Technosphere товхимол: Дугаар 47

Технологиин салбарын шинэ мэдээллүүд

Хоёр долоо хоног алгассан технологийн мэдээлийн Technosphere товхимол маань ээлжит пүрэв гарагтаа уншигчдынхаа амар амгаланг эрэн мэндчилж байна.

Энэ өдөр түүхэнд:

1902 оны 8-р сарын 22-нд АНУ-ын Мичиган мужийн Детройт хотод Хэнри Леланд гэдэг эрхэм өөрийн компанийг үүсгэн байгуулжээ. Тэрээр компаниа Детройт хотыг үндэслэгч, Франц гаралтай аялагч Антуан Ломе Кадиллакийн дурсгалд зориулан нэрлэснээр Cadillac Motor Company бий болсон түүхтэй. Леланд нь Henry Ford Company-д тоног төхөөрөмжийн механикч хийж байгаад, тус компани татан буугдахад, үйл ажиллагааг нь зогсоолгүй өөрийнхөөрөө цаашид үргэлжлүүлэн авч явахаар шийдэж, шинэ компаниа байгуулсан нь энэ юм. Кадиллак богинохон хугацааны дотор гайхалтай инженерчлэл, ганган тансаг байдлаараа олны дунд танигдаж, Америкийн автомашин үйлдвэрлэлийн салбарт өндөр стандарт тогтоож эхэлсэн байдаг.

AI технологийн салбарт

Зургийг Grok 2 beta хувилбарын тусламжтайгаар үүсгэлээ

OpenAI компани анх удаа өөрийн AI модельд үнэгүй fine-tuning хийхийг зөвшөөрөв. Өөрөөр хэлбэл, хөгжүүлэгчид өнөөдрөөс эхлэн анх удаа өдөрт 1 сая токенд багтаан, GPT-4o модельд тохируулга хийж, өгөгдөл боловсруулах чадвар болон хурдыг сайжруулах боломжтой боллоо гэсэн үг. Есдүгээр сарын 23 хүртэл энэ тохиргоог үнэгүй ашиглах боломжтой бөгөөд түүнээс хойш зөвхөн төлбөртэй багц хэрэглэгчид, нэг сая токенийг 25 долларын төлбөртэйгээр үнэлж, өөрсдийнхөөрөө AI моделийг сайжруулах нь ээ. OpenAI-н мэдэгдэж байгаагаар хөгжүүлэгчид багахан хэмжээний тохируулга fine-tuning хийхэд л үр дүн нь илт мэдэгдэхүйц өөр байх болно гэжээ. Мөн тэднээс гадна Google-ийн Gemini API ашиглагчид Gemini 1.5 Flash модель дээр өдөр бүр 1,5 тэрбум токен, Gemini 1.5 Pro модель дээр өдөрт 1,6 сая токентэй тэнцэх өгөгдөл үнэгүй оруулахыг зөвшөөрөөд байгаа юм. OpenAI-н дээр дурдсан fine-tuning-г анхлан турших эрх авсан Cosine компани л гэхэд өнгөрсөн 7 хоногт Genie нэртэй ухаалаг AI туслах танилцуулж, өнөөх нь AI моделиудыг шалгаж, эрэмбэлдэг benchmark тестүүдийг маш амжилттайгаар өгснөөс үзэхэд үнэгүй fine-tuning хийгээд эхлэхээр хэрэглэгчид яг өөр өөрсдийн хэрэгцээнд илүү тохирсон, илүү хүчирхэг, хурдан ажиллагаатай AI чатбот бүтээх үүд хаалга ийнхүү нээгдэж байна. Fine tuning гэдгийг маш энгийнээр тайлбарлавал, олон үйлдэл хийх чадвартай AI чатботыг яг өөрийнхөө хүсэл сонирхол, ажил мэргэжлийн холбогдолтой өгөгдлөөр “хооллож“, өөрийнхөө хэрэгцээнд хамгийн сайн тохирсон AI модель болгож ашиглах үйл явц гэхэд болно.

