Technosphere: Дугаар 40

Технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр шинээр.

Өглөөний мэнд хүргэн мэндчилье.

Энэ өдөр технологийн ертөнцөд юу болж байв?

1983 оны 6-р сарын 13-нд Pioneer 10 сансрын хөлөг Далайн ван(Neptune) гарагийн тойрог замыг туулж гарснаар нарны аймгаас гадагш гарсан анхны хүний гараар бүтсэн обьект болж байжээ. 1972 онд анх сансарт хөөрсөн уг аппарат нь Бархасбадь гараг болон нарны аймгийн гадна тойрогт орших бусад гарагуудын талаар үнэлж баршгүй чухал мэдээллүүдийг дэлхий рүү илгээсэн гавьяатай юм.

2005 оны энэ өдөр Microsoft анх Xbox 360-г олон нийтэд танилцуулж, худалдаалах үнээ зарлаж байв. Тоглоомын ертөнцөд бол яах аргагүй чухалд тооцогдох өдөр байжээ. Xbox 360 нь консол тоглоомын зах зээл дэх хүчтэй өрсөлдөгч бөгөөд Xbox Live үйлчилгээгээр дамжуулан, онлайн тоглоом тоглох хамгийн түгээмэл хэлбэр болоод байгаа билээ.

AI технологийн салбарт

Энэ 7 хоногийн хамгийн их анхаарал татсан үйл явдал бол яах аргагүй Apple WWDC байлаа. Арга хэмжээний гол цөм нь яах аргагүй OpenAI-тай хамтарсан ‘Apple Intelligence’ AI стратеги, удахгүй гарах iOS 18, iPadOD, macOS 15 үйлдлийн системүүдэд нэгтгэгдэх AI нэмэлтүүд байв. Эдгээрээс товч дурдвал:

  • Siri-ийн шинэчлэлүүд: Шинэчлэгдсэн Siri нь илүү хүн шиг натурал өнгө аясаар ярьж, өмнө нь асуусан асуулт, өгсөн даалгавруудын агуулгыг дараа дараагийн асуултууд дээр санаж, түүнд тохируулан хариулт өгөхийн зэрэгцээ дуу хоолой болон текст командыг илүү сайн ойлгодог болно.

  • Шинэ AI нэмэлтүүд: Mail, Messages, Notes зэрэг апп-ууд дээр AI ашиглан агуулга бичүүлэх, бичсэнээ сайжруулж засахад AI ашиглана. Мөн AI нь Mail inbox-уудыг илүү цэгцтэй харагдах байдлаар зохион байгуулах бол Notes болон Phone апп-ууд аудиог текстэд хөрвүүлэх, текст агуулгыг тоймлон хураангуйлах зэрэг чадвартай болох юм. Үүнээс гадна AI-н тусламжтайгаар үүсгэх ‘Genmojis’ нэмэлт нь тухайн хэрэглэгчийн онцлогт тохирсон эможиг текст команд дээр суурилан үүсгэх бол текстээс зураг үүсгэх "Image Playground" нэртэй функц ч мөн Apple-н ухаалаг төхөөрөмжүүдэд цаанаасаа суусан ирэх нь ээ. Бас Photos дахь зурган дундаасаа үгээр хайлт хийдэг болох сураг байна шүү.

  • Privacy: AI-г Apple-н төхөөрөмжүүдэд нэгтгэхтэй холбоотой яригдах өөр нэг чухал асуудал хэрэглэгчийн хувийн нууцлал билээ. Зарим AI үйлдлүүдийг утсан дээр өөр дээр нь боловсруулалт хийж гүйцэтгэх бол зарим тохиолдолд Private Cloud Compute буюу Apple-н үүлэн технологийн серверүүд рүү хандаж, AI командыг боловсруулж, гүйцэтгэх болно. Одоогоор on-device AI processing хийдэг ухаалаг төхөөрөмжүүд гэвэл бараг Samsung Galaxy л байгаа билээ. Дээр дурдсан AI нэмэлтүүдийг хэрэглэхийг Apple-аас шахахгүй бөгөөд хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг хуваалцахгүй байхыг хүсвэл Private Cloud Compute ашиглахгүй байх сонголттой юм байна.

  • OpenAI-г нэгтгэсэн Apple үйлдлийн систем: OpenAI-н тусламжтайгаар тус компани Siri-дээ ChatGPT/GPT-4o моделиудаар хүч нэмэгдүүлнэ. Siri-н “ухаан хүрэхгүй” асуултуудад ChatGPT хариулна гэж ойлгомоор юм уу даа. Мөн мэдээж текстээс зураг үүсгэх, бичиг баримтан файлуудыг уншаад ойлгох, дүгнэх зэрэг ажилд ChatGPT илүү гүйцэтгэлтэй учраас Apple-н шинэ үйлдлийн системд OpenAI-н моделиуд нэгтгэгдэж байгаа гэж OpenAI-н блог дээр бичсэн байна.

