- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere товхимол: Дугаар 48
Technosphere товхимол: Дугаар 48
Технологийн мэдээллийн 7 хоногт тутмын товхимол
Энэ өдөр түүхэнд:
Бидний өдөр тутмын ажлын салшгүй нэг хэсэг болсон Skype үйлчилгээ 23 жилийн өмнө энэ өдөр анхны бета хувилбараа олон нийтэд санал болгож байжээ. Швед гаралтай Никлас Зенстром, Данийн иргэн Янус Фриис нар 2003 онд Skype-ийг үүсгэн байгуулагчид бөгөөд Эстони гаралтай програмистууд кодыг нь бичиж, програмыг амилуулж байсан түүхтэй ажээ. Байгуулагдсан цагаасаа хойш хэд хэдэн компани дамжин худалдагдсан Skype нь өдгөө Microsoft-ын гэр бүлд харъяалагдаж байна.
AI технологийн мэдээлэл
Зургийг theinformation.com сайтаас оруулав.
Жил орчмын яригдаж байгаад чимээгүй болсон OpenAI Q model гээч нь энэ намар Strawberry🍓 нэртэйгээр мэндэлж магадгүй гэнэ. Магадгүй гэсний учир нь одоогоор компанийн зүгээс энэ мэдээллийг албан ёсоор цацаагүй, зөвхөн leak маягаар түгж байгаад оршино. Project Strawberry нэрээр хөгжүүлж байгаа уг моделийн онцлог давуу тал нь сэтгэн бодох чадвар юм байна. Уг модель нь “бодох хугацаа”-ны сонголттой бөгөөд хугацаа өгвөл нарийн төвөгтэй асуултуудын гаргалгааг олох, дүгнэлт хийх өндөр чадвартай болж байгаа ажээ. Хөгжүүлэгчид нь New York Times Connections нэртэй puzzle тоглоомын хариултыг олох, математикийн хүнд дасгал ажиллуулах, програмын код бичүүлэх зэрэг олон төвөгтэй даалгавраар Strawberry-г амжилттай туршсан сураг байна. OpenAI энэ намартаа багтаад энэхүү шинэ моделийн lite гэх үү, цомхон хувилбарыг ChatGPT үйлчилгээндээ нэгтгэх байх гэсэн хүлээлт үүсээд байгаа бөгөөд харин яг дотооддоо бол Strawberry-ийн бүрэн хэмжээний моделиор үүсгэсэн өгөгдлүүдээр Orion нэртэй өөр нэг моделийг сургаж байгаа гэсэн мэдээлэл бас цацагджээ. Orion нь бусад өрсөлдөгч компаниудын 2024 онд гаргасан Gemini 1.5 Pro, Grok 2, Claude 3.5 Sonnet зэрэг AI чатботуудад зориулсан OpenAI-н хариулт байх бололтой.
Шотланд Edinburgh болон Dundee хотын их сургуулиудын эрдэмтэд AI ашиглан, зөнөгрөл(dementia)-ийг эрт илрүүлэх судалгааны төсөл эхлүүлжээ. NEURii нэртэй энэ төсөл нь Шотландад энэ төрлийн эмгэгтэй гэж оношлогдсон 1,6 сая хүний 10 жилийн туршид авахуулсан тархины MRI, компьютер томографын зургийг тухайн үеийн эмчийн бичсэн дүгнэлт, оноштой нь харьцуулан судлах ажээ. Төсөл амжилттай болвол энэ өвчнийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээ, эмчилгээг эртхэн үр дүнтэй эхлүүлэхэд томоохон түлхэц болох юм. Хиймэл оюун ухаан нь эмчийн үзлэгээр илэрсэн шинж тэмдэг, эмчийн тавьсан оношийг тухайн үеийн зурагтай нь харьцуулж, үүнийгээ сая гаруй зураглал дээр давтан харьцуулалт хийснээр яг аль үе шатанд, ямар шинж тэмдэг илэрч байхад тархины зураглал (MRI, CT) яаж харагдаж болох талаарх төсөөлөл дүгнэлт гаргах учиртай. Дэлхий даяар сүүлийн үед энэ эмгэг маш түгээмэл тохиолдох болсон төдийгүй 2050 он гэхэд 135 сая хүнд зөнөгрөл тохиолдоно гэсэн урьдчилсан таамаглал гараад байгаа энэ цаг үед уг судалгаа нь чухал ач холбогдолтой ажлын эхлэл болж байна.