БНСУ-ын Боловсролын яамнаас “AI технологи бүхий цахим сурах бичиг ашиглах“ хөтөлбөр танилцуулж, 2025 оны хичээлийн шинэ жилээс эхлэн, дунд сургуулийн математик, англи хэл, мэдээллийн технологи, солонгос хэлний тусгай хөтөлбөр зэрэг хичээлүүдийн сурах бичгийг AI программ хангамж бүхий таблетаар орлуулан туршиж, улмаар 2028 он гэхэд дуу хөгжим, урлаг, биеийн тамир, ёсзүйн хичээлүүдээс бусад бүх хичээлийн сурах бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан юм. Эрх баригчид энэ хөтөлбөрийнхөө талаар төдийлөн дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч, таблет сурах бичиг бүр нь тухайн эзэмшигч хүүхдийнхээ сурах хурдад тохирсон байдлаар ажиллаж, багш нар нэгдсэн программын dashboard дээрээс сурагчдын гүйцэтгэл, үзүүлэлтийг хянах байдлаар хичээлүүд явагдана гэж мэдэгдээд байв. Энэ оны 6-р сард танилцуулсан уг хөтөлбөрийг харин зарим эцэг эх эсэргүүцэн, улмаар засгийн газартаа хандсан цахим өргөдөл гаргаж, сургалтын орчинд технологийн хэт их хэрэглээг дэмжихгүй байгаа гэсэн агуулгаар 50000 гаруй эцэг эхчүүд гарын үсэг зураад байгаа ажээ. Тэдний үзэж байгаагаар хичээлийн бус, чөлөөт цагаараа дэлгэцийн хэт хамааралтай болчихоод асуудалтай байгаа хүүхдүүдийг сургууль дээр нь өдөржин таблет бариулж суулгах нь эрүүл мэндэд нь эрсдэл учруулна гэж үзэж байгаа юм байна.

Google компани Imagen 3 нэртэй AI зураг үүсгэгч моделийг АНУ-ын хэрэглэгчид үнэгүй ашиглах боломжтой боллоо. Анх энэ моделийг 5-р сард зохиогдсон Google I/O арга хэмжээн дээр танилцуулж байсан ч хэрэглэгчдийн гар дээр өнгөрсөн 7 хоногт л албан ёсоор ирж буй нь энэ юм. Imagen 3 нь “үе тэнгийнхээ“ бусад AI Image Generator-уудын нэгэн адилаар хэрэглэгч текст команд бичих байдлаар ажиллах бөгөөд 30 орчим секунд хүлээсний эцэст боломжийн сайн дүрслэл бүхий зурагнууд гарч ирнэ. Мэдээж хэрэг, энэ чиглэлээр түрүүлж гараад нэгэнт танигдсан Midjourney болон OpenAI-н DALL-E моделиудыг зургийн чанар, дүрслэлээрээ гүйцэхгүй ч эхний ээлжинд үнэгүй ашиглах боломжтой байгаагаараа онцлог юм. Мөн сүүлийн үед AI Image Generator-уудын санал болгож байгаа үйлдэл болох зурагны аль нэг хэсгийг сонгож, засварлах өөрчлөх үйлдлийг ч Imagen 3 өөртөө агуулсан байна. Харин өнгөрсөн 7 хоногт олны хүртээл болсон xAI компанийн Grok Image Creator-той харьцуулахад үүсгэж болох, болохгүй зургийн хязгаарлалттай. Grok дээр алдартай улстөрчид, олны танил хүмүүсийн нэрээр команд өгч, зураг үүсгэх нь нээлттэй бол Imagen 3-т тийм боломж байхгүй гэсэн үг. Grok хэрхэн шуугиулж байгааг “Нэг өгүүлбэрээр” хэсгээс олж уншаарай.