Дараагийн мэдээлэл маань мөн л Apple AI-тай холбоотой үргэлжилж байна. Apple-н ухаалаг төхөөрөмжүүдэд OpenAI-н моделиуд бүр үйлдлийн системийн түвшинд нэгтгэгдэж гарна гэсэн мэдээллийг авсан даруйдаа тэрбумтан Илон Маск жиргээнд шуугиантай мэдэгдэл хийгээд авлаа. Тэрээр өөрийн удирддаг бүх компаниудад ажлын байран дээрээ Apple ухаалаг төхөөрөмж хэрэглэхгүй байхаар хориг тавина, учир нь OpenAI-н хиймэл оюун ухааны моделиудаар хүч нэмэгдүүлсэн iPhone гэх мэт төхөөрөмжүүд нь компанийн хувьд мэдээллийн аюулгүй байдлын маш ноцтой эрсдэл үүсгэнэ гэжээ. Apple өөрийн үйлдлийн системдээ OpenAI-г гар дүрэхийг зөвшөөрснөөрөө хэрэглэгчдийн хувийн өгөгдөл рүү дураараа хандах эрх олж авах төдийгүй, тэдний ажил, амьдралын орчныг ч тагнаж чагнаж мэдэх “тагнуулын программ“ болж хувирна гэсэн агуулгатай жиргээг ч мөн оруулсан. Ажилчид нь оффис дээрээ Apple төхөөрөмж хэрэглэх эрхгүй болохоос гадна Tesla, SpaceX, xAI тэргүүтэй түүний удирддаг компаниуд дээр гаднаас зочин ирэх тохиолдолд iPhone, ухаалаг цаг зэргээ үүдэнд үлдээж, “Фарадейн тор” нэртэй, тусгаарлагч төхөөрөмжид хадгалуулах болно гэжээ. Хэрэв та технологийн мэдээлэлтэй ойр байдаг бол Илон Маск нь Apple-тай гэхээсээ илүү OpenAI-тай томоохон асуудалтай, тус компанийг үүсгэн байгуулалцсан ч хожим нь зам салж, улмаар энэ оны эхээр OpenAI-г шүүхэд өгөөд байгаа гэдгийг санаж байгаа биз ээ.

OpenAI-ын ChatGPT GPT Store-ийг манай уншигчид мэдэх байх. Тухайлан ямар нэг даалгавар гүйцэтгэдэг, төрөлжсөн chatbot үүсгэдэг уг нэмэлтийг 2023 онд тус компани нэвтрүүлж, Chat GPT Plus үйлчилгээний хэрэглэгчид энэ боломжийг ашиглах эрхтэй болж байсан. Харин Microsoft корпораци OpenAI-н гол хөрөнгө оруулагч гэдэг утгаараа ChatGPT-н шинэ нэмэлтүүдийг өөрийн Copilot программдаа давуу эрхтэйгээр нэгтгэж, ChatGPT GPT Store-ийн адилаар Custom GPT (тухайлан өгсөн даалгаврыг гүйцэтгэдэг) бүтээх боломжтой GPT builder функцийг санал болгож байсан билээ. Тэгвэл тус компани сарын 20 долларын төлбөртэй Copilot Pro багцын хэрэглэгчид цаашид GPT Builder ашиглах боломжгүй болж байгаа гэж мэдэгджээ. Өмнө нь энэ функцийг ашиглаж байсан хэрэглэгчдийн илгээсэн мэдээллийг 7-р сарын 10 гэхэд бүрэн устгаж дуусах юм байна. Гэхдээ энд нэг зүйл анхаарал татаж байгаа нь Copilot Enterprises хувилбар дээр энэхүү нэмэлт хүчинтэй хэвээрээ байгаагаас үзвэл Microsoft нь GPT Builder-г бүрэн хаах гээгүй, харин хэрэглэгчдээ эрэмбэлэн ангилах оролдлого хийж байна гэж харагдаж байгаа юм.

