Technosphere: Дугаар 37

Техник технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр

Амралтын өдрийн мэнд хүргэе! Өнөөдөр Бурхан багшийн их дүйчин өдөр учраас бид орон даяар амарч байна. Эл өдрийг Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр хэмээн үзэж, зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг сонгон тэмдэглэж байхаар тогтсон байдаг юм билээ.

Энэ өдөр түүхэнд:

1995 оны 5-р сарын 23-ны өдөр Sun Microsystems компани Java програмчлалын хэл болон платформыг танилцуулж байв. Анх өөр өөр платформууд дээр хөрвүүлэлт шаардахгүй шууд ажилладаг программ бүтээхэд ашиглахаар зохиогдсон энэ хэл өдгөө дэлхийн хамгийн өргөн хэрэглэгддэг програмчлалын хэл болсон билээ.

2012 оны энэ өдөр SpaceX компанийн Dragon сансрын хөлөг олон улсын сансрын станц(ISS)-тай тойрог замд холбогдсон бөгөөд уг станцтай холбогдсон хамгийн анхны хувийн компанийн сансрын хөлөг болж байсан түүхтэй. Үүнээс өмнө Роскосмос, NASA гэх мэт төрийн мэдлийн сансрын хөлгүүд л тэнд зочилж байсан гэсэн үг юм.

AI технологийн салбарт

Microsoft корпораци Arm based, AI компьютерууд энэ хавар танилцуулах нь гэж бид өмнө нь мэдээлж байсан билээ. Таавар ёсоор тэд энэ 7 хоногийн арга хэмжээн дээрээ Copilot+ PC гэсэн шинэ төрлийн компьютерийн ангилал бий болгож байгаагаа зарлав. Энэ нь одоогоор бүтээгдээд байгаа хамгийн хурдтай, бас хамгийн ухаалаг компьютер болж байгаа бөгөөд дэвшилтэт технологи бүхий силикон чипний ачаар 40+ TOPS (секундэд 40 их наяд үйлдэл хийх) хурдтай, бүхэл өдөржин цэнэгээ барих батарейтэй, мөн хамгийн сүүлийн үеийн AI моделиудтай шууд ажиллах боломжтой зэрэг өөр бусад ямар ч PC-д байхгүй онцгой давуу талтай юм. Мөн энэ төрлийн компьютер дээр Copilot-оор юм яриулах, “Recall” нэртэй цоо шинэ үйлдлийг ашиглах боломжтой гэжээ. Ерөнхийдөө бол энгийн РС-тэй харьцуулахад AI модель программуудтай 20 дахин өндөр хурдаар, 100 дахин илүү бүтээмжтэй байдлаар ажиллана гэж байгаагаас үзэхэд үнэхээр онцгой шинэ бүтээл гэдэг нь илт байна. Энд яригдаж байгаа Recall хэмээх функц нь хэрэглэгчийн хийж буй бүх үйлдэл, нээсэн бүх цонх, ажилласан программ бүхнийг screenshot хийж байгаа юм шиг хадгалж, эргээд AI-аас хүний хэлээр асуулт асуухад, бүх зүйлийг цаг минут, өдөр сартай нь хариулах, тайлбарлах, тоймлох чадалтай цоо шинэ үйлдэл юм. Copilot+ ангиллын компьютерууд нь Windows 11 үйлдлийн системдээ OpenAI-н хамгийн сүүлийн үеийн модель суулгасан байдалтайгаар хэрэглэгчид очих бөгөөд хамгийн доод үнэ нь 999 доллар байхаар байна. Учир нь энэ төрлийн компьютерууд хамгийн багадаа 16гб багтаамжтай RAM, 256гб багтаамжтай хатуу дисктэй байх ёстойгоос гадна хамгийн гол нь нэг секундэд 40 их наядаас дээш үйлдэл хийх хурдтай neural processing unit, буюу NPU-тэй байх ёстой гэсэн шаардлага тавигдсан нь одоогоор бидний ашиглаж буй ямар ч компьютерийн хүчин чадлаас хол тасарсан үзүүлэлт билээ. Энэ үзүүлэлтийг одоогоор бүрэн хангаж буй цорын ганц чип бол Qualcomm компанийн үйлдвэрлэдэг Snapdragon X Elite болон X Plus чипнүүд бөгөөд персонал компьютерийн чип үйлдвэрлэлийн акулууд болох Intel, AMD нарыг бараг л тоглоомноос шахан гаргах хэмжээний өндөр хүчин чадал шаардсан шинэ төрлийн компьютерийг Microsoft танилцууллаа хэмээн шуугиж байна. Учир нь Intel-н хамгийн хүчирхэг NPU 10 TOPS, AMD-ийнх 12-16 TOPS үзүүлэлттэй байгаа. Яг өнөөдрийн байдлаар Qualcomm-н чип суулгасан цөөн тооны Dell, Lenovo, HP, Asus, Acer-ийн загварууд л Microsoft -ийн дээрх өндөр шаардлагыг дөнгөн данган хангаж байгаа гэнэ шүү.

