- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere: Дугаар 41
Technosphere: Дугаар 41
7 хоног тутмын технологийн мэдээллийн товхимол
Өглөөний мэнд хүргэн мэндчилж байна. Өнөөдөр үдээс хойш болон орой дуу цахилгаантай бороотой тул шүхэр, цуваа мартуузай.
AI технологитой холбоотой мэдээллүүд
TikTok платформ шинээр AI багц хэрэглүүр нэвтрүүлж байгаагаа зарлалаа. Symphony нэртэй энэхүү хэрэглүүр нь TikTok ашигладаг брэндүүд болон контент бүтээгчдэд хиймэл оюун ухаан ашиглан, дижитал аватар үүсгэх, контентоо өөр хэл рүү хөрвүүлэх, AI assistant ашиглах гэх мэт боломжуудыг санал болгож байна. Тухайлбал, Symphony Digital Avatars-н тусламжтайгаар компаниуд өөрсдийн AI хэвлэлийн төлөөлөгч, брэндийн нүүр царай үүсгэх, өөрийн контентууддаа ашиглах боломжтой болгож байгаа ба TikTok-оос санал болгосон бэлэн аватарууд болон алдартай уран бүтээлчдийн дүрсийг ашиглахаас гадна өөрийн брэндийн онцлогийг шингээсэн өвөрмөц аватар ч үүсгэж болно. Мөн AI Dubbing хэрэгсэл нь оруулсан бичлэгээ хадмал тексттэй болгох, өөр 10 гаруй хэл рүү хөрвүүлэх, дуу оруулуулах зэргээр компаниа, брэндээ олон улсад таниулахад чухал үүрэг гүйцэтгэх шинэ нэмэлт болж чадсан байна. Өмнө нь Creative Assistant нэртэй байсан AI туслах нь одоо Symphony Assistant нэртэй болж, өгсөн командын дагуу видеоны зохиол бичих, контентын тохируулга, оновчлол хийх, контентын шинэ санаа боловсруулах зэрэг боломжуудтай болжээ. Creator Economy жилээс жилд өсөн нэмэгдэж буй том зах зээл тул удахгүй YouTube, Facebook, Amazon дээр ч ийм хэрэгслүүд нэмэгдэж гарч ирэх болов уу. Гэхдээ хамгийн гол нь энэ шинэ хэрэглүүрийг хувь хэрэглэгчид бус TikTok Business үйлчилгээний хэрэглэгчид одоогоор ашиглах боломжтой гэдгийг бодолцоорой.
Meta компани 4 шинэ AI модель танилцууллаа. Meta компанийн Fundamental AI Research (FAIR) төвөөс шинэ, нээлттэй эхийн AI моделиуд гаргаж байгаагаа олонд мэдэгдсэн бөгөөд эдгээр нь multimodal language tasks, текстийг дуу болон аудио болгох, яриаг таньж текст өгөгдөлд хувиргах зэрэг зэрэг үйлдэл гүйцэтгэх чадвартай юм байна.
Chameleon нь 7 тэрбум болон 34 тэрбум параметр бүхий хэлний моделиудын багц бөгөөд зураг дүрс, аудио, текст зэрэг бүх төрлийн өгөгдлийг боловсруулах чадвартай.
JASCO нь Meta компаниас шинээр санал болгож буй текстийг дуу хөгжим болгох зориулалттай шинэ модель.
AudioSeal нэртэй модель нь арилжааны лицензтэй бүтээгдэхүүн бөгөөд анх удаа AI ашиглан үүсгэсэн бичлэгийг таньж илрүүлэх, watermarking буюу бидний нэрлэж заншсанаар тамга тавих боломж санал болгож байгаа юм.
Multi-Token Prediction модель нь хэд хэдэн токенийг зэрэг боловсруулах замаар программчлалын кодыг өөрөө урьдчилан тааж, цааш нь үргэлжлүүлэх, гүйцээж бичих зэргээр код бичих ажлын хурд, бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгсэл ажээ.
