Technosphere товхимол: Дугаар 52

Технологийн холбогдолтой шинэ мэдээллүүд

Өглөөний мэндийг хүргэн мэндчилье. 52 дахь дугаараараа уулзаж байгаадаа баяртай байна.

AI Технологийн эргэн тойронд

OpenAI компани Advanced Voice Mode шинэчлэлээ танилцуулав.

Тус компани энэ 7 хоногт бүх ChatGPT Plus болон Teams хувилбарын хэрэглэгчиддээ Advanced Voice Mode(AVM) шинэчлэлийг чөлөөтэй хэрэглэх боломжтой болсныг мэдэгдлээ. Угтаа энэ шинэ үйлдлийн туршилт нь энэ оны 7-р сард эхэлсэн ч цөөн тооны хэрэглэгчид л энэ туршилтад хамрагдсан байна. Энэ хугацаанд тэд AVM-ийг Custom Instructions болон Memory-той хослон ажиллах боломжийг сайжруулж, шинэ дуу хоолойнууд нэмж, өмнөх харилцан яриаг сануулах, харилцах дуу хоолойгоо сонгож хадгалах зэрэг шинэчлэл хийсэн гэнэ.

Мөн тэд AVM-г хэл ярианы акцентийг илүү сайн ойлгодог болгож, тогтуун, тод ярьдаг болгосноос гадна Скарлет Йохансоны хоолойтой төстэй “Sky“ нэртэй дуу хоолойг хассан гэжээ. Одоогоор энэ шинэ нэмэлтийг хэдий төлбөртэй хувилбар хэрэглэдэг байсан ч Европын Холбооны улсууд, Их Британи, Швейцарь, Исланд, Норвеги, Лихтенштейн зэрэг улсуудад ашиглах боломжгүй байгаа юм байна.

Meta компани бэлгээ задлав.

Image source: Reality Labs

Meta компани Connect 2024 арга хэмжээнийхээ үеэр AI технологитой холбоотой хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн, тухайлбал Orion AR x AI ухаалаг нүдний шил, Llama 3.2 модель, AI features for Reels, болон Meta AI дээрх Voice mode зэрэг шинэчлэлүүдээ олонд танилцууллаа.

Orion AR нүдний шил нь Meta компанийн бараг сүүлийн 10 жилийн турш тасралтгүй хөгжүүлж ирсэн бүтээл бөгөөд 100 граммаас бага жинтэй, өргөн өнцгөөр харагдах дэлгэц, дуу хоолойгоор удирдах горим, гарын хөдөлгөөн дагаж мэдрэх зэрэг технологийн боломжуудтай байх аж.

Meta Llama 3.2 AI модель нь 11 тэрбум болон 90 тэрбум параметр үзүүлэлттэй гэсэн хоёр хувилбартайгаар, текст болон зураг дүрсийг аль алийг нь уншин ойлгож боловсруулах чадвартай Meta-ийн анхны модель болж байна. Үүнээс гадна 1 тэрбум болон 3 тэрбум параметр бүхий авсаархан Llama моделиудыг санал болгож байгаа нь ухаалаг утсан дээр, цаашилбал ухаалаг нүдний шилэн дээр сууж ажиллах, on-device AI модель болох ажээ.

Instagram дээр ч мөн шинэ AI үйлдлүүд орж байгаа гэнэ. Видеонд автоматаар дуу оруулах, контент бүтээгчид өөр хэл дээрх видеондоо lip-sync хийх зэрэг боломжууд нэмэгдсэн бол хэрэглэгчдийн хувьд Insta Feed дээр нь ‘Imagined for you‘ нэртэй AI ашиглан бүтээсэн бичлэгүүдийг олж үзэх боломжтой болжээ.

Meta AI нь Voice Mode буюу сүүлд ChatGPT дээр нэмэгдсэн Advanced Voice Mode шиг хэрэглэгч дуу хоолойгоо ашиглан, команд өгөх, AI-тай харилцах зориулалттай нэмэлт оруулж өгч байгаа гэнэ. Ингэснээр хэрэглэгчид Messenger, Facebook, WhatsApp болон Instagram DM дээр өөрийн дуу хоолойгоор Meta AI-тай харилцаж ажиллах шинэ үйлдэл нээгдэнэ гэсэн үг юм.

