Technosphere: Дугаар 39

Технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр шинээр.

Өглөөний мэнд хүргэн мэндчилж байна.

Энэ өдөр түүхэнд

Хуучин нэрээр ЗХУ-д төрж, хожим нь АНУ-ын иргэн болсон компьютерийн инженер, тоглоом зохион бүтээгч Алексей Пажитнов гэдэг эрхэм 1984 оны 6-р сарын 6-нд нэгэн шинэ тоглоом зохион бүтээсэн нь хожим дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн Тетрис байжээ. Тетрис ийнхүү 40 нас хүрч байна.

Мөн 2005 оны энэ өдөр Google компани Google Earth программын албаны ёсны нээлтийг хийж байв. Дэлхийн газрын зураг, хиймэл дагуулаас авсан зургууд, барилга байшин, гудамжуудын зураглалыг 3 хэмжээст оруулж, дэлхийг аль ч өнцгөөс эргүүлж харах боломж олгосон нь тухайн үедээ маш шинэлэг технологийн дэвшил байв.

AI салбарын мэдээллүүд

Microsoft корпораци Aurora нэртэй нэгэн шинэ AI модель танилцууллаа. Нэг сая гаруй цагийн уур амьсгал, цаг уурын өгөгдөл дээр сургагдсан энэ шинэ модель нь цаг агаарын төлөв байдлын мэдээлэл үүсгэх чадвартай юм. Aurora нь дээр дурдсан сая гаруй цагийн хугацаанд болж өнгөрсөн цаг уурын үзэгдлүүдийн өгөгдөл дээр үндэслэн, цаг агаарын гамшигт үзэгдлүүдийг таамаглах, мөн цаг уурын хангалттай өгөгдөл цуглараагүй газрын цаг агаарыг ч таамаглах боломжтой гэнэ. 1.3 тэрбум параметр агуулсан Aurora-г ашиглан, 60 секундын дотор л дэлхийн бүх газрын агаарын чанарын 5 өдрийн үзүүлэлтийг гаргаж чадна гэхээр гайхалтай биш гэж үү? Мөн цаг агаарын 10 хоногийн урьдчилсан мэдээллийг байршлын өндөр нарийвчлалтай үүсгэх боломжтой байгаа нь одоогийн байдлаар энэ чиглэлд сургагдаад байгаа аль ч AI моделийн хүчин чадлаас давсан үзүүлэлт юм. Олон жилийн цаг агаарын өгөгдөл дээр ийнхүү сургагдсан хиймэл оюуны ухааны тусламжтайгаар бид цаг агаарын 100 хувийн баталгаатай мэдээллийг цахим орчноос авах цаг ийнхүү тун ойрхон ирээд байна.

OpenAI компани өөрийнх нь бүтээгдэхүүнүүдийг улстөрийн зорилгоор ашиглан, олон нийтийг төөрөгдүүлэх үйл ажиллагаа явуулсан хэд хэдэн улс орны засгийн газрын дэмжлэгтэй кампанит ажлуудыг зогсоосон гэж мэдэгдлээ. Мэдээж хэрэг дээрх үйл ажиллагаанд өртсөн үйл ажиллагаанууд нь засгийн газрынхаа албан ёсны сувгаар биш, халхавчийн үйл ажиллагаа явуулсан ч OpenAI тэднийг илрүүлж таслан зогсоосон гэжээ. Тухайлбал:

  • Телеграм дээр голчлон үйл ажиллагаа явуулж, Украин, Молдав, Балтийн орнууд, АНУ-ын хэрэглэгчдийг онилдог Bad Grammar ажиллагаа нь OpenAI-н бүтээгдэхүүнийг ашиглан, англи, орос хэл дээрх постуудад автоматаар пост бичдэг телеграм бот үүсгэсэн

  • Оросоос гаралтай Doppelganger ажиллагаа нь OpenAI-н моделиудыг ашиглан, англи, франц, герман, итали, польш хэл дээр коммэнт үүсгэж, Твиттер болон 9GAG дээр нийтэлдэг, англи болон франц хэл дээрх нийтлэлүүдийг орчуулж, уг ажиллагаатай холбоотой вэбсайтууд дээр нийтэлдэг, хуурамч мэдээний гарчиг үүсгэж, Фэйсбүүк дээр мэдээний нийтлэл болгож тавих зэрэг үйл ажиллагаа явуулсан нь баригдсан.

  • Манай урд хөршийн гаралтай Spamouflage нэртэй ажиллагаа нь мөн л OpenAI-н моделиудыг ашиглаж, олон нийтийн сүлжээнд постуудыг анализ хийх, хятад, англи, япон, солонгос хэл дээр текст үүсгэж, Твиттер, Medium, Blogpost сайтууд руу нийтлэх, мөн вэбсайтуудын өгөгдлийн сангаас цоорхой хайх зорилгоор кодны анализ хийлгэх зэрэг үйл ажиллагаа явуулсан.