Технологийн компаниуд

AstroForge компанийн Odin төхөөрөмж

Урьд өмнө нь зөвхөн уран зөгнөлт кинон дээрээс олж харах боломжтой олон зүйлс технологийн дэвшлийн ачаар биеллээ олж эхэлсэн цаг үеийн гэрч нь бид болж байна. Эдгээрийн нэг нь болох сансарт тэнэж яваа солир дээрээс үнэт металл олборлох төсөл удахгүй ажил хэрэг болох нь ээ. Одоогоор сансрын том гүрнүүдийн олон тэрбум долларын өртөгтэй нислэгүүд сарны гадаргаас хэдхэн грамм дээж авчирсан нь энэ салбартаа том амжилтад тооцогдож байгаа. Харин AstroForge нэртэй сансрын олборлолтын стартап компанийн үүсгэн байгуулагчид өнгөрсөн 7 хоногт хөрөнгө оруулагчдаас Series A хөрөнгө оруулалтын хүрээнд 40 сая доллар татаж, удахгүй хөөргөх нислэгээ санхүүжүүлэх боломжтой болсноо мэдэгдэв. Компанийн үүсгэн байгуулагчид болох Жозе Акаин болон Мэтт Жалич нар 2023 онд SpaceX компанийн нислэгээр Brokkr-1 нэртэй сансрын төхөөрөмжийг хөөргөсөн ч алсын удирдлага нь доголдсоноор зорьсон ажил нь бүтэлгүйтэж байсан бол санхүүжилт амжилттай татсанаар тэд энэ оны сүүлээр Odin нэртэй төхөөрөмжийг сансарт гаргаж турших гэж байна. Intuitive Machines-2 аялалд тэдний энэ төхөөрөмж дайгдан сансарт гарч, дэлхийтэй хамгийн ойр зөрж буй металл эрдсээр баялаг солирын зургийг авч, дэлхий рүү илгээх ажээ. Хэрэв туршилт амжилттай болвол сарнаас цааш нислэг үйлдсэн хамгийн анхны хувийн компанийн төхөөрөмж болох юм. Улмаар тэд 2025 онд Vestri нэртэй төхөөрөмжийг мөн л Intuitive Machines төслийн нислэгээр сансарт хөөргөж, уг хөлөг нь металл эрдэстэй өөр нэг солирын гадаргууд соронзоор бэхлэгдэх зорилго тавиад байна. Ийнхүү шат дараалсан туршилтууд амжилттай болвол AstroForge компани нь дэлхийтэй ойр тойрог замд эргэлдэж буй солирын гадаргаас цагаан алт болон өөр бусад үнэт металлуудыг олборлож, эх дэлхий рүүгээ зөөвөрлөн авчрах хэтийн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.

Дэлхийн хамгийн хурдан цэнэглэгч таны гар утсыг ердөө 5 минутад бүрэн цэнэглэнэ гэвэл итгэх үү? Хятадын Realme компани 320 ваттын супер түргэн цэнэглэгч зохион бүтээж, 320W SuperSonic Charge нэрээр худалдаанд гаргахаар зэхэж байна. Үүнээс өмнөх хамгийн хурдан цэнэглэгчийн амжилтыг мөн л Хятадын Xiaomi компанийн охин компани болох Redmi бүтээж, 300 ваттын цэнэглэгчээр гар утсыг 4 минут 55 секундэд бүрэн цэнэглэснээр тогтоож байв. Одоогоор нэг ч компани энэ амжилтыг эвдээгүй байсан бол 8-р сарын 14-нд Шеньжен хотноо зохиогдсон Realme 828 Fanfest арга хэмжээн дээр танилцуулагдсан цэнэглэгч үйлдвэрлэлд нэвтэрч энэ амжилтыг булаах бололтой. Realme-ийн мэдээлснээр уг цэнэглэгч нь утасны 25% цэнэгийг 1 минут, 50%-г 2 минутад цэнэглэх боломжтой ажээ. Гар утасны уламжлалт цэнэглэх технологи нь батарейны үүрийг нэг нэгээр нь дүүргэх, эсвэл тодорхой дарааллын дагуу зэрэг цэнэглэх байдлаар ажилладаг бол Realme цэнэглэгч нь батарейны бүх үүрийг нэгэн зэрэг цэнэглэх аргыг шингээснээрээ давуу талтай юм.

