- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere товхимол: Дугаар 44
Technosphere товхимол: Дугаар 44
Технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр шинээр.
Өглөөний мэнд хүргэе! Сайхан наадаж, сайхан амарсан уу? 14 хоногийн дараа эргэн уулзаж байгаадаа тун баяртай байна.
Энэ өдөр түүхэнд
1968 оны энэ өдөр Цахиурын хөндийд хэдийн хөлөө олсон, Гордон Мүүр болон Роберт Нооёс хэмээх хоёр эрхэм өөрсдийн бизнесийг үүсгэж, шинэ санаачилгаа бодит ажил хэрэг болгохоор шулуудан нэгэн компани байгуулсан нь өнөөгийн компьютерийн технологийн салбарын аварга болох Intel компани байжээ.
Хиймэл оюуны ухааны салбарт
AI салбарын манлайлагчдын нэг OpenAI компани Strawberry нэртэй нэгэн төсөл дээр ажиллаж байгаа мэдээлэл гарчээ. Reuters дээр гарсан мэдээллээс үзвэл Strawberry төсөл нь түрүү жил нилээн яригдсан Project Q-ийн үргэлжлэл буюу шинэчилсэн хувилбар бөгөөд урьд өмнө гаргасан AI моделиудаас ялгарах гол давуу тал нь сэтгэн бодох чадвар гэнэ. Өнөөг хүртэл олон нийтэд танилцуулагдаж, ашиглагдаж буй моделиуд зөвхөн сургасан өгөгдлийн хүрээнд л хариулт өгч ажилладаг бол Strawberry төслийн модель нь AGI буюу өөрөө сэтгэн бодох чадвартай хиймэл оюун ухаан гэдэг ангилалд ч багтаж магадгүй сүрхий бүтээл гарах бололтой. Мөн үүнээс гадна энэхүү модель нь өөрөө интернэт орчинд чөлөөтэй ажиллаж, deep search буюу гүнзгий хайлт хийх чадалтай гэж яригдаж байна. Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2023 оны намар ChatGPT Q буюу нэгэн шинэ хүчирхэг модель гарах нь гэсэн шуугианы араас ерөнхий захирал Сэм Олтмэнийг удирдах зөвлөл нь халж байсан билээ. Одоогоор энэ төслийн нарийн ширийнийг хэвлэл мэдээллийнхэн байтугай компанийн ихэнх ажилчид ч олж мэдэх боломжгүй нарийн чанд нууцалж байгаа ажээ. OpenAI компанийн хамгийн сүүлд гаргасан GPT-4o модель нь зарим нэг өрсөлдөгчдөө хүчин чадлаараа гүйцэгдээд эхэлсэн энэ цаг үед тус компани ямар шинэ модель олон танилцуулах нь онцгой анхаарал татаж байна.
АНУ-ын Odyssey компани нь бүрэн автомат жолоодлоготой машин үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан хүмүүс нийлж байгуулсан компани бөгөөд хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гарааны бизнес юм. Тэд саяхан Холливудын кино шиг үнэмшилтэй AI видео бүтээгч модель зохион бүтээжээ. Ингэхдээ дүрсийн геометр шинж чанар, материал, гэрэл сүүдэр, хөдөлгөөн гэсэн 4 тусгайлсан AI модель хөгжүүлсэн аж. Бусад видео бичлэг үүсгэгч AI моделиуд бэлэн видео өгөгдлөөс суралцаж, дүрсний арын дэвсгэр ямар харагдахыг санал болгодог онцлогтой бол Odyssey нь өөрөө 3 хэмжээст орчин бүтээх замаар суралцангаа контент үйлдвэрлэх чадвартай юм. Мөн Odyssey-г ашиглан бүтээсэн видеонууд кино камераар авсан дүрс мэт өндөр чанартай байгаа тул цаашид киноны дэлгэц, видео тоглоом гээд олон салбарт ашиглагдах магадлалтай.
Технологийн компаниуд
Samsung корпораци наадмын үеэр Galaxy Unpacked арга хэмжээгээ зохиож, хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн танилцуулсан нь AI үйлдэл бүхий эвхэгддэг, нугардаг гар утаснууд, удаан хүлээлт үүсгээд байсан Galaxy Ring ухаалаг бөгж, мөн ухаалаг цагны шинэчилсэн хувилбарууд байлаа. Шинэ Galaxy Z Fold6 болон Flip6 утаснууд нь шинээр Galaxy AI боломжуудтай болсон ба эдгээр нь:
Орчны яриаг шууд орчуулах Interpreter болон Live Translate хэрэглүүрүүд
Зураг авах, засварлах AI-д суурилсан ProVisual Engine
Note Assist, Composer, Sketch-to-image зэрэг бүтээлч хэрэгслүүд
Цаанаасаа суугдсан ирэх Google Gemini апп зэрэг юм.
