Technosphere: Дугаар 38

Технологийн салбарын шинэ мэдээллүүд

Өглөөний мэнд хүргэе!

1983 оны 5-р сарын 30-нд Microsoft компани хамгийн анхны компьютерийн хулганыг олонд танилцуулж, компьютерийн хэрэглээний боломжийг нэг шатаар ахиулав. Чухамдаа хулгана хэрэглээнд нэвтэрч, түүний курсорыг ашиглан команд гүйцэтгэх болсноор GUI (Graphic User Interface) бүхий программууд олноороо бүтээгдэж, улмаар Windows үйлдлийн системийн график дүрслэлийн суурь тавигдаж байжээ.

AI технологийн салбарт

OpenAI компани шинээр Safety and Security Committee буюу Технологийн аюулгүй байдал хариуцсан хороо байгуулж, гүйцэтгэх захирал Сэм Олтмэний удирдлага доор удирдах зөвлөлийн гишүүд болох Брэт Тэйлор, Адам ди Анжело, Николь Селигман зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллана. Тэд шинээр гүйцэтгэж буй төсөл, үйл ажиллагааны эрсдлийн удирдлагыг хариуцан ажиллаж, компанийн захирлуудын зөвлөлд хандсан AI аюулгүй байдлын талаарх зөвлөмж гаргах эрх мэдэлтэйгээр үйл ажиллагаа явуулна. Компанийн AI хөгжүүлэлт нь удирдлагын бодлогод нийцэж байгаа эсэх, AI технологийн сөрөг талуудаас хүүхдүүдийг хамгаалах, сонгуулийн үеэр AI технологи буруугаар ашиглагдахаас сэргийлэх, шинэ төслүүдийн нийгмийн үр нөлөөг үнэлэх, аюулгүй байдлын шинэ арга хэрэгслүүд нэвтрүүлэх зэрэг чиг үүргүүдийг ч мөн тэд хэрэгжүүлэх юм. Мөн үүний зэрэгцээгээр тэд цоо шинэ AI модель дээр ажиллаж байгаагаа ч олон нийтэд танилцуулж, өөрөө бодож сэтгэдэг AGI (Artificial General Intelligence) бүтээх үйлсэд нэг алхам ойртох хэмжээний ач холбогдолтой шинэ төсөл байх болно гэж амалжээ.

Чикагогийн их сургуулийн эрдэмтдийн саяхан хийсэн судалгаагаар GPT-4 зэрэг LLM моделиуд нь санхүүгийн шинжилгээг амжилттай хийж, зарим нэг үзүүлэлтээр, тухайлбал, ирээдүйн орлогын тооцоолол тал дээр санхүүгийн мэргэжилтнүүдээс ч давж гарсан гүйцэтгэл үзүүлэх боломжтойг олж тогтоожээ. Тэд ингэхдээ GPT-4 модельд нэрийг нь нууцалсан компанийн санхүүгийн тайланг танилцуулж, санхүүгийн шинжээчид тайлангийн шинжилгээ хийхдээ ашигладаг аргачлалын дагуу промпт командууд бичиж өгсөн байна. Ингэж туршихад компанийн өөр бусад тоон бус өгөгдлүүдтэй огт танилцаагүй хэдий ч GPT-4 модель нь ирээдүйн орлогын чиг хандлагыг тооцоолохдоо санхүүгийн мэргэжилтнээс илүү сайн тооцоолжээ. Мөн зөвхөн санхүүгийн шинжилгээний чиглэлээр хөгжүүлсэн өөр бусад моделиос ч илүү сайн үр дүнтэй ажиллаж чадна гэдэг нь нотлогдсон байна. Тухайлбал, санхүүгийн харьцаануудын шинжилгээ, компанийн ашиг орлогын трэнд болон эдийн засгийн үйл ажиллагааны учир шалтгаанд суурилсан үндэслэл зэргийг маш сайн тооцоолдог болох нь анзаарагдсан тул цаашид санхүүгийн шинжээч нарын ажлын байранд нөлөөлж, нөгөө талаараа хүн бүр өөрийн ширээн дээр эсвэл халаасандаа мэргэшсэн санхүүгийн туслахтай болох боломж нээгдэж байна гэж дүгнэж болох юм.