Зургийг scmp.com сайтаас оруулав.
Өнгөрсөн 7 хоногт Бээжин хотноо зохиогдсон 2024 World Robot Conference арга хэмжээнд робот үйлдвэрлэгч, хөгжүүлэгч 160 гаруй компани оролцсон бөгөөд хүн төрхтэй роботын төрөлд Tesla компанийн Optimus-аас гадна Хятадын компаниудын хөгжүүлсэн 27 робот олны хүртээл боллоо. Huawei компанийн технологийн инкубатор хөтөлбөрийн төгсөгч Ли Жихуйн үүсгэн байгуулсан Agibot компани л гэхэд хиймэл оюун ухааны технологийн суурь болсон LLM модель ашиглан хөгжүүлсэн роботоор Tesla Optimus-тай өрсөлдөх амбицтай гэдгээ мэдэгдсэн бөгөөд тэдний роботууд нь олон тооны мэдрэгчээр тоноглогдсон тул орчноо харж, сонсож, текст болон аудио, видео өгөгдөл боловсруулах, хариу үйлдэл гаргах чадвартай нь анхаарал татсан бүтээл байлаа. Мөн л Хятадын компанийн бүтээл болох Astribot S1 робот нь бийрийн уран бичлэг таталгаж, хөгжмийн зэмсэг тоглох чадвараа гайхуулсан бол Galbot компанийн дугуйтай роботуудыг хоол хүргэлт, жижиглэн худалдааны үйл ажиллагаанд ашиглах бүрэн боломжтой гэжээ. Энэ мэтчилэн Хятадын робот технологийн гайхалтай бүтээгдэхүүнүүд олноороо мэндэлж байгаа ч робот хөгжүүлэлтийн зардал асар өндөр байгаа нь энэ салбарт хүчээ үзэх шинэ бизнесүүдэд сорилт болж байна. Хэдийгээр хиймэл оюун ухааны технологиор Хятад улс АНУ-аас тодорхой хэмжээний хоцрогдолтой яваа ч гэсэн энэ арга хэмжээнд тавигдсан бүтээлүүдээс үзэхэд тус улсын робот технологийн хөгжил маш хурдацтай явж байгааг анзаарахгүй байхын аргагүй. Ташрамд дурдахад, хүн төрхтэй роботын төрөлд Tesla компани цорын ганц гадаадын оролцогч байсан гэнэ шүү.
