Technosphere товхимол: Дугаар 50

Технологийн мэдээ мэдээллийг 7 хоног бүр

Өглөөний мэнд. Товхимлынхоо 50 дахь дугаараар мэндчилж байна.

Яг нэг жилийн өмнө буюу 2023/09/14-нд технологийн мэдээллийн 7 хоног тутмын товхимол гаргах ажлаа эхлүүлж, анхны дугаараа нийтэлж байжээ. Нэг жилд 52 долоо хоног байдаг гээд бодохоор миний бие Улсын наадмын амралт болон гадаад томилолтоор явсан хоёр долоо хоногийн дугаарыг л алгассан бололтой юм аа. Нэг жилийн турш хамт байж, санал сэтгэгдлээ илгээж, олон нийтийн сүлжээнд манай мэдээллүүдийг хуваалцаж байсан уншигчиддаа маш их баярлалаа 😘😘

AI технологийн салбарт

Apple Intelligence-тэй 7 хоног

Энэ 7 хоногт олны анхаарлыг хамгийн их татсан үйл явдал бол Apple event байсан гэдэгтэй маргахгүй байх. Apple Intelligence хиймэл оюуны ухааны програмтай шинэ ухаалаг утас, цаг, болон чихэвч танилцуулагдсан. А18 чиптэй, шинэ iPhone нь AI үйлдлийн системтэй болсноор:

  • AI ашиглан мэйл бичих, тэмдэглэл хөтлөх, мессеж, эсвэл чатанд зориулсан эможи бий болгох, бичиж байгаа зүйлс дээрээ засвар оруулах

  • Natural language search буюу утсан дээрх зураг, бичлэг дундаасаа хайлт хийхдээ “Ангарын гуанзанд хоол идэж байсан үеийн сэльфиг гаргаад ир“ гэх юм уу даа :))

  • Apple AI утсанд тань ирсэн мэйлүүд болон нотификэйшнүүдийг өөрөө хэр зэрэг ач холбогдолтойгоор нь эрэмбэлж, илүү чухал гэснийг түрүүлж харуулах замаар элдэв жижиг сажиг зүйлд сатаарахгүй байхад туслах

  • Утасныхаа камерыг ашиглан, зураг дүрсийг шинжилж, аливаа юмсын талаарх мэдээлэл хайж олох, ChatGPT зэрэг хөндлөнгийн хэрэгслүүд рүү холбогдох боломжтой

  • Эцэст нь ухаалаг туслах Siri маань бидний өгсөн командыг илүү сайн ойлгодог болж, асуултад хариулахаасаа өмнө яригдаж буй сэдвийг мөн эсэхийг бататгаж шалгадаг, мөн гар утсан дээрх олон үйлдлүүдийг хэрэглэгчийн командаар гүйцэтгэж чаддаг болсон зэрэг олон сайхан боломжууд нээгджээ.

Хувийн бодлоо нэмэрлэхэд, дээр дурдсан олон “лут” боломжууд дундаас миний хувьд утасны Gallery-аас Natural language хайлт хийх нь л шинэлэг санагдаж байна. Учир нь миний л мэдэхээр Хятадын Xiaomi, Redmi гар утаснууд камер ашиглан анализ, хайлт хийдэг, цэцэгний зургаар ямар ургамлын төрөл зүйл болохыг нь олж мэддэг болоод бараг 4-5 жил болж байгаа. Samsung гар утаснууд 2024 оны эхнээс л AI ашиглан, гадаад хүнтэй хийж буй утасны яриаг өөр хэл рүү шууд орчуулга хийдэг, зураг дүрс үүсгэгч өөрийн AI хэрэгсэлтэй болсон. За Google Pixel бол Google-ийн AI-н хамаг л гайгүй үйлдлүүдийг өөртөө нэгтгэсэн шинэ загвар гаргасан гээд бодохоор Apple яг энэ AI software suite тал дээр бага зэрэг хоцроод байгаа мэт санагдавч, Apple л зарлахаараа Hype болчихдог үзэгдэл нь урьдын адил л давтагдах буй за 😊