Энэ 7 хоногт нээгдсэн Microsoft Build хөгжүүлэгчдийн арга хэмжээний өөр нэг сонин гэвэл Phi-3 ангиллын шинэ AI модель байлаа. Энэ нь зураг, болон тексттэй зэрэг ажиллах чадвартай small language model бөгөөд 4.2 тэрбум параметр ашиглан сургагдсан, зураг дүрслэл, диаграмм уншаад түүн дээр юу байгааг тайлбарлах буюу тайлж унших чадвартай шинэ модель юм. Phi-3-vision нь бусад зураг дүрслэлтэй ажилладаг моделиуд болох OpenAI-ийн DALL-E, эсвэл Stability AI компанийн Stable Diffusion моделиудаас хамаагүй бага хэмжээтэй, учир нь тэрээр зураг дээрхийг ойлгох үйлдэл гүйцэтгэхээс биш тэдэн шиг текстээс зураг дүрслэл үүсгэх чадвар өөртөө агуулаагүй онцлогтой. Microsoft анх 4-р сард энэ ангиллын моделиудыг танилцуулсан нь 3.8 тэрбум параметр бүхий Phi-3-mini, болон 7 тэрбум параметртэй Phi-3-small, 14 тэрбум параметр дээр сургагдсан Phi-3-medium нар билээ. Сүүлийн үед AI хөгжүүлэгч компаниуд энэ мэт жижиг хэлний моделиуд буюу цөөн параметр дээр суурилсан small language model хөгжүүлэх болсон шалтгаан нь заавал интернэтэд холболттой хүчирхэг сервер ашиглалгүйгээр гар утас, зөөврийн компьютер дээрээ оффлайн ажиллуулах боломжтой, эрчим хүчний хэмнэлттэй хиймэл оюун ухааны модель үүсгэх хэрэгцээ шаардлага өндөр байгаатай холбоотой ажээ.

Технологийн компаниуд

Өнгөрсөн оны намар анх нээлтээ хийж, хиймэл оюун ухаанд суурилсан программ бүхий Humane AI Pin нэртэй ухаалаг төхөөрөмж санал болгож байсан Humane компани хангалттай хэрэглэгч, худалдан авагч татаж чадаагүйн улмаас хүндхэн байдалд орж, сүүлдээ компаниа зарах дээрээ тулсан бололтой. Тус компанийг 800 сая долларын үнэлгээтэй гэж үздэг ч тэд худалдан авагчийн бэл бэнчингээс шалтгаалан, компаниа 750 саяас 1 тэрбум долларын хооронд үнэлж байгаа мэдээлэл байна. Humane AI Pin төхөөрөмж нь хиймэл оюун ухаанд суурилсан үйлдлийн системтэй, өөр дээрээ дүрс цацагч проектортой, бичил AI компьютер гэж анх танилцуулагдаж байсан ч хэрэглэгчид төдийлөн сонирхсонгүй. Төхөөрөмж нь өөрөө 700 долларын үнэтэй, гар утасны дугаартай, интернэт хэрэглээний багцтай, AI программын сарын хураамж нь 24 долларын үнэтэйгээр гарч байсан уг ухаалаг төхөөрөмж хэрэглэгчийн командыг удаан боловсруулдаг, сүлжээгүй орчинд ажиллагаагүй болдог, батарей нь хурдан дуусдаг, хэт халдаг зэрэг асуудлуудаасаа болоод ийнхүү 2023 оны хамгийн бүтэлгүй шинэ бүтээгдэхүүн болж байгаа бололтой. Мөн үүний зэрэгцээ Rabbit R1 нэртэй, илүү дажгүй загвартай, ухаалаг утасны дэлгэцтэй AI туслах төхөөрөмж 199 доллараар худалдаанд гарснаас гадна Meta Ray-Bans нүдний шил гарч ирсэн нь байдлыг улам ч хүндрүүлж, Humane компанийг хүнд байдалд орууллаа.