Шинээр танилцуулсан Galaxy Watch7 цаг болон шинэ Galaxy Ring бөгж нь хиймэл оюуны ухааны тусламжтайгаар эрүүл мэндээ хянах, нойр хэмжих, цусан дахь сахарын түвшин үзэх зэрэг боломжуудтай.
Үнийн хувьд Fold6 утас нь $1,899, Flip6 гар утас нь $1,099 үнээр худалдаалагадах бол ухаалаг бөгж Galaxy Ring нь $399 үнэтэй худалдаанд гарна.
Тэрбумтан Илон Маск SpaceX болон X (Хуучин нэршлээр Твиттер) компаниудын төв оффисыг нүүлгэнэ гэдгээ мэдэгдлээ. Энэ 7 хоногт АНУ-ын Калифорни мужийн хууль тогтоох байгууллагаас баталсан нэгэн хуулийг мужийн амбан захирагч Гэвин Ньюсом эцэслэн баталсан нь түүнийг дээрх шийдвэр гаргахад хүргэжээ. Энэхүү хуулмар насанд хүрээгүй хүүхэд өөрийгөө өөр хүйстэй эсвэл трансжендер гэдгээ эцэг эхдээ мэдэгдэлгүйгээр зөвхөн сургууль, багштайгаа зөвшилцөн шийдэж, эцэг эхийн зөвшөөрөл шаардалгүйгээр албан ёсны бичиг баримт дээрээ ямар хүйс тавиулахаа сонгоход нь саад болохгүй байх гэсэн агуулгатай бөгөөд багагүй хэмжээний эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Илон Маск Твиттер дээр хийсэн мэдэгдэлдээ “Шинээр батлагдсан хууль болон өмнө нь батлагдсан өөр бусад хуулиудаас болоод зөвхөн би гэлтгүй, манай компанийн ажилтнууд ч эцэг эх байх эрхээ бүрэн эдэлж чадахгүй байдалд хүрлээ. Тэвчээр тасарсан тул бид компанийн харьяаллаа Техас муж руу шилжүүлж байна“ гэжээ. Өмнө нь тэрээр 2021 онд COVID19-н хөл хориог эсэргүүцэн Tesla компанийн төв оффисыг Техас руу шилжүүлж байсан бол энэ удаа Калифорнийн Хооторн дахь SpaceX-н оффис Техас дахь Starbase рүү нүүх нь ээ. Хооторнд SpaceX-н нислэгийн удирдлагын төв, пуужингийн үйлдвэр байралдаг хэдий ч пуужин хөөрөх бааз, гараг хоорондын нислэг үйлдэх Starship хөлгийн үйлдвэр нь Техаст байрладаг тул компанийн хувьд тийм ч хохиролтой шийдвэр биш гэж хэлж болох юм.
Microsoft болон Apple компаниуд OpenAI-н удирдах зөвлөлд саналын эрхгүй ажиглагч гишүүн суулгах болсон талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Тэгвэл яг наадмын үеэр тус компаниуд OpenAI-н удирдах зөвлөлөөс өөрсдийн төлөөлөгч нарыг татан авчээ. Үүний цаад шалтгаан нь АНУ-ын болон Европын холбооны монополийн эсрэг байгууллага технологийн томоохон компаниудыг шалгаж, AI стартапууд болон технологийн томоохон компаниудын харилцаа холбоог шалгах болсонтой холбоотой юм байна.
Нэг өгүүлбэрээр
Apple компани iOS 18 үйлдлийн системийн Beta хувилбарыг олон нийтэд зориулан гаргалаа.
Эх газрын Хятад хэрэглэгчид OpenAI-н бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх боломжгүй.
SpaceX компанийн Falcon 9 пуужин доголдсоноос болоод Starlink үйлчилгээний 20 гаруй хиймэл дагуул буруу тойрог замд байрлажээ.
NASA-ийн бүтээсэн Parker нарны судалгааны станц нь хүний гараар бүтсэн хамгийн хурдан обьектоор тодорсон бөгөөд цагт 635,266 км-н хурдтайгаар нар руу ойртож явна.
Твиттер удахгүй “dislike“ товчтой болж магадгүй.
OpenAI компанийн Sora моделийг олон нийтэд дэлгэх хараахан болоогүй байна