Олон улсын судлаачдын баг саяхан SignLLM нэртэй, олон хэл дээр дохионы хэлний боловсруулалт (Sign Language Production - SLP) хийж, 8 өөр орны хэл дээр дохионы хэлний видео дүрслэлийг текстээс үүсгэж чаддаг шинэ AI модель бүтээснээ зарлалаа. Өөрөөр хэлбэл, текстээр бичигдсэн команд буюу орчуулах текстийг уг модель нь дохионы хэл рүү хөрвүүлж, үүнийгээ ухаалаг төхөөрөмжийн дэлгэцээр дамжуулан видео хэлбэрээр харуулах чадвартай бөгөөд өөр өөр улсын хэл дээр энэ даалгаврыг амжилттай гүйцэтгэж чадна гэсэн үг. Тэд хамгийн анхны олон хэлээр зэрэг ажилладаг дохионы хэлний датасет Prompt2Sign-г эхлээд хөгжүүлж, текст өгөгдлийг хүний цээжин биеийн дүрс ашиглан илэрхийлэх дохионуудыг суулгаж өгчээ. Улмаар уг датасет дээрээ SignLLM моделио сургаж, видео аватар ашиглан, дохионы хэлний орчуулга хийх боломж нээсэн байна. Туршилтаар уг модель нь хэлний орчуулгад суурилсан бусад моделиудаас хамаагүй өндөр үзүүлэлттэй байгаа нь тогтоогдсон төдийгүй 8 өөр орны хэл дээр орчуулна гэдэг нь маш том давуу тал болж байгаа билээ. Энэ модель хэрэглээнд амжилттай нэвтэрснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах харилцаа шинэ шатанд гарч, дохионы хэлний хүртээмж нэмэгдэх нь зайлшгүй юм.

Технологийн компаниуд

Илон Маскийн Neuralink компанийн өрсөлдөгч болох Precision Neuroscience компани хүний тархинд суулгасан нейрон мэдрэгч электродын тоогоор дээд амжилт тогтоолоо гэжээ. Neuralink-н тархинд суулгадаг чип нь 1024 орчим электрод тархинд суулгаж бэхэлдэг бол Precision Neuroscience компани 4096 ширхэг электродыг гавлын ясны орой дээр, гэхдээ тархинд суулгахгүйгээр бэхлэх шинэ технологи амжилттай туршжээ. Ийм өндөр нягтралтай электродуудын тусламжтайгаар тэд тархины хавдар авах хагалгааны үеэрх нейронуудын үйл ажиллагааг илүү өндөр нарийвчлалтайгаар хянах туршилт явуулсан байна. Ингэхдээ нэг бүр нь хоорондоо жигд зайтай байрласан 1024 электрод бүхий нимгэн хальс ашигласан бөгөөд модуляр бүтэцтэй тул нэг дор хэд хэдэн ийм нимгэн хальс ашиглах боломжтой тул хагалгааны үеэр 4 хальс буюу 4096 электродоор нэгэн зэрэг тархины үйл ажиллагааг хянаж чаджээ. Тэд мөн л Neuralink-н адилаар тархины үйл ажиллагааг хянаж, улмаар нуруу нугасны гэмтлээс болоод гар хөлөө хөдөлгөж чадахгүй болсон хүмүүсийн тархинд чип суулгаж, хөдөлгөөн хийлгэх гэх мэтээр дараагийн ажлаа төлөвлөөд байгаа аж. Ташрамд дурдахад тус компанийн үүсгэн байгуулагчдын нэг нь мөн л 2016 онд Neuralink-ийг хамтран үүсгэн байгуулалцаж явсан тархины мэс засалч, инженер Бэн Рапопорт гэгч бөгөөд өдгөө түүнтэй хамт Neuralink-т ажиллаж байсан 3 мэргэжилтэн хамт ажилладаг юм байна.

