- TechnoSphere товхимол
- Posts
- Technosphere товхимол: Дугаар 49
Technosphere товхимол: Дугаар 49
Технологийн салбарын шинэ мэдээллүүд
Өглөөний мэнд. Энэ өдөр технологийн ертөнцөд болж байсан үйл явдлуудаас онцолбол, 2006 оны энэ өдөр YouTube-г Google худалдан авах ажиллагаа эхэлсэн бол 2008 оны энэ өдөр Intel корпораци Core i7 процессорыг олонд танилцуулж байжээ. Мөн 2004 оны 9-р сарын 5-нд Mozilla Firefox-ын 1.0 туршилтын хувилбар олны хүртээл болж байсан гэнэ.
AI технологийн эргэн тойронд
Үүний өмнөх буюу 48 дахь дугаарт OpenAI компани Strawberry болон Orion нэртэй шинэ моделиуд ойрын хугацаанд гаргахаар ажиллаж байгаа гэж мэдээлж байсан бол дөнгөж өчигдөр OpenAI Japan компанийн захирлын мэдэгдэл хэвлэлд нийтлэгдэж, GPT-Next нэртэй шинэ AI модель яригдаад эхэлжээ. OpenAI-н Япон дахь салбар компанийн захирал Тадао Нагасаки энэ 7 хоногт зохиогдсон KDDI Summit арга хэмжээний үеэр Orion нэртэй дээд түвшний шинэ моделийг 2025 онд гаргахаар ажиллаж байгааг баталгаажуулсны сацуу одоогийн GPT-4 моделиос 100 дахин хүчирхэг шинэ модель хөгжүүлж байгаа хэмээн ам алдсан байна. Энэхүү хүчирхэг шинэ модель нь процессорын өндөр хүчин чадал гэхээсээ илүүтэй программын дэвшилтэт бүтэц, сурах чадвараараа бусдаас илүү тул одоогийн гаргаж буй эрчим хүчний зарцуулалтыг өсгөлгүйгээр илүү өндөр гүйцэтгэлтэй ажиллана гэж OpenAI үзэж байгаа аж. Хэрэв энэ шинэ AI модель хэрэглээнд нэвтэрвэл эцсийн хэрэглэгчид, програм хангамж хөгжүүлэгчид зардлаа нэмэгдүүлэлгүйгээр илүү их бүтээмжтэй ажиллах боломж үүснэ гэсэн үг. Ямартай ч 2024 оны сүүлээр шинэ модель гаргана гэсэн амлалтдаа OpenAI компани хүрэх нь улам ч тодорхой болж байна.
АНУ-ын Калифорни мужид бүртгэлтэй Altera корпорацийн Project Sid төслийн хүрээнд 1000 гаруй өөрөө бие даан ажиллах чадвартай AI агентуудыг Minecraft тоглоомын ертөнцөд ажиллуулж үзэхэд тэд өөрсдийн эдийн засаг, соёл, төр засаг, шашны урсгал үүсгэн хамтарч байгаа нь тодорхой болжээ. Эхний ээлжинд эдгээр AI агентуудыг хүн удирдаж, команд өгч байсан ч тэд олон өдөр, цагаар хүний оролцоогүйгээр өөрсдөө бие даан ажиллаж, хөгжих чадвартай юм. Тэдний нэг давуу тал нь дан ганц агент биелүүлэх боломжгүй үйлдлүүдийг хамтран гүйцэтгэж, худалдааны зангилаа үүсгэх, шинэ шашин шүтлэг бий болгох, ардчилсан зарчмаар ажиллах зэрэг онцлог нь байжээ. Altera компанийн эдгээр агентууд нь тоглоом тоглохоос гадна өөр олон төрлийн чадвартай тул дан ганц Minecraft-аар тогтохгүй өөр бусад програм, платформууд дээр ч “бужигнуулах” боломжтой юм байна. Хиймэл оюун ухааны програмууд ийнхүү хүний оролцоогүйгээр ажиллаж, өөр хоорондоо нэгдэж нягтарч чадаж байгаа нь нэг бодлын аймаар юм шиг боловч өөдрөг өнцгөөс харвал нийгэм, эдийн засгийн цогц асуудлуудыг AI агентууд ашиглан, хийсвэр орчинд симуляци хийж туршисны эцэст бодит амьдрал дээр нийгэмд авч хэрэгжүүлэх эсэхээ шийдэх бололцоог өгч байна гэж үзэж болох юм.
Их Британи улсын анхны багшгүй, хиймэл оюуны технологид суурилсан дунд боловсролын хөтөлбөр Лондон хотын David Game College нэртэй хувийн сургууль дээр эхлэх гэж байна. Энэ хөтөлбөрт хамрагдах 20 гаруй сурагч, AI технологийн платформ болон VR нүдний шил ашиглан, хичээлээ үзэх бөгөөд тухайн сурагч ямар хичээл дээр илүү сайн, ямар дээр нь хоцрогдолтой буюу анхаарал хандуулах шаардлагатай байгааг AI программ тогтоож, тухайн сурагчид зориулсан тусгайлсан хичээлийн хөтөлбөр гаргах юм. Сургуулийн зүгээс мэдээлэл хийхдээ “Олон сайн багш нар байгаа ч хүн л юм хойно өдөр бүр 100 хувийн гүйцэтгэл гаргах боломжгүй. Тэгээд ч AI технологийн хөгжил, хувьсал маш хурдтай явагдаж байгааг бодолцох хэрэгтэй” гэсэн бол энэ төрлийн сургалтын системийг эсэргүүцэгч эх эхчүүд болон хөндлөнгийн ажиглагчид сургалтын орчин дахь амьд харилцаа багасах вий гэсэн санаа зовнилтой байна. Гэсэн ч сургуулийн зүгээс хичээл бүр дээр сурагчид дан ганц AI платформтой харьцаад зогсохгүй анги бүрт 3 сурагч-багш ажиллана гэж мэдээлжээ.
