- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere товхимол: Дугаар 46
Technosphere товхимол: Дугаар 46
Технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр шинээр.
Наймдугаар сарын эхний өдрийн мэндийг хүргэе!
Энэ өдөр түүхэнд:
2003 оны энэ өдөр нийгмийн сүлжээний анхны томоохон вэбсайт болох MySpace нээгдэж байжээ. 2000-д дунд үе хүртэл хүчийг авч, залуусын дунд хамгийн алдартай вэбсайт болсон ч 2008 оноос хэрэглэгчдийнхээ тоо, хандалтаараа Facebook-т гүйцэгдсэн байдаг.
AI Технологийн мэдээллүүд
OpenAI компани удаан хүлээгдэж, яригдаж байгаа ‘Advanced Voice Mode’ буюу хэрэглэгчтэй шууд дуу хоолойгоор ярих харилцах функциэ зөвхөн цөөн тооны ChatGPT Plus буюу төлбөртэй хэрэглэгчдийнхээ хүрээнд гаргаж байгаа гэж мэдэгдлээ. Бусад ChatGPT Plus хэрэглэгчид энэ үйлдлийг энэ намраас хэрэглэж эхлэх ажээ. Advanced Voice Mode үйлдэл нь GPT-4o моделийг ашиглах бөгөөд хэрэглэгчийн дуу хоолойны өнгөнөөс сэтгэл хөдлөл, баяр гуниг, дуу дуулж байгаа эсэх зэргийг мэдэрч ойлгох чадвартай юм. Мөн тэд удахгүй утасныхаа дэлгэцийг ChatGPT-тэй шэйрлэх, өөрийн утаснаас видео өгөгдөл оруулах зэрэг шинэ боломжуудыг нээж өгнө гэж мэдэгдээд байгаа. Ямартай ч AI ботууд нь өдөр ирэх тусам зүгээр нэг текст команд аваад, тэрийгээ гүйцэтгэдэг програм бус, хэрэглэгчтэйгээ хамтран ажилладаг, хэрэглэгчээсээ суралцдаг, хамтдаа өсөж хөгждөг ухаалаг туслах болж хувирсаар байна. Advanced Voice Mode нь хэрэглэгчийн сэтгэл хөдлөлийг мэдэрч, хариу яриа өрнүүлэх чадвартай болсноор хиймэл оюун ухааныг цаашид байгууллагуудын хэрэглэгчдийн үйлчилгээ болон сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа хэрэглэгчидтэй харилцахад ашиглагдах үүд хаалгыг нээж байна. “Her” (2007 оны) нэртэй уран сайхны зөгнөлт киноны үйл явдал биелэхэд улам ойртсоор..
Энэ долоо хоногийн даваа гарагт Meta компани AI Studio нэртэй шинэ хэрэглүүрийг АНУ-ын хэрэглэгчиддээ санал болгож байгаа талаараа олон нийтэд мэдээлсэн. Үүний тусламжтайгаар хэрэглэгчид яг өөрийн хүсэл сонирхолд нийцсэн чатботыг бүтээх, хуваалцах, мөн хайж олох боломжтой болох ба үүний тулд код бичдэг буюу техникийн нарийн мэдлэгтэй байх огт шаардлагагүй гэжээ. Тус компанийн бүтээсэн Llama 3.1 модель дээр суурилсан AI Studio-г хэрэглэгчид онигоо бичүүлэх, meme бүтээлгэх, аяллын зөвөлгөө өгөх зэргээс гадна, өөрийнхөө өмнөөс харилцагчид, үйлчлүүлэгчдийн DM-ээр ирүүлсэн асуултад товч хариу бичүүлэх зэрэг бүтээлч байдлаар ашиглаж болно. Мэдээж хэрэг, уламжлал ёсоор энэ хэрэглүүртэй эхний ээлжинд АНУ-аас Instagram Business аккаунт ашигладаг хүмүүс түрүүлж танилцах бол ойрын өдрүүдэд дэлхийн бусад хэрэглэгчид Instagram, Messenger, WhatsApp дээр нэгтгэн ашиглаж эхлэх ажээ.
Өнгөрсөн 7 хоногт нээлтээ хийсэн Paris 2024 зуны олимпын наадамд AI технологи урьд өмнө байгаагүй өргөн хэмжээнд ашиглагдаж байгаа ажээ. Тухайлбал:
AthleteGPT нэртэй AI chatbot нь Athlete365 аппаар дамжуулан, Олимпын тамирчдад 24 цагийн турш мэдээлэл өгөх, асуултад хариулах, дэмжлэг өгөх байдлаар ажиллаж байгаа.
AI технологид суурилсан тамирчдын хяналтын 3D систем(3DAT)-ийг тамирчид өөрсдийн гүйцэтгэлийг хянах, бие махбодын үзүүлэлтүүдээ бүртгэхэд ашиглах боломжтой болсон.
Олон улсын Олимпын хорооны туршилтын хөтөлбөр Сенегал улсад AI технологи ашигласан шинэ авъяасыг илрүүлэх scouting хөтөлбөр явуулж байгаа.