Долоо хоногийн өмнө Made by Google арга хэмжээ болсныг мэдсэн л биз дээ? Тэд Pixel 9 цувралын гар утаснуудаа танилцуулж, өөрсдийн сайжруулсан G4 Tensor чип, сайжруулсан батарей, хиймэл дагуулд холбогдсон SOS дохио зэрэг давуу талуудаа олны хүртээл болгосон юм. 6,3” дэлгэцтэй Pixel 9 ($799), 6.8” дэлгэцтэй Pixel 9 Pro XL (S1099), болон 6.3” хэмжээтэй Pixel 9 Pro ($999) зэргээс гадна анх удаа дэлгэгддэг дэлгэцтэй Pixel 9 Pro Fold гар утас танилцуулсан нь 9 сард $1799 үнэтэйгээр худалдаанд гарах юм. Энэ жилээс эхлээд гар утас үйлдвэрлэгч бүхэн хүчирхэг үзүүлэлттэй төхөөрөмжөөр зогсохгүй хиймэл оюун ухааны програмуудаа давхар гайхуулдаг болсон уламжлалыг Google мөн давтаж, Pixel 9 цувралын бүх гар утаснууд нь Google Gemini AI туслахтай гарснаас гадна анхаарал татсан хэд хэдэн AI нэмэлтүүд агуулсан байна. Тухайлбал, Pixel Screenshots нь утсан дээрх скрийншот дундаас хайлт хийх боломж олгох бол Pixel Studio нь утсан дээрээ шууд текстээс зураг үүсгэх боломж олгоно. Мөн авсан зурагнуудаа AI-н тусламжтайгаар засварлах нэмэлтүүд оруулж өгснөөс “Add Me” команд нь хоёр өөр зургийг нэгтгэж, нэг зураг дээр байгаа хүнийг нөгөө зураг руу оруулж засах зэрэг үйлдэл хийдэг болсон гэнэ. Мөн Google Pixel Watch 3, Pixel Buds Pro 2 зэрэг ухаалаг төхөөрөмжүүдээ ч олны хүртээл болгосон байна шүү. Энэхүү арга хэмжээний дараа Samsung, Apple ямар хариу барих нь тун сонирхолтой байна шүү. Ялангуяа 9 сард болох Apple-н шинэ утасны танилцуулга их хүлээлт үүсгэж байна даа.

Нэг өгүүлбэрээр

Зурагт үйлдвэрлэгч компаниуд мөдхөн ухаалаг зурагтын борлуулалтаас гадна хэрэглэгчдэд “шахах” зар сурталчилгаанаас орлого олдог болно.

Amazon компани дата төвүүддээ цөмийн эрчим хүч ашиглах бодолтой байна гэнэ үү?

Дотуур хувцастай Тэйлор Свифт, буу барьсан Камала Харрис, Микки Маусын зураг зэрэг бусад text-to-image generator-уудын үүсгэхээс татгалздаг маргаантай зургуудыг xAI буюу Твиттерийн AI чатбот Grok үүсгэж байгаа нь шуугиан тарьж байна.

БНХАУ-ын Unitree Robotics компанийн 16000 долларын үнэтэй G1 робот нь Америкийн технологийн томчуудын роботтой өрсөлдөхөд бэлэн болжээ.

Ангараг гараг руу хүн илгээхэд тулгарах хамгийн том бэрхшээл нь юу вэ?

Microsoft-ын цагаан өнгөтэй Xbox Series X болон 2 терабайт багтаамжтай хувилбарууд 10-р сард танилцуулагдана.

Чилийн зэсийн магнат Codelco компани ногоон бодлогын хүрээнд цахилгаан автомашины технологи болон байгаль орчин хамгаалах ажилд хөрөнгө оруулна.

Хятадын TikTok хэрэглэгчид видео үүсгэгч AI моделиудын “паакталж” байгааг элэглэсэн видеонууд цацжээ.

АНУ-ын засгийн газраас Google компанийг монополийн асуудлаар шахалтанд оруулж, олон жижиг компани болгон салгах асуудал яригдаж байна.

Их Британийн Dragonfire лазерын зэвсэг анхны агаарын байгаа амжилттай устгажээ.

Xiaomi компанийн борлуулалт таамгаас өндөр гарснаас гадна, автомашины үйлдвэр нь захиалгаа дийлэхгүй шахуу ажиллаж байна.

47 дахь дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. 14 хоног завсарласан учир зарим нэг анхаарал татсан мэдээллүүд орхигдсон байж магад. Дуустал нь уншсан танд баярлалаа.