Technosphere товхимол: Дугаар 45

Технологийн мэдээллийг 7 хоног бүр шинээр.

Өглөөний мэнд!

AI технологийн мэдээллүүд

Meta компани энэ 7 хоногт Llama 3 405B буюу 405 тэрбум параметр бүхий хамгийн том хиймэл оюун ухааны open-source моделийг танилцууллаа. Тус компаниас гаргасан мэдэгдэлд энэхүү шинэ модель нь GPT-4o болон Anthropic компанийн Claude 3.5 Sonnet моделиудыг зарим нэг шалгуур үзүүлэлтээр илүүрхэж байгаа гэж дурджээ. Энэхүү 405 тэрбум параметр бүхий AI моделийг Meta компани 16000 гаруй Nvidia H100 GPU ашиглан сургасан гэнэ. Өмнөх хувилбарууд нь зөвхөн тексттэй ажилладаг байсан бол Llama 3 нь текст болон зураг боловсруулах чадвартай болсон нь том дэвшил юм. Meta энэхүү хүчирхэг моделийг нээлттэй эх сурвалжийн модель болгох шийдвэр гаргаснаар өндөр түвшний хиймэл оюун ухааны технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжүүлэгчид болон судлаачдыг зардал багатайгаар илүү их боломжийг ашиглах нөхцөл бүрдүүлж өгч байгаагаараа ач холбогдолтой. Мөн жижиг бизнесүүд ч хамгийн сүүлийн үеийн AI технологийн ололтуудыг бизнестээ ашиглах боломжтой болно. Одоогоор Llama 3 405B хувилбар нь Андройд үйлдлийн системд зориулсан Whatsapp Beta хувилбарт нэгтгэгдээд байгаа юм.

Илон Маскийн xAI компани дэлхийн хамгийн хүчирхэг хиймэл оюун ухааны сургалтын төвийг ашиглалтад орууллаа гэж мэдэгдэв. Түүний эзэмшдэг X болон xAI компаниуд, мөн чип үйлдвэрлэгч Nvidia компаниудын хамтын ажиллагааны үр дүнд АНУ-ын Мемфис дэх дата төвд 100 мянган ширхэг NVidia H100 GPU-тэй дата төв ажиллаж эхэлж байгааг Илон Маск ч өөрөө Твиттерээр мэдэгдсэн юм. Мемфис хотын Electrolux компанийн хуучин үйлдвэрийн байрыг худалдан авч, суперкомпьютерийн сургалтын төв болгосон бөгөөд дээр дурдагдаж буй GPU-нууд нь шингэн хөргөлтийн системтэй, нэг бүр нь л гэхэд 30000 - 40000 долларын үнэтэй чип гээд бодохоор энэхүү дата төвийг байгуулахад дор хаяж л 3,5-4 тэрбум доллар зарцуулагдсан гэж таамаглаж болохоор байна. Энд xAI компанийн гол бүтээгдэхүүн болох Grok AI-г сургаж, дараагийн хувилбарыг хөгжүүлэх ба Твиттер дээр Premium үйлчилгээ ашигладаг хэн бүхэн Grok-г чөлөөтэй хэрэглэх боломжтой байдаг билээ. Энэхүү хүчирхэг AI төвд бүтээгдсэн Grok AI 3.0 хувилбар энэ ондоо багтаад хэрэглэгчдийн гар дээр ирэх төлөвтэй байна.