Runway компани энэ 7 хоногт Gen-3 Alpha нэртэй шинэ AI модель танилцуулсан нь текст команд болон зураг ашиглаж, 10 секундын урттай, бодит мэт дүрслэл бүхий видео бичлэг үүсгэгч хэрэгсэл бөгөөд дүрсний шилжилт, обьектуудын биеийн бүтэц, хөдөлгөөн зэрэг нь өөр бусад моделиудаас илүү сайжирсан гэжээ. Энэ тус компаниас гаргаж буй анхны next-gen модель бөгөөд зураг, их хэмжээний зураг болон видео өгөгдөл дээр, large-scale multimodal infrastructure бүтэц ашиглан сургасан онцлогтой гэнэ. Gen-3 Alpha нь Runway компанийн өмнөх моделиудад ашиглагдаж ирсэн Motion Brush болон Director хэрэгслүүдийг ч мөн өөртөө агуулжээ. Дээр дурдсанчлан, энэхүү шинэ моделийг ашиглаж үүсгэсэн бичлэгүүд нь бичлэгийн гол дүр нь бодит мэт дүрслэлтэй, зураг авалтын арга техникүүд нь кино зураг авалттай дүйцэхээр, мөн сцен хоорондын шилжилтүүд сайжирсан зэрэг давуу талтай юм. Энэ 6-р сард ийнхүү KLING, Luma, Runway зэрэг шинээр text-to-video моделиуд гаргасны дараа OpenAI-н Sora, Google-н Veo моделиуд хэрхэн сайжрах нь сонирхолтой байна.
Технологийн компаниудын талаар
Энэ 7 хоногт хамгийн их шуугиулж байгаа үйл явдал бол яах аргагүй Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ байлаа. Өмнө нь тус компани үнэлгээгээрээ Apple-г гүйцэж, дэлхийн 2 дахь өндөр үнэлгээтэй компани болсон талаар бид мэдээлж байсан бол энэ Мягмар гарагт бирж дээр тэдний хувьцааны үнэ 3.6 хувь өссөнөөр нийт үнэлгээ 3.34 их наяд доллар болж, 3.32 их наядын үнэлгээтэй Microsoft компанийн урд гарав. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй нээлттэй хувьцаат компаниар Nvidia тодроод байна. Тэдний хувьцааны үнэ зөвхөн он гарснаас хойш л гэхэд 170 хувиар өссөн гээд бод доо. Nvidia-н дата төвийн бизнесээс олох орлого нь жилийн өмнөхөөсөө 427% -иар өсч, 22.6 тэрбум доллар болсон нь тэдний нийт борлуулалтын орлогын 86%-ийг эзэлж байна. 1991 оноос хойш Nvidia ерөнхийдөө тоглоомын зориулалттай график карт, сүүлд cryptocurrency mining зориулалттай GPU зэргийг голчлон үйлдвэрлэж, зугуухан өсөлт үзүүлж байсан ч сүүлийн 2 жилийн дотор ашиг орлого нь ч, хувьцааны үнэ нь ч тэнгэрт хадсан билээ. Энэ удаагийн хувьцааны үнийн өсөлтөөр компанийн хамтран үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Женсен Хуангийн хөрөнгийн хэмжээ ч нэмэгдэж, 117 тэрбум доллар болсноор мань хүн дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 11-р байранд орж ирээд байна.
Apple компани Vision Pro-ийн илүү сайжруулсан хувилбарыг гаргахаа хойшлуулж, харин илүү хямд үнэтэй, цомхон хувилбарыг нь ирэх жил гаргана гэнэ. Анхны хувилбар нь 3500 долларын үнэтэй гарсан Vision Pro-н дараагийн хувилбар нь 1500 орчим долларт буюу хамгийн үнэтэй iPhone-той дүйцэхүйц байх болов уу гэсэн таамаглал байна. Тэгэхгүй бол Amazon дээр 649 доллараар зарагдаж байгаа Meta Quest Pro зэрэг хэрэгслүүдтэй өрсөлдөх нь тун амаргүй байх болов уу. Өнгөрсөн 7 хоногт Apple компани шинээр 8 улсад Apple Vision Pro ажиллах боломжтой болсон талаар мэдэгдээд, visionOS 2 үйлдлийн системийн шинэчлэл хийж байгаагаа ч мөн зарласан. Одоогоор тэд Vision Pro-н илүү сайжруулсан хувилбар дээр ажиллахаа түр зогсоогоод байгаа бөгөөд илүү сайжирна гэдэг нь одоо байгаагаас илүү үнэтэй бүтээгдэхүүн гарах байдалд хүргэх учир хэзээ нэгэн цагт үргэлжлүүлэхээр түр завсарлаж, харин зарим нэг үзүүлэлт, хүчин чадлыг нь бууруулж, мөн хэрэглэгчдийн хамгийн их гомдол гаргасан төхөөрөмжийн жинг багасгах тал дээр илүүтэй ажиллаж байгаа юм байна.
