүрэн цахилгаан сэлгүүрээр солих төлөвлөгөөгөө танилцуулсан ч дайны үед онцын ач холбогдолгүй гэж үзээд, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй ажээ.

Мөн 1983 оны энэ өдөр Lotus Development Corporation компьютерт зориулсан текст боловсруулах, хүснэгт боловсруулах, өгөгдлийн баазтай ажиллах багц программ болох Lotus Symphony-г худалдаанд гаргаж байсан бол 2006 оны энэ өдөр Intel корпораци Intel Core бичил архитектурыг мөн олон нийтэд танилцуулж байв.

AI технологийн салбарт

Энэ 7 хоногийн хамгийн гол AI мэдээллүүд уламжлал ёсоор OpenAI компани, ChatGPT-тэй холбогдоно. Тус компани өмнөх GPT4 моделийнхоо сайжруулсан шинэ хувилбар болох GPT-4o нэртэй шинэ моделио танилцуулсан ба ‘o’ үсэг нь ‘omni’ гэсэн утгатай юм байна. Омни гэдэг нь олон талт буюу real-time аудио боловсруулах, харилцан яриа өрнүүлэх, яриан дундаас ярилцагчийнхаа сэтгэл хөдлөлийг мэдрэх зэрэг олон чадвартайг нь хэлж байгаа нь дамжиггүй. Өмнөх модель болох GPT-4 Turbo-оос энэхүү шинэ модель нь илүү хурдтай ажиллахын сацуу текст, зураг, аудио өгөгдлийг нэг нейроны сүлжээг ашиглан боловсруулах чадвартайгаараа давуу талтай юм. GPT-4o нь аудио өгөгдөлд 320 миллисекундэд багтаж, хариу өгч байгаа нь хүмүүс хоорондын харилцан ярианы хурдтай дөхөж очсон үзүүлэлт билээ. Мөн зураг дүрслэл боловсруулах чадвартай болсноор зургийг тайлж унших, текст болон дуу хоолойгоор тайлбарлах үйлдлүүд хийж чадна гэнэ. Урьд өмнөх моделиудаасаа олон хэлний чадварууд нь ч үлэмж сайжирч, дэлхийн нийт хүн амын 97% нь ярьдаг 50 гаруй хэлний орчуулгын чанар болоод хурд нь нэмэгдсэн байна. Бас OpenAI компани macOS үйлдлийн системд зориулсан бие даасан ChatGPT апп гаргаж байгаа гэнэ. Үнэтэй ChatGPT Plus хэрэглэгчдэд л нээлттэй байсан web browsing, data analytics, GPT Store зэрэг нэмэлт боломжуудыг одоо үнэгүй хэрэглэгчид ч ашиглах боломжтой болсон гээд олон сайн мэдээтэй. Ер нь бол ChatGPT -4o танилцуулгыг үзээд дууссаны дараа ‘Her’ гэдэг алдартай киноны үйл явдал бодит амьдралд биелэх цаг иржээ гэж бодогдлоо.

Жил бүр уламжлал болгон зохиогддог Google I/O хөгжүүлэгчдийн арга хэмжээ өчигдөрхөн нээлтээ хийлээ. Дээр дурдсан OpenAI GPT-4o модельтой мөчөөгөө өгөхгүй өрсөлдөх Gemini AI моделийн шинэчлэл болон өөр бусад хэд хэдэн шинэ AI моделийг тэд энэ удаа танилцуулсан байна. Gemini 1.5 Pro хувилбар нь 2 сая токен мэдээлэл боловсруулах чадвартай болсон нь бусад өрсөлдөгч моделиудаас хол тасарсан гэж хэлж болохоор үзүүлэлт бөгөөд код бичих, логик дараалал тайлах, зураг таних чадварууд нь сайжирсан ажээ. Нэгэнт ийм их хэмжээний мэдээлэлтэй харьцах боломжтой болсон учир бичиг баримтууд, видео, аудио файлууд болон программын кодны баазтай ажиллаж, боловсруулалт хийхэд асуудалгүй болжээ.