  • Ираны дэмжлэгтэй International Union of Virtual Media буюу (IUVM) ажиллагаа нь урт нийтлэлүүдийг орчуулах буюу шинээр үүсгэх, мэдээний гарчиг үүсгэхээс гадна тэдгээр мэдээллүүдээ Ираны зүгээс олон улсын хэмжээнд заналхийлэл сүрдүүлэг нийтлэхэд ашигладаг вэб сайт дээрээ нийтэлсэн.

  • Мөн Израйлийн STOIC нэртэй хувийн компанийн үйл ажиллагааг мөн үүнд хамруулсан бөгөөд тус компанийн ажилтнууд OpenAI-н моделийг ашиглан, стоик философийн холбогдолтой нийтлэл, коммэнт бичүүлж, Инстаграм, Фэйсбүүк, Твиттер болон бусад холбогдох вэбсайтууд дээр нийтэлсэн нь улс төрийн зорилготой байж болзошгүй гэж үзжээ.    

Холливудад өнгөрсөн жил AI технологий хэрэглээг хязгаарлах шаардлага тавьсан урт хугацааны ажилт хаялт өрнөснийг та бүхэн санаж байгаа байх. Хэдийгээр кино компаниуд болон уран бүтээлчид тодорхой тохиролцоонд хүрч, 8 сар үргэлжилсэн ажил хаялтыг зогсоосон ч саяхан Sony Pictures Entertainment (SPE) компанийн босс кино болон тайз дэлгэцийн уран бүтээл туурвихад гардаг зардлыг танахын тулд AI Технологи хэрэглэх нь зайлшгүй асуудал тул цаашид тус компани AI ашиглан, зардлын хэмнэлт хийнэ гэдгээ зоригтой мэдэгдлээ. Улмаар тэд streaming бизнест хүчээ үзэж, илүү олон кино, илүү олон бүтээлээ интернэтээр цацах, Paramount компанийг худалдан авах, Нэтфликст киногоо түрээслүүлэх зэрэг олон ажил төлөвлөөд байгаа аж. Хамгийн сонирхолтой нь кино зохиолчид, найруулагчид, жүжигчид түүний энэ мэдэгдэлд ямар хариу өгөх нь анхаарал татаж байгаа юм. Sony Pictures Entertainment нь Холливудын хамгийн том 5 кино компанийн нэг бөгөөд Columbia Pictures нэртэй байснаар нь үзэгчид сайн санах биз ээ.

Технологийн компаниуд

SpaceX компани АНУ-ын цагаар 6-р сарын 4-нд Starship Flight 4 буюу 4 дэх удаагийн туршилтын нислэг үйлдэх эрхээ АНУ-ын FAA буюу манайхаар бол Иргэний нисэхийн ерөнхий газраасаа авч чадлаа. Одоогийн байдлаар энэхүү туршилтын нислэгийг манай цагаар 6-р сарын 7-нд буюу АНУ-ын цагаар 6-р сарын 6-ны өдөр өмнөд Техасын Бока Чика дахь Starbase баазаас үйлдэхээр төлөвлөөд байгаа ажээ. Дэлхийн хамгийн том сансрын хөлөг гэж албан ёсоор тооцогдох болсон Starship хөлөг болон Super Heavy пуужингийн энэ удаагийн туршилт мөн л тойрог замд амжилттай гарах, улмаар буцаж амжилттай буух даалгавар дээрээ төвлөрөх болов уу. Тэд маш их хичээх шаардлагатай байгаагийн шалтгаан нь NASA-ийн Artemis хөтөлбөрийн сансрын нисгэгчдийг 2026 он гэхэд сарны өмнөд туйл дээр буулгах сансрын хөлгөөр Starship сонгогдсон явдал бөгөөд юуны өмнө тус хөлөг дэлхийн тойрог замд амжилттай гарах нь давах ёстой эхний даваа болоод байна. Энэ ташрамд сануулахад, энэ оны 3-р сард явагдсан 3 дахь удаагийн туршилтаар сансрын хөлөг нь тойрог замд гарсан зөөгч пуужин нь усанд унах цэг дээрээ хүрэлгүй унасан асуудал гарсан билээ.