Манай товхимлын эхэнд дурдсанчлан, Microsoft AI компьютерийн шинэ эрин ирж байгааг зарласнаар Apple-ийн хүчирхэг зөөврийн компьютеруудаас нэг алхам түрүүлж гишгэлээ гэвэл буруутахгүй байх. Учир нь Apple компани бусад технологийн томчуудын нэгэн адил өөрийн гэсэн AI модель хөгжүүлэхийг чухалчлахгүй, харин бэлэн AI программ хөгжүүлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бололтой. Тэд OpenAI компанийн хиймэл оюун ухааны моделийг удахгүй гарах iPhone 16 гар утас буюу iOS 18 үйлдлийн системд ашиглаж, ухаалаг туслах Siri-ийн чадварыг нэмэгдүүлэхээр шийджээ. Тэд энэхүү хамтын ажиллагаагаа WWDC 2024 арга хэмжээний үеэр зарлаж магадгүй байгаа юм. Гэсэн ч Apple-ийн зарим инженерүүд болоод захирлууд өөр компанийн AI чатботыг утсандаа нэгтгэснээр хэрэглэгчдэд худал мэдээлэл, төөрөгдүүлсэн агуулга түгээгдэх магадлалтай гэж болгоомжилж байгаа гэнэ. Ямартай ч Apple компани Google Gemini-тэй AI салбарт өрсөлдөх, iPad Pro-ийн M4 chip дээр хиймэл оюун ухааны программ амжилттай ажиллах эсэхийг турших даалгавартай болж байна.

Amazon компанийн босс Жефф Безосын үүсгэн байгуулсан Blue Origin компани 2022 оноос хойш 2 жил орчим завсарласны эцэст энэ 7 хоногт нисгэгчтэй сансрын нислэг амжилттай үйлдлээ. Тэдний New Shepard пуужин 6 сансрын жуулчинтайгаар хөөрч, сансрын зааг руу хүрээд, буулгагч аппаратын тусламжтайгаар амжилттай буцаж газардсан байна. 2022 онд пуужингийн системд гэмтэл гарч, нислэгийг хойшлуулж байснаас хойш тэд 21 төрлийн үл тохирол илрүүлж, АНУ-ын FAA буюу иргэний нисэхий газартай хамтран засварлан ажилласны үндсэн дээр саяхан ийнхүү хүнтэй нислэг үйлдэж чадлаа. Одоогоор тус компани сансарт 37 зорчигч хүргэж, буцаж ирээд байна.

Нэг өгүүлбэрээр

Samsung Galaxy ухаалаг бөгж нь сарын хэрэглээний хураамжтай байж магадгүй байна.

Meta компани Chameleon нэртэй шинэ Multimodal AI модель танилцууллаа.

SpaceX компанийн туршилтын хиймэл дагуулын гар утаснууд сайжирсаар сүүлдээ видео дуудлага хийдэг болжээ.

Тикток хэрэглэгчдийг 60 минут хүртэлх урттай бичлэг оруулах боломжтой болгосон бөгөөд яваандаа YouTube-тэй хүчтэй өрсөлдөх бололтой.

Stability AI компани санхүүгийн хүнд байдалд орж, компаниа зарах тал дээр ажиллаж байна.

OpenAI компанийн үүсгэн байгуулагчдын нэг нь AGI буюу өөрөө бодож сэтгэдэг хиймэл оюун ухаан бий болоход 2-3 жил л үлдсэн гэжээ.

Netflix компани энэ жилийн Зул сарын баяраас эхлээд NFL-н тоглолтыг шууд дамжуулах эрх авлаа.

SpaceX компанийн Starship хөлөг 3-5 долоо хоногийн дараа 4 дэх удаагийн хөөрөх туршилтаа хийж магадгүй.

Амралтын өдрөөр цаг заваа гарган уншсан танд баярлалаа.