Technosphere: Дугаар 42

Технологийн салбарын шинэ мэдээллүүд

Өглөөний мэндийг хүргэн мэндчилж байна. Өнөөдөр 6-р сарын 27 буюу УИХ-н ээлжит сонгуулийн өмнөх өдөр. Маргааш та бүхэн сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгөөрэй.

Энэ өдөр түүхэнд

2016 оны 6-р сарын 27-нд Microsoft корпораци LinkedIn-ийг 26.2 тэрбум доллараар худалдан авсан нь тухайн үедээ шуугиан дэгдээсэн өндөр үнийн дүн бүхий худалдан авалт байлаа. Тэд Microsoft-н хэрэглээний программууд болон cloud computing боломжийг LinkedIn-ий өргөн сүлжээ бүхий хэрэглэгчийн баазтай холбох зорилгоор энэ худалдан авалтыг хийсэн гэдэг.

AI технологийн холбогдолтой мэдээллүүд

Манай өмнөх дугаарт Apple Компани Apple Intelligence хиймэл оюун ухааны технологио OpenAI компанийн GPT-4o модель дээр суурилан бүтээж, ухаалаг төхөөрөмжүүддээ суулгаж байгаа талаар мэдээлж байсан энэ удаа Apple зөвхөн OpenAI-аар тогтохгүй, Perplexity, Anthropic, тэр ч бүү хэл олон жилийн турш таагүй харилцаатай явж ирсэн Meta компанитай хүртэл хамтран, AI технологио сайжруулах хүсэлтэй байгаа аж. Apple-н AppStore-той холбоотой асуудлууд, мөн хэрэглэгчдийн хувийн мэдээллийн нууцлалын асуудлаас болж муудалцсан Meta, Apple хоёр ийнхүү AI технологи дээр ганзага нийлэх бололтой. Мөн Apple-н төхөөрөмжөөр дамжуулан дээрх AI компаниудын төлбөртэй моделийг борлуулж, Apple орлогоос нь хувь хүртэх хувилбар ч яригдаж байгаа гэнэ.

Дуу хөгжмийн салбарын аваргууд болох Universal Music Group, Warner Music Group, Sony Music Entertainment компаниуд өөрсдийнх нь лицензтэй бүтээлүүдийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хиймэл оюун ухаан сургасан гэсэн асуудлаар Udio болон Suno AI үйлчилгээнүүдийг шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Recording Industry Association of America(RIAA) буюу Америкийн дуу бичлэгийн бизнес эрхлэгчдийн холбооны нэр дээр тэд шүүхэд гомдол гаргаж, AI сургахад зөвшөөрөлгүй ашигласан уран бүтээл бүр дээр 150000 доллар буюу нийт дүнгээрээ хэдэн тэрбум доллараар ч үнэлэгдэж мэдэх зарга үүсгэжээ. Тэдний гомдолд дурдагдсанаар бол Udio, Suno платформуудын үүсгэж байгаа дуу хөгжим нь дээрх нэр дурдсан компаниудын нэр дээр лицензтэй байдаг уран бүтээлчдийн дуу хөгжим дээр суурилж гарч байгаа тул өөрсдийн зохиогчдын эрхийг зөрчигдсөн гэж үзэж байгаа аж. Харин хэргийн эзэд болох Udio нь 10 сая долларын, харин Suno AI нь хамгийн сүүлийн мэдээгээр 125 сая долларын хөрөнгө оруулалт татаад байгаа юм. Урьд өмнө нь AI сургахдаа зөвшөөрөлгүйгээр зураг болон текст өгөгдөл ашигласан хэргүүд шүүхэд шилжиж байсан ч энэ удаагийнх нилээн анхаарал татсан асуудал болж байна. Учир нь Америкийн дуу бичлэгийн бизнес эрхлэгчид нилээн нэхэл хатуутай гэдгээрээ алдартай тул энэ маргаан тэдний талд шийдэгдэж, олон сая долларын төлбөрт унах уу, эсвэл дуу бичлэгийн компаниуд лицензээ AI технологийн компаниудад түрээслэх байдлаар зохицох уу гэдэг нь сонирхолтой байна.

Технологийн компаниуд

SpaceX компанийн Starlink үйлчилгээ сүүлийн үед эрчийг авч, манай Монгол улсад ч чөлөөтэй хэрэглэх боломжтой болсон. Өмнө нь тэд байшин барилга дээр суурилуулах зориулалттай Starlink антенн санал болгож байсан бол өнгөрсөн 7 хоногоос эхлээд 599 долларын үнэтэй Starlink Mini хиймэл дагуулын интернэтийн антенн борлуулж эхэллээ. SpaceX компанийн мэдэгдэж байгаагаар Starlink Mini нь үүргэвчид багтах авсаархан хэмжээтэй бөгөөд хаанаас ч холбогдох хөдөлгөөнт интернэтийн хамгийн сайн сонголт байх болно гэжээ. Standard буюу гэр байшин дээрээ суурилуулдаг антенн нь Mini хувилбараасаа 100 доллараар хямд үнээр зарагддаг бөгөөд хөдөлгөөнт интернэт гэдэг утгаараа арай илүү үнэтэй байгаа бололтой. Гэхдээ энэ үнийг цаашид хямдруулахыг зорьж ажиллаж байгаа гэж компани мэдэгдсэн байна. Одоогоор Mini антенн нь сарын 50 Гб хэмжээтэй датаг 150 доллараар худалдан авч ашиглах багц санал болгож байна. Манай улсад сүүлийн үед зарим нэг компани, хувь хүмүүс суурин станцыг зөөврийн хэлбэрт хувиргах үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд SpaceX өөрөө зөөврийн антенн гаргаад ирэхээр тухайн үйлчилгээ үзүүлэгч нар цаашид хэрхэх нь сонирхол татаж байгаа юм.