Технологийн компаниуд
Сүүлийн 2-3 жилийн хугацаанд АНУ-ын эрх баригчид Хятадын компаниудад өндөр технологийн чип худалдахыг хориглож, дан ганц Америкийн компаниудаар тогтохгүй энэ салбарт тэргүүлэгч ASML зэрэг гадаадын компаниудыг ч Хятад руу AI технологийн өндөр хурдны чип нийлүүлэхийг зогсоогоод байгаа билээ. Үүний цаад шалтгааныг Хятадын технологийн компаниуд цэрэг-батлан хамгаалахын зориулалттай бүтээгдэхүүн хөгжүүлж байгаатай холбон тайлбарладаг. Гэсэн ч саяхан нийтлэгдсэн мэдээллээс үзвэл Хятадын компаниуд АНУ-ын энэхүү хоригийг тойрон гарах нүхээ олсон бололтой. Reuters агентлагийн бэлтгэсэн уг мэдээлэлд Хятадын төрийн өмчит компаниудын 50 гаруй нээлттэй тендерийн материалуудаас үзвэл АНУ-ын хоригт хамаарах компаниудаас дор хаяж 11 нь сүүлийн нэг жилийн хугацаанд АНУ-ын компаниудын үүлэн технологийн серверүүдийг ашиглах оролдлого хийсэн болох нь тогтоогджээ. АНУ-ын авсан хориг арга хэмжээний дагуу Хятадад өндөр технологийн чип болон хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн программ хангамж, технологи нийлүүлэхийг хориглосон ч тэд Amazon Web Services үйлчилгээг ямар нэг хаалтгүйгээр ашиглаж, AI технологи хөгжүүлэлтээ хийж байгаа аж. AWS үйлчилгээ нь Хятадад нийлүүлэхийг хориглосон AI модель хөгжүүлэлтийн Nvidia H100, A100 процессорыг хэрэглэгчиддээ санал болгодог бөгөөд дэлхийн нийт үүлэн технологийн серверийн бараг 30%-ийг эзэмшигч юм. Зөвхөн Шеньжений Их сургууль гэхэд л дундын зуучлагч компаниар дамжуулан, H100, A100 GPU бүхий сервер түрээслэхийн тулд 200,000 юань ($27,996) зарцуулсан нь ил болжээ. Харин Amazon-ы хэвлэлийн төлөөлөгч энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Бид АНУ-ын ямар ч хууль тогтоомжийг зөрчөөгүй, AWS үйлчилгээний олон улсад мөрдөгддөг дүрэм журмын дагуу л үйл ажиллагаа явуулж байгаа“ гэсэн байна. Хятадууд нэгэнт ийнхүү хуулийн цоорхой ашиглаж, АНУ-ын хориглосон технологийн бүтээгдэхүүнийг дундын зуучлагчаар дамжуулан ашиглаж байгааг АНУ-ын засаг захиргаа олж мэдсэн тул тус улсын Худалдааны яамнаас үүлэн технологийн ашиглалтыг хянахад зориулсан хуулийн төсөл боловсруулж байгаа гэж дээрх мэдээлэлд дурдагджээ.
Getty Images.
SpaceX компани хиймэл дагуулаас шууд гар утастай холбогдох туршилт хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Эдгээр туршилтууд амжилттай явагдсан бололтой. Учир нь уржигдар Твиттерт бичсэн жиргээндээ тус компанийн захирал Илон Маск “Гар утаснаасаа түргэн тусламж, цагдаа, онцгой байдал дуудсан хэн бүхэн Starlink-ийн direct-to-cell үйлчилгээг төлбөргүй ашиглах боломжтой. Сүлжээгүй газар ямар нэг зүйл тохиолдсон үед энэ бол жинхэнэ түргэн тусламж болно“ гэжээ. SpaceX энэ үйлчилгээгээ Америк даяар нэвтрүүлэхээр FCC буюу тус улсын харилцаа холбооны зохицуулах байгууллагад хүсэлтээ өнгөрсөн 7 хоногт хүргүүлсэн гэдгээ ч мэдэгдсэн байна. Тэд үйлчилгээгээ T-Mobile компантай хамтран туршсан бөгөөд цаашид ч хамтран ажиллах зорилготой байгаа тул өрсөлдөгчид болох Verizon, AT&T компаниуд эсэргүүцэж байгаа билээ. Зарим хүмүүс дээрх жиргээг Илон Маск зориуд бичиж, FCC болон эрх бүхий байгууллагуудад иргэдээр дамжуулан шахалт үзүүлэх зорилготой үйлдэл гэж ярьж бичиж байгаа. Ямартай ч сүлжээгүй газар ямар нэг асуудал гарвал direct-to-cell үйлчилгээнд хэрэглэгчээр бүртгүүлээгүй байсан ч хиймэл дагуултай шууд холбогдож, тусламж дуудах цаг удахгүй ирэх бололтой.