Google AI хайлтын системдээ нэвтрүүлсэн ч өнөөх нь хайлтын үр дүнг тоймлохдоо маш олон удаа алдаа гаргаж, тухайлбал зарим хэрэглэгчийг пиццан дээрээ цавуу түрхээд, чулуу өрөөд идэхийг зөвлөсөн ч тохиолдол гарч, олон нийтийн сүлжээгээр Google AI Overview хэрхэн “паакталж” байгаа талаарх нийтлэлүүд, meme-нүүд тасрахаа болив. Хэдийгээр энэхүү шинэ үйлдлийг туршилтаар нэвтрүүлээд бараг жил гаруйн нүүр үзэж байгаа ч алдаа мадагтай хариулт өгсөн хэвээрээ байгаа тул тус компани зарим төрлийн хайлт дээр Google AI Overview ажиллуулахгүй байх тохиргоог хийж өгч байгаа гэнэ. Google-ийн үзэж байгаагаар AI Overview нь интернэт орчинд олдсон илэрц дээр сургагдсан өгөгдлөө ашиглан, дүн шинжилгээ хийж, тоймлосон хариулт өгөх зорилготой тул хэрэв алдаатай, тэнэг гэмээр хариултууд өгч байгаа бол үүний 80% нь интернэт орчин дахь илэрцүүд тийм алдаатай агуулгатай байсан гэсэн үг гэж мэдэгдэж байгаа ч үлдсэн 20% нь ямартай Google AI-н нэгтгэн дүгнэх, учир шалтгааныг тооцоолох чадвар муу ажиллаж байгаагийг илрэл үү гэсэн асуулт гарч ирэх болно. Ямартай ч Microsoft Bing дээр анх AI чатбот нэмж Google-ийг ардаа орхисон, OpenAI компани өөрийн гэсэн хайлтын систем хөгжүүлэхээр зэхэж байгаа дээр нэмээд өсвөр үеийнхэн Google-ээс биш TikTok дээрээс хайлт хийдэг болсон зэрэг олон таагүй мэдээн дунд Google ямар арга хэмжээ авч, AI элийрлээ зогсоох вэ гэдэг нь чухал асуулт болоод байна.

Нэг өгүүлбэрээр

Opera browser дээр Google-ийн Gemini AI-г нэмэлт хэрэгсэл нэгтгэгдэж, зураг үүсгэх болон text-to-audio зэрэг үйлдлүүд гүйцэтгэх боломжтой боллоо.

Өмнө нь зөвхөн Premium ангиллын хэрэглэгчдэд нээлттэй байсан YouTube Playables буюу тоглоомуудыг одоо энгийн хэрэглэгчид ч тоглох боломжтой боллоо.

Францын AI стартап Mistral компани АНУ-ын зах зээл рүү үйл ажиллагаагаа тэлж, шинээр ажилтнууд авч баг бүрдүүлж эхэлсэн бөгөөд хэрэглэгчийн зах зээл дээр бус, бизнесийн шийдэл санал болгох чиглэлээр OpenAI, Google компаниудтай өрсөлдөнө.

Хуучин Tesla машиныг хямд үнээс нь болоод худалдан авах нь ямар эрсдэл дагуулдаг вэ?

Microsoft корпораци Copilot AI чатботын Telegram апп дээр ажиллаж, хэрэглэгчтэй шууд чатлах боломжтой хувилбарыг гаргажээ.

Илон Маскийн xAI компани Series B хөрөнгө оруулалтын шатанд томоохон хөрөнгө оруулагчдаас 6 тэрбум доллар амжилттай босгож чадсанаар OpenAI зэрэг бусад компанитай өрнөх өрсөлдөөнд хол хоцрох хүсэлгүй байгаагаа нотлов.

Samsung Galaxy Z Flip 6 болон Galaxy Ring-ийн зураг олон нийтэд задарсан уу?

Илон Маск АНУ-ын ерөнхийлөгч Байдены зөвлөх болох тухай яриа гараад байна.

Крипто хэтэвчний 11 жилийн өмнөх мартагдсан нууц үгийг тайлж, 3 сая долларын үнэ бүхий Bitcoin гаргаж авсан нь сайхан мэдээ хэдий ч хэтэвчнүүдийн нууцлал, аюулгүй байдлын асуудлыг ил болгож байна уу?

Google Chromebook төхөөрөмжүүд ч AI давалгаанд нэгдэж байна.