OpenAI компани хамгийн сүүлд гаргасан GPT-4o моделийнхоо арай багасгасан хямд хувилбар болох GPT-4o mini-г гаргалаа. GPT-4o mini нь нэг сая токен input дээр 15 цент, 1 сая токен боловсруулж гаргахад 60 центийн үнэтэй байгаа нь өмнөх GPT-3.5 Turbo хувилбараас 60%-иар хямд үнэтэй гэсэн үг. Энэ нь жижиг дунд бизнесүүд, хувь хөгжүүлэгч нарт бага зардлаар OpenAI API ашиглан, өөрсдийн апп-г хөгжүүлэх, ажиллуулах боломж олгож байгаа гэсэн үг. Хэдийгээр хүчин чадал багатай мини хувилбар гэж байгаа ч дээрх модель нь AI моделиудыг үнэлдэг MMLU benchmark дээр 82%-н үнэлгээ аваад байгаа нь ижил зиндааны Google-н Gemini Flash (77.9%) болон Anthropic-н Claude Haiku (73.8%) моделиудаас илүү үзүүлэлттэй байгааг харуулж байна. 7-р сарын 20-ноос эхлээд GPT-4o mini нь ChatGPT-н үнэгүй хувилбар, Plus болон Team хувилбарууд дахь GPT-3.5 Turbo моделийг орлон ажиллаж эхэлсэн. Одоогоор шинэ модель нь 128 мянган токен боловсруулах чадалтай байгаа бөгөөд текст, зурган мэдээлэлтэй ажиллах чадвартай. Ийнхүү хямд үнэтэй шинэ модель санал болгосны ачаар OpenAI-н AI моделиуд дээр суурилсан апп, үйлчилгээ шинээр зохион бүтээж байгаа гарааны бизнесүүд, хувь хүмүүсийн энэ зах зээлд нэвтрэх босго намсаж, зардал хэмнэгдэж байгаа нь чухал ач холбогдолтой билээ.

Технологийн компаниуд

Apple компани 2026 он гэхэд дэлгэгддэг / эвхэгддэг гар утас гаргаж магадгүй байна. The Information сайт дээр анх энэ талаарх мэдээлэл гарч эхэлсэн бөгөөд уг утас нь Samsung Z Flip шиг голоороо нугарч эвхэгддэг загвартай байх бололтой. Энэ оны 2-р сар хавьцаа Apple компани эвхэгддэг гар утасны хоёр ч өөр загвар боловсруулаад явж байсан бол өдгөө компанийн ажилчдын хүрээнд V68 гэсэн нэрээрээ танил болсон загвар нь батлагдаад, концепт загварын шатнаас бодит бүтээгдэхүүний шат руу шилжээд байгаа гэжээ. Одоогоор тус компани утсыг эвхэхэд үүсдэг нугалаасыг аль болох арилгах тал дээр илүүтэй ажиллаж байгаа гэж мэдээллийн сайтууд дээр гараад байгаа. Мөн 2026 он гэхэд MacBook лаптоп шиг эвхэгддэг iPad ч гаргаж магадгүй гэсэн яриа гараад байна.

Түрүүчийн долоо хоногийн баасан гарагт АНУ, Австрали, Их Британи тэргүүтэй баруун орнууд, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад хүртэл Windows үйлдлийн системтэй компьютер, ухаалаг төхөөрөмжүүд гацаж, “цэнхэр алдаа” (Blue screen of death) зааж таг болсноор олон зуун нисэх компаниудын удирдлагын төв, нисэх онгоцнуудын компьютер ажилгүй болж, нислэгүүдийг яаралтай газардуулан, нисэх буудлууд гар ажиллагаанд шилжиж байгаа талаар бид сошиал хаягуудаараа мэдээлж байсан. Мөн банкууд, төлбөр тооцооны системүүд, эмнэлгийн бүртгэлийн программууд, төмөр замын удирдах систем, шуурхай тусламжийн 911 дугаар гээд улс орны амин чухал дэд бүтцүүд ч энэ асуудлаас болж таг гацсан нь 21-р зуун гарснаас хойших хамгийн том technical glitch боллоо гэж мэдээллийн сайтууд дүгнэж байгаа. Энэ хэргийн эзэн нь барууны орнуудын төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад цахим аюулгүй байдлын систем нийлүүлэгч CrowdStrike компанийн Falcon нэртэй бүтээгдэхүүн(энгийнээр бол антивирус програм гээд ойлгочиход болно)-ий ээлжит шинэчлэл(update) нь компьютерт сууж, үйлдлийн системд нэгтгэгдэх явцдаа асуудал үүсгэсэн нь тэр өдөртөө тодорхой болсон билээ. Байгууллагуудын IT хэлтсийн ажилчид энэ асуудалд өртсөн 8,5 сая компьютерийг нэгбүрчлэн гараар асааж, асуудлыг янзалж байгаа гээд бодохоор ямаршуухан хэмжээний хор уршиг, хохирол дагуулсан үйл явдал болсон нь тодорхой юм. Тэгвэл өчигдөр гарсан мэдээллээр CrowdStrike компани гацсан компьютерийн тоогоор харилцагч байгууллагууд, хэрэглэгчиддээ 10 долларын үнэ бүхий UberEats-н ваучер тараасан гэнэ. Уучлал хүсэх сонирхолтой арга сонгож дээ.