Технологийн компаниуд

Чип үйлдвэрлэгч Nvidia компани өнгөрч буй 7 хоногт хувьцааны ханш нь манайхны хэллэгээр “пуужиндсаны” улмаас компанийн зах зээлийн үнэлгээ нилээн өсч, 3,08 их наяд долларт хүрлээ. Ингэснээр тэд 2,99 их наядын үнэлгээтэй Apple компанийг гүйцэж түрүүлэн, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын 2-р байранд орж ирэв. Тэдний урд одоо 3,15 их наяд долларын үнэлгээтэй Microsoft л байна. Мөн Nividia нь 3 их наядын үнэлгээнд хүрсэн АНУ-ын 3 дахь компани болж байгаа. Компанийн энэхүү өсөлтийн гол хүчин зүйл нь 2022 оны сүүлээс эхлэн, 2023 оны турш “халуурч”, одоо ч эрчээ алдаагүй байгаа AI бүүм юм. Чухамдаа хиймэл оюуны моделиудын энэхүү халуурал нь Nvidia чипний эрэлтийг нэмэгдүүлж, өмнө нь тоглоомын график картаараа алдартай байсан компани жилийн дотор л AI салбарын хамгийн нөлөө бүхий тоглогч болж хувирсан нь тэдний хувьцааны ханш 2023 онд 239% өсч, энэ жил л гэхэд 147%-иар өсөхөд нөлөөлжээ. Тэд өнөөдрийн байдлаар дэлхийн нийт AI чип хагас дамжуулагчийн 70 хувийг дангаараа нийлүүлж байгаа бөгөөд цаашид ч энэ тоо буурахгүй хэсэгтээ хадгалагдах төлөвтэй байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Microsoft Gaming-ийн захирал Фил Спенсер сүүлийн хэдэн сарын турш handheld буюу зөөврийн Xbox байвал зүгээр ч юм уу гэсэн санаагаа цухуйлгаж ирсэн бол саяхан IGN-д өгсөн ярилцлагадаа Sony PSP шиг гарт багтдаг Xbox гаргах хэрэгтэй гэж ярьжээ. Уг төхөөрөмж дээрх тоглоомууд нь цахим сүлжээнд холбогдож тоглодог байхаар бүтээгдэх үү, эсвэл Xbox дээрээ тоглоом нь суусан байх уу гэсэн асуултад тэрээр ямар ч тохиолдолд тоглоом нь Xbox дээрээ locally installed буюу заавал сүлжээнд холбогдохгүйгээр тоглох боломжтой байвал хэрэглэгчдээ тун таатай байх болов уу гэсэн байна. Түүний төсөөлж байгаагаар шинэ зөөврийн Xbox нь Windows үйлдлийн систем дээр суурилж ажиллах бөгөөд үндсэн dashboard нь яг л Xbox консол тоглоомынх шиг байх аж. Ингээд бодохоор Xbox болон Windows нэг төхөөрөмж дээр зохицон ажиллах шаардлагатай болно гэсэн үг юм.

SpaceX компани өдөрт нэг Starship хөлөг(бүр өдөрт нэг шүү!!) үйлдвэрлэх Starfactory үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Техас мужийн Бока Чика дахь Starbase дээрээ 2-р сараас хойш хийж байгаа билээ. Нийтдээ 9,290 мкв талбайтай энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор Илон Маскийн өдөрт нэг Starship үйлдвэрлэн гаргах том амбиц биелэх учиртай ажээ. Тэд удалгүй одоогийн Starship хөлгийн дараагийн загварыг энэ үйлдвэртээ угсрах бөгөөд Starship 2 нэртэй уг загвар нь бөөнөөр нь үйлдвэрлэхэд тохирсон дизайнтай, аэродинамикийн бага зэрэг шинэчлэлтэй, илүү их шатахуун тээх чадалтай зэрэг олон шинэчлэлүүдийг өөртөө агуулах юм байна. Мөн Super Heavy тээвэрлэгч пуужин дээр ч шинэ загварууд удахгүй гарахаар төлөвлөгдсөн гэж компанийн инженерүүд ярьжээ. Одоогоор тус үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж, хааяа нэг барилгын материалын тасалдалд орсон байдалтай үргэлжилж байгаа талаар газар дээр нь очиж сурвалжилсан хүн жиргээ оруулсан байна.

Нэг өгүүлбэрээр

Өөрөө бодож сэтгэдэг Artificial General Intelligence(AGI)-г ирэх 3-5 жилийн дотор бүтээх байх гэнэ үү.

Тэрбумтан Билл Гейтсийн үүсгэн байгуулсан TerraPower компани АНУ-ын хамгийн анхны шинэ үеийн цөмийн цахилгаан станц(Natrium Plant) барих шавыг тавилаа.

Х буюу Твиттерийн хэрэглэгчид ямар ямар пост дээр лайк дарсан талаарх мэдээллийг олны нүднээс нуудаг болж байгаа гэнэ.

Хятадын засгийн газарт харьяалагддаг хакерууд Fortinet компанийн 20000 ширхэг VPN төхөөрөмжид нэвтэрсэн болохыг Нидерландын аюулгүйн албаныхан олж тогтоожээ.

Ирэх 10 жилийн өнгийг тодорхойлох хамгийн гол технологи нь батарей/цэнэг хураагуур байх нь уу?

Илон Маскт оногдох 56 тэрбум долларын хувьцааны урамшууллыг олгох эсэхийг Tesla-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн саналаар шийдэх бөгөөд хэрэв өгөхгүй гэж шийдсэн тохиолдолд тэрээр компаниа орхино гэж мэдэгджээ.

Их Британид бүтээгдсэн Dragonfire лазерын зэвсэглэл агаар дахь анхны байгаа устгалаа.

Манай энэ удаагийн дугаарыг энэ хүртэл уншиж дуусгасан танд баярлалаа. Таалагдсан бол мэдээллээ сошиал сүлжээнд хуваалцахыг хүсье.