АНУ-ын засгийн газар Adobe компанийг шүүхэд дуудлаа. Adobe компанийн төлбөртэй программуудыг худалдан авсан хэрэглэгчид subscription-ээ цуцлах үед гардаг өндөр төлбөрийг нуун дарагдуулсан, мөн цуцлах процессыг маш төвөгтэй, олон шат дараалалтай болгох замаар хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн тул шүүхэд дуудаж байна гэж энэ даваа гарагт АНУ-ын Хууль зүйн яамнаас шүүхэд гаргасан гомдолд дурджээ. Тухайлбал, тэд жилийн хураамж болон сарын хураамжийн ялгааг олж харахад төвөгтэй байдал үүсгэн, зөвхөн сонголтоор чеклэдэг checkbox болон дарах холбоос/линк/-ээр оруулсан нь уг үйлчилгээг эрт цуцалсан тохиолдолд олон зуун долларын төлбөрт унах эрсдэлтэй талаар хэрэглэгчид олж мэдэхэд төвөгтэй болгосон гэнэ. Түүгээр ч зогсохгүй хэрэглэгчид үйлчилгээгээ цуцлахын олон тооны цонх, pop-up window дамжиж, төвөгтэй процессыг туулсныхаа дараа энэхүү нэмэлт төлбөрийн талаар олж мэдсэнээр үйлчилгээг цуцлахгүй, үргэлжлүүлэхэд хүргэсэн гэж тэднийг буруутгасан байна. Мөн утсаар болон чаатаар subscription-ээ цуцлах гэсэн хэрэглэгчдийн дуудлага тасалдаж, ахиад шинээр эхлэх, чаатанд нь хариу өгөх зэргээр төлбөртэй үйлчилгээг цуцлах үйл явцыг хясан боогдуулсан нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиудыг зөрчсөн байх магадлалтай байна гэж үзсэний үндсэн дээр ийнхүү засгийн газар Adobe-г шүүхэд дуудсан байна. Гэхдээ мундаг том компаниуд асар хүчтэй хуулийн багтай байдаг тул ингэлээ гээд Adobe шууд ялагдчих нь юу л бол. Харцгааж л байя даа.
Нэг өгүүлбэрээр
Илон Маск энэ оны сүүлч гэхэд Twitter payment буюу төлбөр тооцооны хэрэгсэл нэвтрүүлнэ гэж амлав.
TikTok Whee гэж юу вэ?
Apple-н шинэчлэгдсэн CarPlay-н талаарх мэдээлэл.
Америкчууд яагаад шинээр EV/цахилгаан машин худалдан авах нь багассан бэ?
Amazon компани Германы үүлэн дэд бүтцийг(cloud infrastructure) сайжруулахад зориулж 10 тэрбум долларын хөрөнгө оруулна.
Японы TDK компани батарейны багтаамжийг 100 дахин нэмэгдүүлэх шинэ технологи нээснээ зарлав.
YouTube зар сурталчилгаа цацахдаа server side injection технологи ашигласнаар Ad blocker-уудыг ажилгүй болгох уу?
OpenAI албан ёсоор ашгийн төлөө компани болж, улмаар IPO хийх эсэх талаар.
Starship хөлгийн 5 дахь удаагийн туршилтын нислэг 7-р сард хийгдэнэ.
41 дэх дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Манай мэдээллүүд танд таалагдсан бол шэйр хийгээрэй. Мөн санал хүсэлт, өөр ямар мэдээллүүд унших хүсэлтэй байгаагаа мэйлээр болон ФБ пэйж рүү чаат бичиж мэдэгдэхийг хүсье. Баярлалаа.