Мөн энэ арга хэмжээний үеэр Gemini 1.5 Flash нэртэй, 1 сая токен мэдээлэл боловсруулах чадалтай, хурд, ашигт ажиллагаа тал дээрээ илүү анхаарсан шинэ моделийг ч олон нийтэд танилцуулсан. Үүгээр зогсохгүй нээлттэй эхийн Gemma моделийг, бас зураг дүрстэй ажиллах PaliGemma нэртэй шинэ модель ойрын өдрүүдэд ажиллагаанд оруулахаар болсон байна. Gemini Advanced хувилбарын хэрэглэгчид ChatGPT-ийн Custom GPT-тэй төстэй ‘Gems’ буюу тухайлсан ямар нэг даалгавар, хэрэглээнд тохируулсан шинэ чатботуудыг үүсгэх боломжтой болсон гэсэн мэдээллийг мөн өгөв. Шинээр танилцуулсан Veo модель нь хэрэглэгчийн өгсөн текст, зураг, видео бүхий команд промпт дээр тулгуурлан 1080p нягтралтай, 60 секундын урттай бичлэг үүсгэх чадвартай гэсэн бол мөн л шинээр нээлтээ хийж байгаа Imagen 3 нь текст командаас зураг үүсгэх модель бөгөөд өмнөх энэ төрлийн хувилбаруудаасаа текст команд ойлгох чадвар нь илүү сайжирсан гэжээ. Ийнхүү Google өмнөх AI моделиудынхаа мэдээлэл боловсруулах чадварыг 2 дахин нэмэгдүүлж, OpenAI Sora-тай өрсөлдөхүйц video generating модель танилцууллаа. Одоо харин Sora, Veo хоёрын аль нь түрүүлж энгийн хэрэглэгчдэд үүд хаалгаа нээх вэ гэсэн асуулт л үлдэж байна.

Технологийн компаниуд

Meta компани “Camerabuds” нэртэй, AI технологид суурилсан, камертай чихэвч бүтээж байгаа гэнэ. Уг чихэвч нь хиймэл оюуны тусламжтайгаар яриа орчуулах, мөн хэрэглэгчийн орчин тойронд юу байгаа талаар тайлбарлаж өгөх функцтэй байх ажээ. Чихэвчний дизайны концепт гаргахад Марк Цукерберг өөрөө оролцож байгаа бөгөөд чихэнд ордог юм уу, эсвэл чихэн дээгүүр тохдог байх хоёр загвар хүчтэй яригдаж байгаа гэнэ. Энэ төсөл дээр Meta компани ухаалаг чихэвч үйлдвэрлэгч Ear Micro компанитай хамтран ажиллаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд дасан зохицох, чөлөөтэй харилцаанд ороход нь туслах төхөөрөмж бий болгохыг зорьж байгаа юм. AI технологийн хөгжлийн дараагийн чиг хандлага нь AI wearables гэж технологийн томчууд үзэж байгаа учир Meta энэ төхөөрөмжийг сонгон хөгжүүлж байгаа бололтой. Одоогоор камерыг хэрхэн ил байрлуулах, чихэвчний халалтын асуудлыг шийдэх, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдахаас сэргийлэх гэх мэт техникийн чанартай сорилтууд тулгараад байгаа ч талууд асуудлыг шийдэхээр эрчимтэй ажиллаж байна.

Microsoft-ын Xbox Mobile Gaming Store энэ 7-р сард нээлтээ хийнэ гэнэ. Уг платформ нь вэб дээр байршиж, өөрийн эзэмшлийн тоглоомууд болох Candy Crush, Minecraft зэрэг нь эхний ээлжинд тавигдах ажээ. Өмнө нь зөвхөн өөрсдийн консол тоглоом дээр давуу эрхтэй байршдаг байсан эдгээр тоглоомуудыг вэб дээр нээлттэй байршуулж, бүх төрлийн төхөөрөмж дээр, аль ч улсаас хандаж, тоглох боломжтой болгож байгаа нь нэг том дэвшил бөгөөд хэрэглэгчид өөрсдийн нээсэн профайл руугаа өөр өөр төхөөрөмжөөс хандах боломжоор мөн хангажээ. Цаашид тэд AppStore, Google Playstore шиг ухаалаг төхөөрөмжид зориулсан апп дэлгүүр болж, өөр бусад хөгжүүлэгчдийн тоглоомыг ч байршуулах бодлого баримтлах бололтой. Өнгөрсөн жил Microsoft нь Activision Blizzard-г худалдан авснаас хойш “шинэ үеийн тоглоомын цахим дэлгүүр“ нээх тухай яриа гарч эхэлсэн бөгөөд ийнхүү биеллээ олж байгаа нь энэ юм.