Технологийн компаниуд
xAI компани 100000 ширхэг Nvidia H100 GPU бүхий дэлхийн хамгийн хүчирхэг AI машин сургах “Colossus“ төвийг 122 өдрийн дотор байгуулж чадлаа. Шингэн хөргүүр бүхий 100 мянган ширхэг өндөр хүчин чадалтай процессор нь бүгд нэг л сүлжээнд холбогдож ажиллаж байгаа тул xAI-н захирал Илон Маск энэ төвөө дэлхийн хамгийн хүчирхэг AI хөгжүүлэлтийн төв хэмээн олон нийтийн сүлжээнд тунхаглаж байна. Маш богино хугацаанд босгож, ашиглалтанд оруулсан энэ AI cluster-ийг ирэх нэг жилийн хугацаанд 200 мянган ширхэг AI процессортой болгон хүчин чадлыг нь өргөтгөх бөгөөд үүний 50000 орчим нь Nvidia-ийн шинэ H200 GPU байх ажээ. Саяхны нэгэн подкастаар Илон Маск ярихдаа Твиттерийн AI чатбот Grok-ийн 2 дахв хувилбарыг “ердөө” л 15000 ширхэг GPU ашиглан сургасан гэж ярьсан байдаг. Тэгээд бодохоор үүнээс 6 дахин их хүчин чадалтай газар хөгжүүлэгдэж буй Grok нь удахгүй ChatGPT зэрэг хүчирхэг AI моделиудтай өрсөлдөхөд болохгүй гэх газаргүй болж байна. Ташрамд дурдахад, нэг ширхэг H100 GPU л гэхэд 30 гаруй мянган долларын үнэтэй билээ.
X буюу хуучнаар Твиттер компани Калифорни мужийн батлан гаргасан олон нийтийн сүлжээний зөрчилтэй агуулгыг зохицуулах тухай хуулийн үйлчлэлийг зогсоохыг хүсэн хүсэлт шүүхэд гаргаж, анхны шатны шүүх дээр ялагдаад байсан ч Сан Франциско дахь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Х компанийн хүсэлтийн дагуу шийдвэрлэжээ. Уг хууль хэрэв хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бол Meta, X зэрэг олон нийтийн сүлжээний платформ эзэмшигч томоохон компаниуд зөрчилтэй агуулгын хэрхэн шийдвэрлэдэг үйл явцаа ил тод тайлагнахын зэрэгцээ, өнгөрсөн хугацаанд хэдэн санал хүсэлт, гомдол ирснийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх тайлан ирүүлэх үүрэг хүлээлгэх байсан юм. Энэ хуулийг эсэргүүцсэн хүсэлт шүүхэд гаргахдаа Х-ийн хуульчид энэхүү хууль нь АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлт буюу иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдсан шинжтэй байна гэсэн агуулгаар ханджээ. Ийнхүү шүүхийн шийдвэр гарснаар Калифорни муж уг хуулиа хүчингүй болгох буюу маргаантай заалтыг хасах, өөрчлөхөөс өөр аргагүй байдалд хүрч байна. АНУ-ын хууль шүүхийн системийн нэг онцлог тал нь шүүхийн шийдвэр нь жишиг, прецедент тогтоож, хууль тогтоох байгууллага нь тэдгээрийн дагуу хууль тогтоомждоо өөрчлөлт оруулдаг жишиг түгээмэл байдаг явдал юм.
Нэг өгүүлбэрээр
АНУ-ын Хууль зүйн яам Nvidia компанийг Монополийн эсрэг хууль зөрчсөн үндэслэлээр шүүхэд дуудлаа.
Оземпик эм нь дан ганц таргалалттай тэмцээд зогсохгүй, хөгшрөлтийг удаашруулдаг гэнэ үү?
OpenAI болон Anthropic компаниуд засгийн газарт өөрсдийн AI моделиудыг олон нийтээс урьтаж, турших хянах боломж олгоно гэнэ.
Японы роботууд Израиль улсад нийлүүлэх зэвсэг техник угсардаг нь ёс зүйн маргаантай асуудал мөн эсэх?
Сансарт гацаад байгаа хоёр сансрын нисгэгч 2025 он гартал юу хийж, хэрхэн амьдрах вэ?
Apple-ийн бүх шинэ гар утаснууд OLED дэлгэцтэй гарах болно.
SpaceX-ийн Polaris Dawn нислэг маргааш эрт хөөрнө.
Украины дронууд Оросын цэргийн байршил, нуувчууд руу галаар “тургиж” байна.
Халуун цөмийн технологиор тэргүүлэх Хятадын дотоод өрсөлдөөний талаар эндээс уншаарай.
Манай энэ удаагийн дугаарыг хүлээн авч уншсанд баярлалаа. Бидний танилцуулсан AI хэрэгслүүдийг туршиж үзсэн сэтгэгдлийн хамтаар товхимлыг хуваалцвал маш их баярлах болно шүү 🙂