Манай өмнөх дугаарт Microsoft корпораци Copilot+ PC төрлийн шинэ комьютерууд танилцуулсан талаар мэдээлээд, одоогийн байдлаар зөвхөн Qualcomm компани л тэдний шаардлагыг хангах NPU үйлдвэрлэж байна гэж дурдаж байсан билээ. Тэгвэл CPU үйлдвэрлэлийн мангас Intel энэ хугацаанд гар хумхин суугаагүй гэдгээ нотолж, Lunar Lake архитектурын шинэ цуврал гаргана гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэ нь Microsoft Copilot+ PC-н шаардлагыг хангасан анхны Intel процессор байх болно гэжээ. Хэдийгээр дэлхий дээрх бүх компьютерийн 80 хувийг процессороор хангадаг хэдий ч сүүлийн жилүүдэд Intel олон сорилттой тулгарч байгаа. AMD компани AI чипээр тэднийг гүйцэж түрүүлсэн, Apple компани хэрэглэгч нь байснаа нэг л өдөр өрсөлдөгч нь болж хувирсан, хамгийн сайн түнш Microsoft нь Qualcomm-той ганзага нийлэх болсон гэх мэт олон таагүй зүйлс тохиолдсон ч тэд Meteor Lake, Arrow Lake зэрэг төслөө үргэлжлүүлэн сайжруулахын сацуу AI технологийн шаардлага хангасан NPU үйлдвэрлэхээ мэдэгдсэн нь яах аргагүй онцлох мэдээлэл боллоо. Эдгээр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг энэ линкээр орж уншина уу.

AI технологийн халууралтай зэрэгцэн гангарч байгаа Nvidia компани Тайваньд болж байгаа COMPUTEX tech арга хэмжээн дээр ээлжит шуугиан дагуулсан мэдэгдлээ хийлээ. AI технологийн дараагийн үеийн хамгийн хүчирхэг чип Blackwell-ийг 3-хан сарын өмнө танилцуулж, уг чип нь үйлдвэрлэлийн шатандаа явж байгаа бол Nvidia-н босс Женсен Хуан энэ удаа Rubin нэртэй цоо шинэ AI архитектурыг тус компани бүтээсэн гэж зарлав. Энэхүү платформ нь цоо шинэ GPU бүтэцтэй байхаас гадна Vera нэртэй төв процессортой байна гэсэн мэдээлэл өгсөн ч үүнээс цааш дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцаагүй юм. Шинэ чипний техникийн үзүүлэлтүүд тодорхой болох нь цаг хугацааны асуудал бөгөөд энд хамгийн гол анхаарал татаж байгаа зүйл нь Женсен Хуан мэдэгдэл хийхдээ Nvidia өмнө нь 2 жил тутамд шинэ чип танилцуулах циклтэй явж ирсэн бол энэ давтамжийг одоо нэг жил болгон багасгаж байна гэжээ. Өөрөөр хэлбэл, жил бүр тус компани цоо шинэ чипний загварууд олон нийтэд танилцуулна гэсэн үг. Мөн тэд илүү хурдтай, илүү дэвшилттэй ажиллаж, AI чипний салбарт тогтоосон давамгайллаа бусдад тийм ч амар алдах хүсэлгүй байгааг энэ үйл явдал харуулж байна. Тэгээд ч энэ маягаар 3 сар хүрэхгүйн дотор цоо шинэ чипний архитектур танилцуулаад байвал өрсөлдөгчид нь тэдний хурдыг гүйцэхэд тун амаргүй байх болов уу.

Нэг өгүүлбэрээр

Microsoft корпораци Швед улсад AI технологийн дэд бүтэц хөгжүүлэхэд зориулан 3.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх ба 3 дата төв дээр түшиглэн, 250 000 мэргэжилтнийг 2027 он хүртэл бэлтгэнэ.

Хүүш ээ, Хятадын интернэт орчинд 1995-2005 он хүртэлх хугацаанд үүсгэсэн вэб сайтууд, блогууд устаж алга болсон гэнэ үү?

Insragram дээр unskippable ads буюу алгасч болохгүй сурталчилгаа тавигдаад эхэлжээ.

Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүдийн эгнээнд эрчүүдэд зориулсан эр бэлгийн эс бууруулах гель нэмэгдэж байна.

Nothing Phone-ын дараагийн загвар технологийн чиг хандлагаа дагаад мөн л AI программ хангамж түлхүү ашигласан байдалтай гарах гэнэ.

AI технологийн тусламжтайгаар “этгээд авирлаж” буй хиймэл дагуулуудыг илрүүлнэ.

Дрон цагдаагийн эрин үе ирж байна уу?

NewsBreak нэртэй апп нь АНУ-д хамгийн их татагдсан мэдээллийн апп болсон бөгөөд тус апп нь Хятадуудтай холбоотой төдийгүй, AI технологи ашиглан, худал мэдээлэл үүсгэдэг болох нь тогтоогджээ.

OpenAI-н ажилтнууд шүгэл үлээж, хуулийн хамгаалалт хүссэн байна.

Оросууд AI ашиглан, Олимпийн талаарх худал мэдээлэл тарааж байна.

Манай өнөөдрийн дугаар энд хүрээд дуусч байна. Бидний дамжуулсан шинэ мэдээллүүд таалагдсан бол сошиал хаягаараа дамжуулан шэйрлэж дэмжээрэй. Баярлалаа.