Технологийн компаниудын талаар

Жефф Безосын өндөр өртөгтэй сансрын тоглоом

Blue Origin компани тойрог замд гарах пуужингийн туршилтаа хийлээ. Урьд нь тус компани дэлхийгээс хөөрөх туршилт болон нислэг л амжилттай хийж байснаас биш 2 дахь шатлалын буюу сансрын тойрог замд ажиллах пуужин, хөдөлгүүр бүтээж туршиж байсан удаагүй. Харин энэ удаа тэд 98 метрийн урттай New Glenn хөлгийг сансрын тойрог замд хөтлөх 2 ширхэг BE-3U хөдөлгүүрийг 15 секундын туршид асаан туршсан нь энэ юм. Шингэрүүлсэн хүчилтөрөгч болон устөрөгчөөр ажилладаг уг хөдөлгүүрүүд нь тус бүрдээ 80 мянган килограмтай тэнцэх хэмжээний тийрэлт бий болгох ажээ. Компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Жефф Безос энэ ондоо багтаагаад, сансрын хөлгийг амжилттай хөөргөх, улмаар сансрын тойрог замд оруулах хүсэлтэй байгаа ч цаг хугацаа, техникийн боломжууд тэдний хамгийн том саад болж байгаа. Учир нь Blue Origin хамт олонд хөөргөх пуужин болон сансрын хөлгийг залгаж, салгаж байсан туршлага байхгүй. Тэдний бүтээсэн хөөргөгч пуужин сансрын туршилтаа амжилттай давсан ч, сансрын хөлгийг тойрог замд оруулаад, хөөргөх пуужин нь салахгүй бол нислэг бүтэлгүйтэх болно. Мөн тэдний нислэг үйлдэхээр товлосон өдрүүдэд нь далайн хар шуурга Флорида мужийг дайран өнгөрөх урьдчилсан мэдээтэй байгаа юм. Эдгээр нөхцөл байдлаас болоод тэд 10-р сард сансарт гаргах ёстой байсан НАСА агентлагийн ESCAPADE хиймэл дагуулыг хөөргөх ажил нь ч хойшлох бололтой.

Харин тэдний noisy neighbors энэ хооронд юу хийж байна вэ

Үргэлж шуугиан тарьж, хэл ам таталж явдаг эзэнтэй учраас SpaceX-ийг Флорида муж дахь Blue Origin-ий noisy neighbors гээд хэлэхэд буруутахгүй байх. Энэ хоёр компанийг бид өрсөлдөгч гэж боддог, мөн Blue Origin ч SpaceX-ийг өрсөлдөгч гэж хардаг бол харин SpaceX тэднийг өөрсөдтэйгээ өрсөлдөх хэмжээний компани гэж авч үздэг үү, үгүй юу гэвэл бас л сонирхолтой. Аль аль нь дэлхийн тэргүүн баячууд болон хоёр эрхэмийн өндөр өртөгтэй сансрын тэмцэлдээнд одоогийн байдлаар SpaceX компани хар яриагаар бол 5:0-дчихсон явна. Нэг нь тойрог замд одоо гарах туршилтаа хийж байгаа бол SpaceX өнгөрсөн хэд хоногт задгай сансарт алхах туршилт хийсэн анхны компани болсон, хөлгийн бүхээг дотор Starlink интернэтээ ашигласан, Ангараг гараг дээр өмсөх сансрын өмсгөлөө туршсан гээд аль хэдийн хол тасарчээ. Тэд хамгийн сүүлийн мэдээллээр бол Ангараг гараг руу 2026 онд 5 удаагийн нисгэгчгүй нислэг хийж, улмаар 2028 онд нисэх багийн бүрэлдэхүүнийг илгээнэ гэж мэдэгджээ. Энэ мэдээллийг Илон Маск уламжлал ёсоор Твиттер дээр 9 сарын 22-нд оруулсан бөгөөд ийнхүү зоригтой мэдэгдэл хийхэд нь саяхан амжилттай болсон Polaris Dawn нислэг нөлөөлсөн нь мэдээж хэрэг. Тэрээр 2026 онд хийгдэх 5 удаагийн нисгэгчгүй нислэгийн үр дүнгээс шалтгаалж, 4 жилийн дараа гэхэд бид Ангараг дээр хүн буулгана гэж байгаа ч, өмнөх туршилтын амалсан хугацаа, бодит үр дүнгүүдээс харахад нисэх баг Ангараг дээр газардуулах нь хамгийн муугаар бодоход 2030 он хүртэл хойшилж магадгүй юм.

Нэг өгүүлбэрээр

OpenAI компанийн CTO буюу технологи эрхэлсэн захирал Мирай Мурати ажлаа орхиж байгаагаа зарласан бөгөөд OpenAI ашгийн төлөө компани болж өөрчлөгдөж байгаатай холбоотой ийм шийдвэр гаргасан байх гэж таамаглаж байна.

Дэлхийд анхны, бас хамгийн томд тооцогдох жимс жимсгэний indoor vertical farm АНУ-ын Виржиния мужид нээлтээ хийлээ.

Toyota Prius болон Rav4 2025 загваруудын талаарх мэдээлэл.

Хятад, Өмнөд Солонгос, Тайвань ирэх 3 жилд чип хөгжүүлэлт их хэмжээний хөрөнгө оруулсан хэвээрээ байх нь.

Nintendo-ийг шинээр гаргасан учир битүүлэг төхөөрөмж нь юу байв?

Энэ удаагийн дугаараа үүгээр өндөрлүүлж байна. Дуустал нь уншсан танд баярлалаа. Таны өнөөдрийн ажил үйлсэд амжилт хүсье.