OpenAI компанийн үүсгэн байгуулагчдын нэг, Chief Scientist (Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал гэж орчуулмаар юм уу...) Илья Суцкевер компаниа орхих болсноо албан ёсоор зарлалаа. Хэрэв өнгөрсөн намар OpenAI компанид өрнөсөн шуугиант үйл явдлын талаар олж сонссон бол мань хүн нилээн гол рольд тоглож, бужигнуулсныг уншигчид маань санаж байгаа байх. Түүний оронд судалгаа хариуцсан захирал байсан Якуб Пачоки томилогдохоор болжээ. Ажлаа өгөх болсон шийдвэрээ Илья өөрийн твиттер хаягаара дамжуулан мэдэгдсэн бөгөөд жиргээндээ OpenAI маш богино хугацаанд гайхамшгийг бүтээсэнд сэтгэл ихэд хангалуун байгаа ба, цаашид аюулгүй байдлыг хангасан, олон нийтэд ач тусаа өгсөн AI хөгжүүлнэ гэдэгт итгэж байна гэв. Тэрээр цаашид өөрийн хувийн төсөл дээр ажиллах талаар хальт дурдсан бөгөөд уг төсөл нь түүний хувьд их утга учиртай зүйл байх болно гэж мэдэгдсэн. Илья мөн 2023 онд Грег Брокмэн, Сэм Олтмэн нарыг компанийн удирдлагаас огцруулах үйл ажиллагаандаа оролцсондоо одоо ч харамсаж явдгаа илэрхийлжээ. Ерөнхийдөө бол үүсгэн байгуулагчид компанийн цаашдын ирээдүйн чиг хандлага, AI хөгжүүлэлт дээр баримтлах бодлогоосоо болж санал зөрөлдсөн нь нэгэнт тодорхой болсон билээ.

Нэг өгүүлбэрээр

Google Veo video AI модель дээр суурилсан Google VideoFX-ийг туршиж үзэх хүсэлтэй бол энэ линкээр орж, waitlist-эд бүртгүүлээрэй.

АНУ-ын засаг захиргаа Хятад руу AI технологийн бүтээгдэхүүн экспортлох дээр дахин хориг тавилаа.

Google Trillium нэртэй, 6-р үеийн TPU(Tensor Processing Unit) бүтээж, хүчирхэг AI моделиудаа сургахад ашиглана гэдгээ мэдэгдсэн бол Илон Маск мөн OpenAI, Google-тэй өрсөлдөж AI хөгжүүлэхэд шаардлагатай хүчирхэг процессорын асуудлаа Oracle компанитай 10 тэрбум долларын сервер түрээсийн гэрээгээр шийднэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

Lockheed Martin компани АНУ-ын засгийн газраас зарласан M270 multiple launch rocket systems (MLRS) системийг шинэчлэх 451 сая долларын тендерт ялжээ.

Хэдэн 7 хоногийн өмнө LMSys Arena дээр нэгэн учир битүүлэг хүчирхэг AI модель gpt2-chatbot нэртэйгээр орж ирж шуугиулаад төд удалгүй алга болсон нь хэний хийсэн ажил байсан бэ?

Барууны цахилгаан машинууд Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан машинуудтай цаашдаа өрсөлдөхөд тун хэцүү болох талаарх сэдвийг хөндөж бичсэн нийтлэлийг эндээс уншина уу.

Apple, SpaceX, Microsoft компаниуд ажилтнуудаа заавал оффист ирж ажиллах журам хатуу мөрдүүлснээс болж, авьяаслаг мэргэжилтнүүдээ алдах болов.

StabilityAI Компанийн зураг, видео үүсгэх Stable Artisan моделийг Discord-оор дамжуулан ашиглаж болох нь байна шүү.

Roaring Kitty эргэн ирж, GameStop хаданд гарлаа.

Android апп-ууд удахгүй хэрэглэгчдийн нүүрний хөдөлгөөнөөр курсороо удирддаг болно.

Манай энэ удаагийн дугаар танд таалагдсан гэдэгт итгэж байна. Сошиал сүлжээндээ хуваалцаж, цааш нь түгээхийг хүсье. Баярлалаа.