NBC мэдээний сайт мөн AI ашиглан, хувь хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн спортын давталтууд болон тамирчдын статистик гаргаж харуулж байгаа гэхчлэн маш олон зориулалтаар энэ удаагийн олимпт хиймэл оюун ухааны технологи ашиглагдаж байна.
Стэнфордын их сургууль болон Toyota компанийн судалгааны төвийнхөн хамтран нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Тандем дрифт буюу хоёр машин хосоороо дрифт хийж, эхний машины хийсэн үйлдэл бүрийг хоёр дахь машин алдалгүй дагаж, хоорондын зайгаа алдахгүй, бас нэгийгээ шүргэхгүй “шарвах”-ыг ийнхүү нэрлэдэг аж. Дээр дурдсан судалгааны багийнхан бүрэн автомат жолоодлоготой хоёр автомашинаар энэхүү үзүүлбэрийг амжилттай туршжээ. Машинууд GPS-ээр тоноглогдсоны дээр өөр хоорондоо Wifi технологиор холбогдсон байжээ. Энэ мэдээллийг дэлгэрүүлэн уншиж, бичлэгийг үзэх бол энд дарна уу.
Технологийн компаниуд
Amazon Техас мужийн Остин дахь чипний үйлдвэртээ шинэ чипээр тоноглосон сервер туршжээ. Economic Times-ын мэдээлснээс үзвэл эдгээр серверүүдийг Amazon-ы өөрсдийн бүтээсэн шинэ AI чипээр тоноглосон аж. Тэд AI чипний хувьд Nvidia-аас хэт хамааралтай байдлаа бууруулахын тулд ийнхүү өөрсдөө чип зохион бүтээх ажилд ороод байсан юм. Дээр дурдсан шинэ чип бүхий серверүүд Amazon-ы AWS үйлчилгээний үүлэн технологийн серверүүдэд эхний ээлжинд ашиглагдах бололтой. Тэднээс гадна Microsoft, Alphabet гээд технологийн том компаниуд бүгд л өөр өөрсдийн AI чип хөгжүүлэх ажилд орсныг энд дурдах нь зүйтэй. Amazon-ы AI чип зохион бүтээх ажил руу харьцангуй хожуу орсон(Саяхнаас хөгжүүлж эхэлсэн Trainium болон Inferentia чипнүүд) боловч, AI технологийн бус чипний хувьд салбартаа тэргүүлэгчдийн нэг юм. Тухайлбал, Graviton нэртэй процессорын чипийг тэд 40 шахуу жил хөгжүүлж байгаа. Компанийн өөрсдийн хийсэн мэдээллээр бол шинэ AI чип нь Nvidia-н AI чипнүүдээс бараг хоёр дахин хямд үнэтэй боловч гүйцэтгэлийн хувьд 40-50 хувиар илүү байгаа гэжээ.
OpenAI компани AI технологид суурилсан өөрийн гэсэн хайлтын системтэй болно гэж мэдэгдэв. SearchGPT нэртэй хайлтын систем нь интернэт орчинд бүх мэдээллийг хайж олон чадвартай байх гэнэ. Одоогийн хайлтын системүүдүүдийн нэгэн адилаар “Та юу хайж байгаа вэ?” гэсэн асуулт бүхий том дэлгэц эхэлж харагдах ч хайлт хийсний дараа гарч ирсэн үр дүнг цэгцтэй харуулах, зохион байгуулах, мөн холбогдолтой сэдвүүдийг санал болгох, нэмэлт асуултууд асуух зэргээр илэрцийг илүү баялаг, сэдэв нь цааш задарсан байдлаар харуулах нь энэ хайлтын системийн онцлог байх бололтой.
Нэг өгүүлбэрээр
Neuralink-н өрсөлдөгч Synchron компанийн бүтээсэн тархины суулгац суулгуулсан хүмүүс Apple Vision Pro-г оюун санаагаараа удирджээ.
Meta компани хэрэглэгчдийн биометрик өгөгдөл зөвшөөрөлгүй цуглуулсан асуудлаар 1,4 тэрбум долларын нөхөн төлбөр төлөхөөр болов.
Midjourney V6.1 хувилбар гаргаснаа зарлалаа.
GPT-4o модельд өөрийн хувийн мэдээллээ ашиглуулах нь хэр найдвартай вэ?
Apple компани Apple Intelligence технологи агуулсан iOS 18.1 буюу хөгжүүлэгчдэд зориулсан бета хувилбараа гаргасан байна.
Твиттер компани өөрсдийн хэрэглэгчдийн өгөгдлөөр GrokAI-аа сургаж байгаа бөгөөд хэрэв датагаа хуваалцмааргүй байвал хэрхэхийг эндээс уншаарай.
Пентагон өчигдрийг хүртэл пуужингууддаа Орост бүтээсэн хөдөлгүүр ашиглаж байсан гэвэл та итгэх үү?
GE Aerospace компанийн захирал АНУ-ын агаарын хүчний инновацийн талаар юу ярив?
Швейцарь улс холбооны засгийн газарт ашиглагдаж байгаа бүх програм хангамжийг open-source болгох шийдвэр гаргалаа.