2022 онд Apple-н угсрах үйлдвэр болох Foxconn компанийн ажилтнууд цагдаагийн албан хаагчидтай COVID19 хөл хорионоос болоод ширүүн мөргөлдөөн үүсгэж байсан билээ. Тэр асуудлаас үүдэлтэйгээр Apple компани ухаалаг төхөөрөмжийнхөө эцсийн шатны угсралтыг аль болох автоматжуулах бодлого баримталж эхэлсэн гэнэ. The Information сайтад гарсан нийтлэлээс үзвэл тус компани ойрын жилүүдэд нийт угсрах үйлдвэрийн ажилтнуудын 50 орчим хувийг роботоор орлуулж, автоматжуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Гэсэн ч Foxconn тэргүүтэй компаниуд ажилчдыг орлох робот худалдан авч суурилуулахад олон сая долларын зардал гарах учраас энэ асуудалд болгоомжтой хандаж байгаа юм. Apple-н нийлүүлэлтийн сүлжээний талаарх хамгийн сүүлийн тайлангаас үзвэл эцсийн шатны угсралт дээр 2022 онд 1,6 сая хүн ажиллаж байсан бол 2023 онд энэ тоо 1,4 сая болж буурчээ. Улмаар тэд iPhone 15-н эцсийн шатны угсралтыг дан автомат роботоор хийлгэх, мөн iPhone 16 загварын товчлуур болон бусад эд ангиудыг робот ашиглан суулгахаар төлөвлөсөн гэнэ. Одоогоор роботууд угсралт хийхдээ алдаа нилээн гаргаж байгаа ч яваандаа сайжрах нь цаг хугацааны асуудал тул угсралтын ажилчдыг 50% бууруулах тэдний зорилт удахгүй биелэх бололтой.

Америкийн засаг захиргаа Касперски антивирусыг хориглож байна. АНУ-ын Худалдааны яам үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй гэж үзсэний үндсэн дээр ОХУ-д зохион бүтээгдсэн вирусын эсрэг програмыг шинээр хэрэглэгч худалдан авах боломжгүй хориг тавьжээ. Харин одоогоор худалдан аваад хэрэглэж байгаа хүмүүс 9-р сарын 29 хүртэл ашиглаад, түүнээс цааш update буюу программын шинэчлэл авах боломжгүй болжээ. Касперски нь хэдийгээр хувийн компанийн бүтээл боловч Оросын засгийн газраас тус компанид нөлөөлөх замаар АНУ-ын хэрэглэгчдийн мэдээлэлд хандах, улмаар өгөгдөл хулгайлах, үндэсний аюулгүй байдалд аюул учруулах эрсдэлтэй гэж үзээд дээрх шийдвэрийг гаргасан байна. Манай Монголын хэрэглэгчид, албан байгууллагууд Касперски өргөнөөр хэрэглэж байгаа харагддаг. Хэрэв Америкчуудын сэжиг таамаг зөв бол яанам билээ?

Нэг өгүүлбэрээр

Ямар нэг өгүүлэл, эсвэл үлгэр ашиглаад, AI видео хийж үзмээр байвал энд дараарай.

Манай 7 хоног тутмын товхимол суурилдаг beehiiv платформ нь AI вэб сайт бүтээгч Typedream вэб сайтыг худалдан авсан гэнэ шүү.

OpenAI компанийн технологи хариуцсан захирал Мирай Мурати “GPT-н өмнөх хувилбарууд болох GPT-3 нь хөлд орж байгаа хүүхэд, GPT-4 нь ахлах ангийн сурагчийн хэмжээнд бодож сэтгэж, ажилладаг байсан бол шинээр гарах дараагийн хувилбар нь докторын хэмжээний мэдлэгтэй байх болно” гэж ярьжээ..

Google Gemini AI-г оюутан сурагчид сургуулийн бүртгэлээрээ дамжуулан ашиглах боломжтой болно.

Microsoft Surface таблет эцэст нь нэг юм Apple MacBook-тэй өрсөлдөх хэмжээний төхөөрөмж болж чадсан уу?

StabilityAI ашгүй нэг Stable AI компани болох замдаа орж, шинэ удирдлагуудаа танилцууллаа.

OpenAI ChatGPT апп одоо Mac компьютерууд дээр асуудалгүй ажилладаг боллоо.

Gilead компанийн жилд 2 удаа тарих ХДХВ-с сэргийлэх вакцин нь эцсийн шатны туршилтаа амжилттай даваад байна.

Google Pixel 9 төхөөрөмжүүдийг танилцуулах арга хэмжээ 8-р сард зохиогдоно.

Motorola-ийн түүхэн дэх хамгийн cool загвар болох Razr-н шинэ хувилбарын талаар.