Image: Apple
Ирэх 9-р сарын 9-нд Apple компани iPhone 16-г олон нийтэд танилцуулах арга хэмжээгээ товложээ. Apple Park-ийн Steve Jobs театрт “It’s Glowtime“ уриатайгаар зохион байгуулагдах арга хэмжээний гол хүлээлт нь мэдээж хэрэг iPhone 16 цуврал байх болно. Одоогоор хамгийн их яригдаж байгаа таамаглал бол iPhone 16 болон 16 Plus загвар нь Samsung-ийн гар утаснууд шиг босоо тэнхлэгийн дагуу байрласан хос камертай байх бол iPhone 16 Pro, Pro Max загварууд нь ялимгүй том дэлгэцтэй, уламжлалт гурвалсан камертай байх төлөвтэй байна. Мөн iPhone 15 Pro загварт суулгасан Action товч iPhone 16 загварт мөн байхаар яригдаж байгаа ч чухам Pro загварууд уу, эсвэл энгийн болон Plus загварууд ч мөн ийм товчтой хийгдэх үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа. Энэ жил нээлтээ хийсэн Samsung, Google-ийн гар утаснууд хиймэл оюун ухааны программуудаараа олныг гайхашруулсан уламжлалаас Apple ч хоцрохгүй болов уу. Одоогоор зөвхөн iPhone 15 Pro, Pro Max загварууд дээр ашиглах боломжтой байгаа Apple Intelligence технологи илүү дэвшилтэт хувилбараар iPhone 16-н бүх загварууд дээр суусан байх болно гэсэн таамаг хүчтэй яригдсан. За тэгээд цаашилбал Apple Watch 10 Series болон AirPod-ны хоёр ч шинэ хувилбар танилцуулагдана байх гэсэн мэдээлэл их гарчээ. Хүлээж л сууя даа 🙂
Нэг өгүүлбэрээр
Generative AI төрлийн топ 100 аппликэйшнтэй эндээс танилцаарай.
OpenAI-г ганц нэг модельтойгоо зууралдаж байх хооронд Google AI хөгжүүлэгчид 8 тэрбум параметр бүхий Gemini 1.5 Flash, илүү хүчирхэг Gemini 1.5 Pro, сайжруулж шинэчилсэн Gemini 1.5 Flash гээд 3 AI моделио танилцуулж амжив.
Нийт 1,6 тэрбум долларыг үр дүнгүй зарцуулсан Boeing Starliner төслийг зогсоож магадгүй.
Уушигны хорт хавдрын эсрэг вакциныг 7 улсад хийж туршиж байна.
Anthropic Artifacts-ийг одоо хүн бүр хэрэглэх боломжтой боллоо.
Тelegram мессенжерийн эзэн Павел Дуровыг Францын хууль сахиулах байгууллагаас “зохион байгуулалттай бүлэглэлүүдийг мөнгөн гүйлгээ хийх боломжоор хангасан“, “насанд хүрээгүй хүүхдүүдийг оролцуулсан порнограф түгээсэн“, “мансууруулах бодисны түгээлтэд хамтран оролцсон“, “засгийн газрын зөвшөөрөлгүй шифрлэлтийн технологи ашигласан“ зэрэг үндэслэлүүдээр саатуулж, 5 сая еврогийн барьцаа төлж, батлан даалтад гарах нөхцөл тулгажээ.
Шинэхэн text-to-image төрлийн AI хэрэгслийг туршиж үзээрэй: - Ideogram
Гелий хий алдагдсанаас болж хувийн компанийн нисгэгчид задгай сансарт анх удаа гарч Spacewalk хийж үзэх байсан SpaceX Polaris нислэг хойшилжээ.
3D хэвлэгчээр шилэн урлал (stained glass) хийх боломжтой юу?
Манай товхимлын 48 дахь дугаар үүгээр өндөрлөж байна. Сонирхон уншсан танд баярлалаа. Оройхон тийшээ бороотой, сэрүүн байхыг бодолцож, ажлаа зохицуулна биз дээ.