Google DeepMind-н шинэ бүтээл

Тус компани өнгөрсөн 7 хоногт маш сонирхолтой нэгэн шинэ төслөө танилцууллаа. Хүний биед явагдаж буй маш олон үйл явц, өсөлт хөгжил, доройтол, өвчлөл, хорт хавдрын тархалт, дархлааны системийн үйл ажиллагаа зэргийг амьд бие дэх уургийн молекулууд зохицуулж байдаг ажээ. Зарим нэг уургийн молекулууд өөр хоорондоо нэгдэх, нэгдэл үүсгэх замаар бидний бие махбодын амин чухал процессуудыг нөхцөлдүүлж байдаг гэсэн үг. Google DeepMind компани өмнө нь AlphaFold нэртэй уургийн зохилдол, харилцлан үйлчлэлийг задлан шинжилж, ямар уургийн нэгдлүүд ямар үүрэг гүйцэтгэж байгааг судлах чадвартай програм хангамж бүтээж байсан ч энэ нь тухайн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлөх шинэ нэгдэл бий болгох чадваргүй програм байв. Харин 9-р сарын 5-нд танилцуулсан AlphaProteo нэртэй AI-д суурилсан шинэ систем нь тухайлсан нэг уургийн молекулын харилцан үйлчлэлийг дэмжих, эсвэл зогсоох чадвар бүхий уургийн нэгдэл үүсгэх чадвартай эд бөгөөд хорт хавдар судлал болон шинэ эм бүтээх үйл явцыг үлэмж хурдасгах чадвартай ажээ. Одоогийн байдлаар тус програм нь хорт хавдартай холбоотой уургийн молекул зэрэг 7-8 өөр төрлийн уургийн молекулд нөлөөлөх чадвартай уургийн нэгдэл үүсгэгчийг шинээр бий болгоод байгаа гэнэ. Ганцхан жишээ дурдахад л AlphaProteo-гийн бүтээлүүд нь SARS-CoV-2 буюу ковидын вирус эсэд халдварлах үйл явцыг зогсоох чадвартай гэдгийг туршилтаар нотолсон байна. Энэ мэт технологи хэрэглээнд нэвтэрснээр хавдрын эсийн өсөлтийг зогсоох, шинэ эм зохион бүтээх, ингэхдээ зөвхөн тухайн өвчилсөн эсүүдэд чиглэсэн эм, эмчилгээг гаж нөлөө, side effect-гүйгээр үр дүнтэй хийх боломж бий болохоос гадна энэ чиглэлээр хийх байсан олон тэрбум долларын судалгаа шинжилгээний(R&D) ажлыг товчлох нөхцөл үүсэх юм.

Технологийн компаниуд

SpaceX Polaris Dawn нислэг

Өнгөрсөн 7 хоногт SpaceX компанийн, урьд нь хэд хэдэн удаа хойшлоод байсан Polaris Dawn Mission АНУ-ын Флорида дахь Кеннедийн нэрэмжит сансрын буудлаас амжилттай хөөрлөө. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн баг нь 1972 онд Аполло 17 нислэгийн баг сар руу ниссэнээс хойших 50 жилийн түүхэнд эх дэлхийгээсээ хамгийн их хол зайг чиглэсэн нислэг болж байгаа бөгөөд тэдний хөлөглөж яваа Crew Dragon сансрын аппарат нь дэлхийгээс гадагш 1400 км-н алсад буюу Олон улсын сансрын станц байрладаг тойрог замаас 3 дахин алс зайд очих болно. Энэ нислэгийн явцад тэд цацраг идэвхижил маш өндөр байдаг бүсээр дамжин өнгөрөх бөгөөд хүний биед сансрын цацраг идэвхижил ямар нөлөө үзүүлж байгааг судлах зорилготой бөгөөд нислэгийн багийн ахлагч Жарэд Айзаакмэн “Бид нэг өдөр Ангараг дээр буулаа гэхэд эргээд гэртээ ирэх замдаа ийм цацраг идэвхижил өндөртэй бүсээр зайлшгүй дайрч гарна. Тиймээс хүний биед үзүүлэх цацрагийн нөлөөг эртнээс судлах нь зүйтэй“ гэжээ. Нислэгийн 3 дахь өдөр сансрын аппарат нь 700 км өндөр рүү “доошилж”, нислэгийн өөр нэг чухал туршилт болох задгай сансарт гарах үйл явцыг эхлүүлэх юм. Ингэхдээ багийн бүх гишүүд SpaceX компанийн бүтээсэн шинэ өмсгөл, дуулгаа бүрэн өмссөний дараа хөлгийн нээлхийг нээж, сансрын вакуум орчныг мэдрэх ёстой бөгөөд багийн хоёр гишүүн л хөлгөөс гарч, тусгай бэхэлгээгээр хөлөгтэй холбогдож гадна орчинд 15-20 минут ажиллаж үзэх юм. Энэ туршилт амжилттай болвол түүхэндээ анх удаа хувийн компанийн нисгэгчид задгай сансарт гарч ажилласан тохиолдол болох учиртай. Хөлгийн нээлхийг нээхээс өгсүүлээд, нисгэгчид задгай сансарт гараад, орж ирсний дараа, бүхээг дэх даралтыг тогтворжуулах хүртэл 2 цаг орчим болох бөгөөд ингэж удаж байгаагийн гол зорилго нь ирээдүйд Ангараг гараг дээр буух сансрын нисгэгчдэд зориулсан өмсгөлийн анхны загварыг вакуум орчинд турших юм. Нислэг 5 өдөр үргэлжилж, Флорида муж орчмын далайн усанд сансрын аппарат зөөлөн газардалт хийх болно. Сониноос, нислэгийн багийн ахлагч Айзаакмэн нь SpaceX-тэй хэд хэдэн удаагийн нислэг хийх гэрээтэй бөгөөд Starship хэмээх аварга хөлгийн анхны нислэгийн багт орох тохироотой гэсэн шүү.