Хятадын BYD компани Индонезийн зах зээлд зориулсан цахилгаан хөдөлгүүртэй жийп ангиллын автомашиныг танилцуулж, 25000 доллараар борлуулна гэж мэдэгдлээ. BYD M6 нэртэй энэхүү MPV(multi purpose vehicle) нь Standard(7 суудалтай), Superior(мөн 7 суудалтай), Superior Captain (6 суудалтай) гэсэн 3 өөр зэрэглэлтэй гарч байгаа бөгөөд бүгд BYD-н үйлдвэрлэдэг жийп болох Song Max-н загвар дээр суурилан бүтээгджээ. Үнийн хувьд цахилгаан автомашин, тэр тусмаа жийп ангилал дотроо боломжийн хямд буюу 23400 - 25900 долларын үнэтэй зарагдана. M6 нь 55.4 kWh(бүрэн цэнэгээрээ 420 км явна) болон 71.8 kWh(бүрэн цэнэгээрээ 530 км явна) гэсэн өөр өөр багтаамжтай BYD Blade батарейтэй гарч байгаа ба 115 кВт-ын түргэн цэнэглэгч ашиглавал 40 минутын дотор л цэнэгээ 10 - 80% болгох боломжтой гэнэ. Индонезийн засгийн газар энэ жил л гэхэд тус улсад 50000 ширхэг цахилгаан автомашин зарагдана гэсэн том төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ зах зээлд Хятадын болон Солонгосын автомашин үйлдвэрлэгчид эрчимтэй орж ирж байгаа. Харин BYD компанийн хувьд Индонезид цахилгаан автомашины үйлдвэр байгуулж, 2026 он гэхэд жилдээ 150000 цахилгаан автомашин үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Нэг өгүүлбэрээр

Хятадын эрдэмтэд нарны эрчим хүчээр тэжээгддэг, 4-хөн грамм жинтэй дрон бүтээсэн нь нэг ч удаа газардахгүй байнгын нисэх боломжтой гэнэ.

Meta Ray-Ban нүдний шилийг үйлдвэрлэгч EssilorLuxottica компанид Google хөрөнгө оруулалт хийх замаар Gemini AI-н тусламжтай ажилладаг ухаалаг шил үйлдвэрлэх нь үү?

Илон Маск дахиад л Марк Цукербергтэй “хаана ч, ямар ч дүрмээр хамаагүй тулалдахад бэлэн” гэж мэдэгдэв.

АНУ-ын Аризона мужид цагдаа дуудахад эхний ээлжинд дрон ирдэг болох нь ээ.

Xiaomi компани Mix Fold 4 нэртэй анхны дэлгэгддэг гар утас болон зөөврийн фото принтерийг тус тус танилцууллаа.

АНУ-ын мэдээллийн аюулгүй байдлын компанид дөнгөж ажилд орсон Хойд Солонгосын хакер эхний өдрөө л компанийн системд вирус халдаахыг завджээ.

Манай урд хөрш, Хятад улсад хөргөлтийн систем шаардлагагүйгээр өөрийгөө хөргөдөг цөмийн реактор зохион бүтээжээ.

Google-н толгой компани Alphabet Inc робот таксинд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Waymo компанид ахин 5 тэрбум доллар орууллаа.

Камбож улсын засгийн газар өөрийн гэсэн WhatsApp маягийн мессенжерийн программтай болсон нь иргэдээ тагнах зорилготой юу?

Цахим орчин дахь хувийн мэдээлэлд чинь хэн зөвшөөрөлгүй ханддаг вэ?

Манай 45 дахь дугаарыг дуустал уншсан танд баярлалаа. Таалагдсан бол цааш нь шэйр хийж түгээхийг хүсье.