Huawei-н Tri-Fold гар утас

Урьд өмнө нь гарч байсан fold загварын утаснууд дундуураа нэг л нугардаг байсан бол Huawei-н шинээр танилцуулсан Mate XT Ultimate Design нэртэй гар утас нь 3 дэлгэц, хоёр нугастай гэдгээрээ онцлог юм. Одоогоор зөвхөн Хятадын хэрэглэгчдэд зориулж гаргаад байгаа энэ “гар утас”-ны 256 гигабайт багтаамжтай загварын үнэ 19,999 юань (9.7 сая төгрөг орчим) гэж байгаа нь цоо шинэ 16 инч Макбүүк про компьютеэрээс даруй 1 сая төгрөгөөр илүү үнэтэй байгаа гэсэн үг. Энэ утасны бүх загварууд нь 16гб RAM-тай бөгөөд 512гигабайт (21999 юань) болон 1 терабайт (23999 юань) гэсэн багтаамжтай гарч байгаа. Хятадын жижиглэн худалдааны Vmall сайтын мэдээлснээр гар утасны үнийг олон нийтэд зарлахын өмнө онлайнаар 3,7 сая хүн урьдчилсан захиалга өгөөд байсан гэжээ. Бүрэн эвхэгдэхээрээ 6,4 инч дэлгэцтэй болдог бол бүтэн дэлгэсний дараа 10,2 инч хэмжээтэй болдог уг гар утас нь ардаа 50 мегапикселийн үндсэн камер, 12 мегапикселийн ultrawide, болон 12 мегапикселийн periscope камеруудтай, нүүрэн талдаа 8 мегапикселийн нэг камертэй юм. Батарей нь 5600 mAh багтаамжтай, утастай 66 ватт, утасгүй 50 ваттын цэнэглэгч дэмжиж ажиллах юм байна.

Нэг өгүүлбэрээр

Sony PS5 Pro нь 11-р сарын 7-ноос эхлээд $700 үнээр худалдаалагдаж эхлэх бас анхны диск уншигчгүй gaming console болж байна.

Apple Airpods чихэвчээс гадна сонсголын аппаратын үүрэг гүйцэтгэнэ.

OpenAI Strawberry буюу хариулахаасаа өмнө боддог AI нь хоёр долоо хоногийн дараа нээлтээ хийнэ гэжээ.

Оросын худал мэдээллийн кампанит ажил бүр ил цагаандаа гарсан тухай..

Adobe компани энэ оны сүүлээр Generative AI video хэрэгсэл гаргана гэнэ.

Telegram-н үүсгэн байгуулагч Павел Дуров саатуулагдсанаасаа хойш анх удаа хэвлэлд ам нээж, “зохион бүтээсэн хэрэгслийг нь муу хүмүүс ашигласны төлөө зохион бүтээгчийг нь шийтгэнэ гэдэг бол утгагүй зүйл“ гэжээ.

Хакерын халдлагын улмаас Disney компанийн санхүү болон стратегийн чухал мэдээллүүд алдагдсаны дотор чухал файл, хавтсуудад нэвтрэх нэр, нууц үг ч мөн олонд ил болов.

50 дахь дугаарыг маань дуустал уншсан танд баярлалаа. Нэг жилийн турш хамт байсанд дахин талархаж байгаагаа илэрхийлье.